Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 68

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2020/00068

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

*******-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд холбогдох,

Урамшуулал, амралтын мөнгө 15.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хохирол 20.692.482 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* би 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гишүүдийн хурлын сонголтоор Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хороон даргаар орж ажилласан бөгөөд 2017 оны 10 сарын 27-ны өдөр 07 тоот Үйлдвэрчний эвлэлийн холбооны бага хурлын тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар дэвшин ажилласан. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Намайг чөлөөлөгдөх үед амралын тооцоо хийж цалин бодож өгөөгүй. Мөн ажлаас чөлөөлсөн тухай тогтоолыг өгөөгүй учир би нийгмийн даатгалаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй. Миний тухайн жилийн ажилласан хугацаа 6 сар байсан бөгөөд амралтын мөнгө 1.200.000 төгрөг авах байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3-р зүйлийн 3.3-т заасны дагуу 4-8 жил ажилласан бол 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгохоор заасны дагуу 14.400.000 төгрөг авах ёстой юм. Энэ мөнгийг мөн надад өгөөгүй. Авах тухай асуудал тавихад: *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр Энэ мөнгийг би чамд өгөхгүй. Шүүх миний талд байдаг аа. Чаддаг юм бол шүүхдээд аваарай гэж хэлсээр өнөөдрийг хүргэсэн. Би уг нь хүсэлтээ удаа дараа бичгээр гаргаж өгч байсан. Хуулийн байгууллага гэхгүй нэгэнт батлагдсан журмын дагуу энэ мөнгийг надад олгочих байх гэж бодсон юм. Миний бие Орхон аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 142/Ш32020/00256 тоот захирамжийн дагуу Орхон аймгийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсан болно. Энэхүү хорооноос гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 2018 оны амралтын мөнгө /хагас жилээр/ 1.200.000 төгрөг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмийн дагуу 14.400.000 төгрөг, нийт 15.600.000 төгрөгийг *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Т.Ариунзаяа нь *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан ******* миний 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 тушаалыг эс зөвшөөрч Ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргасан. Энэхүү хөдөлмөрийн маргаанд *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хариуцагчаар татагдан хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Анхан шатны шүүхийн 00267 дугаар шийдвэр 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гарсан бөгөөд 2017оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 тушаалыг хууль бус болохыг тогтоож Т.Ариунзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн үед хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Эрдэнэбатад итгэмжпэл олгосон бөгөөд тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 26-нд давж заалдах шүүхийн 60 дугаар Магадлал гарч шийдвэрийг хэвээр үлдээсэн. *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу *******-ын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан ******* намайг үүрэг ажпаас чөлөөлж холбооны даргаар өнөөдрийг хүртэл Т.Төгсбаяр ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж 01402 тоот Тогтоол гарсан байх бөгөөд энэ үед *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны шинэ дарга Т.Төгсбаяр эрх хэмжээнийхээ хүрээнд Төлөөлөгч томилж хяналтын шатны шүүх хуралд гомдол гаргаж оролцсон. *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Төгсбаяр нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 01402 дугаар тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэрэгжүүлсэн баримт хэрэгт авагджээ. Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №Б/02 тоот тушаалаар Т.Ариунзаяагийн хөдөлмөрийн эрхийг сэргээж, нөхөн олговор болох 4,375,822 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн байна. *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй Т. Ариунзаяаг ажилд нь эгүүлэн томилохгүй байсан шалтгааны улмаас тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болон 16.316.660 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд Орхон аймаг дах сум дундын иргэний хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 00232 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний эдрийн 56 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр нь *******-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар ажиллаж байсан *******ийг хамтран хариуцагчаар татуулах шүүхэд хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.3 -т заасныг үндэслэн хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээд нь ******* биш хэмээн дүгнэж 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 00719 дугаартай захирамж гаргасан байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2015 онд Холбооны дарга байсан Н.Батбаатар нь Т.Ариунзаяаг анх ажилд авахдаа Холбооны дүрмийн 18.1.4 дэх заалтыг зөрчиж нярав бичиг хэргийн ажтлтан гэсэн орон тоо буюу ажлын байр байхгүй байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр ажилд авсан, 2016 онд түүний орон тоог батлуулаагүй. ******* ч гэсэн батлуулаагүй, *******ийг огцорсны дараа Үйлдвэрчний эвлэлийн Холбооны зөвлөл тэргүүлэгчид 2018, 2019 оны бүтэц орон тоог батлахдаа ийм ажлын байр байх шаардлагагүй хэмээн үзсэн. Т.Ариунзаяагийн орон тоо тус холбоонд угаасаа байгаагүй, одоо ч байхгүй, Т.Ариунзаяаг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч давж заалдсан, хяналтын шатны шүүхэд хянуулсан явдал нь хэргийн оролцогчдод хуулиар олгосон адил тэнцүү эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дах заалт, 26.1.-д заасан журмаар хэрэгжүүлсэн ажиллагаа тул Үйлдвэрчний эвлэлийн холбоо эрхээ хэрэгжүүлсний төлөө Т.Ариунзаяагийн өмнө нөхөх хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн Т.Ариунзаяаг ажлаас халсан үйл баримтын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь анхнаасаа Т.Ариунзаяаг ажлаас халсан нь үйлдэл нь зөв зүйтэй хэмээн зүтгэж байгаа атлаа ******* намайг бүх зүйлд буруутай хэмээн Б.Төгсбаяр нь өөрийн үйлдэл, эс үйлдлээс үүдэн гарсан үр дагаврыг над руу чихэж байгаа нь хүлээн зэвшөөрөх боломжгүй. Гэтэл сөрөг нэхэмжлэлд ******* нь нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой үндэслэл зааж гарсан, өөрөө хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой байхад Т.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээний асуудлыг үйлдвэрчний эвлэлийн холбоонд хохирол багатайгаар хууль дүрмийн хүрээнд шийдвэрлээгүй хэмээн буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

*******д 1.200.000 төгрөгийн ээлжийн амралтын олговор олгох ямар ч үндэслэл байхгүй. Учир нь: ******* 2017 оны 10 дугаар сарын 27-оос 2018 оны 05 дугаар сарын 22 хүртэл ажиллаад тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн тогтоолоор үүрэгт ажлаа хангалттай хийж чадаагүй, Холбооны дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Холбооны даргын ажил, албан тушаалаас огцорсон. Өөрөөр хэлбэл тэрээр 6 сар гаруй ажилласан. ******* нь Холбооны даргаар нэг сар гаруй ажиллаад 2017 оны 12 дугаар сард ээлжийн амралтаа бүтэн бодуулж амралтын олговорт 2.126.456 төгрөг авсан байна. ******* нь Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар 6 сар ажиллаад огцрох үедээ тус Холбооны автомашин, ажлын компьютер, тэмдэгийг авч зугтаад шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2018 оны 08 дугаар сарын 03-нд буцаан өгсөн, өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаа хүлээлгэж өгөх, санхүүтэй тооцоо хийхээс татгалзсан ба шүүхэд цалин хөлстэй холбоотой 12 сая орчим төгрөгийн нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 01-ний 00921 тоот, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 129 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны 0433 тоот тогтоолоор нэхэмжлэл нь бүхэлдээ хэрэгсэхгүй болсон тул одоо цалин хөлсний талаар нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

******* нь тус Үйлдвэрчний эвлэлийн Холбооны 2018 оны 03 дугаар сарын 06-нд тэргүүлэгчдийн хурлаар баталсан Дэмжлэг урамшуулал олгох журам-ын 3.3 дахь заалтын дагуу дэмжлэг авах ямар ч үндэслэл байхгүй. Учир нь ******* нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтан биш бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны тухайн үед мөрдөж байсан дүрмийн 16 дугаар зүйлийн 16.1.14-т заасан ... Дүрэм зөрчсөн ... сонгуульт үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээр эрх бүхий Гүйцэтгэх зөвлөлийн хурлаас Холбооны даргаас огцруулсан /тэр өөрөө огцорсон/ этгээд юм. Үүнийг эс зөвшөөрч ******* шүүхэд хандсан ба 3 шатны шүүхийн шийдвэрээр түүний нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Ийм учраас Холбооны Дэмжлэг урамшуулал олгох журам-ийн 1.1-д заасан зорилго, 3.3-д заасан үндсэн ажлаасаа чөлөөлөгдөж байгаа /сонгуульт хугацаа дуусаж дахин сонгогдоогүй, өөр ажил, албан тушаалд томилогдсон, эрүүл мэндийн шалтгаанаар сонгуульт үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг/ байгаа ажилтан гэж үзэх үндэслэл байхгүй. Мөн журмын 3.3-д дэмжлэг урамшууллыг санхүүгийн сахилга бат, ажлын үр дүнг харгалзан олгох тул энэ шаардлагыг хангаагүй гэж огцорсон этгээдэд урамшуулал олгох үндэслэл байхгүй. ******* 2011 онд тус Холбооны дарга байгаад чөлөөлөгдсөн бөгөөд тэр үедээ мөрдөж байсан журмын дагуу Тэргүүлэгчдийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны 02 тоот тогтоолоор 9.678.000 төгрөг авсан байх бөгөөд одоо 9 жилийн дараа дахин нэхэмжлэх, давхардуулан олгох үндэслэл байхгүй. ******* Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан биш тус Холбооны дүрмийн дагуу Бага хурлаар сонгогдсон Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дарга байсан тул түүнд тушаал шийдвэр гардуулж өгөх асуудал байхгүй. Тэрээр Гүйцэтгэх зөвлөлийн 2018 ны 05 дугаар сарын 22-ны өөрийг нь огцоруулсан 07 тоот тогтоолын талаар тэр даруйд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний 00921, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 129 дугаар магадлал, Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны 00433 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэгдсэн учраас ажлаас халагдсан тушаал шийдвэр гардуулж өгөөгүй гэсэн асуудал байхгүй. Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороо гэсэн хуульд заасан, хуулиар эрх олгосон Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх субъект байхгүй. Иймд *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Төгсбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Тус Холбооны даргаар ажиллаж байсан ******* нь үндэслэлгүй, хууль зөрчсөн шийдвэр гаргаж Т.Ариунзаяаг тус Холбооны нярав, бичиг хэргийн ажилтнаас халсан болох нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоолоор тогтоогдсон. Эдгээр шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн холбоо Т.Ариунзаяад 4.375.822 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин төлсөн. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр тодорхой үндэслэл зааж гарсан, өөрөө хууль бус шийдвэр гаргасан нь тодорхой байхад Т.Ариунзаяагийн хөдөлмөрийн гэрээний аууудлыг Үйлдвэрчний эвлэлийн Холбоонд хохирол багатайгаар хууль, дүрмийн хүрээнд шийдвэрлэх үндэслэл, боломжтой байхад давж заалдах, хяналтын шатны шүүхэд өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргах шийдвэрийг ******* гаргаж сунжруулан их хэмжээний хохирол нэхэмжпэх үндэслэлийг бүрдүүлсэн байна. Энэ асуудлыг дүрмийн дагуу Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны Тэргүүлэгчдэд танилцуулсан ба Тэргүүлэгчдээс 2019 оны 01 дүгээр сарын 31-нд тоот тогтоол гаргаж *******ийг хариуцагчаар татуулахаар шүүхэд хандахыг Холбооны даргад даалгасан. Т.Ариунзаяаг халсан асуудлын талаар тус Холбооны Хянан шалгах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний 03 тоот дүгнэлтэд тодорхой заасан бөгөөд энэ дүгнэлтийг тус Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны хуралд танилцуулж, уг хурлаар *******ийг Холбооны даргаас огцруулах 07 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолын талаар ******* шүүхэд хандсан ба түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ны 00921 тоот шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 129 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны 00433 тоот тогтоол гарсан байгаа. Т.Ариунзаяагийн өргөдлийн Гүйцэтгэх зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны хурлаар хэлэлцэж тодорхой чиглэл гарсан.Т.Ариунзаяа нь анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэр гарснаас хойш 2019 оны 01 дүгээр сарн 19-нийг дуустлах цалингийн олговорт 16,316,660 төгрөг нэхэмжилсэн ба үүнийг анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 26-ны 00232 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний 56 тоот магадлалаар хангаж шийдвэрлэсэн. Т.Ариунзаяагийн хоёр удаагийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрээр Үйлдвэрчний эвлэлийн Холбоо /4,375,822 + 16,316,660/ 20,692,482 төгрөг төлж хохирсон нь Үйлдвэрчний эвлэлийн Холбооны даргаар ажиллаж байгаад огцорсон *******ийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай шууд холбоотой тул 20,692,482 төгрөгийн энэ хохирлыг *******өөс гаргуулж манай холбоонд олгоно уу гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15.600.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4.375.822 гаргуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.316.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.413 төгрөгийг тус тус Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 229.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 84.963 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг шууд хүлээн авч шийдвэрлэсэн нь Үйлдвэрчний байгууллагын эрх хэмжээг зөрчсөн, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлд хамаарах цаг хугацаа, мөнгөн дүнг буруу тооцсон, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар баталсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 1.1, 1.2 дахь заалтаар энэ журмын дагуу олгох дэмжлэг урамшууллыг Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж тогтоол гаргасны үндсэн дээр олгохоор журамласан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.-д заасан Үйлдвэрчний эвлэлүүд мэргэжил, үйлдвэрлэлийн шинжээр байгуулагдаж, үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд бие даан явуулна гэсэн бие даасан байдал, энэ хүрээнд баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн тус холбооны тухайн үед мөрдөгдөж байан дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 18 дугаар зүйлийн 18.1.9, 31 дүгээр зүйлийн 31.1 дахь заалтаар тус холбоонд бүтцийн хамтын удирдлагын эрх хэмжээнд байна. Энэ тохиолдолд ******* буцалтгүй тусламж авах эрхтэй гэж үзэж байгаа бол энэ тухай үндэслэл заасан өргөдлөө *******-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гаргана. Түүний өргөдлийг Холбооны ажлын алба судлаад Тэргүүлэгчдийн хуралд оруулж хэлэлцүүлнэ. Тэргүүлэгчдийн хурлаас энэ талаар гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол холбогдох этгээд эрхээ зөрчигдсөн гэж үзэж шүүхэд хандах ёстой байна. ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа журмыг эрх зүйн үндэслэл болгон нотлох баримтаар гаргасан, хариуцагч мөн нотлох баримтаар өгсөн, Үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийг хэргийн нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гаргуулсан байхад шүүх эдгээрийг судалж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь заалтыг үндэслэн мөн хуулийн 117.1-д зааснаар *******ийн нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах ёстой байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлд хамаарах хугацаа, үндэслэл, суурь болгох цалин хөлс, хохирлын хэмжээг буруу тооцож шийдвэр гаргасан байна. ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 17-нд Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллага Хүдрийн Ил Уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 27-нд Холбооны Бага хурлаар Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар сонгогдон /Хэргийн 63 дахь тал/ ажил хүлээж авснаар түүний ҮЭ-ийн хорооны даргын сонгуульт үүрэг дуусгавар болжээ. ******* хэрэв энэ хугацааны сонгуульт үүрэг гүйцэтгэсэндээ журмын дагуу буцалтгүй тусламж шаардана гэвэл /Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ энэ утгаар дэмжсэн бичлэг, тэмдэглэлийг үзнэ үү/ тэрээр 3 жил 9 сар 10 хоног сонгуульт үүрэг гүйцэтгэсэн байна. Харин ******* нь Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар 6 сар 24 хоног ажиллаад сонгуульт албан тушаалаас огцорсон нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь заалт болон холбооны дэмжлэг урамшууллын журмын 3.3 дахь заалтын чөлөөлөгдсөн гэдэгт хамаарахгүй. Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ *******ийг 4-8 жил ажилласан гэж 6 сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж гаргуулах, ийнхүү гаргуулахдаа түүний чөлөөлөгдсөн Хүдрийн Ил Уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сарын 1.520.000 төгрөгөөр /Нэхэмжлэлд хавсаргасан ШД-ийн дэвтрийн бичилтээр/ биш, дүрэм зөрчиж, ажил үүргээ биелүүлж чадахгүй огцорсон Холбооны даргын сарын цалин 2.400.000 төгрөгөөр тооцсон нь илтэд үндэслэлгүй байна. Хэрэв нэхэмжлэлийг хангах гэж байгаа бол *******ийг 2-4 жил сонгуульт үүрэг гүйцэтгээд чөлөөлөгдсөн бодит үнэн байдлаар тооцож 4 сараар /1.520.000х4/ 6.080.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна. Тус Үйлдвэрчний эвлэлийн Холбооны дүрмийн заалтын дагуу огцорсон, үүнийгээ зөвшөөрөхгүй шүүхэд хандаж, гурван шатны шүүхийн шийдвэрээр *******ийг огцруулсан шийдвэр хууль зөрчөөгүй нь тогтоогдсон байхад огцорсон ажил, албан тушаал хугацаанд нь буцалтгүй тусламж өгөхөөр хариуцагч шүүх ийнхүү мөнгө гаргуулж өгөх нь гишүүдийн татвараар бүрдсэн Үйлдвэрчний эвлэлийн буюу нийтийн өмчид хууль бусаар халдсан хэрэг болно.

Сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ *******ийн хууль бус шийдвэр, түүний үр дагавар хэдий хүртэл үргэлжилснийг тооцолгүй зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 03 сарын 12 хүртэлх хугацааны хохирлыг түүнд хариуцуулсан нь буруу байна. ******* холбооны дарга байхдаа дээр дурдсан 2018.03.12-ны анхан шатны шүүхийн 00267 тоот шийдвэрийг эс зөвшөөрч сонгон авсан өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаас Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны 60 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтоол гарч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байдаг. Ийм учраас ИХШХШТ хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-ийн 120.1.1, 120.1.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 16 хүртэл анхан шатны шүүхийн 00267 тоот шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгдэх хууль зүйн үндэслэл бий болоогүй ба үүнд гомдол нь үндэслэлгүй байсан ******* буруутай. Өмгөөлөгч үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг гомдол гаргах учиргүй. Хэрэв ******* нь би гомдол гаргаагүй, сонгон авсан өмгөөлөгч Х.Оюунбат буруутай гэж үзвэл өөрт учирсан хохирлоо өмгөөлөгч Х.Оюунбатаас нэхэмжилж, өмгөөлөгч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 /Шинээр мөрдсөн Өмгөөллийн тухай хуулийн 14.1.14-т зааснаар өмгөөлөгч мэргэжлийн алдаа гаргасан бол даатгалаас *******д учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийн дагуу *******ийн хариуцах хохирол анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны 00267 тоот шийдвэрээс хяналтын шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01402 тоот тогтол гарах хүртэл 7 сар 4 хоногт Т. Ариунзаяагийн сарын цалин хөлс 1.631.666 төгрөгөөр тооцоход 11.421.662 төгрөг болох ба сөрөг нэхэмжлэлээс хангагдах дүн /4.375.822+11.421.662/ 15.797.484 төгрөг болох ёстой.

Хууль буруу хэрэглэсэн талаар: Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1., 498.2. дахь заалтыг хэрэглэсэн нь буруу, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. *******ийн нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1.-д заасан ажил, албан тушаал эрхэлсний үндсэн цалин хөлсөнд хамаарахгүй, мөн хуулийн 47.1. болон 50, 51 дүгээр зүйлд заасан нэмэгдэл хөлс, нэмэгдэлд хамаарахгүй. Харин Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.-д заасан бие даасан чөлөөт эрхийн хүрээнд тус Холбооны дүрмийн энэ гомдлын 1 дэх хэсгийн а-д заасан зохицуулалтын хүрээнд байх тул хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх учиртай. Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь заалт, түүнд нийцсэн тус Холбооны дүрмийн 29.7 дахь заалтаар тодорхойлогдох бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.2. дахь заалтыг хэрэглэнэ. Үйлдвэрчний эвлэлийн Холбооны төсвийн мөнгөн хөрөнгө нь түүнд нэгдсэн Үйлдвэрчний эвлэлийн хороонд гингүүнчлэлтэй Үйлдвэрчний гишүүдийн татвараар бүрдсэн нийтийн өмч бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрх, хороо, холбоодод дээрх хуулиар олгогдсон болно. Иймд анхан шатны шуухийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны 00441 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж *******ийн нэхэмжлэлээс 6.080.000 төгрөгийг хангаж /9.520.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлээс 15.797.484 төгрөгийг хангаж /11.421.662 төгрөгийг нэмж ханган/ өөрчлөлт оруулна уу? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* 15.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тус холбооны захирал Б.Төгсбаяр ... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ажлаас огцруулсан тухай маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа ... гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Шүүх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15.600.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4.375.822 гаргуулж *******-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.316.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар батлагдсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журам-ын 3 дугаар хэсгийн 3.3-д заасныг үндэслэж урамшуулал 14.400.000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны Хүдрийн Ил уурхайн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн № 07 дугаар тогтоолоор тус компанийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны даргаар сонгогдон ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 22 ны өдрийн № 01 дугаар тогтоолоор үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч ******* нь тус компанийн хүдрийн ил уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны хорооны даргаар 3 жил 10 сарын хугацаанд, Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргаар 7 сар тус тус ажилласан ба Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журмын 3 дугаар хэсгийн 3.3.-д заасан 4-өөс 8 жил ажилласан бол 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж авах эрхтэй байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дэмжлэг урамшуулал олгох журамд зааснаар тус холбооны дарга, ажилтан нарт буцалтгүй тусламж олгохдоо ... санхүүгийн сахилга бат, гишүүнчлэлийн тоо, ажлын үр дүнг ... харгалзан үзэхээр тодорхой заасан ба нэхэмжлэгч ******* нь Үйлдвэрчний холбооны даргаар ажиллаж байх үеийн санхүүгийн сахилга бат, ажлын үр дүн хэрхэн байсныг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тус холбооны даргад олгогдох үндсэн цалингийн хэмжээгээр тооцож буцалтгүй тусламж олгох боломжгүй юм.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... хорооны даргаар ажиллаж байх хугацаанд авч байсан цалингийн хэмжээгээр тооцож нийт 6.080.000 төгрөг олгохыг зөвшөөрч байгаа ... гэх давж заалдах гомдлын үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримт тухайлбал нэхэмжлэгч тус холбооны Хүдрийн ил уурхайн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байгаад тус Холбооны даргаар сонгогдсон тогтоол, тус байгууллагад 5 жил тасралтгүй ажилласан тухай баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч байгууллагаас буцалтгүй тусламж 6.080.000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны ээлжийн амралтыг 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж ажлын 24 хоногоор тооцож авсан ба түүний 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажилласан хугацаанд ээлжийн амралт 8 хоногоор тооцогдож байх тул амралтын цалин хөлс 708.816 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч *******ийн гаргасан ... тус холбооны ажилтанг ажлаас чөлөөлөхдөө би дангаараа шийдвэр гаргадаггүй, тэргүүлэгчдийн гаргасан хамтын шийдвэрийн үндсэн дээр би тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн, ... түүнийг ажлаас чөлөөлөөд шүүхийн шийдвэр гараагүй байхад би ажлаа өгсөн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэх тайлбар, татгалзлалыг хариуцагч тал няцааж үгүйсгэж чадаагүй, түүнчлэн тус холбооны даргын эрх хэмжээ, хүлээх хариуцлагын талаар тус холбооны дүрэмд тусгайлан тодорхойлж заагаагүй байхад шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.375.822 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн гаргасан ... нэхэмжлэлд хамаарах цаг хугацаа, мөнгөн дүнг буруу тооцсон, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, *******ийн хууль бус шийдвэр, түүний үр дагавар хэдий хүртэл үргэлжилснийг тооцолгүй, зөвхөн шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэлх хугацааны хохирлыг түүнд хариуцуулсан нь буруу, сонгуульт үүрэг гүйцэтгээд чөлөөлөгдсөн хугацаагаар тооцож 6.080.000 төгрөг гаргуулах үндэслэлтэй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 15.797.484 төгрөгийг хангаж өгнө үү ... гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/00441 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-д заасныг баримтлан *******-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос 15.600.000 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэгч *******өөс 4.375.822 гаргуулж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоонд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.316.660 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 128 дугаар зүйлийн 128.1.3-д заасныг баримтлан *******-ын Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос буцалтгүй тусламж, амралтын олговор 6.788.816 төгрөг гаргуулан *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.811.184 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 20.692.482 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагчаас 229.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 84.963 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай ... гэснийг ... хариуцагчаас 123.571 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ