| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1186 |
| Огноо | 2017-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түвшинтөр,
Улсын яллагч Ч.Батбаяр,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн 1806 05191 1382 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 5 сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Улаанбаатар ажилтгй, ам бүл 1, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Д Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-102 тоотод хохирогч М.Бибилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч М.Бибилэгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-16-17/, хохирогч М.Бибилэгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7147 дугаартай дүгнэлт /хх-21/, яллагдагчаар Д.Батдоржоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-41/, гэрч Д.Мөнхбаярын мэдүүлэг /хх-42-43/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-32/, шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-102 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай. хамтран амьдрагч, хохирогч М.Бибилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч М.Бибилэгээс өгсөн: “...2018 оны 6 сарын 4-ний өдөр 12 цагийн үед хамтран амьдрагч Батдорж руу яриад "79 дүгээр сургуулийн хажууд байна ирээд авчих" гэсэн. Удалгүй Батдорж машинтайгаа ирж авсан. Батдорж намайг "гэртээ хоноогүй, шөнөжин хайлаа" гээд уурлахаар нь би бас уурлаад бид хоёр жаахан маргалдсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-102 тоот хашааны үүдэнд ирээд муудалцсан хэвэррээ хашаа руу орсон. Батдорж надаас "хаана, хэнтэй хоносон" гээд уурлаад миний үснээс зулгаагаад, газрын уруу чирэхээр нь би тавиулах гэж гараа сарвагнуулсан. Тэгээд Батдорж духаараа миний дух руу 2-3 удаа мөргөсөн. Тэгээд тавихгүй болохоор нь би гарны булчингаас нь хазаж тавиулсан. Батдорж миний хацар луу 2 удаа алгадсан, би өөрөөсөө холдуулах гээд жижиг чулуу авч шидсэн. Мөн намайг барьж аваад үсдсэн. Тэгэхээр нь тавиулах гэж тэмцэлдээд нүүр, цээж, хүзүүг нь самардсан. Тэгээд бид хоёр гэртээ ороод байж байтал манай аав Мөнхбаяр орж ирсэн. Өмнө бид хоёр муудалцаж байсан. Харин цагдаад хандаж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх-16-17/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Бибилэгийн биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 7147 дугаартай дүгнэлт:
1. М.Бибилгийн биед тархи доргилт, дух, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхины хуучин, баруун нүдний доод зовхины хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-21/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн: “....би Бибилэгээс түлхүүрээ өгчих гэсэн чинь намайг түлхэсэн. Тэгэхээр нь би Бибилэгийн 2 хацарнаас нь чанга чимхсэн чинь зүүн гарын булчингаас Бибилэг хазаж зулгаагаад тавихгүй байхаар нь би толгойгоороо тух руу нь 1 удаа мөргөсөн. Бибилэг над руу чулуу авч шидэхээр нь 1 удаа алгадсан.” /хх-41/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаярын өгсөн: "...2018 оны 6 сарын 4-ний өдөр гэртээ очиход Бибилэг, Батдорж хоёр байсан. Бибилэгийн дух нь хавдсан, баруун нүд нь хөхрөөд уйлчихсан байдалтай байхаар нь би уурлаад цагдаад дуудлага өгсөн. Батдорж ер нь их хартай юм байна лээ, хардаад зодсон байх гэж бодож байна..." /хх-42-43/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-32/,
Шүүгдэгчийн ял шалгасан хуудас /хх-31/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн
шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 03-102 тоотод хохирогч М.Бибилэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Д.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Б торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Б ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Д Б ийг хүний эрүүл мэндэд
хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС