| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0120/Э |
| Дугаар | 1215 |
| Огноо | 2017-07-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чимгээ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 1215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Чимгээ,
Шүүгдэгч Б.Л , түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Б.Пүрэвхүү,
Хохирогч Б.Төгөлдөр, түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Л холбогдох эрүүгийн 1806052551271 дугаартай хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. 28 настай эрэгтэй, дээд боловсролтой, хоолны мэргэжилтэй. " ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, урд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б Л .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Эко" худалдааны төв дотор АТМ-с мөнгө авах дарааллаас болж Б.Төгөлдөртэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 3-ний өдөр АТМ–нээс мөнгө авах гээд зогсож тэр хоорондоо мөнгө солих хооронд эхнэртэйгээ юм яриад зогсож байсан. Тэгтэл нэг хүн мөнгө солиод гарахын хооронд урдуур гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь чи хойшоо зогсооч гэж хэлсний улмаас хүрч ирээд надтай маргалдсан. Маргалдаж байх үед бид хоёр барилцаж авсан. Энэ хооронд хохирогч намайг 2 удаа цохих гэж оролдсон. Тэгээд 3 дахь цохилтын үед эхнэр болиулах гэж байхад эхнэрийг хальт цохисон. Би хариулаад нэг цохисон. Тэгээд цагдаагиийн байгууллага дуудаж очиход цагдаа хохирлоо барагдуулчихаад ир гэж хэлсэн. Тэгээд хохирогчийн гэмтэл оръё гэхэд пластик оёдол тавиулна гээд Сонгдо эмнэлэг орж оёдол тавиулаад гарч ирсэн. Гарч ирээд хохирогч толгой эргээд байна гэхээр нь тархины зураг авхуулж тухайн өдөр тохиролцоод салчлаа гэж бодсон. Тэгээд 10 хоногийн дараа над руу утасдаж 2.500.000 төгрөгөөр хохирох гээд байна. Чамаас болоод ийм зүйл болсон гэхээр нь би тийм мөнгө байхгүй гэж хэлэхэд тэгвэл шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Тэгээд шүүхэд ирсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Төгөлдөр мэдүүлэхдээ: “2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр манай хүүхдийн бие муу байсан. Тэгээд эмийн сан ороход бэлэн мөнгөөр үйлчлэнэ гэхээр нь би АТМ орсон. Орох үед Б.Лхагвадоржийг эхнэртэйгээ байсныг анзаараагүй. АТМ-ын хүмүүс мөнгө солиод дуусахаар нь мөнгө авах гээд очиход Б.Лхагвадорж хөөш наана чинь хүн байгаа юм биш үү гэж захирангуй байдлаар хэлсэн. Тэгэхээр нь уучлаарай гээд хойшоо болоод эхнэр мөнгө авч байх үед би хэдэн юм хэлсэн. Чи жоохон соёлтой байж болдоггүй юм уу би мэдсэнгүй гэж хэлэхэд Б.Лхагвадорж хүн байгаа юм биш үү юу яриад байгаа юм аалз минь гэх мэтээр доромжилж эхэлсэн. Тэгээд маш муухай хараад хүн рүү дайрах маягтай болохоор нь би чи ямар сонин ааштай юм гээд өөдөөс нь очиход намайг барьж авсан. Тэр үед би эхлээд цохих үйлдэл гаргаагүй. Б.Лхагвадорж өөрөө цохих үйлдэл гаргасан. Тэгэхээр нь би хамгаалах маягтай 2 удаа гараа өргөсөн. Тэгээд дундуур нь мөнгөө АТМ-ээс авч байсан эхнэр нь орж ирсэн. Эхнэрийг нь би цохисон гэж хэлэхгүй. Яагаад гэвэл би эмэгтэй хүнд гар хүрэхгүй. Тэгээд Б.Лхагвадорж нь эхнэрийг нь цохичихлоо гэж бодоод намайг цохисон гэж байна. Тэрийг би мэдэхгүй. Намайг нүдний шилтэй байхад хөмсөгөн тус газар маш хүчтэй цохисон. Тухайн үед би жоохон сандралд орсон. Би өөрийн гэсэн компанитай. Хэрэг гарахаас 4-5 хоногийн дараа гэрээ хийх ёстой байсан. Тэр гэрээ маань цуцлагдсанаар манай компаний үйл ажиллагаа цаашаа явах боломжгүй болсон. Манайх хоёр үүсгэн байгуулагчтай компани. Үүсгэн байгуулагчийн маань нөгөө хүн Япон улсын иргэн. Тэр тухайн зүйл дээр ажлын хариуцлага алдсан гэдэг утгаар хариуцлага хүлээсэн. Дээрээс нь эрүүл мэндийн хохиролтой. Тухайн хэрэг гарсанаас хойш сар гаруй хугацаанд би ажлаа хийж чадаагүй. Тэгэхээр тэр хугацаанд гарсан миний хохирлыг барагдуулах хүсэлтэй байна. Тухайн үед байгуулах байсан гэрээ 5.300.000 төгрөг байсан. Үүний 30 хувь буюу 1.500.000 төгрөгийг олгуулах хүсэлтэй. Мөн тухайн өдрөөс хойш өөрийн ажилтнуудын цалинг тавьж чадаагүй. Үүнээс үзэхэд өөрийн нэг сарын цалингүй байсан 1.500.000 төгрөг. Ингээд нийт 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Төгөлдөрийн мэдүүлэг /хх-10-11, 39/, шинжээчийн дүгнэлт /хх-17/, шүүгдэгч Б.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27/, Б.Л иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт / хх-28-29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Эко" худалдааны төв дотор АТМ-с мөнгө авах дарааллаас болж Б.Төгөлдөртэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Төгөлдөрийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаap хороо, "Эко" худалдааны төв дотор байрлах ХААН банкны АТМ-с мөнгө авах гээд хүүхэд өвдчихсөн байсан болохоор яараад хүмүүс дугаарлаж байгааг анз ааралгүй яваад очтол үл таних залуу араас дээрэнгүй байдлаар хөөе наана чинь хүн байна гэсэн. Тэгээд уучлаарай гээд хойшлоход нөгөө залуугийн эхнэр мөнгө авах гээд ирсэн. Би нөгөө залууд мэдсэнгүй ээ чи хүнтэй аятайхан харьцаж бай гэхэд намайг хэл амаар доромжилж муу аалз минь, чи хэн бэ гээд ойроод ирсэн. Тэгэхээр нь би гараараа түлхсэн. Тэгээд намайг заамдахаар нь би болиулах гээд гарнаас нь барьтал эхнэр нь ирээд татсан. Тэгтэл эхнэрээ цохих гэж байна гэж бодсон юм шиг байналээ миний зүүн хөмсөг рүү цохисон. Би арны шил зүүчихсэн байсан болохоор хүчтэй цохилтонд хөмсөг язраад толгой манараад хэсэг зогсож байгаад ухаан ортол их хэмжээний цус гарсан байсан Бид 2 цагдаагийн хэлтэс ирэхэд хоёулаа зохицчихъё гээд Улаанбаатар сонгдо эмнэлэг орж хөмсгөндөө 270.000 төгрөгөөр косметик оёдол тавиулсан. Нэгдугээр эмнэлэгт 80.000-р тархины зураг авхуулсан. Нийт 388.410 төгрөг эмчилгээндээ гаргуулж авсан. Одоо 91.800 төгрөг дутуу байгаа. /хх-10-11, 39/
Мөрдөн байцаалтад шинжээчийн дүгнэлт:
1. Б.Төгөлдөрийн биед зүүн хөмсөгний гадна хэсэг болон доод гадна хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх. хамрын нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-17/,
Шүүгдэгч Б.Л яллагдагчаар өгсөн: “Би шинжээчийн дүгнэлт, яллагдагчаар татсан тогтоолтсй танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Би Төгөлдөрийн биед бэртэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” /хх-27/ гэх мэдүүлэг,
Б.Л иргэний үнэмлэх болон ял шийтгэгдэж байсан лавлагаа баримт /хх-28-29/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Б.Л нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, "Эко" худалдааны төв дотор АТМ-с мөнгө авах дарааллаас болж Б.Төгөлдөртэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Төгөлдөрийн нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй. Харин эмчилгээний зардалд зарцуулсан 91.800 төгрөгийг шүүгдэгч Б.Л оос гаргуулж хохирогч Б.Төгөлдөрт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Л холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б.Л 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Л ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б Л ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Л 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Л нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Л 91.800 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Төгөлдөрт олгосугай.
7. Хохирогч Б.Төгөлдөр нь хохирлын зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Л ид урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС