Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2019/ДШМ/704

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б, А.У, А.Б, Г.М,

Ч.М, М.Б, О.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, Ш.М.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Н.Ням-Очир,

          шүүгдэгч А.Ун өмгөөлөгч С.Пүрэвдорж,

          шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Давааравдан,

          шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Э.Золбоо, Г.Ч.М,

          шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг,

          шүүгдэгч М.Б, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

          нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

         

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ч.М нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч М.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б, А.У, А.Б, А.Б, Ч.М, М.Б, О.О нарт холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Г.Б, 1968 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, математикч, математикийн багш мэргэжилтэй, .....................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../,

2. А.У, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ................ захирал ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./,

3. А.Б, 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ................... захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар 1 жил хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

4. Г.М,1974 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй, ................... захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../,

5. Ч.М, 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .................... мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.................../,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

6. М.Б, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, ....................-д багш ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../,

7. О.О, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “...........................-д дэд захирал ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............................../,

 

Г.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Ц сургуульдаа элсүүлэхийн тулд түүний эх А.Уас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөндөө шууд авсан,

мөн хамран сургах тойргийн бус Б.Н сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу ................-ийн дэд захирал О.Оаар дамжуулан түүний эцэг М.Бэс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пийн “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,

хамран сургах тойргийн бус Б.М сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Маар дамжуулан түүний эцэг А.Бөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан,

А.У нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус В.Ц сургуульд нь элсүүлэхийн тулд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь өгсөн,

А.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.М сургуульд нь элсүүлэхийн тулд танил А.Баар дамжуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим өгсөн, яллагдагч Ч.М нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бд дээрх мөнгөнөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь дамжуулан өгсөн,

А.Б нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.М сургуульд нь элсүүлэхийн тулд ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мтай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим уулзаж, мөнгийг дамжуулан А.Б нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Ч.М нь Нийслэлийн ................хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу хамран сургах тойргийн бус Б.М Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ьд элсүүлэхийн тулд түүний эцэг А.Бөөс А.Баар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг авч, улмаар Г.Бд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахуулийг түүний эзгүйд албан өрөөнд нь үлдээн өгч, түүнийг бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

М.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Номин- Эрдэнийг сургуульд нь элсүүлэхийн тулд ................-ийн дэд захирал О.Оаар холбуулан /зуучлуулан/ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пийн “ХААН” банкны дансаар дамжуулан өгсөн,

О.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Н сургуульд нь элсүүлэхийн тулд урьдчилан уулзаж, түүнд мөнгө өгөхийг амлан улмаар М.Бат- Эрдэнэ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, А.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ч.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, М.Б үйлдлийг тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Бг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Мыг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Уг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Бийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Бг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Мыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Оийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч А.У, А.Б, А.Б, М.Б, О.О нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, А.Б, М.Б, О.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 30 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 450.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.М 2 хоног баривчлагдсан бөгөөд түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 30.000 төгрөгийг тус тус хасч, шүүгдэгч А.У, А.Б, М.Б, А.Б, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, А.Б, М.Б, О.О нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Г.Б нөхөн төлсөн 10.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ч.Мын нөхөн төлсөн 1.000.000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.Бн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Ч.М, А.У, А.Б, М.Б, А.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгч Г.Б би эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.М, А.У, А.Б, А.Б, М.Б, О.О нараас авлига авсан хэмээн шийтгэл оногдуулсан.

Дээрх хүмүүсээс авсан гэх мөнгийг ...........ийн гадна талын фасадны засварт зарцуулсан бөгөөд энэ нь гэрч Н.Д, Т.А, Ж.П, Б.Ц, О.Б нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Гэрч Н.Дг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн хэмээн түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах чиг үүргийг барьж, цагаатгах талын нотлох баримтыг үнэлэлгүй гэм буруутай хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би М.Бг огт таньдаггүй бөгөөд өөрөө сайн дураараа сургуульд хандив хэмээн 2 сая төгрөгийг шилжүүлснийг болон А.Ун 7 сая төгрөгийг тус тус сургуулийн гадна засварын зардалд зарцуулсан. ...........ь нь 1939-1940 онд баригдсан Монгол улсын хамгийн ууган сургууль, 79 жилийн насжилттай барилга бөгөөд удаа дараа мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт, шаардлагууд ирж байсан. Бид хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай байдал бий болоод байгаа талаар мөн зохих газруудад удаа дараа асуудлыг тавьж ирсэн.

Би болон миний өмгөөлөгч нар дээрх мөнгөнүүдийг хандив юм уу?, авлига юм уу? гэдгийг шалгуулж тогтоолгоё гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсан боловч гүйцэд шалгалгүйгээр, хүсэлтийг хүлээж авалгүйгээр маш богино хугацаанд хэргийг шүүх рүү шилжүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ч.Маас нэг ч төгрөг аваагүй байхад зөвхөн Ч.Мын мэдүүлэгт үндэслэн намайг нэг сая төгрөг авсан хэмээн гэм буруутай гэж үзэж шийтгэсэнд гомдолтой байна.

Эцэг, эхчүүдээс сургуульд хандив өгсөн талаар санхүүгийн баримтанд тусгах, дээд шатны байгууллагадаа мэдэгдэх хугацаа гараагүй, өөрөөр хэлбэл сургуулийн амралтын үе болон багш нар ажил хаясан байсан. Энэ бүхний дараа хичээл эхлээд удаагүй байхад намайг цагдан хорьж, нэг сарын хугацаанд шалгаж шүүх рүү шилжүүлсэн учраас тайлагнах, хандивыг бүртгүүлэх хугацаа, боломжгүй байсан гэдгийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хэрэг шалгагдаж дууссаны дараа /нэг сар/ Нийслэлийн прокурорын газарт ажиллагаа хийлгүүлэх талаар өмгөөлөгч нар маань хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д зааснаар дээд шатны прокурорт гаргасан гомдлын хариуг ирүүлээгүй байх хугацаанд шууд шүүх рүү шилжүүлж, эрхийг минь хязгаарласанд гомдолтой байна.

Иймээс хэргийг сайтар хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ... гэв.  

 

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ч.М нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Г.Ч.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/213 шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хууль буруу хэрэглэсэн талаар :

А.Б нь Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын ажил хийдэг. Өөрийн сургуулийн барилгыг барьсан “Ганьт” ХХК-ний захирал Ц.М.Бний гуйлтаар Б.М гэдэг хүүхдийг 1-р сургуульд оруулж өгч туслаач гэж ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад хүүхдийн хувийн хэргийг л өгсөн.

................хэлтэс нь ...........ийн дээд байгууллага юм. Хувийн хэрэг завсар өргөдөл нь байгаа л гэж бодож байсан. Мөнгө бол байгаагүй юм.

Б.М гэдэг хүүхэд, түүний аав А.Б нарыг танихгүй. Боловсролын салбарт бүхэл бүтэн барилга бариад өгсөн, мөн сургуулийнхаа барилгыг хүлээж авахад зураг төсөлд тусгагдаагүй жижиг сажиг зүйлийг үнэ хөлс нэхэлгүй, шахалт шаардлагагүй хийж өгч байсан Ц.М.Бний гуйлтад үгүй гэж хэлж чадаагүй юм. Ц.М.Б, Б.М аав А.Б нар найзууд, өөрөөр хэлбэл найзынхаа хүүхдийг л надаас гуйсан байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар Г Г.Мт хамтраад хийсэн бол ямар давуу тал бий болов, ямар эд зүйл, эдийн бус баялаг, өмчлөх эрх шилжүүлж өгөв, ямар үр шим хүртэв. Хэргийн бодит нөхцөл байдал ийм байхад шүүх “...бусдыг мөнгө хөрөнгө өгөхөд зуучлан дэмжлэг үзүүлэн оролцож буй үйлдэл нь” 22.5 дугаар зүйлийн гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлсон. Хахууль өгөх гэмт хэрэгт үр шим нь хахууль өгөгчид ирдэг ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн талаар:

А.Быг хахуулийн мөнгө зуучилсан гэж буруутгах үндэслэл нь шүүгдэгч Ч.Мын мэдүүлэг болж байгааг шүүх шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэгт “Хэдийгээр А.Б, А.Б нарын хувьд Ч.Мад мөнгө өгөөгүй гэх агуулга бүхий мэдүүлгийг өгч байгаа боловч шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ аливаа шахалт албадлагагүй өгсөн бөгөөд түүний мэдүүлэг хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, бусад гэрч нарын мэдүүлгээр ч батлагдаж байх тул А.Б, А.Б нарын мэдүүлэг бодитой бус гэж үзэх үндэслэлтэй. “ гэж үзсэн хэмээн тодорхойлсон. Харин:

А. Ч.М нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд гэрчээр 4-н удаа мэдүүлэг өгч байсан. Энэ 4-н мэдүүлэг өөр хоорондоо бүгд зөрүүтэй юм. /2-р боть 183,184, 187, 190/ Мөнгө өгсөн гэх цаг хугацааг А.Бийн банкны дансан дээрх хугацаатай хүчээр тааруулж өөрчилсөн.

Б. Шүүхийн дүгнэлтийн “бусад гэрч нарын мэдүүлгээр ч батлагдаж” гэдэг нь харин ч эсрэгээрээ Ч.Мын мэдүүлэг нь худал гэдгийг гэрч Б, С нарын мэдүүлгээр тодорхой нотлогдож байгааг анхаарна уу. /2 хх 202, 203/

В. Шүүхийн дүгнэлтийн “шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтын явцад мэдүүлгээ аливаа шахалт албадлагагүй өгсөн” гэдэг нь үнэнтэй огт нийцэхгүй. Шүүгч нь Ч.Мыг байцааж байхад нь хажууд нь байгаагүй, хоригдож байхад нь уулзаагүй гэдгийн ойлгож байна, гэхдээ хэрэгт цугларсан нотлох бичгийн баримтыг яагаад тоохгүй байна вэ. Ч.М гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрүүдэд мэдүүлэг өгчээ. Энэ хоорондоо сэжигтнээр цагдан хоригдсон байна. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 04-ний 22 цаг 35 минутад сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 48 цаг цагдан хорьсон байдаг. /2 хх 116/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаагүй, 2018 оны 10 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд гэрчээр байцаасан байна. Өөрөөр хэлбэл, гэрчээ 461-р ангид хорьж айлгаж, эрүүдэж байгаад гэрчийн мэдүүлэг авч байжээ.

Г. Энэ талаар анхан шатны шүүх дээр Ч.М өөрөө, түүний өмгөөлөгч А.Б нар өмгөөллийн дүгнэлт дээрээ тодорхой ярьсан болно. Энэ талаарх баримт нь Хүний Эрхийн Үндэсний Комисст 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан өргөдөл, Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/534 дүгээр албан тоот, хавтас хэрэгт бий.

Д. Гэрчээ цагдан хорьж, айлган сүрдүүлж авсан мэдүүлгийг эрүү шүүлт тулган авсан гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй тогтоох ёстой байсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангаж чадаагүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн, 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг ашиглаж шийдвэрээ гаргасан байх тул А.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч Э.Золбоо (ШТҮД-2187) миний бие эрүүгийн 1841000630226 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа А.Бын өмгөөлөгчөөр уг хэрэгт оролцож байгаа билээ.

Уг эрүүгийн 1841000630226 дугаартай хэрэгт яллагдагч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо миний бие Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04 өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч А.Б нь шүүхэд болон мөрдөн байцаалтын явцад дуудсан хугацаанд цаг тухай бүрт очиж, хэрэгт холбоотой нотлох баримтыг өгч, мөрдөн байцаалтын явцад зохих мэдүүлгээ үнэ зөв өгсөн.

Гэтэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар нь хэргийн материалд байгаа Авлигатай тэмцэх газрын ажилтан хэрхэн хүүхдээ ...........ьд оруулсан талаар тайлбар байцаалт аваагүй байж, харьяа дээд шатны байгууллагын ажилтанд нь зохих дүрэм, журмын дагуу хандсаны төлөө шүүхээс ял авч шийтгүүлээд байна.

Учир нь, мөнгө авсан гэх Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “А.Б надад мөнгө өгөөгүй гэж мэдүүлдэг, Г.Б нь Ч.Маар дамжуулж мөнгө аваагүй гэж мэдүүлдэг бөгөөд Б.Мийн аав А.Б нь А.Бт мөнгө өгөөгүй” гэж анхнаасаа мэдүүлдэг.

А.Б нь уг хэрэгт холбогдохдоо бие авч явах чадваргүй, согтуу байсан бөгөөд тухайн хүүхдийн хувийн хэрэгт юу байсныг ч мэдэх чадваргүй байсан юм.

Гэтэл А.Быг уг хэрэгт хамжигч гэж үзэхдээ, хувийн байдлыг нь хэрэг үйлдэх үетэй нь уялдуулаагүй, гарцаагүй буруутай гэдгийг нь тогтоогоогүй байж ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04 өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор А.Бт оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч М.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарыни 4-ний өдрийн 2019/ШТ/213 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1841000630226 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан О.О, М.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч О.О, М.Б нарыг яллагдагчаар татсан хуулийн үндэслэл нь шууд эргэлзээтэй, энэ хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй, үйл баримтыг нягтлан үзэлгүй шууд буруутган гэмт хэрэг үйлдсэнд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийг баримтлаагүй гэж үзэж О.О, М.Б нар нь өмгөөлөгчийн хамт гэм буруугийн талаар маргаж, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолд заасан гэм буруугийн үндэслэлийн талаар:

1.1. О.О нь М.Бн хүсэлтийн дагуу түүний охиныг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр дунд сургуульд суралцуулахаар боловсролын системд олон жил ажиллаж байгаагийн хувьд туслах явцдаа тус сургуулийн захирал Г.Бн сурагчийн сандал ширээ, сургалтад зарцуулахад хандив тусламж шаардлагатай талаар тавьсан шаардлага шахалтын дагуу, түүний өгсөн нярав Ж.Пийн дансанд 2.0 сая төгрөгийн хандивыг М.Бэр хийлгэснээр энэ 2 хүний үйлдэл дууссан. /дансны хуулгаар хандив нэрээр тушаагдсан нь нотлогдсон. /2-р хх-ийн 50,56-р хуудас/

Харин уг мөнгийг Г.Б нь хувьдаа авч зарцуулсан үйлдэл нь тусдаа бөгөөд сургуульд өгсөн хандивыг хувийн зорилгоор ашигласан талаар О.О, М.Б нар мэдээгүй, мэдэх бололцоогүй, гэмт санаа зорилгоор хээл хахууль өгөөгүй, хандив гэж шаардсан шаардлагаар өгөхгүй бол 1 дүгээр ангийн учир мэдэхгүй хүүхдийг нь сургуулиас хасч болзошгүй үйлдлээс айж, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хандив өгсөн нь тэдний гэм бурууг үгүйсгэх хангалттай үндэслэл болно.

1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг нотлохоор заасныг баримталбал О.О, М.Б нар нь сургуульд хандив өгч байгаа, энэ нь цаашдаа сурагчдын сурч боловсроход тусламж дэмжлэг болно гэж ойлгосон, мөн хандив өгөхгүй тохиолдолд хүүхдийг хасч сургуульгүй болгож болзошгүй хясан боогдуулалтын улмаас бодит айдас төрсний үндсэн дээр хандив өгсөн талаараа гэрчлэн мэдүүлсэн нь тэдний үйлдэлд хахууль өгөх гэмт хэргийн сэдэлт тогтоогдохгүй, гэм буруугийн хэлбэрийн хувьд хахууль өгөх шууд санаа зорилго байхгүй байна гэдгийг хангалттай нотолж байна гэж үзнэ.

2. Хэргийг шийдвэрлэх талаарх дүгнэлт санал:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн, Тайлбарт зааснаар эрх бүхий байгууллагад хандаагүй нь хахууль гэж ойлгоогүй, хүүхдийн сурч боловсроход зориулсан хандив гэж ойлгосон, мөн Боловсролын хуульд зааснаар эцэг, эхчүүд сургуульд хандив өгч болох заалт /Боловсролын тухай хуулийн 39.2. Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна./-ыг баримталсан гэж үзсэн, мөн дээр дурдсанаар сургуульд өгсөн хандивыг Г.Б хувийн зорилгоор ашигласан талаар О.О, М.Б нар мэдээгүй, мэдэх бололцоогүй болох нь шууд тогтоогдож байгаа, анхны мэдүүлгээрээ хандив өгсөн талаараа шууд мэдүүлсэн зэрэг нь тэдний гэм бурууг үгүйсгэх шууд, хангалттай үндэслэл болж байна.

2.2. Мөн хахууль өгөх гэмт хэргийн хамгийн гол шинж нь нууц, далд аргаар үйлдэгддэг атал няравын банкны дансаар илээр хандив шилжүүлсэн нь шууд гэм буруугүйн гол шинж болохыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... яллагдагч...-д ашигтайгаар шийдвэрлэнэ.“ гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд яллагдагчаар татагдсан О.О, М.Б нарын үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй, гэмт санаа зорилго тогтоогдохгүй, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хандив өгсөн талаараа эрх бүхий байгууллагад шууд илчлэн мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт заасантай шууд тохирч байгааг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд яллагдагч О.О, М.Б, тэдний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1. “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан О.О, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Гомдлын үндэслэлүүдийг сайтар хянан О.О, М.Б нарын үйлдлийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ... гэв.

 

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч С.Давааравдан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ч.Мын мэдүүлгийг 48 цагийн турш байцаалтаар авсан байдаг. Энэ үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурор хоёрт байж байгаа. Гэтэл үүнийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх нөхцөл байдал байгаа. Энэ асуудлыг бүрэн гүйцэт шалгалгүйгээр ял халдаасан байдал нь үндэслэлгүй байна. Хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ... гэв.

 

          Шүүгдэгч Г.Бн өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгч нарын хэлсэн зүйлтэй санал нэг байна. Гэрчийг оролцуулж өгөх талаар удаа дараа хүсэлт гаргасан. Мөн Уянгын өгсөн 7 сая төгрөгийг сургуулийн гадна пасатны ажилд бүрэн ашигласан нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Сургуулийн зөвхөн арын пасатыг засахад л 20 сая төгрөгийг төсөвлөсөн байдаг. Гэтэл тухайн гэрээ 7 дугаар сарын 3-наас эхлээд 7 дугаар сарын 5-нд Оранж ХХК-тай хийж эхэлсэн байдаг.

          Би 7 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн мөнгийг охин болон найз нөхдөөсөө зээлж, 10 сая төгрөгийг бүрдүүлэн, Оранж ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

          Мишээл гэх хүүхэд нэг дүгээр ангийн хүүхэд биш учраас сургуульд оруулах боломжгүй. Тийм журам ч байхгүй. Энэ байдаггүй журмаар сургуульд Б.М элссэн гэж хэрэг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

          Мөн тухайн сургууль маш хуучны барилга ба сургуулийн даац хэтэрсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...гэв.

 

          Шүүгдэгч Г.Бн өмгөөлөгч Н.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дахин энэ мөнгө өгсөн гэх асуудлыг сайтар шалгуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэгийн хэлсэн зүйлтэй санал нийлж байна. Хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, хандив юм уу, авлигал юм уу гэдгийг тогтоож өгөөч гэж хүсэж байна. ...гэв.

 

          Шүүгдэгч А.Ун өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн материалтай танилцах үеэс л миний хувьд өмгөөлөгчөөр оролцсон байдаг. Хавтас хэрэгтэй танилцаад хяналтын прокурорт гомдол гаргасан. Яагаад гаргасан гэхлээр физикийн олимпиадад гурван хүн хандив өгсөн байдаг. Нэг нь манай үйлчлүүлэгч болох шүүгдэгч А.У юм. Хоёр хүн нь Оюунцэцэг багшийн данс руу хийсэн. Харин манай үйлчлүүлэгч А.У нь захирал Г.Бд бэлнээр гарт нь өгсөн байдаг. 2 дугаар хавтас хэргийн 126 дугаар хуудсанд дэлгэрэнгүй ярьсан тэмдэглэл байгаа. Мөн яагаад нөгөө хоёр хандив өгсөн хүмүүс нь байцаагдахгүй, энэ хэрэгт татагдахгүй байгаа нь ойлгомжгүй гэж гомдлоо гаргасан. Гэтэл гомдлын хариу ирээгүй байхад шүүхэд шилжүүлээд урдчилсан хэлэлцүүлгээр ороод тухайн асуудлыг хэлэлцэж байсан. Манай үйлчлүүлэгч нь хүүхдийн ирээдүйд санаа зовоод гомдол гаргаагүй юм. Шүүх хандив юм уу, авлигал юм уу гэдгийг сайтар авч хэлэлцээгүй юм. ...гэв. 

 

          Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмгөөлөгчтэй санал нэг байна. ...гэв.

 

          Шүүгдэгч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би хандив гэдэгт итгэсэн. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...гэв.

 

          Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хувийн хэргийг Ч.Мад өгсөн. А.Б хувийн хэргийг надад авчирч өгсөн. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...гэв.

         

          Прокурор Н.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Байнга энэ байдлаар дасал болгон хандив гэх нэрийдлээр мөнгө авч байснаа ярьж байгаад нь харамсаж байна. Гэрчүүдийн мэдүүлэг хангалттай байдаг. Үр шим хүртсэн гэвэл ямар нэгэн байдлаар хүртсэн байдаг. Гэрчийн мэдүүлэг 4 өөр байгаа талаар ярьж байна. Гэтэл гол агуулга болох өгсөн гэх асуудлыг бүх гэрчүүд хэлсэн байдаг. Харин цаг хугацааны хувьд өөр байгаа юм. 6 дугаар ангийн хүүхэд элсүүлэх журам байхгүй юм чинь авж болно гэж ярьж байгаа нь мөн харамсалтай байна. Хоёр хэргээр шийтгэж шийдвэрлэсэн зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...гэв.

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Г.Б нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Ц сургуульдаа элсүүлэхийн тулд түүний эх А.Уас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөндөө шууд авсан,

мөн хамран сургах тойргийн бус Б.Н сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу ................-ын дэд захирал О.Оаар дамжуулан түүний эцэг М.Бэс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пийн “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,

хамран сургах тойргийн бус Б.М сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Маар дамжуулан түүний эцэг А.Бөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан,

А.У нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус В.Ц сургуульд нь элсүүлэхийн тулд 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7.000.000 /долоон сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь өгсөн,

А.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.М сургуульд нь элсүүлэхийн тулд танил А.Баар дамжуулан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим өгсөн, яллагдагч Ч.М нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бд дээрх мөнгөнөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь дамжуулан өгсөн,

А.Б нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.М сургуульд нь элсүүлэхийн тулд ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мтай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим уулзаж, мөнгийг дамжуулан А.Б нь 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Ч.М нь Нийслэлийн ................хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу хамран сургах тойргийн бус Б.М Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........д элсүүлэхийн тулд түүний эцэг А.Бөөс А.Баар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг авч, улмаар Г.Бд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 /нэн сая/ төгрөгийн хахуулийг түүний эзгүйд албан өрөөнд нь үлдээн өгч, түүнийг бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон,

М.Б нь өөртөө болон өөрийн охиндоо давуу байдал бий болгох зорилгоор буюу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Нг сургуульд нь элсүүлэхийн тулд ................-ийн дэд захирал О.Оаар холбуулан /зуучлуулан/ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.Пийн “ХААН” банкны дансаар дамжуулан өгсөн,

О.О нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирал Г.Бд хамран сургах тойргийн бус Б.Н сургуульд нь элсүүлэхийн тулд урьдчилан уулзаж, түүнд мөнгө өгөхийг амлан улмаар М.Б 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох тухай А/49 тушаал, хавсралт /1 хх 21-41/, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн тайлбар хүргүүлэх тухай албан бичиг /1 хх 42-46/, дансны хуулга /2 хх 13-44, 45-49, 232/, баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /2 хх 131/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 214/, ХААН банкны дансны хуулга /2 хх 158-160/, хохирол төлсөн баримтууд /4 хх 225-226/, гэрч Ц.Ц /2 хх 60-61/, Л.Б /2 хх 63/, Ж.Г /2 хх 111-112, 113/, Б.В /2 хх 126, 3 хх 38/, Ж.П /2 хх 150-151/, Б.Б /2 хх 155-156/, Г.Б /2 хх 201, 202/, Н.М /2 хх 205-206/ нарын мэдүүлгүүд,

Г.Бн яллагдагчаар өгсөн ...Түүнээс хойш удалгүй О.О над дээр орж ирсэн. Би О.Оийг урьд өмнө нь таньдаг байсан, хамт ажиллаж байсан, тэгээд надаас гуйгаад байсан. Тэгэхээр нь би юун учиртай хүүхэд болоод тал талаас яриулаад байгаа юм бэ гэхэд бид нар худууд юм гэж байсан. Тэгээд би хүүхдийг нь авахаар болсон. Түүнээс хойш О.О нь намайг ажил дээрээ байна уу гээд ирээд надтай уулзсан, сургуульд чинь хандив өгье ухааны юм яриад байсан. 2 сая төгрөг өгье дансаа өгчих гээд байсан, тэгэхээр нь би нярав Пүрэвсүхийн дансыг өгсөн. ...Ц ээж манай албан өрөөнд 7 сая төгрөгийг бэлнээр авч ирж өгсөн. ...Ц ээжээс авсан 7 сая төгрөгөөс өмнө нь таньдаг хүмүүсээс зээлсэн байсан 5 сая төгрөгөө буцаан төлсөн. ... /3 хх 7-11, 19-22, 12-14/,

А.Ун яллагдагчаар өгсөн ...Г.Б нь Физикийн олон улсын олимпиадад оролцох хүмүүст зарцуулна гэж 7 сая төгрөг авсан юм. Гэхдээ хурлаар шийдэж байж болно гэж хэлж байсан. Тэгээд надад хэлэхдээ хурлаар ороод шийдлээ гэж хэлсэн, тэгэхээр нь би 7 сая төгрөгийг өгсөн. ...Би Г.Бд 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр буюу хавар 7 сая төгрөг өгсөн. ... /2 хх 136-139, 140-141/,

А.Бийн яллагдагчаар өгсөн ...Тэгээд би тэр өдөр Зайсангийн ХХБ-наас 2 сая төгрөгийг гаргуулан аваад маргааш өглөө нь Сэлэнгэ, Дархан явсан. 2 сая төгрөгөөрөө бинзен хийсэн, маргааш нь ирээд гутал авсан байдаг байхаа, тэр баримт нь байгаа. ... /2 хх 208-211, 3 хх 147-148/,

А.Бын яллагдагчаар өгсөн ..............ьд оруулах хүүхдийн асуудлыг яаралтай шийдээд өгөөч гэсэн мессеж явуулсан. Ч.М над руу ...........ийн сургалтын менежертэй уулз гэж хэлсэн. Үүний дагуу би Б найзтай яриад ...........ийн сургалтын менежертэй уулзсан. Үүнээс хойш М.Б над руу дахин яриагүй тул нөгөө хүүхдийг сургуульдаа орсон гэж ойлгосон. ...Миний гуйсан хүүхдийн хувийн хэргийг аав нь Ч.Мад аваачиж өгсөн байж магадгүй. Миний хувьд Ч.Мад хүүхдийн хувийн хэрэг болон мөнгө төгрөг өгөөгүй. ...Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө. ... /2 хх 194, 195-197, 198, 235-238, 239-240, 3 хх 145-146/,

Ч.Мын яллагдагчаар өгсөн “...Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийн захирал Г.М надаас ...........ьд 6 дугаар ангийн хүүхэд оруулаад өгөөч гэж гуйсан. Г.М захирал надад уг хүүхдийн хувийн хэргийг 2 сая төгрөгийн хамт өгсөн. ...Би Г.Б захиралд танай сургуулийн 6 дугаар ангид 1 хүүхэд оруулах шаардлагатай байна, хувийн хэргийг нь 1 сая төгрөгийн хамт өгмөөр байна гэхэд зөвшөөрсөн. Тэгээд ...........ь дээр очиход Г.Б захирал өөрөө байгаагүй тул туслахаар нь өрөөг нь онгойлгуулж хүүхдийн хувийн хэргийг 1 сая төгрөгийн хамт шүүгээнд нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр орчим хийсэн.  ...Г.Мын өгсөн 2 сая төгрөгөөс 1 сая төгрөгийг нь би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. ... /2 хх 183, 184-186, 187-188, 244-247, 248/,

М.Бн яллагдагчаар өгсөн ...2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр О.Оийн өгсөн ХААН банкны данс руу нь 2 сая төгрөгийг М.Бэс хандив гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Миний хувьд тус сургуульд охин Б.Н 1 дүгээр ангид оруулах болсонтой холбоотойгоор сургуульд нь ширээ сандал авч өгөх нь хандив гэж ойлгож 2 сая төгрөгийг шилжүүлсэн. ... /2 хх 162-165, 166-167/,

О.Оийн яллагдагчаар өгсөн ...Б охиныг тус сургуульд оруулахдаа 2 сая төгрөгийн хандивыг тус сургуулийн няравын дансанд М.Бэр шилжүүлүүлсэн. Би Бг танихгүй учраас хүргэн Бд хэлж М.Бэр шилжүүлүүлсэн. ... /2 хх 171-174, 175-176/ гэх мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Бг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ч.Мыг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.У өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Бийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Бг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Быг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.Оийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Анхан шатны шүүхээс Г.Б, А.У, А.Б, А.Б, Ч.М, М.Б, О.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уянгыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Г.Б ...мөнгийг ...........ийн гадна талын фасадны засварт зарцуулсан бөгөөд энэ нь гэрч Н.Д, Т.А, Ж.П, Б.Ц, О.Б нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн яллах чиг үүргийг барьж, цагаатгах талын нотлох баримтыг үнэлэлгүй гэм буруутай хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. ...Ч.Маас нэг ч төгрөг аваагүй байхад зөвхөн Ч.Мын мэдүүлэгт үндэслэн намайг нэг сая төгрөг авсан хэмээн гэм буруутай гэж үзэж шийтгэсэнд гомдолтой байна.

Эцэг, эхчүүдээс сургуульд хандив өгсөн талаар санхүүгийн баримтанд тусгах, дээд шатны байгууллагадаа мэдэгдэх хугацаа гараагүй, өөрөөр хэлбэл сургуулийн амралтын үе болон багш нар ажил хаясан байсан. Энэ бүхний дараа хичээл эхлээд удаагүй байхад намайг цагдан хорьж, нэг сарын хугацаанд шалгаж шүүх рүү шилжүүлсэн учраас тайлагнах, хандивыг бүртгүүлэх хугацаа, боломжгүй байсан гэдгийг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нийслэлийн прокурорын газарт ажиллагаа хийлгүүлэх талаар өмгөөлөгч нар маань хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14-д зааснаар дээд шатны прокурорт гаргасан гомдлын хариуг ирүүлээгүй байх хугацаанд шууд шүүх рүү шилжүүлж, эрхийг минь хязгаарласанд гомдолтой байна. Иймээс хэргийг сайтар хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ... гэх, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ч.М нар ...А.Б нь Нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын ажил хийдэг. Өөрийн сургуулийн барилгыг барьсан “Ганьт” ХХК-ний захирал Ц.М.Бний гуйлтаар Б.М гэдэг хүүхдийг 1-р сургуульд оруулж өгч туслаач гэж ................хэлтсийн мэргэжилтэн Ч.Мад хүүхдийн хувийн хэргийг л өгсөн. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийг бүхэлд нь зөрчсөн, 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг ашиглаж шийдвэрээ гаргасан байх тул А.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэх, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо ...А.Быг уг хэрэгт хамжигч гэж үзэхдээ, хувийн байдлыг нь хэрэг үйлдэх үетэй нь уялдуулаагүй, гарцаагүй буруутай гэдгийг нь тогтоогоогүй байж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 04 өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор А.Бт оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү. ... гэх, шүүгдэгч М.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар ...яллагдагч О.О, М.Б, тэдний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1. “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан О.О, М.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна. О.О, М.Б нарын үйлдлийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ... гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

 

Хахууль авах гэмт хэргийн хувьд, албан тушаалтан өөрөө, эсхүл бусдаар дамжуулан ил буюу халхавчилсан байдлаар хээл хахууль авсан, мөн хээл хахууль өгөгч, түүний төлөөлж буй хүмүүст ашигтайгаар өөрийн албаны эрх хэмжээний хүрээнд үйлдэл, эс үйдэхүй хийсэн байдаг.

 

Мөн хахууль өгөгчийн ашиг сонирхол болгон тавьж байгаа хүсэл шаардлагыг хахууль авагч хүлээн авсан байдаг бөгөөд өгөгч, авагч талуудын ашиг сонирхол харилцан нэгдсэн байдаг онцлогтой.  

 

Хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл хүрэлцэхгүй, түүнд шударгаар хүрэх боломжгүй гэдгээ мэдэж байгаа атлаа түүнд хялбар дөт замаар хүрэхийн тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хахууль өгснөөр албан тушаалтан ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн байдаг.

 

Албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх гэж өөрийн эрхэлж буй албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхийг ойлгодог.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж үзэхэд, шүүгдэгч Г.Б нь Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирлаар ажиллаж байхдаа, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг сургуульдаа элсүүлэхийн тулд хууль, дүрэм, журамд заагаагүй эрх мэдлийг хэрэгжүүлэн бусдад давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсний хариуд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ...........ийн захирлаар ажиллах албан тушаалын бүрэн эрхэд хандив авч хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэх эрх хуулиар олгогдоогүй бөгөөд хамран сургах тойргийн бус хүүхэд элсүүлэх журам байхгүйг мэдсээр байж хандив нэрээр сургуулийн захиралд мөнгө өгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шүүгдэгч А.У, А.Б, А.Б, М.Б, О.О нарын үйлдлийг хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй гэж үзэв.

 

Тухайлбал,  О.О нь хүүхэд элсүүлэх талаар удаа дараа Г.Бэс гуйж, дараа нь хандив өгье, дансаа өгчих гэж дансийг нь авч М.Бэр мөнгө шилжүүлүүлсэн байх бөгөөд хандив нэрийдлээр мөнгө өгсөн байдал нь энэ гэмт хэргийг үйлдэх арга /халхавч/ болсон байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь бусдаас хандив хэлбэрээр авсан мөнгийг сургуулийн үйл ажиллагаанд зарцуулсан байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ч.М нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч М.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч, өмгөөлөгч нарын мөрдөн байцаалт, прокурор, анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлэг, тайлбар, давж заалдах гомдолдоо дурдсан эрүү шүүлт тулгасан гэх асуудлыг тусад нь шалгах шаардлагатай байх бөгөөд энэ талаар хавтас хэрэгт баримт авагдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2019/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Ч.М нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч М.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ