Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 307/ШШ2025/02275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/03170/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

 

Цэргийн алба хаасан болохыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ихэржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1988 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс цэргийн албанд татагдаж Хилийн цэргийн 0119 дүгээр ангид алба хаагаад 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр халагдсан. Цэргийн үүрэгтний үнэмлэхэд 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны хооронд цэргийн алба хаасан тухай бичигдэж баталгаажуулалт хийгдсэн байгаа. Одоо тэтгэвэр тогтоолгох материал бүрдүүлэх болсон чинь Тагнуулын ерөнхий газрын тусгай архив болон хилийн цэргийн архивын газраас цэргийн алба хаасан тухай шүүлгэж үзэхэд цэргийн албанд татагдсан тушаал нь байгаад халагдсан тушаал нь гарч ирхэгүй байна.

Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цэргийн алба хааж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн лавлагаа, хөдөлмөрийн 262838 дугаартай дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг, түүний тайлбар, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 569 дугаартай албан бичиг, гэрч ******* мэдүүлэг зэргийг нотлох баримтаар цуглуулж, шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д: Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136.1-д: эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1970 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх үед Хилийн 0119 дүгээр ангид цэргийн алба хаахаар татагдсан боловч халагдсан тушаал нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар тус ангийн 1990 оны халагдсан цэргийн бүтгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй учир цэргийн алба хаасан талаарх лавлагааг гаргах боломжгүй гэсэн байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

******* нь Хилийн 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хүртэл хугацаат цэргийн алба хааж байсан нь цэргийн үүрэгтний үнэмлэхний ...Цэргийн тангарагийг 0119 дүгээр ангид 1988 оны 11 сарын 20-ны өдөр өргөв. Цэргийн жинхэнэ албанаас хугацаа дууссан учир 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бэлтгэлээр халав. гэх бичвэрийн хуулбар, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын нэг цэгийн үйлчилгээний байцаагчийн тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ******* Болд нь Дархан хотоос НАХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн б/537 дугаар тушаалаар 10 дугаар сарын 15-ны өдрөөс 0119 дүгээр ангид цэргийн албанд татагджээ. Хилийн ба ДЦУЕГ-ын 0119 дүгээр ангийн 1990 оны халагдсан цэргийн бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ******* ******* цэргийн алба хаасан талаарх лавлагаа гарахгүй болно гэх лавлагаа, гэрч ******* ...*******той 1988 оноос 1990 он хүртэл хамт цэргийн алба хааж байсан. Бид 1988 оны хавар Хилийн цэргийн барилгын 0119 дүгээр ангид татагдахж, 1990 оны хавар халагдсан. Би түрүүч цолтой байсан. ******* байлдагч цолтой байсан... гэх мэдүүлэг, хөдөлмөрийн 262838 дугаартай ...1988.10.19 Цэргийн жинхэнэ албанд дайчлагдан татагдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 1990.10.22 Цэргийн жинхэнэ албанаас халагдаж ирсэн тул цахилгаан сантехник угсралтыг удирдах газар тоног төхөөрөмжийн засварчнаар авч ажиллуулав... гэх дэвтрийн бичилтийн хуулбар, Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн тусгай архивын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дугаартай албан бичиг, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 569 дугаартай албан бичиг, гэрэл зураг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд Т.******* шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх тул Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болохыг тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* Хилийн цэргийн 0119 дүгээр ангид 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаагч, байлдагчаар хаасан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Т.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС