Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1108

 

   

 

 

 

    2025            09             17                                           2025/ДШМ/1108               

 

Ж.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Амарзаяа,

шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ж.М-ад холбогдох эрүүгийн 2503005090632 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

 

Шүүгдэгч Ж.М- нь “***" ТББ-ын дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/199 дугаартай "***" мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “***-ийн ***** мэргэжлийн 5 дугаар зэрэг бүхий засварчнаар томилогдон ажилласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ж.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М-ыг мэргэжлийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж. М-ын хувьд ногдох хөрөнгө орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35,717,907 /гучин таван сая долоон зуун арван долоон мянга есөн зуун долоо/ төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн цэнхэр өнгийн хатуу хавтас бүхий “***" ТББ-ын дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/199 дугаартай "***" мэргэжлийн хуурамч үнэмлэхийг Ж.М-ад холбогдох 2503005090632 дугаартай эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.М-ын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.М- холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж прокурортой тохиролцсон. Прокурортой ямар нэгэн албадлагын арга хэмжээний талаар тохиролцоогүй, прокурор ч тийм санал гаргаагүй.  Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу 35,717,907 төгрөгийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг Ж.М-ад нэмж авч, шийдвэртээ тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан “шүүх нь прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэр гаргана” гэсэн шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн торгох саналтай байсан прокурорын санал дээр шүүхээс нэмэлт албадлагын арга хэмжээ оногдуулсан нь Ж.М-ын эрх зүйн байдлыг шууд дордуулж, хуулийг ноцтой зөрчиж байна.

Энэхүү ноцтой зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.4-т заасан “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл” нь прокурорын саналд үндэслэсэн байх ёстой боловч шүүх прокурорын саналаар бус шийдвэр гаргасан нь хялбаршуулсан ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар энэхүү хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарч байна. Мөн эрүүгийн хэргийн хялбар ажиллагаа гэдэг нь прокурор болон яллагдагч нарын тохиролцсон тохиролцоог шүүхээс баталгаажуулж буй процесс. Харин талуудын тохиролцооны хүрээнээс хэтэрсэн, нэмэлт албадлагын арга хэмжээ оногдуулсан нь хялбаршуулсан ажиллагаа биш бөгөөд хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд тусгагдсан прокурорын саналд ороогүй 35,717,907 төгрөгийн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү. …” гэв.

 

Прокурор Т.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөгчийн гаргасан магадлагаан дээр маргаж байна. Уг магадлагаа хэрэгт огт авагдаагүй баримт дээр тулгуурлаж гаргаагүй. Нягтлан бодогч О.Түвшинжаргал гэрчийн мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчийг “169,217,957 төгрөгийн цалин хөлс авсан байна” гэсэн мэдүүлэг байдаг. Мөрдөгчийн магадлагааг үндэслэн 35,717,907 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод тооцуулах саналыг прокуророос гаргасан. Хэрэгт байхгүй баримтад тулгуурлаж хохирлын тооцоо гаргасан асуудал байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.М-ад холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б Ж.М-ын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Тээврийн прокурорын газраас Ж.М-ыг “***" ТББ-ын дэргэдэх "Бүтээгч сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагын 2020/199 дугаартай "***" мэргэжлийн үнэмлэхийг ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд “***-ийн цехийн мэргэжлийн 5 дугаар зэрэг бүхий засварчнаар томилогдон ажиллаж байсан буюу хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулж 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. /хх 132-135/,

 

Дээрх яллагдагчаар татах тогтоолыг Ж.М- хүлээн зөвшөөрч, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. …” гэсэн хүсэлтийг гаргажээ. /хх 165-166/

           

Прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол, ял оногдуулах санал болон яллах дүгнэлт /хх 168-175/ тус тус үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, журамд заасны дагуу хэргийг хэлэлцэж шүүгдэгч Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35,717,907 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гарсны дараа гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35,717,907 төгрөгийг төлөх талаар тохиролцоогүй гэх агуулгаар гэм буруугийн талаар маргаж, давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянах замаар тодруулсны эцэст прокурорын  саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээнд ял хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

 

Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд гэм буруугаа “сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” байх шаардлагатай бөгөөд хэргийн оролцогчид гэмт хэргийн улмаас олсон орлогыг төлөхгүй гэж тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлийг алдагдуулж байна.

 

Тодруулбал шүүгдэгчийн өмгөөлөгч “гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 35,717,907 төгрөгийг төлөх талаар тохиролцоогүй” гэж давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн”, 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн”, 4.5-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн”, 4.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон” байх зэрэг нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх нөхцөл байдлыг бий болгож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хуралдаан дээр төлөхөө илэрхийлсэн гэх боловч давж заалдах гомдлоор уг нөхцөл байдлаа үгүйсгэжээ.

Анхан шатны шүүх төрд учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэхдээ тухайн илэрхийлэл нь үнэхээр бодитой хэрэгжих эсэх, шүүгдэгчийн уг хүсэл зориг, хандлага хэрхэн нотлогдож буйг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж, дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах ба давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд уг асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/597 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ж.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БОЛОРТУЯА

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН