Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/54

 

 

 

 

 

 

 

  2025      09        10                                             2025/ДШМ/54

 

 

Г.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Т

Шүүгдэгч                                                     Г.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.М

Хохирогч                                                       Г.Б

Хохирогчийн өмгөөлөгч                            Т.Э, З.Б

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Г.Б-н давж заалдах гомдлоор Г.Эд холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

О овогт Г-н Э, Монгол Улсын иргэн,

 

Г.Э нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас “П” хязгаарлагдмал хариуцлагатай компанид түүхий эд жижиглэгчээр ажиллаж байсан хохирогч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд     аймгийн   сумын   багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эдийг хайлуулах төхөөрөмжид баруун гараа /шуу хэсгээрээ/ тасдуулж, эрүүл мэндэд нь “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Г.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч О овгийн Г-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Э нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эд оногдуулсан 5.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, Шүүгдэгч Г.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ял, торгох ялыг биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгаж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.Бнь протез хийлгэх зардал, замын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Б давж заалдах гомдолдоо: “... 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан байдал тогтоогдсон. Нөхөн сэргэх боломжгуй буюу хугацаагүй группэд орж, сар бүр халамжийн сангаас тэтгэмж авдаг.

Хувцас хэрэгслээр хангаж байгаагүй, аюулгүй ажиллагааны журам танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, цалинг минь бүрэн өгч байгаагүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй гэх мэтээр миний эрхийг олон талаар зөрчиж байсанд гомдолтой байгаа. Би өөрсдийнх нь зааж өгсний дагуу өөрийхөө хувцастай ажиллаж байсан. Надад хамгаалах хувцас хэрэгсэл өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллуулж байсан бол би баруун гараа алдахгүй байсан гэж боддог юм.

Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлээ тайлбарлан нэхэмжлэл гаргаж, мэдүүлэг өгсөн байгаа. Үүнээс анхан шатны шүүх цалингийн 7.665.000 төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувиар нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцон 12.644.500 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Би баруун гараараа хамаг юмаа хийдэг байсан. Гэртээ ганцаараа амьдардаг. Ослоос хойш сэтгэл санаагаар маш их унаж, өвддөггүй байсан нүд минь өвдөж, хагалгаанд орж, одоо нойр булчирхай өвддөг болсон. Ослын дараа Г.Э намайг халуун байранд оруулна, сар бүр цалин өгнө битгий санаа зов гэж хэлээд тухайн үед цагдаад мэдэгдэлгүй цаг хугацаа алдсан. Үйлдвэрлэлийн осол гаргаж, нийгмийн даатгал төлөлгүй, хөдөлмөрийн гэрээ хийгээгүй ажиллуулсан гээд зөндөө зөрчил байсан учраас албаар цаг хугацаа өнгөрүүлэх гэж намайг аргалсан.

Шүүгдэгч Г.Ээс дараах зүйлийг нэхэмжилж байгаа. Үүнд: Өөрт таарсан ажлаа хийж, ах дүү нараасаа тусламж гуйхгүй, өөрийгөө болгоод амьдардаг байсан. Ослоос хойш би ажил хийх ямар ч боломжгүй болсон. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй. Эм тариа эмчилгээ гээд халамжийн мөнгө хаанаа ч хүрэхгүй байгаа болохоор сар бүр 800.000 төгрөгөөс халамжийн зөрүүг тооцож гаргуулах. Зөрүүг гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нээлттэй үлдээх.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 414 дугаартай "Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ"-ээр “... шинжлүүлэгч Г.Б-н сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан дасан зохицохуйн хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэсэн дүгнэлт гарсан. “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал’’-ыг баталсан ба уг аргачлалын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн гуравдугаар зэрэглэлд

Хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь 9-15 хувь байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 22.99 х 792.000=18.208.000 төгрөгөөр тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрээр 12.644.500 төгрөгийг шийдвэрлэсэн. Уг мөнгийг хасч тооцож зөрүү 5.563.500 төгрөгийг гаргуулах.

Бичиг үсэг мэдэхгүй зөвхөн гарын үсгээ зүүн гараараа Б үсэг бичиж чадаж байгаа. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй мөн хохирогч болж байгаагүй. Цагдаагийн байгууллагад хандаж, мэдүүлэг өгөхөд заавал өмгөөлөгчтэй байх шаардлагатай гэсний дагуу өмгөөлөгч авсан. Шүүгдэгч Г.Э анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн мөнгийг төлнө гэж зөвшөөрсөн боловч шүүгч хэрхэн яаж шийдвэрлэсэн талаараа тайлбарлаагүй. Шийтгэх тогтоолдоо энэ талаар огт дүгнэлт хийгээгүй мөн шүүгдэгч Г.Э өмгөөлөгчийн хөлсийг төлнө гэсэн үгэндээ хүрээгүй буюу төлөөгүй. Осолд ороогүй байсан бол өмгөөлөгч авах шаардлагагүй байсан. Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Зайлшгүй зардал учраас 2.000.000 төгоөг гаргуулах.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 414 дугаартай “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ”-ний дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хот руу танил Ж.Б-н хамт галт тэргээр явсан. Би ганц гартай ойр зуурын юм бариад явж чадахгүй, бичиг үсэг мэдэхгүй учраас гуйгаад зардлын гаргаад хамт явсан байгаа. Дүгнэлт нь хэрэгт байгаа. Зайлшгүй гарсан зардал тул 2 хүний галт тэрэгний төлбөр болох 18.300 х 4=73.200 төгрөг гаргуулах.

“П” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Э намайг эмнэлэгт хэвтэж байхад 5 хуруу нь хөдөлдөг гартай болгож өгнө гэж хэлсэн. Монголд 5 хуруу нь хөдөлдөг гар хийдэг газар байдаггүй юм байна. Дүү нар У хотод протезын үйлдвэрүүдээр явж судалсан. Хөдөлдөггүй гартай мэт харагддаг 5 хуруутай хиймэл гарыг 2-3 сая төгрөгөөр хийнэ гэсэн. Би хөдөлдөггүй хүнд гартай мэт харагддаг хиймэл гар хийлгэхгүй. Ойр зуурын юм аа барих зүүн гаранд минь тус дэм болчих тийм л гар хэрэгтэй байгаа. Би өөрөө мөнгө гаргаад гадаад явж гар хийлгэх ямар ч боломжгүй. Ажил хийх боломжгүй. Халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй учраас шүүгдэгч Г.Э-г намайг гадагшаа авч явж гар хийлгүүлэх даалгах.

“П" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Э надад болон дүү нарт минь эмчилгээг бүрэн хийлгэнэ. Сар бүр цалин өгнө. Гэр хороололд даарах учраас дулаахан хашаа байшин юм уу эсвэл 3 өрөө байр авч өгч амьдруулна. Тэгэхгүй бол гаргүй хүн түлээ мод, ус, хоол унд гэх мэт асуудалтай тийм болохоор тусалж дэмжинэ гэж хэлсэн. Дүү нарт хашаа байшин авч өгнө гэж компанийхаа албан тоот дээр бичиг хийж өгч байсныг өгч хавтаст хэрэгт хийсэн байгаа. Эмнэлгээс гарахад монгол гэрийг минь янзалж өгөөд хашаа байшин, байрны алийг нь ч авч өгөлгүй хуурч өнөөдрийг хүрсэн. Одоо хүйтрэх дөхөж байна тэрнээс өмнө байр биш юм аа гэхэд дулаан хашаа байшинтай болгож өгөхийг даалгах. Би монгол гэрт амьдардаг. Шүүгдэгч Г.Э миний ахуй амьдралыг маш сайн мэддэг. Г.Эд танай ажлыг хийхгүй, хөдөө хадлан тэжээл авах, айлын мал харах гэх мэт ажил хийдэг байснаа хэлж хөдөө явсан. Г.Э хөдөө айл дээр минь ирж аваад ажлаа хийлгэдэг байсан. Цалин мөнгөө бүрэн өгөхгүй байсан болохоор би ажиллах гэдгээ хэлэхэд удахгүй өгнө гээд өдөр хоногийг аргацаадаг ийм л хүн. Миний хохирсон байдлыг ойлгоод хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгч тусална уу. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн хохирлыг нь би өгье л гэдэг гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.Б тайлбартаа: ... Г.Э-г орох оронтой болгоод өгөөч гээд их гуйсан. 2 өмгөөлөгчдөө 2,000,000 төгрөг өгнө гээд өгөөгүй хууран мэхлээд л явж байна хэцүү байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Т.Э тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч З.Б тайлбартаа: ... Гараа хийлгээд материалаа бүрдүүлээд иргэний журмаар асуудлаа шийдүүл гэдэг нь боломжгүй байгаа юм ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү ... гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч Г.Б-н давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзвэл  аймгийн  сумын     багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П” хязгаарлагдмал хариуцлагатай компанид түүхий эд жижиглэгчээр ажиллаж байсан Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчимд ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа түүхий эд хайлуулах төхөөрөмжид баруун гараа /шуу хэсгээрээ/ тасдуулж, эрүүл мэндэд нь “баруун гарын шууны дээд хэсгээр тайрагдал” бүхий хүнд хохирол учирсан нь

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдпыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна”,

 

28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”,

 

 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”,

 

 28.1.8-д заасан “Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”,

 

9 дүгээр зүйлийн 9.11-д заасан “Машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөделгеент хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх”,

 

9.1.2-д заасан “Машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт. аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх” гэснийг тус тус зөрчсөн “Поли-Этилен” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал ажилтай Г.Э-н эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба

 

анхан шатны шүүх хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр шүүгдэгч Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-н эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтууд, хохирогчийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Г.Ээс 18.309.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Б нь “...анхан шатны шүүх хохирлыг дутуу шийдвэрлэсэн... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч буюу ажил олгогч Г.Э, хохирогч буюу ажилтан Г.Б нар анх хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь нотлогддог.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б нь сарын үндсэн цалингийн талаар мэдүүлэхдээ “... тус газарт нэг сарын 500.000 төгрөгийн цалин авахаар тохирсон ... ” гэж /1 дүгээр хх 18/,

дахин мэдүүлэхдээ “... би сард 1.200.000 төгрөгийн цалин авч байсан ... ” гэж /1 дүгээр хх 20/,

мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Г.Э сарын 1.000.000 төгрөгийн цалин өгье гэхээр нь би ийм хямдхан ажиллахгүй, өөр газар ажиллана гэсэн чинь за за ямар ч байсан ажиллаж бай, хоёулаа болох байлгүй гэж хэлсэн ... ” гэж /2 дугаар хх 12/ тус тус өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлжээ.

Харин шүүгдэгч Г.Э нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... цалин мөнгийг би өдрийн 30.000-40.000 төгрөгөөр тохироод ажиллаж байсан ... сарын дундаж хөлс 800.000 арай хүрэхгүй байх ... ” гэж /2 дугаар хх 9, 11/ гэж мэдүүлсэн байх ба анхан шатны шүүх ажил олгогчийн дээрх мэдүүлэгт үндэслэн цалинг 800.000 төгрөгөөр тооцож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэлх хугацааны цалин болон тэтгэмжийн зөрүү 7.665.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн ажил олгогч буюу шүүгдэгч Г.Э нь “... зарим өдөр цалинг өдөрт нь бэлнээр өгдөг байсан ... ” гэж мэдүүлсэн ба хохирогчийн нэг сарын цалин хөлсийг хэрэгт авагдсан түүний дансны хуулгыг үндэслэн тооцох боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзэж, хохирогч нь энэ талаарх нотлох баримт буюу нэг сарын цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлэн цалин болон тэтгэмжийн зөрүүг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Түүнээс гадна хохирогч Г.Б-н гаргасан давж заалдах гомдлын “...сэтгэцэд учирсан хохирлыг 22.99 х 792.000=18.208.000 төгрөгөөр тооцож, зөрүү 5.563.500 төгрөгийг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг гаргуулах” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан заасан.

 

Дээрх гэмт хэрэг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарсан талаарх шинжээчийн 414 дугаартай дүгнэлт хэрэгт авагджээ.

Анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судалж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахдаа тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал /13 - 22.99/-д заасан хамгийн дээд хэмжээ буюу 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, шүүгдэгчээс 12.664.500 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор зайлшгүй шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Гэвч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсны дотор өмгөөлөгчийн зардал багтсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрх бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон гэж үзнэ.

Дээрх агуулгыг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцохоор зохицуулсан.

Хавтаст хэрэгт хохирогч Г.Б-г төлбөрийн чадваргүй гэсэн баримт авагдаагүй байх ба хохирогч Г.Б нь хууль зүйн туслалцаа авах эрхийнхээ хүрээнд, өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.

 Шүүх хавтаст хэрэгт авагдаж, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бичгийн нотлох баримтыг үндэслэж хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хохирогч Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлжээ.

Тэрээр энэ хэрэгт иргэний нэхэмжлэл /1 дүгээр хх 194-196/ гаргасан байх боловч уг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан 2 хүний зорчих тасалбар буюу 36.600 төгрөгийн баримт /2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос Эт өртөө хүртэл/ - аас өөр баримт гаргаж өгөөгүй байна.

Харин шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бд 4.420.000 төгрөг төлсөн, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад 2.000.000 төгрөгийг тус тус төлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 12.664.500 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 7.665.000 төгрөг, нийт 20.309.500 төгрөг гаргуулах, үүнээс шүүгдэгчийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн дээрх 2.000.000 төгрөгийг хасч, 18.309.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 18.309.500 төгрөгийг шүүгдэгч Г.Э нь хуульд заасан журмын дагуу завсарлага авч 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн баримтыг шүүхэд ирүүлснээс гадна анхан шатны шүүх хохирогч Б.Бнь протез хийлгэх зардал, замын зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь зөв гэж дүгнэв.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч Г.Б, түүний өмгөөлөгч З.Б. Г.Э нар нь “... хиймэл гар хийлгэх шаардлагатай ..., хиймэл гар хийлгэх зардлыг гаргуулмаар байна...” гэсэн давж заалдах гомдол, тайлбар гаргасан бөгөөд хэдийгээр хиймэл эрхтэн /гар/ хийлгэх нь хуульд заасан зайлшгүй зардалд хамаарах боловч энэ талаар /аль улсад хэдэн төгрөгийн үнэтэй хиймэл гар байгаа талаар, мөн ирэх, буцах замын зардал хэдэн төгрөг болох зэрэг/ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй юм.

 

Түүнээс гадна хохирогч Г.Б нь “шүүгдэгч Г.Ээс 3 өрөө орон сууц, хашаа байшинтай болгож өгөхийг даалгах” гэсэн гомдол гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан “П” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Г.Э-н 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 23/1019 дугаартай албан бичигт “Манай компани нь Г.Б-н эмчилгээ, цаашид эдгэрэх хүртэл зардлыг хариуцах бөгөөд компанидаа 3 жил ажилласнаас хойш хашаа байшин авч өгөх болохыг үүгээр баталж байна” гэжээ.

 

Дээрх албан бичигт ... компанидаа 3 жил ажилласнаас хойш ... гэж тодотгон дурьдсанаас үзвэл хохирогч буюу ажилтан Г.Б-г ирээдүйд тухайн компанид 3 жил ажилласны дараа гэсэн нөхцөл заасан, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан Болзол тавьж хийсэн хэлцлийн шинжийг агуулсан байна.

 

Гэвч хохирогч Г.Б нь тухайн компанид үргэлжлүүлэн ажиллахгүй гэж мэдүүлснээс гадна гэрч Г.Н дээрх асуудлын талаар “...3 өрөө байр авч өгнө гэсэн зүйл байхгүй, ... 4 сар хоол унд, түлш бэлдэж өгсөн ...” гэж /1 дүгээр хх 36/,

гэрч Г.Б “...Э бичиг хийж өгсөн ” гэж /1 дүгээр хх 39/ тус тус мэдүүлсэн зэргээс үзвэл шүүгдэгч Г.Э-г хохирогч Г.Бд “хашаа байшин, эсхүл орон сууц авч өгөх”-ийг даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Б-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                 Л.ХИШИГДЭЛГЭР

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ