Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1107

 

   

 

 

 

   2025            09             17                                         2025/ДШМ/1107                  

 

*--, *-- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Арманбек,

шүүгдэгч *--, түүний өмгөөлөгч Б.Төвшинтөгс,

цагаатгагдсан этгээд *--, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1578 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 72 дугаар эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Арманбекийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн *--, *-- нарт холбогдох эрүүгийн 2408003440363 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-,

 

2. Ч-,

 

Шүүгдэгч *-- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, *****"***** салбар"-т харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 53 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тус банкны харилцагчид болох гадаад улсын нэр бүхий 14 иргэний ам.долларын 10, төгрөгийн 6, нийт 16 данснаас 90,792,550 төгрөг, 36,600 ам.доллар буюу 215,514,599 төгрөгийг бэлэн зарлага хэлбэрээр, 248,100,000 төгрөг, 149,853.12 ам.доллар буюу 754,329,297 төгрөгийг дотоод шилжүүлэг хэлбэрээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "******" ХК-д нийт 969,843,895 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

тухайн цаг хугацаанд “Хулгайлах" гэмт хэргийн улмаас олсон 969,843,895 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 670,507,121 төгрөгийг өөрийн төрсөн эх Б.А-ийн ***** тоот данс руу 32 удаа орлого хэлбэрээр шилжүүлж, үүнээс 648,985,200 төгрөгийг 156 удаагийн гүйлгээгээр өөрийн ***** тоот дансанд шилжүүлэн авсан,

мөн 220,822,175 төгрөгийг үеэл ах *--ийн *****463012923, 495120618 тоот данс руу 5 удаа орлого хэлбэрээр шилжүүлж, үүнээс 103,822,175 төгрөгийг өөрийн *****495081081, *** 5753863226 тоот дансанд тус тус шилжүүлэн авсан, улмаар аз туршиж тоглодог цахим мөрийтэй тоглоомоос ашиг олох зорилгоор гэмт хэргийн улмаас олсон орлогын эх үүсвэртэй 1,019,264,500 төгрөгийг 167 удаагийн үйлдлээр хууль бус эргэлтэд оруулж, мөрийний хожил 230,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч ашигласан, энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэрэгт,

шүүгдэгч *-- нь 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үеэл дүү *--ын гэмт хэргийн улмаас олсон орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 5 удаагийн орлогын гүйлгээгээр түүний *****463012923, 495120618 тоот данс руу “орлого”, “TADASHI MORI”, “ШИЛЖҮҮЛЭГ”, “ISHII HIDEAKI”, “КIҮОНIКО UМАНАSНII” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 220,822,175 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж *--ын *****495081081, ****** 5753863226 тоот данс руу 17 удаагийн зарлагын гүйлгээгээр 101,815,000 төгрөгийг буцаан шилжүүлж, үлдэгдэл 119,007,175 төгрөгийг өөрийн өмчийн адил эзэмшиж 103,500,000 төгрөгийг бэлэн зарлага хэлбэрээр гарган авч, 15,507,175 төгрөгийг зээл төлөлт болон хувийн хэрэгцээндээ ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: *--ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

*--ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ч-, Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *--ийг цагаатгаж,

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *--д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон өөрчилж,

шүүгдэгч Б-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч *--ын сэжигтнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *--оос 944,843,894 төгрөгийг гаргуулан хохирогч “*****”-д, 25,000,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “*****” ХХК-д тус тус олгож, шүүгдэгч *-- нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч *--д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөнгө угаах гэмт хэрэг нь санхүү, эдийн засгийн системийн тогтвортой байдлыг алдагдуулах, эдийн засгийн шударга өрсөлдөөнийг үгүйсгэх, хямралд хүргэж болохуйц байдгаараа бусад эдийн засгийн гэмт хэргүүдээс нийгмийн аюулын чанар, хэр хэмжээ өндөртэй бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилго нь Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй (суурь) гэмт хэргээс олсон их хэмжээний хууль бус хөрөнгө, мөнгө, орлого, эдийн болон эдийн бус давуу талыг илрүүлэх, олон улсын болон тухайн улсын эдийн засаг, мөнгөний урсгалыг хууль бус санхүүжилтээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Мөнгө угаах гэмт хэрэг нь нэгдүгээрт, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; хоёрдугаарт, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; гуравдугаарт, түүний бодит шинж, чанар эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэсэн шинжтэй байна.

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар *-- нь “Хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ гадаад улсын иргэдийн данс дахь мөнгөн хөрөнгө харилцагчийн зөвшөөрлийн дагуу бэлэн зарлага, дотоод шилжүүлэг хэлбэрээр бусдын данс руу шилжиж байгаа мэтээр хууль ёсны болгон харагдуулах, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хариуцагчийн баталгаат гарын үсгийг дурайлган зурсан болон хоосон маягт ашиглан өөрийн төрсөн эх Б.А-ийн данс руу 32 удаагийн гүйлгээгээр 670,507,121 төгрөгийн орлого хийж, үүнийгээ өөрийнхөө данс руу 156 удаагийн гүйлгээгээр орсон орлогоос бага үнийн дүнгээр зарлага хийж, хууль бус эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авсан, улмаар дээрх мөнгөн хөрөнгөөс ашиг олох зорилгоор цахим орчинд 167 удаагийн мөрий тавьж, хууль бус эргэлтэд оруулан, мөрийний хожил болох 230,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч ашигласан үйл баримт нотлогдсон тул прокуророос шүүгдэгч *--ын “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан үргэлжилсэн үйлдэл “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч анхан шатны тойргийн шүүх *--д холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн цахим мөрийтэй тоглоомтой холбогдох хэсгийг дурдан, “Хулгайлах” гэмт хэргийн улмаас олсон орлогын зарцуулж буй арга хэлбэрт тооцож, хэт явцуу тодорхойлсон нь дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч *--т холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийн хувьд прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэргээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Х.Арманбекийн мэдүүлэг (1хх 36-38), “****” ХК-иас ирүүлсэн зарлага болон дотоод шилжүүлгийн баримтын хуулбарууд (1хх 151-181), гүйлгээний баримтууд, Аудитын товч тайлан (1хх 233-245, 2хх 22-31), гадаад улсын нэр бүхий иргэдийн эзэмшлийн дансны хуулганууд (2хх 145-156), *--ийн *****495120618, 463012923, 495120618, банкны 1705183462 3255122088 тоот дансны хуулганууд, зээлийн гэрээний хуулбар (2хх 157, 172-177, 199-231, Зхх 21-39, 203-206), *--ын *****495079050, 495081081, ****ны 5753863226 тоот дансны хуулганууд (2хх 161, 240-250, Зхх 1-10, 13-36), мөрдөгчийн магадлагаа (2хх 48-56), дансанд үзлэг хийсэн тэмдэглэл болон хохирлын тооцоо (2хх 1-17), гэрч Д.Б-ын мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулга (Зхх 138-140 дэх тал) зэрэг яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцсон. Дээрх нотлох баримтуудаар *-- нь *--оос гэмт хэргийн улмаас олсон орлогын хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор 5 удаагийн гүйлгээгээр “орлого”, “TADASHI MORI”, “ШИЛЖҮҮЛЭГ”, “ISHII HIDEAKI”, “КIҮОНIКО UМАНАSНII” гэсэн утгатай шилжүүлсэн нийт 220,822,175 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж 101,815,000 төгрөгийг 17 удаагийн гүйлгээгээр орсон орлогоос бага үнийн дүнгээр *--ын данс руу шилжүүлж, үлдэгдэл 119,007,175 төгрөгийг өөрийн өмчийн адил эзэмшиж, ашиглахдаа 103,500,000 төгрөгийг бэлэн зарлага хэлбэрээр гарган авсан, 1,750,000 төгрөгийг валютын арилжаа эрхэлдэг иргэн Д.Б-ын данс руу 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлж гадаад валют болгон хөрвүүлсэн, харин 3,807,175 төгрөгийг зээлийн төлөлт болон хувийн хэрэгцээндээ ашигласан үйл баримт нотлогдсон. Түүнчлэн гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгийн хэмжээ, давтамж, шилжүүлгийн арга, валютын төрөл, гүйлгээний утга болон *--ийн зарлагын гүйлгээ хийж буй арга, үнийн дүн, давтамж, зарцуулалт, зориулалт зэргийг харьцуулан судалж, шалгахад *-- нь хууль бус мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсэн, мэдэх боломжтой байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Гэвч шүүх цагаатгасан шийдвэртээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үндэслэл болгосон эсэх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаар огт дурдаагүй атлаа “...*-- нь *--ыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг өөрийнх нь дансаар дамжуулан авч байгааг лавтай сайн мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...”, “...хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байна...” гэж тус тус дүгнэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, эргэлзээгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж дүгнэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Арманбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч *--ыг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж дүгнээд,  4 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл, шүүхээс шүүгдэгч *--ын үйлдсэн хэргийн бодит нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр прокурорын яллах дүгнэлтийг хэсэгчлэн өөрчлөх замаар үргэлжилсэн үйлдэлтэй хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял оногдуулсан нь хуульд нийцсэн эсэх нь эргэлзээтэй. Учир нь шүүгдэгч *-- нь ***** салбарт харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа, Япон Улсын 12 харилцагч, Бүгд Найрамдах Солонгос Улсын 2 харилцагчийн нийт 16 дансанд 53 удаагийн идэвхтэй үйлдлээр халдаж, 969,843,894.74 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэргийн объектив шинжийн хувьд гадаад улсын 14 өөр этгээдэд хохирол учруулсан буюу олон хохирогчтой /хэдийгээр, банк хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тэдгээрийн мөнгийг барагдуулж, хохирогчоор орсон боловч бодит нөхцөл байдал нь олон хохирогч болох боломжтой/, тэдгээрийн 16 өөр дансанд халдсан, үүний улмаас 14 өөр иргэнд хохирол учирсан.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцох” гэх нөхцөлд хамааруулсныг шүүх хүлээж авсан нь үндэслэлтэй эсэх, эсхүл 14 харилцагчийн 16 дансанд 53 удаагийн идэвхтэй үйлдлээр халдаж, их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг хэд, хэдэн гэмт хэрэг гэж үзэн тус бүрд нь зүйлчилж, ял оногдуулах эсэхийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэх шаардлагатай.

Анхан шатны шүүх шүүгдэгч *-- нь *--ыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгийг өөрийнх нь дансаар дамжуулан авч байгааг лавтай сайн мэдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...*--ын хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгөө мөрийтэй тоглоом тоглож, орлого олсон үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулж чадахгүй бөгөөд харин хулгайн мөнгийг зарцуулж байгаа нөхцөл байдал илүүтэйгээр тогтоогдож байна гэж үзлээ.” гэж тус тус дүгнээд, *-- болон *--т холбогдуулан улсын яллагчийн “Мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл, анхан шатны шүүхээс *--т холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, Х-ны аудитын хяналт, шалгалтын тайлангийн дүгнэлт /1хх 233-245, 2хх 22-31/, Япон Улсын “TADASHI MORI”, “ISHII HIDEAKI”, “КIҮОНIКО UМАНАSНII” гэх харилцагчид /2хх 22-31/ болон *-- /Голомт банкны 1705183462, 3255122088, Х-ны 495120618, 463012923, 495120618 тоот данснууд/, *-- нарын дансны хуулганууд, бэлэн зарлага болон дотоод шилжүүлгийн баримтууд /1хх 151-181/, мөрдөгчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 1-17/, санхүүгийн магадалгаа /2хх 48-56/ зэрэг гаргасан баримтуудаас тодорхой харагддаг. *-- нь *--Дөлтой уулзаж, зарлагын баримтад гарын үсэг зурсан, Х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж, ашигласан мөнгийг төлөх хүсэлт гаргаж байсан, мөн шүүхийн шатанд гадаад харилцагчийн данснаас өөрийн дансанд мөнгө шилжиж орсон болохыг мэдсэн, ямар мөнгө дансанд орж байгаа болохыг шүүгдэгч *--оос тодруулсан зэрэг нь *-- гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болохыг лавтай сайн мэдэж байсан болохыг тодорхой илэрхийлж байгаа бөгөөд эдгээр нь *--ийг “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн болохыг тодорхой илэрхийлж байна. Эдгээр баримт, хэргийн нөхцөл байдлаар *-- нь *--оос гэмт хэргийн улмаас олсон орлого болохыг мэдэж байсан, бага хэмжээгээр хэд хэдэн удаагийн гүйлгээгээр шилжүүлж, хууль бус мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг бүдгэрүүлэх, улмаар хууль ёсны орлоготой хольж, халхавчилсан зорилгоор өөрийнхөө данснаас болон бэлэн зарлага байдлаар *--ын данс руу шилжүүлэх, үүнээс тодорхой хэмжээний мөнгийг хувьдаа авч, улмаар зээл төлөх, хувийн хэрэгцээндээ зарцуулах байдлаар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, *--д холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Хулгайлах” гэмт хэргийн арга хэлбэрт оруулан хулгайн мөнгийг зарцуулж байгаа нөхцөл байдал илүүтэйгээр тогтоогдож байна хэмээн дүгнэсэн нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь *-- 14 харилцагчийн банкин дахь 16 дансанд 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2024 оны 04 дүгээр сар хүртэл 6 сарын хугацаанд 53 удаагийн үйлдлээр халдаж, 969,843,894.74 төгрөгийн их хэмжээний хохирол учруулахдаа, 80-90 хувийг мөрийтэй тоглоомд тоглосон, үүнээс 230,000,000.00 төгрөгийг мөрийний хожил болгон өөрийнхөө дансаар дамжуулан авч, дахин цахим мөрийтэй тоглоомын эргэлтэд оруулсан болох нь хэрэгт авагдсан *--ын ****ны 5753863226, Х-ны 495079050, 495081081 тоот дансны хуулганууд /2хх 161, 240-250, 3хх 1-10, 13-36/, мөрийтэй тоглоом цэнэглэдэг этгээд Э.Д-ий гэрчийн мэдүүлэг /1хх 64-66/, мөрдөгчийн санхүүгийн магадалгаа, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирлын тооцоо зэрэг хөдөлшгүй баримтуудаар тогтоогдож байна. Гэтэл, анхан шатны шүүх *--ын мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг баримталж, явцуу дүгнэлт хийсэн, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч *--д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл заалтад зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.” гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчим юу болох талаар хуульчлан тодорхойлжээ.

Шүүгдэгч *-- нь банкны 14 харилцагчийн 16 данснаас 53 удаагийн үйлдлээр 969,843,894.74 төгрөгийн хохирол учруулж, эдгээр мөнгийг цахим мөрийтэй тоглоом, баар цэнгээний газраар үйлчлүүлж зарцуулсан болох нь тогтоогдсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нарын зүгээс банкинд хохирлыг төлөх, багасгах талаар нэг ч идэвхтэй үйлдэл хийгээгүй, санаачилга гаргаагүй бөгөөд тухайн хууль бус үйлдлийн чанарыг ухамсарлаж ойлгоогүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд, шүүгдэгч *--, *-- нарт холбогдох эрүүгийн хэрэгт *--ын үйлдсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэх эсэх нь эргэлзээтэй, *--, *-- нарт “мөнгө угаах” гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэнийг шүүхээс үндэслэлгүй хэмээн цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй, *--д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын хэмжээ шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч *--ын өмгөөлөгч Б.Төвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч *--ын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох байр сууринаас дараах тайлбарыг хэлье. Нэгдүгээрт, НҮБ-н ерөнхий ассамблейгаас 2000 онд баталсан зохион байгуулалттай гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэргийн талаарх ерөнхий ойлголтыг Монгол Улсын Дээд шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд мөнгө угаах гэмт хэрэг нь өөрөө үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүдийг өргөн агуулгаар хэрэглэх үзэл баримтлалаар манай улс Эрүүгийн хуульд энэ үйлдлийг тусгасан. Дээрх хуулийн тайлбар ерөнхий шинж агуулгаас нь үзэхэд хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэж тухайн мөнгө, эд хөрөнгийн эх үүсвэрийг нь хууль бус болохыг нь мэдсээр байж эргэлтэд оруулж байгаа үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл бохир мөнгийг цэвэр болгож харагдуулж байгаа үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж гэж ойлгоно гэж тайлбарласан. Мөн дээрх тайлбарт “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөний эх үүсвэрийг нуух, хууль бус эргэлтэд оруулах зорилгоор эхний ээлжинд эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлаар мэргэшсэн байгууллагад мэдээлэл хүргэхгүй, эсхүл цахим шилжүүлгийн зөвшөөрлийн дээд хязгаарт багтаан бага дүнтэй хэсгүүдэд хуваах, санхүүгийн системд валютад хөрвүүлэн хэд хэдэн удаагийн үйлдлээр нэвтрүүлснээр хууль бус эх сурвалжийг бүдгэрүүлж улмаар хууль ёсны орлоготой хольж эх үүсвэрийг нь халхавчлах, эсхүл шинээр хууль ёсны эх сурвалжтай болгон давтан гүйлгээнд оруулсан идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ гэмт хэргийн ерөнхий шинж бүрдэнэ” гэсэн. Шүүгдэгч *--ын хувьд энэхүү мөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж олж авсан. Гэхдээ захиран зарцуулалт нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон. Тухайн мөнгийг хэрхэн олж авсан, хэрхэн захиран зарцуулсан, ямар данс руу хэрхэн ямар байдлаар шилжүүлж буцааж авч байгаа зэрэг *--ын үйлдлүүд нэг ёсондоо ил тод байдлаар явагдсан. Үүнийг ****наас хяналт шалгалт тогтоож, олж илрүүлэх бүрэн боломжтой нээлттэй байсан. Үйлдлээ ямар нэгэн байдлаар халхавчилсан, нуун дарагдуулах гэсэн үйлдэл гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй. Эсэргүүцэлд дурдагдсан гол агуулга нь *-- гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглож, хууль бус эргэлтэд оруулж, нуун дарагдуулсан гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангид цахим мөрийтэй тоглоом тоглох гэсэн гэмт хэргийг зүйлчлээгүй. Энэ бол зөрчлийн шинжтэй үйлдэл. Иймд *--ын үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэг л гэмт хэргийн улмаас учирсан. Тэрээр энэхүү гэмт хэргийг үйлдэж олсон мөнгийг өмчлөлдөө авч цахим мөрийтэй тоглоом тоглож, шоу цэнгээний газраар үйлчлүүлэхдээ хэрэглэсэн уг үйлдэл нь өөрөө мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй. Объектив талыг хуульд тусгайлан тайлбарлан заасан байгаа шинжүүдэд хамаарахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд *--ийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...мөнгө угаах гэмт хэргийн шинжийн хувьд *--ын өмгөөлөгчтэй адил байр суурьтай байна. Прокуророос *--ийг мэдсээр байж *--той нийлж мөнгө угаасан гэж үзсэн. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Шүүгдэгч *--ийн хувьд 5 удаагийн л гүйлгээ байдаг. *--оос мөнгө шилжүүлсэн тэрийгээ эргүүлээд *--д өгсөн, энэ нь тодорхой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. *--ийг мөнгө угаасан гэж үзэж байгаа бол *-- бас бусад мөнгөө ээжийнхээ дансаар болон бусад хүмүүсийн дансаар аваад байдаг. Ганцхан *--ийг оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч *-- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд *-- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би мөнгө зээлсэн буцаагаад өгсөн л асуудал байгаа. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *--, *-- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Арманбекийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан.

 

Энэхүү хуульчлагдсан журам, хэлбэрийг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь юм.

 

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх гурван үндэслэлийг заасан бөгөөд мөн хуулийн 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдэд эдгээрийг дэлгэрүүлэн зохицуулжээ.

 

Тухайлбал, дээрх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д; “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх *--, *-- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгтээ “...шүүгдэгч *--д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 болгон өөрчилсөн атлааүргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”, 3 дахь хэсгийн 3.1-т заасан “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;”,36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тусгана.”, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж тус тус заасныг ноцтой зөрчжээ.

 

2. Анхан шатны шүүх “...шүүгдэгч *-- нь шүүгдэгч *--ыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо түүний дансаар дамжуулж авч байгааг лавтай сайн мэдэж байсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна. ...Шүүгдэгч *--ын хулгайн гэмт хэрэг үйлдэж олж авсан мөнгөө мөрийтэй тоглоом тоглож, орлого олсон үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн агуулж чадахгүй бөгөөд харин хулгайн мөнгийг зарцуулж байгаа нөхцөл байдал илүүтэйгээр тогтоогдож байна.  ...” гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан *--, *-- нарт холбогдох “Мөнгө угаах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэрч Э.Д-ий “...Б- гэдэг хүн байнга үйлчлүүлдэг “*****” гэх хаягтай, өөрийнхөө данснаас цэнэглэлт, таталт хийдэг. Миний мэдэж байгаагаар Б- буюу “*****” гэх фейсбүүкээс 30 саяар цэнэглэлт хийлгэдэг. Ер нь дандаа өндөр дүнгээр цэнэглэлт хийдгийг нь мэднэ, маш олон удаагийн гүйлгээ байгаа. ...” /1хх 64-66/,

гэрч Ц.Д-гийн “...Б.Б-ыг өдөр болгон “**” нэртэй клубээр орж ирж үйлчилгээ авдаг, хааяа ганцаараа, хааяа найзуудтайгаа орж ирдэг байсан. ...өдрийн турш ВИП өрөөнд, бүтэн өдрийнх нь орлогыг өгөөд мөн нэмээд тухайн орлогыг 2-3 нугалж мөнгө өгдөг байсан. ...Миний дансанд орж ирсэн дээрх 13 удаагийн гүйлгээгээр 42,860,000, ...2 удаагийн гүйлгээгээр 13,779,000 төгрөг, ...1 удаагийн гүйлгээгээр 7,731,000 төгрөгийн орлогууд бол *-ат- *ын манай үйлчилгээний газраар үйлчлүүлсэн төлбөр тооцоо. ...” /1хх 86-87/,

гэрч Д.Ж-гийн “...би “**” гэсэн нэртэй бааранд касс хийдэг байсан... Би 32 удаагийн 114,473,950 төгрөгийн орлогыг санаж байна. Манайд * гэж залуу 2023 оны 11 дүгээр сараас хойш 2024 оны 05 дугаар сарын хооронд найзуудтайгаа, хааяа ганцаараа... 7 хоногт 4-5 удаа орж ирж үнэтэй архи уух, ВИП өрөөнд дуу дуулах, манайд ажилладаг охидыг бүжиглүүлэх зэрэг үйлчилгээ авдаг байсан. ...Тухайн мөнгө бол “50” гэсэн бааранд үйлчлүүлсэн төлбөр тооцоо. ..." /1хх 90-91/,

гэрч Э.М “...миний хуучин ажиллаж байсан “**” гэсэн тайчих бааранд  гэсэн нэрээр... үйлчилгээ авдаг байсан. Би дээрх нийт 50,123,500 төгрөгийн шилжүүлгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэний дараа харахад энэ нь  * гэх хүний төлбөр тушаасан мөнгө байна. ...” /1хх 90-91/,

гэрч Э.А-ийн “...би *--ыг танина. ...Миний мэдэж байгаагаар 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл бараг өдөр болгон орж ирдэг байсан. Үйлчилгээ авах болгондоо ВИП өрөө авч, намайг хажуудаа суулгадаг, тэгээд үнэтэй архи, ус ундаа уух, хоол идэх зэрэг үйлчилгээ авч өдөрт ойролцоогоор 3-4 сая орчим төгрөгийн тооцоо төлдөг байсан. ...” /Зхх 151-153/,

*--ийн өгсөн “...Б-ын шилжүүлсэн мөнгөнүүдээс 800,000 төгрөгийг өөртөө авч үлдээд захиран зарцуулж бусдыг нь шилжүүлсэн. ...” /1хх 47,53, 2хх 82, 87/,

*--ын өгсөн “...шилжүүлсэн мөнгөнөөс 100,000-200,000 төгрөг өөртөө авч үлдээрэй гэж хэлээд өгдөг байсан. ...” /2хх 101/ гэсэн мэдүүлгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 131/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээс /2хх 9-13/, Ч-ийн *****495120618, 463012923, 495120618, Голомт банкны 1705183462, 3255122088 тоот дансны хуулгууд, зээлийн гэрээний хуулбар (2хх 157, 172-177, 199-231, Зхх 21-39, 203-206/, *--ын *****495079050, 495081081 тоот дансны хуулгууд (2хх 240-250, Зхх 1-36/, 105,000,000 төгрөгийн гүйлгээний баримт /4хх 89/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг хангаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх, прокуророос *--ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Боржигон овогт Отгонхүүгийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулах өргөн хүрээтэй, олон арга хэлбэрээр үйлдэгддэг шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.

           

Олон улсын түвшинд мөнгө угаах гэсэн ойлголтыг өргөн хүрээнд хэрэглэдэг бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо нуусан, халхалсан, шилжүүлсэн үйлдэлд нь тухайн гэмт этгээдэд анх үйлдсэн гэмт хэрэг дээр нь давхардуулж ял шийтгэл оноох эсхүл гэмт хэрэгт нь биечлэн оролцоогүй ч түүнээс олсон орлогыг хууль бус гэдгийг нь мэдсээр байж хүлээн авч, нууж, шилжүүлсэн бусад этгээдийг яллан шийтгэхэд мөнгө угаах гэсэн томьёоллыг ашигладаг.

 

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхийн гол зорилго нь хэн нэгний гэмт үйлдлүүдэд нь  ял оногдуулаад зогсох бус харин хөндлөнгийн бусад этгээдийг уг гэмт хэрэгт тус дэм үзүүлж болохуйц үйл ажиллагаа явуулан тэднийг хаацайлах, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг нь нуун далдалж, улмаар ашиглах, захиран зарцуулах боломж олгож буй далд эдийн засгийн хөрөнгийн эх үүсвэрийг хязгаарлахад оршдог. Энэ нь нөгөө талаас мөнгө угаах гэмт хэргийг үйлдэх, түүнд татагдан оролцохоос сэргийлэх ач холбогдолтой.

 

Мөнгө угаах нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг эхлээд найдвартай орчинд байршуулах, дараа нь тараах буюу цэвэр бизнесийг ашиглан гүйлгээнд оруулж, иргэний гүйлгээнд чөлөөтэй арилжаалагддаг эд хөрөнгө болгосны эцэст, буцааж төвлөрүүлэх гэсэн үе шаттайгаар явагддаг бөгөөд байршуулах үе шатанд хууль бусаар олсон мөнгөө хаа нэгтээ байршуулах шаардлагатай байдаг бол дараагийн шатанд гарал үүслийг нь нуун далдлах, хууль ёсны орлого мэт харагдуулах зорилготойгоор нэгэнт байршуулсан мөнгөө эргэлтэд оруулдаг. Харин дараа нь гарал үүслийг нь тогтооход бэрх болсон эсхүл хууль ёсны юм шиг харагдах болсон мөнгөө эргүүлэн өөрийн нэр дээр төвлөрүүлдэг.

 

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг конвенцын 2 дугаар зүйлд “...үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, биет эсхүл биет бус бүх төрлийн хөрөнгө хамаарах болон тэдгээр эд хөрөнгийн эрх, ашиг сонирхлыг нотлох хууль зүйн баримт бичиг хэрэгсэл...” гэж тодорхойлжээ.

 

Тодруулбал, мөнгө угаах нь хууль бус орлогыг хууль ёсны мэт харуулахыг зорьдог бөгөөд энэ нь санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулж, эдийн засгийн чөлөөт шударга өрсөлдөөнийг үгүй хийх сөрөг үр дагаврыг дагуулдаг болно.

 

3. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын хэмжээ, шинж чанарын талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

 

Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.

 

Шүүгдэгч *-- нь *****гүйцэтгэх захирлын тушаалаар тус банкны “*****” салбарт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс харилцагчийн үйлчилгээний ажилтнаар, 12 дугаар сарын 01-ний өдрөөс тус салбарт ахлах харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа /1хх 111-129/ 53 удаагийн үргэлжилсэн үйлдлээр тус банкны харилцагч болох гадаад улсын нэр бүхий 14 иргэний данснаас нийт 969,843,895 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлийг хулгайлах гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх, өөр өрсөлдөх хэм хэмжээ байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Д.Цэцэг-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Арманбекийн гаргасан давж заалдах гомдлын “...*--, *-- нарын үйлдэл нь “мөнгө угаах” гэмт хэргийн шинжтэй байхад шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч *--д авсан цагдан хорих, *--т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1578 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч *--д урьд авсан цагдан хорих арга хэмжээг, *--т урьд авсан хувийн баталгаа гаргах хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН