Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00177

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00177

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: *** үйлчилгээний газрын,

Хариуцагч: Ч.Г

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 7 дугаар байрны 32 тоотод оршин суух, Л гийн Г нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02034/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн **** үйлчилгээний газрын дарга Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 5,600,000 төгрөг. Үндсэн төлбөр 5,600,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2022.06.23. Гэрээ дуусгавар болох огноо: 2025.06.23. Зээлийн нийт төлсөн дүн: 4,400,000 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2025.06.24.

Иргэн Ч.Г нь аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-г байгуулж, түүнд 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх нөхцөлтэй зээлдүүлсэн. Мөн Ч.Г тэй байгуулсан гэрээний батлан даагчаар Л.Г нь батлан даалтын гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т ...үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд олгогдсон зээл, санхүүгийн дэмжлэгийн үндсэн төлбөр, хүү, анз, шүүхийн зардал, учирсан хохирлыг үүрэг гүйцэтгүүлэгч талд нөхөн төлж бүрэн хариуцлага хүлээхээр зөвшөөрөв... гэж заасан. Гэтэл Ч.Г нь зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй байна.

Иймд 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөдөлмөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ-ний үүрэгт 5,600,000 төгрөгийг Ч.Г , Л.Г нараас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-10 дахь тал)

1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн *** -ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Г , Л.Г нарт холбогдох 5,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 5,600,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 31 дэхь тал)

2. Хариуцагч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн **** үйлчилгээний газраас зээл авсан нь үнэн. Тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг. Зээлийн төлбөр болох 5,600,000 төгрөг төлсөн. Баримтыг хавсаргав гэжээ. (хавтаст хэргийн 28-29 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн **** үйлчилгээний газар нь хариуцагч Ч.Г , Л.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн **** үйлчилгээний газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийг хариуцагч Ч.Г төлж барагдуулсан тухай хариуцагч Ч.Г Зээлийн төлбөр болох 5,600,000 төгрөгийг төлсөн гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х ...хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага 5,600,000 төгрөгийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх тайлбар тус тус шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 5,600,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 104,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Г , Л.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 104,550 төгрөгийн 50 хувь болох 52,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн **** үйлчилгээний газрын нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 5,600,000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Ч.Г , Л.Г нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 104,550 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Г , Л.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 52,275 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА