Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00773

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00773

 

 

 

Г.Б -н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/00241 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б -н хариуцагч Б.Э.С.Э - ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор зардалд нийт 6 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Б - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Б.Э.С.Э - ХХК-тай 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж Б-33/19 тоот тушаалаар барилга бүтээцийн инженерийн албан тушаалд томилогдсон. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ахлах архитектур А.Баярсайхан хийсэн ажлын тайлангаа өг гэж шаардсанаар гаргаж өгсөн. Гэтэл маргааш нь ажлаа хүлээлгэж өг гэж тулгасан учир Г.Золбоод ажлаа хүлээлгэн өгч, акт үйлдсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим компанийн Хүний нөөцийн албанаас чамайг халаагүй, зүгээр сахилгын шийтгэл юм байна. Даваа гаригт ажилдаа ирээрэй гэсэн. Түүнээс хойш ажлаа хийгээд явж байтал 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б-164/19 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч тухайн өдрөө ажлаа хүлээлгэж өгсөн. Мөн сарын 30-ны өдөр хуульч, хүний нөөцийн ажилтан хоёр дуудаж уулзаад албан ёсоор уучлал гуйж байна маргаашнаас ажлаа хийгээрэй гэж хэлсэн. Гэтэл компаниас 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б-177/19 дугаар Ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гарган мөн сарын 06-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. Ажил олгогчоос ноцтой зөрчил юу болохыг тогтоосон, тодорхойлсон зүйл гэрээнд байхгүй. 2019 оны 10 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд ажилд очоогүй нь үнэн боловч намайг ажлаас халсан тухайгаа амаар мэдэгдэж, ажлыг өөр хүнд хүлээлгэн өгсөн тул ажилдаа очоогүй. Иймд хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдэг үндэслэлгүй. Анх ажилд авахдаа гэрээнд сар бүр 200 000 төгрөгийн урамшуулал цалин олгохоор, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусах үед хуримтлал байдлаар нэг дор олгоно гэсэн ч олгоогүй. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажлын 55 хоногийн цалин 3 750 000 төгрөг, 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх урамшуулалт цалин 11 сарын цалин 2 200 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 500 000 төгрөг, нийт 6 450 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь Г.Б -тай 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан барилгын бүтээцийн инженерийн албан тушаалд ажиллуулж байсан. Хөдөлмөрийн гэрээг 3 сарын туршилтын хугацаатай байгуулсан ч гэрээнд аль нэг талаас цуцлах тухай санал ирээгүй тохиолдолд хугацаагүйгээр гэрээг үргэлжилнэ гэж заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан. Хариуцагчийн зүгээс тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчил буюу хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг шууд цуцлахуйц зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Г.Баярсайхан нь ажлаасаа гар гэж хэлсэн учир 2019 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд ажилдаа очоогүй гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбарыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй. Хариуцагч Б.Э.С.Э - ХХК-ийн хувьд тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн дотоод журмын 6.1 гэсэн заалтыг баримталж, техникийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Б -г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 9.2.10 дугаар зүйлд заасныг баримталж гэрээг цуцлах үндэслэлтэй. Мөн урамшууллын тухайд ямар тохиолдолд хэрхэн тооцож олгох талаар талууд тохиролцсон зүйл байхгүй, сар бүр олгох ёстой зүйл биш. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан Г.Б -г Б.Э.С.Э - ХХК-ийн барилга бүтээцийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Б.Э.С.Э - ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 558 117 /гурван сая таван зуун тавин найман мянга нэг зуун арван долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б -д олгож, 2 891 883 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлж, баталгаажилт хийхийг Б.Э.С.Э - ХХК-д даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 71 879 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэлмүүн давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй, тус байгууллагын Б-164/19 дүгээр тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэжээ. Гэтэл нэхэмжлэгч Г.Б -г ажлаас халсан ямар нэгэн тушаал гараагүй байхад тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2019 оны 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд ажилдаа ирээгүй байх тул хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлтэй байсан. Хариуцагч талаас дээрх нөхцөл байдлыг нотлох баримтаар нотлоогүй ч нэхэмжлэгч нь тухайн үед ажилд ирээгүй болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Б - нь хариуцагч Б.Э.С.Э - ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, урамшуулал, өмгөөллийн хөлсөнд нийт 6 450 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2019 оны 3 дугаар сараас хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэгт хэн аль нь маргаангүй, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон ноцтой зөрчил тогтоогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Талууд хөдөлмөрийн гэрээгээр хүндэтгэх нөхцөлгүйгээр 1-2 өдөр дараалан ажил таслахыг ноцтой зөрчилд тооцохоор тохиролцсон байна. /хх 6,7/

Хариуцагч Б.Э.С.Э - ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Г.Б - 2019 оны 10 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халсан... гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч нь дээрх өдрүүдэд ажилдаа очоогүй шалтгаанаа ...ажил олгогчийн шаардсанаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Г.Золбоод ажлаа хүлээлгэн өгсөн... гэж тайлбарлан шүүхэд ажил хүлээлцсэн баримтыг нотлох баримтаар гарган өгчээ. /хх17/ Хариуцагч нь уг нотлох баримтыг ажилтан хоорондын өдөр тутмын ажлаа хүлээлцдэг баримт гэх боловч үүнийг нотлосон баримтыг шүүхэд өгөөгүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаар хангаагүй атлаа ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцээгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/00241 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 71 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД