Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1106

 

   

 

 

 

   2025            09             17                                        2025/ДШМ/1106                   

 

Ж.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, Э.Ганбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ж.Н-д холбогдох эрүүгийн 2411000000899 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Н-,

 

Шүүгдэгч Ж.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн **** тоотод хамтран амьдрагч С.Г-ы “хэвлий хэсэгт нь цохиж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ж.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.Н-ы цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т- нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ж.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өглөө манай найз Э- ирсэн. Бид хоёр дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад, хашаанд модны сүүдэрт ууж байгаад гадаа бүгчим халуун байсан учир орж унтацгаасан. Сэрэхэд ерөнхийдөө эрүүл болсон байсан. Бид хоёрыг 17 цагийн үед сэрэхэд С.Г- ширээний ард суучихсан, согтуу байсан. “Чи яагаад ходоодны шархтай байж архи уугаад байгаа юм бэ?” гэхэд “би өөрийгөө мэдье” гэсэн. Манай найз дуудлагын такси дуудаад 19 цаг өнгөрөөгөөд явсан. Би Г-ыг унтуулах гэтэл босохгүй байсан. Жаахан хэвтэж байгаад сугадаж өргөөд орон дээр нь аваачих үед дүү О- нь чатаар орж ирсэн. Тэгэхэд С.Г- “ах чинь намайг зодоод байна.” гэхээр нь би “ямар ч зодоон байхгүй, эгч чинь согтуу, унтуулах гэж байна” гэж хэлсэн. С.Г- согтуу үедээ шөнөжин хараагаад хонодог тул би том өрөөндөө орж унтсан. Өглөө 08 цагийн үед бие засах гээд гарахад доошоо харсан байдалтай унтаж байсан. Эргэж хэвтээд 10 цагийн үед сэрээх гээд очиход гар нь хүйтэн, бие нь хөшсөн байсан учир 103 дуудаад, дүү О-д нь хэлсэн. С.Г- нь ходоодны шарх оноштойгоор “Амин заяа” эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байсан, хэт уусан үедээ цусаар бөөлжиж 103 дуудаж байсан. Байнгын анальгин, димедрол болон огилтын эсрэг эм хэрэглэдэг байсан. Гэрийн энд, тэндгүй 0.33, 0.5-н архинууд нууж, бие засаад ирэх болон хоол хийж байхдаа согтчихдог байсан. Хоёр хүү болон дүү нарт нь хэлж байсан.

Мөрдөгч хэт нэг талыг барьсан мэдүүлэг авсан. Гэрч О-ийн 21-22 цагийн үед С.Г- хоёр удаа орж ирсэн. Үүдний бетон довжоо дээр түрүүлгээ харсан байдалтай байхад нь өргөж босгоод оруулж хэвтүүлсэн гэсэн мэдүүлгийг хасаж гарын үсэг зуруулсан. Улсын яллагч Мөнгөншагай үндэслэлгүйгээр хүндрүүлж зүйлчилсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт нь тодорхой бус хэмээн үзэж буй тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. …” гэв.  

 

Шүүгдэгч Ж.Н-ы өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж хуульчилсан.  Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааг цогц утгаар илэрхийлдэг. Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, эдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2376, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 тоот дүгнэлтүүд хэрэгт авагдсан бөгөөд дүгнэлтэд “...нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт гэмтлүүд нь олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ.” гэжээ. Гэмт хэрэг гарсан гэх Чингэлтэй дүүргийн **** тоотод амь хохирогч, шүүгдэгч нартай нэг хашаанд хамт амьдардаг байсан гэрч П.О- анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...тухайн хэрtг гарсан гэх өдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байсан, ...амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирэхдээ хаалганы босгонд тээглэж хэвлий хэсгээрээ унасан, ...мөн гэрийнхээ гаднах шат дээр унасан байхад нь оруулж өгсөн...” зэргээр мэдүүлдэг. Дээрх гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд хэрэг гарсан гэх өдөр амь хохирогч нь хэд хэдэн удаа газарт хэвлий хэсгээрээ унасан нөхцөл байдал тогтоогддог бөгөөд анхан шатны шүүх хэрэгт харилцан зөрүүтэй нотлох баримтын нэгийг шийдвэрийн үндэслэл болгохдоо бусад нотлох баримтыг буюу гэрч П.О-ийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо огт заагаагүй.

Энэ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж үзэхээр байна. Улсын Дээд шүүх 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарыг хийсэн ба тайлбарын 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.3-т “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал...* гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ юм..." гэж тайлбарлажээ.

Гэрч П.О-ийн мэдүүлэгт дурдсанчлан амь хохирогч С.Г- нь нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шархыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэвлий хэсгээрээ хэд, хэдэн удаа унах үедээ авсан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал тогтоогддог бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлд хамаарч байна. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Н-ыг хохирогчийг зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар гэрч, Д.Г-, М.Б-, М.Т-, Н.О-, Б.Э- нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай нотлогдон, тогтоогдсон буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт Д.Г- /1хх 50-52/, М.Б- /1хх 24-26/, М.Т- /1хх 37-39/, Н.О- /1хх 41-43/, Б.Э- /1хх 45-46/ нарыг тус тус гэрчээр байцаасан тэмдэглэл авагдсан бөгөөд анхан шатны шүүх эдгээр гэрч нарын мэдүүлгийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, зүйлчлэл тохироогүй гэж үзнэ. Учир нь, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодод нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог ба хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч С.Г- өмнө нь гэр бүлийн хүчирхийллээр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан талаар болон байнгын шинжтэй гэр бүлийн аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж байсан нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Улсын Дээд шүүх 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолоос "...гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа бөгөөд дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилнэ." гэж тайлбарлажээ.

Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ж.Н-ыг хүнийг санаатай алах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Н-ы өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлага хангаагүй. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл шүүгдэгч Н.Н-той хамааралтай гэх байдлаар авч үзсэн. Амь хохирогч “хэвлий хэсгийн чацархайн судасны гэмтэл авснаас дотуур цус алдаж нас барсан гэх” шинжээчийн дүгнэлт байдаг. Мөн цус хуралтын талаар шинжээч дүгнэлт гаргахдаа амь хохирогчийн цээж, бугалгын цус хуралт гэмтлүүд нас барахаас 1-2 хоногийн өмнө үүссэн, духны гэмтэл нь 3-5 хоногийн өмнө үүссэн гэдэг. Дээрх гэмтлийг шүүгдэгч, амь хохирогчид учруулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Амь хохирогчтой хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэрчүүд тухайн үед дээрх гэмтлүүд байсан гэдгийг мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд уг гэмтлийг Ж.Н- учруулсан, байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэсэн атал энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Амь хохирогч 700 грамм цус алдсан нөхцөлд шууд үхэлд хүрэх эсэх нь эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн биеэс 1.9 грамм цус авч хийсэн шинжилгээгээр спирт илэрсэн, нас барахаасаа өмнө үүнээс илүү согтолттой байсан нь тогтоогдсон. 2024 оны 06 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд тогтмол архи ууссан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс Ж.Н- амь хохирогчид гэмтэл учруулсан гэх таамагласан байдлаар дүгнэлт хийсэн. Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийг хэвлийн битүү гэмтэл авсан гэж дүгнэсэн атлаа мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн. Гэрч О-тэй амь хохирогч утсаар холбогдож “ах чинь зодоод байна” гэж ярьсан байдаг. Тухайн үед амь хохирогчийн баруун нүд хөхөрсөн байсан талаар бусад гэрч нар мэдүүлсэн. Хэрэг учрал болохоос өмнө шүүгдэгчийг амь хохирогчтой хамт байсан гэдгээр буруутгаж байна. Ж.Н-ыг өглөө босоход амь хохирогч нас барсан байдалтай байсан. Хэргийн зүйлчлэлийн тухайд шинжээчийн дүгнэлтэд эмнэлгийн тусламж үзүүлсэн нөхцөлд амь насыг аврах боломжтой гэх боловч амь хохирогчийг хэзээ гэмтэл авсныг тогтоогоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас эрүүл мэндийн талаар хэлэх боломжгүй, амийг аврах боломжгүй, мөн шүүгдэгч согтуу байсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр анхан шатны шүүх хэргийг хүндрүүлж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн учраас дахин хэргийг нягтлах шаардлагатай. ...” гэв.

 

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэргийн үйл баримтыг зөв үнэлж дүгнэсэн. Гэрч О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг хэрэгт тусгаагүй гэх асуудлыг ярьдаг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч О- биечлэн оролцсон, энэ талаар тайлбар хэлээгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг гэрч О-ийн мэдүүлэгтэй уялдуулж унаснаас болж үүссэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үздэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд унаснаас болж үүсээгүй талаар тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ж.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг Ж.Н-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн **** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч С.Г-ыг зодож эрүүл мэндэд нь нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325 гр цусан бүлэн, 400 мл шингэн цус/ цээж хоёр бугалганд цус хуралт, духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг учруулж, нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ын “...талийгаач дүү С.Г- нь Н-той хамт амьдраад 10 гаруй жил болж байгаа. ...Н- над руу залгаад Г- эгчийг өнгөрчихлөө гэж хэлэхээр нь би шууд гэрт нь очиход С.Г- эгч доошоо харчихсан байдалтай ухаангүй хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байдалтай байсан. 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аавын нас барсан ажил явдал дээр талийгаач эгч С.Г- нь манай төрсөн эгч О-ийн хамт ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. ...” /1хх 21-22/,

гэрч М.Б-ий “...эгч О- над руу залгаад “ээж чинь нас барчихлаа, хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Гэрт нь очиход ээж орон дээрээ доошоо харчихсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй, нас барчихсан байдалтай байсан. ...Орой 23 цагийн үед би том өрөөнд унтах гээд хэвтэж байхад, ээж С.Г- унтлагын өрөөндөө Н-той хамт байж байгаад орилоод гараад ирэхээр нь би гайхаад “яасан” гэхэд Н- хэлэхдээ “Г-аа чи ингээд уначихдаг шүү дээ, Б-ээ хүртэл харсан” гэсэн. Тухайн үед би унасан талаар хараагүй, ээжийн духны баруун хэсэг хавдаад, булдруу болчихсон байдалтай гараад ирсэн. Тухайн үед би ээжийн дух ямар шалтгааны улмаас хавдаад гараад ирсэн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Н- ахтай хамт байж байгаад орилоод гараад ирсэн. ...Би тусдаа амьдардаг учраас хааяа нэг очихоор гар нь энэ, тэндээ хөхөрчихсөн байдаг байсан. Би хугацаа хэлж мэдэхгүй ч хэд, хэдэн удаа очиход ийм байдал давтагдаж байсан. ...” /1хх 24-26/,

гэрч М.Т-гийн “...ээжийн найз нөхөд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлж байсан. Мөн ээж хааяа нүд, гар, бугалга хэсэг нь хөхөрсөн байсан. ...Найз нөхөд, танай хойд аав чинь ээжийг чинь зодсон байна гэж хэд, хэдэн удаа хэлж байсан. Намайг бага байхад миний хажууд ээжийг зодож байсан. ...” /1хх 37-39/,

гэрч Н.О-ийн “... манай эгч өмнөх нөхрөөсөө салаад Н-той хамт амьдраад 10 гаруй жил болж байна. Эгчийн ходоод нь өвддөг, хааяа эмчилгээ хийлгэдэг, өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй. 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 21 цаг 30 минутын үед талийгаач эгч над руу видео дуудлага хийж ярихад талийгаач эгч болон нөхөр Н- нар архи уусан халамцуу байдалтай, “ах чинь намайг зодоод байна” гэсэн, эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н- ах байсан. Би “яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гэхэд “за, за ах нь унтлаа” гээд утсыг нь тасалсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, маргааш өглөө Н- ах над руу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн. ...” /1хх 41-43/,

гэрч Б.Э-ын “..намайг анх уулзахад ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Нацагаа бид хоёрыг ууж байхад талийгаач Г-ы гарын бугалга хэсэг хөхөрчихсөн гээд харуулаад байсан. Тухайн үедээ Нацагааг базаад хөхрүүлчихсэн гээд яриад байсан. ...” /1хх 45-46/,

гэрч Д.Г-гийн “...намайг тухайн үед очиход талийгаач Г-ы баруун нүд нь хөхөрчихсөн байсан, “нүдээ яачихсан юм бэ” гэхэд “Нацагаа намайг зодчихсон” гэсэн. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой би ажлаа тарчихаад гэртээ байж байхад талийгаач над руу залгасан, согтуу уйлаад “уулзмаар байна, миний найз хүрээд ирээч. Хоёрхон цаг ярилцмаар байна. Нацагаа намайг зодоод байна” гэхээр нь “чи архи дарсаа уухаа боль” гэсэн. ...” /1хх 50-52/,

гэрч П.О-ийн “...тухайн өдөр ах Н- багын найз Э-ын хашаанд дотор архи ууж байгаа харагдсан. ...15 цагийн үед дэлгүүр ороход Г- эгчтэй тааралдсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Г-тай хамгийн сүүлд буюу тухайн өдөр уулзахад гар болон нэг нүднийх нь дор хөхөрчихсөн байдалтай байсан. ...Би тэдний гэрт нээх ороод байдаггүй, хоорондоо маргалдаж, муудалцаад байдаг асуудлыг сайн мэдэхгүй байна. ...” /1хх 176/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Амь хохирогч С.Г-ы цогцост нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325 гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ цээж хоёр бугалганд цус хуралт, духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. ...Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт, /325гр цусан бүлэн, 400мл шингэн цус/ гэмтэл амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1 15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. ...Амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2376 дугаар дүгнэлт /1хх 97-98/,

“...Нарийн гэдэсний чацархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралт /326 гр цусан бүлэн, 400 мл шингэн цус/ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Хүчтэй бөөлжих тохиолдолд үүсэх боломжгүй. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 дугаар дүгнэлт /1хх 167-171/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 9-12/, Н.О-, С.Г- нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх 55-61/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.Н-ы согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч С.Г-ыг зодож нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 13 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Н- болон түүний өмгөөлөгч Л.Батжаргал нар “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, ...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, ...гэрч П.О-ийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй, ...эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

 

1. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-ын “...Н- над руу залгаад “эгч С.Г- чинь өнгөрчихлөө” гэж хэлсэн. Гэрт нь очиход эгч С.Г- доошоо харчихсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. ... 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай хадам аавын нас барсан ажил явдал дээр талийгаач эгч С.Г- манай төрсөн эгч О-ийн хамт ирэхэд нүд нь хөхөрчихсөн байсан. ...”, гэрч Н.О-ийн “...Эгчийн ходоод нь өвддөг, хааяа эмчилгээ хийлгэдэг, өөр ямар нэгэн хууч өвчин байхгүй. ...талийгаач эгч болон нөхөр Н- нар архи уусан халамцуу байдалтай, “ах чинь намайг зодоод байна” гэсэн, эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н- ах байсан, би “яагаад эгчийг зодоод байгаа юм бэ” гэхэд “за, за ах нь унтлаа” гээд утсыг нь тасалсан. ...маргааш өглөө Н- ах над руу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн. ...” гэсэн мэдүүлгүүд,

 

“...Амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан. ... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. ...” гэх шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ж.Н- нь хамтран амь хохирогч С.Г-ыг зодож, амь хохирогч нь нарийн гэдэсний чамархайн язарч урагдсан шарх, нэвчмэл цус хуралт бүхий хэвлийн битүү гэмтлийн улмаас хэвлийн хөндийд дотуур цус алдаж нас барсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

2. Энэ хэрэгт хоёр удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2376, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1006 дугаар дүгнэлтүүдийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.О- нь  “...тухайн өдөр 19 цаг өнгөрч байхад Г- эгч манай гэрт согтуу орж ирээд юм ярьж байгаад гарсан, дахиад 22 цагийн үед нэг удаа орж ирсэн.  Тэрнээс хойш уулзаагүй. ...Тэдний байшингаас сонин содон чимээ сонсогдсон зүйл байхгүй. ...Үдээс хойш Э- ах явчихсан байсан. ...Г-тай тухайн өдөр уулзахад гар болон нэг нүднийх нь дор хөхөрчихсөн байдалтай байсан. ...” гэж мэдүүлсэн бөгөөд мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, түүнд эрх, үүргийг нь танилцуулж, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байна. /1хх 176/

Харин тэрээр шүүх хуралдаанд “...Ж.Н- нь манай бага нагац ах буюу манай ээжийн хамгийн бага дүү. ...Өдөр орж ирэхэд Г- эгч манай том цементэн босгон дээр бүдэрч унасан. ...Энэ хоёрын хувьд таарамжгүй харилцаа, зодоон ерөөсөө харагдаагүй. ......Нэлээн харанхуй болсон хойно шатан дээр унахад нь оруулж байсан. ...” гэж мэдүүлсэн хэдий ч энэ нь өөр бусад баримтаар нотлогдоогүйн дээр П.О- нь шүүгдэгч Ж.Н-ы төрсөн эгчийнх нь хүүхэд буюу төрөл, садангийн холбоотой, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай тул тэдгээрийг нэгдмэл ашиг сонирхолтой гэж үзэхээр байна.

 

4. Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Н-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг үндэслэлтэй харьцуулан дүгнэж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг зөв тогтоосон, хэргийн үйл баримтын хүрээнд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилжээ.

 

Учир нь, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон нэг удаагийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэг болж шилжихдээ гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, тухайн үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр, учруулсан хохирлын шинж чанар, гэр бүлийн харьцааны тогтсон хэв шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн аль тохирохоор зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон, жишиг ойлголт билээ.

Шүүгдэгч Ж.Н-, амь хохирогч С.Г- нар нь 10 гаруй жил хамтран амьдарч байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О-, гэрч М.Б-, М.Т- Н.О-, Б.Э-, Д.Г- нарын мэдүүлгүүдээр тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Н- нь амь хохирогчийг би зодоогүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэж мэдүүлж байгаа хэдий ч гэрч Д.Г-гийн “...намайг үед очиход талийгаач Г-ы баруун нүд нь хөхөрчихсөн байсан. Би нүдээ яачихсан юм бэ гээд асуухад Нацагаа зодчихсон гэж хэлсэн. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой би ажлаа тараад гэртээ ирчихсэн байхад талийгаач над руу залгаад утсаа ярьтал согтуу уйлаад, уулзмаар байна, миний найз хүрээд ирээч. Хоёрхон цаг ярилцмаар байна. Нацагаа намайг зодоод байна гээд байхаар чи архи дарсаа уухаа болио гэсэн. ...”, гэрч М.Б-ий “...ямар ч байсан Н- ахтай хамт байж байгаад орилоод гараад ирсэн. Талийгаач намайг хааяадаа гэр орондоо ойр зуурын юм хийлгүүлэхээр дууддаг байсан. Би тусдаа амьдардаг учраас хааяа нэг очихоор гар нь энэ тэндээ хөхөрчихсөн байдаг байсан. Би хугацаа хэлж мэдэхгүй ч хэд, хэдэн удаа очиход ийм байдал давтагдаж байсан. ...”, гэрч М.Т-гийн “...талийгаач, ах бид хоёрт агсан тавьсан гэж огт хэлж байгаагүй. Тэгэхдээ ээжийн найз нөхөд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар хэлж байсан. Мөн ээж хааяа нүд, гар, бугалга хэсэг нь хөхөрсөн байдаг. ...Намайг бага байхад миний хажууд ээжийг зодож байсан. ...”, гэрч Н.О-ийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой 21 цаг 30 минутын үед талийгаач эгч над руу видео дуудлага хийж залгаж ярьсан, тэр үед талийгаач эгч болон нөхөр Н- нар архи уусан халамцуу байдалтай, эгч “ах чинь намайг зодоод байна” гэсэн эгчийн баруун нүд нь хөхөрсөн байдалтай харагдсан, цаана нь Н- ах байсан, би яагаад эгчийг зодоод байгаа юм бэ гэхэд “за, за ах нь унтлаа” гээд утсыг нь тасалсан. Тэрнээс хойш дахин холбогдоогүй, маргааш өглөө Н- ах над руу ярьж эгчийг нас барсан талаар хэлсэн. ...”, гэрч Б.Э-ын “...намайг анх уулзахад ямар нэгэн гэмтэл, шарх харагдаагүй. Нацагаа бид хоёрыг ууж байхад талийгаач Г- гарын бугалга хэсэгт хөхөрчихсөн гээд харуулаад байсан. Тухайн үедээ Нацагааг базаад хөхрүүлчихсэн гээд яриад байсан. ...” гэсэн мэдүүлгүүд болон “...Амь хохирогчийн цээж, хоёр бугалганд цус хуралт нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 1-2 хоногийн өмнө , духны баруун хэсэг, чамархайн урд хэсэг, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын бүдэг шар ногоон цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь амь хохирогчийг нас барахаас өмнөх 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарах”-ыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь нотлогдож байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Н- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 106 хоног цагдан хоригдсон байгааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Н-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-ы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 106 /зуун зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН