Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1227

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батням,

Улсын яллагч П.Нархажид,

Шүүгдэгч П.И , түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.И д холбогдох эрүүгийн 1806 02303 0782 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 629 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б  овогт П  И .

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч П.И нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун Алтан-Өлгийн” 36 дугаар гудамжны 618 тоотод оршин суух А.Дашдэлэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, манан хөөрөг хулгайлсан,

2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монелын” 32 дугаар гудамжны 736 тоотод оршин суух Ч.Чулуунцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, хивс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.И мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12, 123-129/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20-21/, хохирогч А.Дашдэлэгийн өгсөн мэдүүлэг /хх-24-25/, гэрч С.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-68/, шүүгдэгч П.И ял шалгах хуудас /хх-41/, шүүгдэгч П.И иргэний үнэмлэхний лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.И нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монелын” 32 дугаар гудамжны 736 тоотод оршин суух Ч.Чулуунцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, хивс хулгайлсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун Алтан-Өлгийн” 36 дугаар гудамжны 618 тоотод оршин суух А.Дашдэлэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, манан хөөрөг тус тус хулгайлсан болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Дашдэлэгийн өгсөн: “…2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэрээс гарахдаа цоожлоод гарсан бөгөөд орой 17 цаг болж байхад гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдэрсэн, доторх эд зүйл эмх цэгцгүй байдалтай болсон байсан тул цагдаад хандсан. Зурагтын тавиур дээр байсан “Asus” брэндийн нөүтбүүк байхгүй байна. Мөн шүүгээн дотор байсан шар эрээн даалинтай хөх шаргал манан хөөрөг, хөөрөгний толгой нь манан толгойтой шаргал метал нуухтай, мөн халбагатай байсан.” /хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Чулуунцэцэгийн өгсөн: “ 2017 оны 7 дугаар

сарын 31-ний өдөр яваад 8 дугаар сарын 2-ны өдөр гэртээ ирсэн. Хашаандаа ороход манай 3 монгол гэрийн хаалганууд нээлттэй байсан. Гэрүүдээ шалгаад үзэхэд баруун талын монгол гэрийн цоожийг цохисон гэлтэй эвдэрсэн байсан. Дотор нь ороод шалгахад 32 инчийн “ТЛС” брэндийн хар өнгийн зурагт байхгүй байсан. Дундах монгол гэрийн цоожийг эвдсэн байсан. Зүүн захад байрлах монгол гэрт орж шалгахад 2 ширхэг шар өнгийн морины зурагтай хивс байхгүй байсан. Ингээд цагдаа дуудаад ойр хавиас харсан хүн байна уу гэж асуухад хойд айлд 20.000 төгрөгөөр барьцаалан үлдээсэн байсныг авсан. Хивсээ хайхад зүүн талд байдаг бор залуугийнд манай алдагдсан 2 хивсийг бас 20.000 төгрөгний барьцаатай үлдээсэн байсан. Би өөрөө алдагдсан эд зүйлсээ буцаан олж авсан.” /хх-131-132/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын 2-ны өглөө зүс таних Идэрээ гэгчтэй гудамжинд гэртээ харих замдаа тохиолдлоор таарсан. Тэр үед Идэрээ согтуу байсан. Тэгээд надаас “хивс байна авах уу” гэж асуухаар нь “ямар ч байсан үзье” гэж хэлээд бид 2 хамт Идэрээгийн гэр рүү явсан. Тэгээд бид 2 тохиролцоод би 2 хивсийг аваад гэр рүүгээ явсан. Тэгээд орой Идэрээ үл таних залуутай орж ирээд надад “нөгөө хивсний чинь хэрэг гарчихлаа” гэж хэлэхээр нь би “юу болсон юм бэ, буцаах гэж байгаа юм уу” гэхэд үл таних залуу “энэ 2 ширхэг хивс хулгайлагдсан хивс” гэж хэлээд цагдаагийн үнэмлэхээ үзүүлэхэд би буцаан өгсөн.” /хх-135/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Энхчимэгийн өгсөн: “…Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 36-618 тоот гэрээсээ өглөө нөхөр хүүхдийн хамт гарсан. Тэгээд манай нөхөр А.Дашдэлэг 17 цагийн үед гэртээ ирсэн бөгөөд ирэхэд нь гэрийн эд зүйл эмх цэгцгүй хулгай орсон байдалтай байсан гэсэн. Манай гэрийн хаалганы цоож хэсгийг эвдэн орж зөөврийн компьютер, манан хөөрөг алдагдсан." /хх-68/ гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12, 123-124, 125-129/,

-Эд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20-21/,

-“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-32-33, 36-37/,

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-148/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч П.И нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монелын” 32 дугаар гудамжны 736 тоотод оршин суух Ч.Чулуунцэцэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зурагт, хивс хулгайлсан, мөн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун Алтан-Өлгийн” 36 дугаар гудамжны 618 тоотод оршин суух А.Дашдэлэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж зөөврийн компьютер, манан хөөрөг тус тус хулгайлсан гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.И хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг түүний хувийн байдал зэргийг харгалзан биелэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч П.И д ял шийтгэл оногдуулахдаа оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Чулуунцэцэгийн гэрээс хулгайсан зурагт, хивс, хохирогч А.Дашдэлэгийн манан хөөрөгийг тус тус буцаан олгогдсон ба хохирогч А.Дашдэлэгийн зөөврийн компьютерын үнэ болох 270.000 төгрөгийг шүүгдэгч П.И  нь Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. Үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овогт П  И ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч П.И д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар П.И д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар П.И ы Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд тушаасан 270.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Дашдэлэгт олгосугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, П.И д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

 

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.И д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                     Э.ЧИНГИС