Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00183

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2026/00183

Хөвсгөл аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Л.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 320/2025/02036/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 6,500,000 төгрөг. Энэ дүнд: Үндсэн төлбөр 6,500,000 төгрөг. Миний бие нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Л.Ч той аман хэлцэл хийж, Баянзүрх сумын Тоом 3 дугаар багийн Бэлтэсийн асгатын булан гэх газарт байдаг мал, өвөлжөөний хашааг 15,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Тэгээд тухайн өдөртөө урьдчилгаа төлбөрт 7,000,000 төгрөг хадам аав Б ы ХААН банкны *** дугаартай данснаас Ч ын *** дугаартай данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 8,000,000 төгрөгийг 9 дүгээр сард хашааны бичиг баримтыг шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Гэтэл урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа Б.Ч уг хашаагаа өөр хүнд худалдсан байсныг мэдсэн. Үүнийг мэдээд Ч той уулзаж шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэхэд хашаагаа өөр хүнд худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мөнгийг минь 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд 10 дугаар сард 500,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш өөр мөнгө өгөөгүй. Тэгээд 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дахин уулзахад үлдэгдэл 6,500,000 төгрөгийг 2025 оны 2 дугаар сарын 15-ны дотор 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дотор 3,500,000 төгрөгөөр 2 хувааж өгнө гэж бичгээр баталгаажуулж нотариатчаар гэрчлүүлсэн юм. Гэтэл түүнээс хойш Л.Ч мөнгийг минь өгөх нь бүү хэл, утсаа ч авахгүй болсон гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2.  Хариуцагч Л.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2024 оны 6 дугаар сард Б.Д өд Баянзүрх сумын Тоом 3 дугаар багт байх өөрийн өвөлжөөний хашааг 15,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцоод эхлээд 7,000,000 төгрөгийг авсан. Үлдсэн 8,000,000 төгрөгийг намар өгье гэсэн. Тэгээд 8 дугаар сарын 20-ны үед ирээд гэрчилгээгээ шилжүүлээд мөнгийг нь өгнө гээд миний хашааны бичиг баримтыг аваад явсан. Тэгснээ 2, 3 цагийн дараа буцаж ирээд өвөлжөөний хашааг авахаа болилоо, авсан 7,000,000 төгрөгөө өгч байж энэ гэрчилгээгээ аваарай гэсэн. Үүнээс хойш мөнгөний боломж гарахгүй байсаар 9 дүгээр сард эхнэр бид хоёр самарт яваад, самар ургаагүй ашиг орлогогүй ирж, ёстой илүү дутуу гаргаж байж 500,000 төгрөг Д өд өгсөн. Тэгээд мөнгөний боломжгүй байсан, Б.Д байнгын мөнгө нэхэж залгаж, охиныг хүртэл хичээл дээр байхад нь залгаад наад аав ээжийгээ яриул, битгий худлаа яриад бай гэж загнаж, Баянзүрх сумын зар мэдээ цахим орчинд 2 луйварчин мөнгө өг, энэ хүүхэн мөнгийг минь өгөхгүй байна, луйварчид гээд зурагтай мэдээлэл оруулсан байсан. Би өөр хүнд өвөлжөөний хашаагаа зараад бушуухан Д өд өгөх мөнгийг өгье гээд багийнхаа зар дээр хашаагаа зарах талаар бичсэн байтал миний тэр зарыг аваад цагдаад өргөдөл өгч, би мөн цагдаа дээр очиж уулзаж байсан. Б.Д нь авна гэсэндээ өвөлжөөний хашааг авсан бол энэ асуудал гарахгүй байсан.

Иймд Б.Д өд 6,500,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 13-14 дэхь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Л.Ч т холбогдуулан 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2026 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ...9 дүгээр сард эхнэр бид хоёр самарт яваад, самар ургаагүй ашиг орлогогүй ирж ёстой илүү дутуу гаргаж байж, 500,000 төгрөг Д өд өгсөн...авна гэсэндээ өвөлжөөний хашааг авсан бол энэ асуудал гарахгүй байсан...6,500,000 төгрөгийг төлж барагдуулна... гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Л.Ч нэхэмжлэлийн шаардлага нийт 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,956 төгрөгийн тал хувь болох 59,478 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 59,478 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч Б.Д өд олгох нь зүйтэй болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Д ийн нэхэмжилсэн 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Л.Ч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,956 төгрөгөөс 59,478 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Л.Ч оос улсын тэмдэгтийн хураамж 59,478 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.Д өд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА