| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1193 |
| Огноо | 2017-08-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 1193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.А холбогдох эрүүгийн 2017 2501 1484 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ ажилтай, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн тоотод түр оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б н овогт Э А .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Од" баарны гадна иргэн Б.Гансүхтэй маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар онож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн өгсөн учир нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтын шатанд
хохирогч Б.Гансүхийн өгсөн мэдүүлэг /хх-25-26, 66/, гэрч Д.Жавзандолгорын өгсөн мэдүүлэг /хх-71/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаартай дүгнэлт /хх-32-33/, өвчний түүх /хх-37-45/, шүүгдэгч Э.А иргэний үнэмлэхний хуулбар /хх-47/, шүүгдэгч Э.А ял шалгах хуудас /хх-52/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Од" баарны гадна иргэн Б.Гансүхтэй маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар онож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Гансүхийн өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр ажлаа тараад хамт ажилладаг дүү Гомбосүрэн, Шараа, Цэрэнтогтох, Цогоо нартай хамт захын хойшоо гараад “Од” нэртэй пабад орсон. Тэгээд архи уугаад нэг мэдэхэд би ганцаараа ширээн дээр сууж байсан. Тэгсэн чинь Цэрэнтогтох орж ирээд “явъя, агаа” гэж хэлээд тэндээс аваад гарсан. Тэгээд би тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Нэг ухаан орсон чинь эмнэлэгт хэвтэж байсан…Гэмтэл аваад шууд Гэмтлийн эмнэлэгт 20 орчим хоноод гараад хувийн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээ тархины нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдсан хүнд гэмтлийг бүгдийг нь тусгасан байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй би шүүх хуралдаанд оролцохгүй.” /хх-25-26, 65-67/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Жавзандолгорын өгсөн: “…Тухайн өдрийн маргааш нь би мэдсэн. Би гэмтлийн эмнэлэгт гаран гартал нь сахисан. Толгойдоо гэмтэл авсан. Толгойн ар хэсэгт нь шарх байсан. Э.А чулуугаар цохисон гэсэн юунаас болсон талаар асуухаар хоорондоо архи уугаад муудалцаад цохисон юм шиг байна лээ.” /хх-71-72/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.А яллагдагчаар өгсөн: “…2017 оны 4 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн орчим ажлаа тараад би “Нарантуул” захын арын хаалгаар гарч явтал манай авга ах Б.Гансүх ах согтуу тааралдсан. “Од” бааранд оръё” гээд намайг дагуулж ороод 0.5 граммын архи аваад Б.Гансүх ахын хамт ажилладаг Гомбосүрэн, Ганзориг, Цэнд-Аюуш, Цогоо бид нар хувааж уусан. Баарнаас гараад дэлгүүрээс том пиво 0.75 граммын архи аваад бид уугаад Цэнд-Аюуш, Цогоо 2 яваад Гансүх ах би Гомбосүрэн, Ганзориг бид хэд үлдсэн. Тэгтэл Б.Гансүх ах над руу дайраад “чи надтай архи уудаг хэн бэ” гээд намайг бариад авахаар нь би барьж аваад бид хоорондоо зодолдсон ба хэн ч салгаагүй. Гомбосүрэн, Ганзориг нар нь цаана зогсож байсан ба ирээгүй. Тэгээд би Б.Гансүх ахтай зодолдоод дийлэхгүй байсан учир газраас чулуу аваад Б.Гансүх ахын толгой руу цохиход ах газар унасан. Тэгээд би зогсож байтал Гомбосүрэн ирээд “яасан” гэхээр нь “би цохисон” гэж хэлээд түргэн, цагдаа дуудсан.” /хх-78-79/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 6
дугаар сарын 15-ны өдрийн 778 дугаартай дүгнэлтэд:
-Өвчний түүх /хх-37-45/,
-Шүүгдэгч Э.А иргэний үнэмлэхний хуулбар /хх-47/,
-Шүүгдэгч Э.А ял шалгах хуудас /хх-52/,
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс дүгнэв.
Ийнхүү шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанаар шүүгдэгч Э.А 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, "Од" баарны гадна иргэн Б.Гансүхтэй маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар онож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Гансүх нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Э.Алтанбаганыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.А ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж шүүх үзлээ
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч
Э.Алтанбаганын цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Э А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.А 2 жилийн хугацаагаар хорих шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Э.А оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.А цагдан хоригдсон 5 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС