| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1171 |
| Огноо | 2018-08-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 1171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Хохирогч Э.Базаррагчаа, түүний өмгөөлөгч М.Мөнхбаатар
Шүүгдэгч Н.Х , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Х д холбогдох эрүүгийн 1806054451332 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1988 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, " ажилтай, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Х овогт Н Х .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж "Их Монгол" оффисын байранд Э.Баззаррагчаатай ажлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн xoxирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Базаррагчаа мэдүүлэхдээ: “Тухайн өдөр миний өгсөн мэдүүлэг байгаа тэр мэдүүлэг дээр би бүгдийг нь хэлсэн байгаа. Нэмж хэлэх зүйлгүй. Хохирлын хувьд миний эрүүл мэнд гоо сайхан, ажлын бүтээмж, мөн өмнөхөө бодвол амьсгалахад хэцүү болсон Эмнэлэгт үзүүлэхэд таславчны муруйлт арилаагүй байна хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Би 6.638.080 төгрөгийн хохиролтой. Үүнд 4.000.000 төгрөг нь хамрын мэс заслын зардал, цалин 1.665.000 төгрөг, эмчилгээний зардал 760.000 төгрөг, эм тарианы мөнгө 63.080 төгрөг, шатанхууны зардал 150.000 төгрөг. Хохирлоо барагдуулчихвал гомдолгүй.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Базаррагчаагийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Б.Одсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч Э.Ганбаганын өгсөн мэдүүлэг /хх-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7641 дугаартай дүгнэлт /хх-25/, шүүгдэгч Н.Х ий иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-39-40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж "Их Монгол" оффисын байранд Э.Баззаррагчаатай ажлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн xoxирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Базаррагчаагийн өгсөн: “...Н.Х “хоёулаа үзчих үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй, чи зүгээр л зайл” гэж хэлсэн. Тэгээд тэмдэглэлээ хөтөлж байсан чинь хажууд Н.Х босоод ирсэн байсан. Тэгээд би “яасан” гээд өөдөөс нь харсан чинь шууд миний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би боссон. Тэгсэн араас тэвэрч базаад газар хавсарч унагаад дээрээс 2-3 удаа хурдтай баруун талын шанаа хэсэг рүү цохисон..." /хх-14-15/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Одсүрэнгийн өгсөн: "...1 эр хоёр маргаж байх үед Н.Х Э.Базаррагчаагийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь Э.Базаррагчаа босоод ирсэн. Э.Базаррагчааг Н.Х тэвэрч аваад хажуу тийш унагасан. Унасан байхад нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Э.Ганбагана бид хоёр босч очоод тэр хоёрыг салгасан..." /хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Ганбаганын өгсөн: "...Энэ үед Н.Х нь Э.Базаррагчаагийн нүүр рүү нь цохисон тэгээд Э.Базаррагчааг тэвэрч унагаагаад нүүрэн тус газар нь ахиж 2 удаа цохисон. Тэгээд Б.Одсүрэн бид хоёр салгасан..." гэх мэдүүлэг /хх-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэгийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7641 дугаартай дүгнэлт:
1. Э.Базаррагчаагийн биед хамар ясны хугарал, хамрын таславч мурийлсан, хамарт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.
2. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. /хх-25/,
Шүүгдэгч Н.Х ий иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-39-40/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Н.Х нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж "Их Монгол" оффисын байранд Э.Баззаррагчаатай ажлаас болж маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн xoxирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх дараах байдлаар хохирлын асуудлыг шийдвэрлэв.
Хохирогч Э.Базаррагчаагаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хамрын мэс заслын зардал 4.000.000 төгрөг, цалин 1.665.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Х ээс эмчилгээний зардал 760.000 төгрөг, эм тарианы мөнгө 63.080 төгрөг, шатанхууны зардал 150.000 төгрөг, нийт 973.080 төгрөгийг авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Н.Х д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Н.Х д 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.Х ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр
торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Н.Х нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Н Х ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Х д 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Х нь шүүхээс оногдуулсан 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Х ээс 973.080 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Базаррагчаад олгосугай.
7. Хохирогч Э.Базаррагчаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Х д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС