| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1166 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 091.2.1, 091.2.11, 091.2.15, 147.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч Г.Эрдэнэ,
Иргэдийн төлөөлөгч Д.Болинчулуун,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа, түүний өмгөөлөгч Г.Амгалансуурь,
Шүүгдэгч Л.Д , түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Шүүгдэгч А.Т , түүний өмгөөлөгч Я.Батханд,
Шүүгдэгч Т.Эн , түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ц. Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Эн өд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Л.Д д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.10, 91.2.11, 91.2.15, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч А.Т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0531 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр хийдэг байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б овогт Т Э .
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар, Л овогт Л Д .
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Буянт суманд 1996 оны 5 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, казак, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Н овогт Ам Т .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Т.Эн нь 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Батзолбоог хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж шүүгдэгч Л.Д тэй бүлэглэн С.Батзолбоогийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Л.Д нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Батзолбоог хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүнийг зодож цохих, барьцалдан зууралдах зэргээр учрах саадыг арилгаж, шүүгдэгч Т.Эн ийг С.Батзолбоогийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алахад нь дэмжлэг үзүүлж бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт ,
мөн шүүгдэгч А.Т урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Амарсанаагийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт,
шүүгдэгч А.Т нь Л.Д тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Амарсанаагийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Эн мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: “…2017 оны 2 дүгаар сарын 11-ний өдөр Т.Э найзтайгаа тааралдаад бааранд орсон. Т.Энхмөнх хохирогч С.Батзолбоотой зодолдоод байсан. Би тухайн үед зодоон хийлгэхгүй гээд аль болох эвийн олоод салгаад суулгасан. “Баар хаалаа” гэхээр нь би хувцсаа аваад явах гэтэл хохирогч С.Батзолбоо намайг араас цохиж унагаасан. Намайг босч ирэхэд хохирогч С.Батзолбоо миний хөлнөөс хамж надтай зууралдсан. Би босох гээд айж сандраад дээшээ босох гээд зүтгэж байтал миний хажуугаар гулжигнаад унах шиг болсон. Тухайн үед би Т.Энхмөнхийг цохисон гэдгийг мэдээгүй. Би сандарсандаа хохирогч С.Батзолбоог 2-3 удаа цохисон. Гэхдээ би хохирогч С.Батзолбоог Т.Энхмөнхтэй бүлэглэж алаагүй”. гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баарны үүдэнд зогсож байхад А.Даваасүрэн “тэр хүний утсыг аваад зугтъя” гэсэн. Тэгэхээр нь би “үгүй, яахын бэ” гэсэн. Тэгтэл А.Даваасүрэн “зугтчихъя” гээд надад гар утсыг нь булаагаад авч өгөхөөр нь би сандарсандаа аваад зугтаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа мэдүүлэхдээ: “…Би маш их гомдолтой байна. Би өмнө нь 18.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байсан. Үүнээсээ татгалзаж байна. Оршуулгын зардлаас Т.Энхмөнх надад 3.065.000 төгрөгийг төлсөн. Л.Д огт төлбөр төлөөгүй би А.Даваасүрэнгээс үлдсэн мөнгөө нэхэмжилнэ. Л.Д “миний хэргийг салгаад өгчих юм бол хохирлыг чинь бүрэн барагдуулна” гэсэн. Би үнэхээр гомдолтой байна….” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч Л.Д гийн ял шалгах хуудас /2хх-23/, шүүгчийн захирамж /2хх-45-59/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн 263, 247 дугаартай дүгнэлтүүд /1хх-192, 196-197/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяагийн өгсөн мэдүүлэг 1хх-144-145, 146/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-97-99/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-101-104/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-100/, хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1хх-105-106/, шинжээч томилох тогтоол /1хх-177, 1хх-178-181/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-110/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1хх-111-112/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 362 дугаартай дүгнэлт /1хх-169-170, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-171/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 1887 дугаартай дүгнэлт /1хх-173/, шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл /1хх-217/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-76/, эд зүйлийн үнэлгээ /2хх-141/, хохирогч Д.Амарсанаагийн өгсөн тайлбар, мэдүүлэг /2хх-25, 32, 83-84, 85, 191/, шүүгдэгч А.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-103-104, 110-111, 192/, шүүгдэгч Л.Д гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-60, 106-108, 113-114/, гэрч Б.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /1хх-160-161/, гэрч Б.Түмэнжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-162/, гэрч Б.Даваагийн өгсөн мэдүүлэг /1хх-167/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 1105 дугаартай дүгнэлт /1хх-210/, Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2001 дугаартай дүгнэлт /1хх-215/, шүүгдэгч Т.Эн ийн ял шалгах хуудас /2хх-29/, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /2хх-35/, өргөмжлөл /2хх-39/ мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /2хх-88, 89, 157/, шинээр хохирол төлсөн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Т.Эн нь 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Батзолбоог хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж Л.Д тэй бүлэглэн С.Батзолбоогийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.Д г 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд танхайн сэдэлтээр, иргэн С.Батзолбоог хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж түүнийг зодож цохих, барьцалдан зууралдах зэргээр учрах саадыг арилгаж, шүүгдэгч Т.Эн ийг С.Батзолбоогийн толгойн тус газар нь пивоны шилээр цохиж санаатай алахад нь дэмжлэг үзүүлж бүлэглэн хамтран оролцсон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Тухайн хэрэг учрал болсон өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд хохирогч С.Батзолбоо шүүгдэгч Т.Энхмөнхтэй харилцан муудалцаж барьцалдахад шүүгдэгч Л.Д нь дундуур нь орж салгасан. Үүний дараа шүүгдэгч Л.Д нь хохирогч С.Батзолбоогийн сууж байсан ширээний хажуугаар хувцаснууд тэврэн гарахаар хаалга чиглэн явахад хохирогч С.Батзолбоо нь шүүгдэгч Л.Д г хажуугаас нь гараараа толгойн хэсэгт нь зүүн талаас нь цохиж унагаахад шүүгдэгч Л.Д босч ирээд тэвэрч явсан хувцсаа тавиад хохирогч С.Батзолбоо руу дайрахад хохирогч С.Батзолбоо шүүгдэгч Л.Даваасүрэнг хөлнөөс нь тэврэн эргэж сандал дээр унагаан дээр нь гарсан байрлалтай барьцалдаж байв. Энэ үед шүүгдэгч Т.Энхмөнх баарны нөгөө талаас гартаа барьсан пивоны шилээрээ толгойн ар хэсэгт чиглүүлэн гараа далайж хүчтэй цохиход хохирогч С.Батзолбоогийн биед баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт гэмтэл учирсан ба энэ гэмтлийн улмаас талийгаач нас барсан байна.
Шүүгдэгч Т.Энхмөнх гартаа барьсан пивоны шилээрээ цохиход хохирогч С.Батзолбоог ямар ч эсэргүүцэлгүй болж ухаан алдах үед шүүгдэгч Д.Даваасүрэн хохирогчийн нүүрэнд гараараа 4 удаа цохисон ба энэ нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, хохирогч нь шүүгдэгч Т.Эн ийн үйлдлийн улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 дугаартай дүгнэлтээр: “…Талийгаач нь баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт гэмтлийн улмаас нас барсан гэдгийг тогтоосон ба шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэгт: “…баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл нэг удаагийн үйлдэл буюу Т.Эн талийгаачийг цохисоны улмаас хохирогч С.Батзолбоо нь нас барсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1887 тоот шинжээчийн дүгнэлтэнд: С.Батзолбоогийн цус, ходоодны шингэнд химийн шинжилгээ хийж, цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли спиртийн агууламж илэрсэн буюу түүнийг хүнд зэргийн согтолттой гэдгийг тогтоосон хэдий ч хэрэгт авагдсан камерын бичлэгт хохирогч С.Батзолбоо нь бусадтай зодолдох гэж идэвхитэй хөдөлгөөн хийж, ноцолдон зодолдож, шүүгдэгч Т.Эн ийг цохиж, Л.Д гийн хөлөөр ороож дээр нь гарч байгаа үйлдэл зэрэг талийгаачийн үйл хөдлөлөөс дүгнэхэд шүүгдэгч нар нь тухайн цаг хугацаанд хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг ухамсарлан ойлгох мэдэх боломжгүй байсан.
Учир нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсон байхыг хэлнэ.
Гэтэл прокурор шүүгдэгч Л.Д , Т.Эн нарыг бүлэглэн хохирогч С.Батзолбоог биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо хохирогч үхлийн цохилтыг чухам хэний, ямар үйлдлээс, хэдийд авсан, мөн хохирогч нь биеэ хамгаалж чадахгүй байсан эсэх, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, холбогдох үйлдэл, учруулсан хохирлыг ялгаж зааглалгүйгээр шүүгдэгч нарыг хавтгайруулан ялласан нь учир дутагдалтай.
Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2-д “хүнийг санаатай алах гэмт хэргийг /танхайн болон давтан/ үйлдлээр үйлдсэн” гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэрэгт хасагдсан тул шүүгдэгч Т.Эн ийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан буюу /танхайн сэдэлтээр/, шүүгдэгч Л.Даваасүрэнг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт буюу /танхайн болон давтан үйлдсэн/ гэж тус тус хүндрүүлэн зүйлчлэн шүүхэд ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан ““...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгч нарт илүү ашигтай болно.
Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.
Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Д , Т.Эн нарыг гэм буруутайд тооцохдоо тэдний гэмт хэрэгт оролцоо, хохирогч үхлийн цохилтыг чухам хэний, ямар үйлдлээс, хэдийд авсан, мөн хохирогч нь биеэ хамгаалж чадахгүй байсан эсэх, холбогдох үйлдэлийг мөрдөн байцаалтын шатанд ялгаж зааглаж нарийвчлан тогтоож чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг мөрдөн байцаалтын хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар хангалттай нотлож, тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасан үндэслэл буюу “….Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүний шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эн ийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Д г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Д г энэ үйлдэлд холбогдолгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэгэнт шүүгдэгч Л.Д гийн хүнийг алах гэмт хэрэгт холбогдолгүй болох нь тогтоогдож холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Т.Эн өд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Т.Эн нь 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд иргэн С.Батзолбоог алах гэмт хэргийг үйлдсэн,
шүүгдэгч Л.Д А.Т нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Амарсанаагийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээр дурьдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяагийн өгсөн: “...Би “Өсөх- 2” баарны доор цайны газар байдаг юм, тэнд тогооч хийдэг юм. Тэнд ажилладаг хүмүүс нь намайг таньдаг юм. Би тэр өдөр 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн үед гэртээ амраад байж байхад “Өсөх-2” баарнаас над руу Балжмаа гэдэг охин залгаад “аниа Золбоотой хүн муудалцаад толгой уруу нь юмаар цохичихсон чинь ухаан алдаад уначихлаа та хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би шууд гараад “Өсөх-2” бааранд очсон. Намайг очиход яах аргагүй миний хүү бааран дотор гулдайгаад хэвтчихсэн байсан цус их гарсан байсан...Би оршуулгын зардалд гарсан мөнгөө гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ.”/1хх-144-145/ гэх мэдүүлэг,
Дахин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяаг дахин байцаасан тэмдэглэлд: “...Маш их гомдолтой байна. Нийт 24 сая төгрөг нэхэмжилж байна. Оршуулгын зардал нь 6.215.000 төгрөг болсон юм. Үүнээс баримттай нь 5.942.619 төгрөг, үлдсэн нь баримтгүй баримтаа аваагүй эд зүйлүүдийн үнэ юм. 17.758.000 үлдэж байгаа нь сэтгэл санааны хохирол болон үлдэж байгаа эхийнхээ хэвлийд байгаа хүүхэд болон одоо байгаа 1 настай Б.Хонгорзулын ирээдүйд хэрэглэх мөнгө юм.” /1хх-146/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Р.Байгалмаагийн өгсөн: “…Бүжиглэж байхдаа тэд хоорондоо муудалцаад байсан. Яг юунаас болсон гэдгийг мэдэхгүй. Хэн хэн нь гаднаас уусан халамцуу ирсэн. Гаднаас нь харахад хэрэг болох үед согтсон гуйвсан зүйл байхгүй байсан. Манайх гэрээт хамгаалагчтай дуудлага өгөхөөр ирдэг.”/1хх-148/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч С.Балжмаагийн өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 11-ний орой 21 цагийн орчим манай бааранд Экү /Т.Эн / гэх залуу 3 эрэгтэй, 2 эмэгтэй найзуудтайгаа орж ирээд караокед 1 цаг үйлчлүүлсэн. Тэгээд зааланд гарч бүжиглэж байхад талийгаач хамт бүжиглэж байсан ба Т.Эн ийн хажуугийн ширээнд сууж байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхд Т.Эн найз нарын хамт явах гээд хувцсаа өмсөж байхад талийгаачтай хэрэлдэж муудалцаад байх шиг байсан. Тэгтэл гэнэт Т.Эн талийгаач руу ууж байсан пивоныхоо шилийг шидэхээр нь би болиулаад тайвшруулаад байж байтал ард гэнэт зодоон болсон ба намайг эргээд хартал талийгаач нэг өндөр шар залуутай зууралдаад доор нь орсон байсан…Тэгээд тэр залуу босч ирээгүй ба толгойноос нь цус гараад байхаар нь би цагдаа, түргэн дуудсан. Би яг шилээр цохихыг нь хараагүй. Харин дараа нь камерын бичлэг ухрааж үзэж байхад шилээр цохьсон болохыг мэдсэн.” /1хх-149-150, 151/ гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл:..Хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 1-1 тоот хаягжилттай “Өсөх Алтай” төвийн “Өсөх-2” баарны бүжгийн зааланд байв…заалны ертөнцийн зүгээр баруун хойд булангийн хэсэгт цогцос байрлаж байв. Үзлэгийг зааланд цогцосноос төв авч төвөөс гадагш чиглэлтэй тойрог байдлаар явуулав. Цогцос нь ертөнцийн зүгээр баруун хананаас 398 см, хойд хананаас 250 см зайд толгой байрлах бөгөөд баруун хөлийн тавхай хэсэг баруун ханаас 259 см, хойд хананаас 183 см зайтай, зүүн хөл баруун хөлөөс 66 см зайтай алцайсан, хөл шулуун, цээж толгой дээш харсан байдалтай, баруун гар тохой хэсгээр бага зэрэг нугаларсан, гарын сарвуу хэсэг биенээс 18 см зайтай, зүүн гар алдалсан байдалтай биеэс сарвуу хооронд 50 см зайтай байв. Цогцос цэнхэр гурван судалтай, цагаан шаргал цамцтай, ханцуй шуусан гэдэс гарсан байдалтай, хар хөх өмдтэй, хоншоор хар, цагаан өнгийн пүүзтэй байв. Цогцосыг хөдөлгөж толгой болон биеийн ар хэсгийг харахад дагз хэсэг цус болж нөжирсөн байв. Ар нуруу хэсэг цусгүй байх бөгөөд харин нүүр хар шороо мэт зүйлээр бохирлогдсон толгойны баруун хэсэгт 39х45 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...талийгаач найзтайгаа сууж байсан гэх 2 дугаар ширээний зүүн хойд хэсэгт хүрэн өнгийн лонхны хагархай үүрмэг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж заалны ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт байрлах текний араас талийгаачтай муудалцсан гэх ширээн дээрээс хураасан гэх 2 шилэн аяга, болон 25 ширхэг хүрэн өнгийн пивоны лонх, нэг ширхэг 0.5 литрийн Вояж цэвэр усны сав 1 ширхэг, хагархай пивоны шил 2 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авч...Нэмэлтээр талийгаачийн хэвтэж байсан газрын толгой хэсэгт, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс хоёр дээжний уутанд дээж аван шинжилгээнд хүргүүлэхээр тогтож хаяглав.” /1хх-97-99/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н101-104/,
-2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд:.. “...155 см урттай, биеийн галбир зөв, дунд зэргийн мах мариатай, 23 настай, эрэгтэй хүний цогцос байв.
-Цогцосны суга, цавь бүлээн хөшилт үүссэн, хүүрийн толбо ар нуруугаар бүдэг ягаан өнгөөр үүсч, дарахад цайж 5 секундын дараа өнгөндөө орно, нүүр, зүүн хацар, эрүү хар өнгийн тортог мэт зүйлээр бохирлогдсон, толгойн үс цусаар ихэд бохирлогдсон, усаар угааж үзэхэд баруун зулайд 1 см урттай зах ирмэг тэгш бус шархтай, орчинд хуйханд цус хурж овойсон түүгээр цус гарч байв.
Өөр биед ил гарсан шарх гэмтэлгүй... /1хх-100/,
-2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Өсөх-2” караоке пабын захирал Т.Түвшинмөнхөөс тус баарны заалны камерын бичлэгтэй DVR процессорыг, дагалдах хэрэгслийн хамт хураан авсан тухай “Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл” /1хх-106/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1098 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалагдаж байгаа дүрс бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 18 цагаас 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 02 цаг хүртэлх дүрс бичлэг хадгалагдаж байна. Эдгээр дүрс бичлэгүүдээс хяналтын камер 6, 7, 8, 9, 10, 11-д тус тус бичигдсэн дүрс бичлэгүүдийг тодруулан DVD дискэнд хуулбарлав. гэх дүгнэлт шинжээч цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “..Уг бичлэг 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 00:00:00 цагаас бичлэг эхэлж байна. Бичлэгийг үзэж байхад хохирогч С.Батзолбоо болон шүүгдэгч Т.Энхмөнх, Л.Д нар байгаа нь бичлэгээс танигдаж байна. Дэлгэцийн баруун дээд өнцөгт үйл явдал өрнөж байна. 00:11:55 /00 цаг 11 минут 55 секунд/ цагт хохирогч ирээд Т.Э цээжинд нь түлхэж байна, урд урдаасаа харан ойрхон зогсож байна. Хохирогч ширээндээ суулаа. 00:14:41-д Т.Э ширээний араас нэг зүйл авч хохирогч уруу чиглүүлэн шидсэн боловч оноогүй, 00:14:43-д ширээ тойрч ирээд хохирогчийн өмнө очоод гартаа барьсан пивоны шил мэт зүйлээр далайж байгаад цохих гэхэд гарнаас нь мултарч хохирогчийг оносонгүй. Хохирогч босч ирээд баруун гараараа цээж хэсэгт нь цохиж Т.Энхмөнхтэй барьцалдаж авахад Л.Д нь дундуур нь орж салгав. Т.Э хохирогч уруу дахин очиход бүсэндээ паска зүүсэн урт үстэй эмэгтэй, урт пельниктэй эмэгтэй 2 хориглон зогсоов. Шүүгдэгч Л.Д хохирогчийн хажуугаар хувцаснууд тэврэн гарах хаалга чиглэн явж байх үед 00:15:19-д хохирогч түүнийг хажуугаас нь гараараа толгойн хэсэгт нь зүүн талаас нь цохиж унагаахад Л.Д босч ирээд тэвэрч явсан хувцсаа тавиад хохирогч уруу дайрахад тэдний дундуур урт пелниктэй эмэгтэй орж салгах гэсэн боловч чадахгүй тэднээс холдоход хохирогч С.Батзолбоо Л.Даваасүрэнг хөлнөөс нь тэврэн эргэж сандал дээр унагаан дээр нь гарсан байрлалтай барьцалдаж байв. Энэ үед 00:15:39-д Т.Энхмөнх баарны нөгөө талаас гартаа барьсан шилтэй зүйлээ ууж явангаа шууд хохирогч С.Батзолбоог чиглэн ирээд баруун гартаа барьсан пивоны шилээрээ толгойн ар хэсэгт чиглүүлэн гараа далайж хүчтэй цохиход хохирогч С.Батзолбоо үхэтхийн ямар ч эсэргүүцэлгүй болоход Т.Энхмөнх гэдрэг татан гараараа нэг удаа цээж нүүр хэсэгт нь цохиж хохирогч дээшээ харан шууд унахад Л.Д дээр нь гарч мордон суугаад зүүн гараараа заамдаж нүүр шанаанд нь баруун гараараа 4 удаа цохив. Хохирогч С.Батзолбоо ямар ч хариу үйлдэлгүй ухаан алдсан байдалтай байна. Шүүгдэгч Т.Э нь хохирогчийг унасан байхад нь Л.Даваасүрэнтэй зэрэгцэн хохирогч С.Батзолбоогийн толгой дээр хөлөөрөө өшиглөх, дэвсэх үйлдэл хийж байна. Яг энэ үед тэднийг пельниктэй эмэгтэй, гадуур хувцастай цүнх үүрсэн эмэгтэй, мөн бармен бололтой паска зүүсэн урт үстэй эмэгтэй нар хориглон татаж салгав. Мөн гадуур хувцастай нэг эрэгтэй талийгаачийг өшиглөж байх үед нь гүйж ирэн Т.Энхмөнхийг тэврэн холдуулж байна. Шүүгдэгч Т.Э хохирогчийн яг хаашаа нь хэдэн удаа өшиглөж дэвссэн нь CAM7-оос сайн харагдахгүй байгаа ба хүмүүс халхалж байна. Харин CAM9-ийн бичлэгт тод гарсан ба шүүгдэгч Т.Э нь эхлээд пивоны шилээр ар дагз толгойн хэсэгт нь цохиод ухаан алдах үед нь гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиж газар унасан байхад нь дээрээс нь зүүн хөлөөрөө 4 удаа өшиглөж, баруун хөлөөрөө нүүрэн дээр нь 1 удаа дэвсэж байна. Яг энэ үед шүүгдэгч Л.Д хохирогчийн нүүрэнд гараараа 4 удаа цохиж байгаа ба энэ үйлдлүүд нь нэгэн зэрэг явагдаж байна.
CAM7 зодоон болж байгаа үйл явдлыг баарны үүдэн талаас, CAM8-д хохирогч С.Батзолбоо болон шүүгдэгч Л.Д Т.Э нарын сууж байсан ширээтэй талын өнцөгөөс тод харуулж байна, САМ9-д баарны үүдний хэсэг буюу яг зодоон болж байгаа хэсгийн байдлыг дээд өнцөгөөс ойроос тод гаргаж байна. Харин САМ 10-д алсаас баарны тектэй талаас харуулж байна. Үзлэгээр өөр зүйл илрээгүй.” /1хх-110/,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 392 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. Талийгаач нь баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт, гэмтлийн улмаас нас баржээ.
2. Шинжилгээгээр талийгаачид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн төвийн ба төвийн арын далан хамарсан няцралт, хуйхны шарх цус хуралт, доод уруулын салстын цус хуралт тогтоогдсон. Эдгээр гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Үхэлд хүргэх өвчин үгүй байна.
4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
5. Цус 3-р бүлэг байна. Шинжээч эмч Ц.Ганболд /1хх-169/ гэх дүгнэлт,
-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 1887 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
-С.Батзолбоогийн цус, ходоодны шингэнд химийн шинжилгээ хийж, цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли спиртийн агууламж илэрсэн буюу түүнийг хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байсан болохыг тогтоосон. шинжээч, цагдаагийн дэслэгч А.Батбаяр /1хх-173/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Амарсанаагийн өгсөн: “…2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би орой 18 цаг өнгөрч байхад ажлаа тарж би найз Батсайхан Мөнхбаяр нартай хамт “CRYSTAL” бааранд сууж нэг шил 0.5 граммын архи ууж нэг хүний 2 лааз пиво уусан. Би урьд шөнө нь нойргүй хоносон байсан учир унтаад өгсөн байсан. Энэ үед манай найз нар намайг орхиод явсан байсан...бааранд унтаж байгаад 22 цагийн орчим сэрээд гараад иртэл баарны үүдэн дээр зогсож байсан үл таних 20-25 орчим насны 2 залуу утсаараа яриулчих гэхээр нь би яриулахгүй гээд цааш явж зам дээрээс такси бариад 300 орчим метр явж буугаад “Болор” кафед орж найзыгаа хүлээгээд сууж байхад утсаараа яриулчих гэсэн 2 залуу “Болор” бааранд орж ирчихээд намайг харчихаад гараад явсан...Бааранд би 10-20 орчим минут болоод гараад дээшээ өгсөөд гудамжинд явж байхад…өндөр биетэй залуу нь араас гарыг боож тэврээд эд зүйлсээ гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь би өмднийхөө халааснаас хэтэвчээ гаргаж өгсөн. Тэгсэн арай намхан залуу нь “өгөөтөх” гэж аваад хэтэвч дотор байсан 300 төгрөг болон миний гар утасны илүү баттерейг аваад хэтэвчийг буцааж өгөөд зогсож байхад араас тэвэрсэн өндөр залуу намайг тавиад миний гартаа барьсан байсан гар утсыг минь булааж аваад хоёулаа зугатаад явсан.” /1хх-36-37, 38, 2хх-83-84/ гэх мэдүүлэг,
-Хохирогч Д.Амарсанааг дахин байцаасан тэмдэглэлд “...Эдгээр залуусын надтай өндөр биетэй залуу нь араас 2 гарыг боож тэврээд “эд зүйлсээ гаргаад ир” гэсэн. Тэгэхээр нь би өмднийхөө халааснаас хэтэвчээ гаргаж өгсөн. Тэгсэн арай намхан залуу нь “өгөөтөх” гэж аваад хэтэвч дотор байсан 300-н төгрөг болон миний гар утасны илүү баттерейг аваад хэтэвчийг буцааж өгөөд зогсож байхад араас тэвэрсэн өндөр залуу намайг тавиад миний гартаа барьсан байсан гар утсыг минь булааж аваад хоёулаа зугатаад явсан.” /2хх-85/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Г.Угтахбаярын өгсөн: “...ТҮЦ-дээ сууж байхад орой 22-23 цагийн орчим үл таних 20-25 орчим насны 2 залуу орж ирээд надад “Самсунг Эс-4” маркийн гар утсыг авах уу, би урд бааранд ууж байгаа юм, 35.000 төгрөгийн өрөнд ороод бичиг баримтаа хураалгасан, энэ утсыг авчих уу” гэж надад өндөр залуу нь хэлсэн…Би “авахгүй” гэж хэлсэн. Гэтэл нөгөө 2 залуу гараад явсан. Тэгсэн удалгүй нөгөө 2 залуу ахин орж ирээд “ахаа энэ утсыг авчих л даа” гээд өндөр залуу нь гуйгаад бас өөрийнхөө утсаар ээжтэйгээ яриад “би одоо харих гэж байгаа хоол байгаа юу” гэх мэтчилэн яриад байхаар нь “энэ кодоо гаргаатах” гэхэд өндөр залуу дүү нь жоохон согтоод байна. Дүүгийн утас юм гээд надад уг утасны илүү баттерейг өгөөд мөнгөө аваад явсан. Код гаргах гээд зогсож байхад намхан нь яаж гэж дүүгийнхээ утастай гарч ирдэг юм бэ өөрийнхөө утастай гарч ирэхгүй гээд яриад байсан.” /1хх-40-41, 2хх-87/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд шүүгдэгч А.Т ийн яллагдагчаар өгсөн: “...Архиа ууж дуусгаад 16 дугаар хороололын “Молор” бааранд орчихоод гарч ирээд зогсож байхад уг баарнаас нэг хүн утсаараа яриад гарч ирчихээд буцаад орсон. Энэ үед Л.Д надад хандаж “энэ залуугийн гар утсыг би очоод булааж аваад чамд өгье, чи зугатаарай” гэсэн. Биднийг ингэж яриад зогсож байхад нөгөө утсаар ярьж байсан хүн гарч ирээд харанхуй гудамж руу яваад орчихсон. Тэгсэн Л.Даваасүрэн “утсыг нь булааж аваад зугтая” гэхээр нь би “хэрэггүй” гэсэн чинь “явъя” гээд араас нь явахаар нь би дагаад явсан. Гэтэл Л.Д нөгөө залуугийн араас нь очоод тэврээд авсан. Тэгээд надад гар утсыг нь аваад өгөхөөр нь би утсыг нь аваад зугтаасан. Энэ үед Л.Д миний араас гүйгээд бид хоёр Офицеруудын буудал дээр уулзсан.” /2хх-103-104, 110-111/,
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 76-р тал/
-Эд зүйлийн үнэлгээ /2хх-141/
-Шүүгдэгч Т.Энхмөнх, А.Т нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2хх-29, 191/,
-Хохирлын баримтууд /1хх-118-143, 3хх-25-33/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “хүнийг санаатай алах”, гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “хүнийг алах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хөнгөрч орсон байх тул шүүгдэгч Т.Эн ийн 2017 оны 2 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө буюу 00 цаг 06 минутын орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өсөх-2” нэртэй бааранд иргэн С.Батзолбоог алах гэмт хэргийг үйлдсэн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт нийцүүлэн зүйлчлэх, мөн 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “дээрэмдэх” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хөнгөрч орсон байх тул шүүгдэгч Л.Д , А.Тэлубек нарын урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Амарсанаагийн эд хөрөнгийг авах зорилгоор, амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж “Самсунг-Эс4” загварын гар утас, гар утасны батерей, бэлэн 300 төгрөгийг дээрэмдсэн үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “дээрэмдэх” гэмт хэргийн зүйлчлэлд нийцүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэхээр тогтов.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Т.Эн нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг оногдуулах, мөн шүүгдэгч Л.Д А.Т нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг тус тус оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн өгсөн: “…Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хавтаст хэргийн хүрээнд учруулсан гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасан хорих ялыг хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэж өгнө үү” гэх тайлбарыг гаргах боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Харин шүүгдэгч Л.Даваасүрэн, А.Т нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, тэдэнд ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх оногдуулах боломжтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Амгалансуурь шүүхийн хэлэлцүүлэгт: “…Талийгаач 2 настай хүүхэдтэй. Тийм учраас сэтгэл санааны хохиролд 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт: “….сэтгэл санааны хохирол 18.000.000 төгрөг нэхэмжилсэнээсээ татгалзсан тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Эн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн мөнгийг бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Л.Д , А.Т нар нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Л.Даваасүрэн, Т.Энхмөнх нар нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэжигтнээр, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хоригдсон ба нийт 548 хоног, шүүгдэгч А.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 347 хоног тус тус цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хууийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус ял эдэлсэн хугацаанд оруулах тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д нь 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн нийт
548 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 1.4-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач С.Батзолбоогийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан прокуророос газраас шүүгдэгч Т.Э гэм буруугийн үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д заасан, шүүгдэгч Л.Д гийн гэм буруугийн үйлдлээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10-д зааснаар тус тус зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Прокурорын газраас шүүгдэгч Л.Д г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Эн өд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.15-д зааснаар зүйлчилсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Т.Эн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
3. Прокурорын газраас шүүгдэгч Л.Д , А.Т нарыг 2002 оны Эрүүгийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.
4. Шүүгдэгч Б овогт Т Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд, шүүгдэгч Л овогт Л Д , Н овогт Ам Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар Т.Энхмөнхийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Л.Д , А.Т нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.Эн өд оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т эд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Эн ийн цагдан хоригдсон 548 хоногийг, шүүгдэгч А.Т ийн цагдан хоригдсон 347 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяа гэм хорын бусад хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Сайнтуяагийн сэтгэл санааны хохирол гэж 18.000.000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхисугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 1.4-д тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн пивоны шилний 19 ширхэг хагархай, хар өнгийн үстэй дотортой түрийтэй хос гутал, ногоон өнгийн өмд 1 ширхэг, талийгаач С.Батзолбоогийн өмсөж явсан саарал өнгийн цамц 1 ширхэг, хөх өнгийн подволк 1 ширхэг, хар саарал өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, ягаан өнгийн өмд 1 ширхэг, цэцгэн хээтэй эрээн өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хар судалтай пүүзэн хос гутал, ягаан өнгийн хос оймс зэргийг устгуулахаар, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
12. Л.Д нь нийт 548 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
13. Шүүхийн шийтгэх тогтоолыг уншин сонсгоноор хүчинтэй бөгөөд Т.Э А.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Л.Д урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, Т.Э А.Т нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
14. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Э , А.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Л.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Б.АРИУНХИШИГ
Д.МӨНХТУЯА