| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2502 00000 0076 |
| Дугаар | 2025/ДШМ/1115 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., 17.3.1., 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/1115
2025 09 18 2025/ДШМ/1115
П.Н-, Т.Д-, Д.О-,
Г.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Гантулга,
шүүгдэгч П.Н-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Л.Батаа,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1555 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч П.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн П.Н-, Т.Д-, Д.О-, Г.Т- нарт холбогдох эрүүгийн 2502 00000 0076 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Н-,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1 жил 4 сар 3 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
2. Д-,
3. О-,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялаас чөлөөлсөн;
4. Т-,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 900,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор өршөөгдсөн;
1. П.Н- нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол *** тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай, 0,0692 грамм цэвэр жинтэй, "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн **** гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс” гэх нэршилтэй 0,7034 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Д-т 500,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.О-т 230,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээж Т.Д-т худалдсан гэмт хэрэгт,
2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн *** тоотод байрлах бэлэн хувцасны дэлгүүрт хохирогч Д.Я-аас "хүүхэд мөнгө нэхээд байна. 400.000 төгрөг хүүхдийн данс руу шилжүүлээд өгөөч, мөнгө ороод ирэхээр, авсан юмныхаа мөнгөтэй цуг тань руу шилжүүлье" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож тухайн дэлгүүрт худалдаж байсан 90.000 төгрөгийн үнэ бүхий цамц, футболк, Хаан банкны ***** тоот дансаар 400.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 490.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,
11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 05 дугаар сарын 10-аас 15-ны өдрийн хооронд хохирогч С.Э-ад "түр хугацаагаар мөнгө зээлсний хариуд өндөр хүү өгнө, зээлсэн мөнгөө буцааж өгье, түр хүлээх хэрэгтэй байна. Дахин мөнгө зээлчих" гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчоос банкны данс ашиглан 10.390.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, "Нисдэг" машин төвийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр иргэн Б.Б-ын алтан гинжийг хүзүүг боож, зэвсэг болох хутгыг ашиглаж, хүч хэрэглэн авч 6,020,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэмт хэрэгт,
2. Т.Д- нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Говийн үйлдвэрийн зам 3-58 дугаар байранд байрлах "**** тоот өрөөнд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамал, НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,1726 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй 11,6 грамм цэвэр жинтэй олсны ургамлыг П.Н- Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээснийг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн **** гэртээ НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжгай "мөс" гэх нэршилтэй 0,7034 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр П.Н-аас 500,000 төгрөгийнхөө төлбөрт хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт,
3. Д.О- нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,2806 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар П.Н-аас 230,000 төгрөгөөр худалдаж олж авсан гэмт хэрэгт,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Park view хотхоны гадна НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй 0,0610 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Г.Т-т 250,000 төгрөгөөр худалдсан гэмт хэрэгт,
2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Park view хотхоны зогсоол дээр **** улсын дугаартай “Toyota prius 41” загварын тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,2196 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт
4. Г.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс" гэх нэршилтэй 0,0610 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.О-аас 250,000 төгрөгөөр худалдаж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар,
Т.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Г.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н-ыг “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай “мөс”, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“залилах гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
“дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг, хэрэглэн” үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Д-ийг “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай "мөс", дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О-ыг “НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан, хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т-ийг НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай “мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч П.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Т.Д-, Г.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан хорих ялыг тус тус нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч П.Н-д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.О-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
шүүгдэгч Г.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр, шүүгдэгч Т.Д-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус тогтоож, Г.Т-, Т.Д- нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарлаж, шүүгдэгч П.Н-ын цагдан хоригдсон 388 /гурван зуун наян найм/ хоногийг, шүүгдэгч Т.Д-ийн цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг, шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг, шүүгдэгч Г.Т-ийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг тус тус шүүгдэгч нарын эдлэх ялд оруулан хасаж тооцож, шүүгдэгч Т.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч П.Н-, Т.Д-, Д.О-, Г.Т- нарт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч П.Н- нь гэмт хэргийн хохиролд хохирогч Д.Я-д 490,000 /дөрвөн зуун ерэн мянга/ төгрөг, хохирогч С.Э-ад 10,390,000 /арван сая гурван зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-аас 6,020,000 /зургаан сая хорин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-од олгож, хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Т.Д-, Д.О-, Г.Т- нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Н-, Д.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Д-, Г.Т- нарт авсан “хувийн баталгаа" гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч П.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Харин шүүхээс намайг зэвсэг болох хутгыг ашиглаж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед хохирогч Б.Б-той маргаан үүссэний улмаас харилцан заамдалцаад салахад хүзүүний гинж тасран гарт үлдсэн байсныг нь авч явсан үйл явдал болсон бөгөөд тухайн үед хутга, мэсний төрлийн зүйл огт хэрэглээгүй. Хохирогч Б.Б-ын гинжний төлбөр болох 6,020,000 төгрөгийг одоогоор бүрэн төлж барагдуулсан. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан хэргийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчилснийг тохирох зүйл хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Би тус эрүүгийн хэрэгт холбогдон 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд цагдан хоригдохдоо үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууд дүгнэлт хийж, их зүйлийг ухаарч ойлгон хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг багасгаж, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг хорихоос өөр төрлийн ял болгон хөнгөрүүлж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Н-ын өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. П.Н-аас 6.020.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-од олгохоор шийдвэрлэсэн. П.Н- хохирогчид 6.100.000 төгрөгийг төлж, хохиролгүй болгон уучлалт гуйсан. Хохирогч Б.Б-той холбогдоход өнөөдрийн шүүх хуралдаанд оролцоно гэж хэлж байсан боловч ирсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлж, ялыг хаалттай биш нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэг байдлаар зүйл анги , гэм буруу дээрээ маргаагүй болно. Шүүгдэгч Г.Т- нь өрх толгойлсон ганц бие эх бөгөөд 3 хүүхдийн хамт амьдардаг, өсвөр насны 1 охин, 5 настай хүү, 3 сартай нярай хөхүүл охинтойгоо амьдардаг. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шүүгдэгч Г.Т- нь түүний бага насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг гэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа Сүхбаатар дүүргийн бүс нутгаар тогтоож 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Т- нь өрх толгойлсон ганц бие хөхүүл хүүхэдтэй эх тул зорчих эрхийг хязгаарлах ялыг хүрээг тэлж Улаанбаатар хотод гэж өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч “шүүгдэгчид оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хэмжээг ихэсгэж өгөөч” гэж давж заалдах гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх Г.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан зорчих эрх хязгаарлах ялын нутаг дэвсгэрийг өөрчлөх үндэслэлгүй, зорчих эрх хязгаарлах ялын зорилгод нийцэхгүй. Шүүгдэгч П.Н- нь бусад гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг боловч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдээгүй гэж маргадаг. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд “Б.Б-ын гинжийг огт дээрэмдээгүй” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “Б.Б-ыг дээрэмдээгүй, гинжийг аваагүй” гэж маргаж оролцсон. Харин эрүүгийн хариуцлагын шатанд гинжийг авснаа хүлээн зөвшөөрсөн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Хохирогч “хутга тулгаад, миний гинжийг авч явсан” гэж мэдүүлж, мөн гэрч н.Г хутгатай байсан талаар мэдүүлсэн. Гэрч н.Ө, н.Ч, н.М нар хоорондоо зууралдаж, хэрэлдэж, маргалдаад салаад явсан. Ингэж салж явсны дараа хохирогч хутга тулгаж, гинж авч авсан талаар мэдүүлж байсан. Өөр дүүрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, сүүлд нь хэргийг нэгтгэж, хяналтын камерт үзлэг хийхэд бичлэг байгаагүй. Анхан шатны шүүх дээрх баримтуудад үндэслэж, шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял оногдуулсан. П.Н- “дэглэмийг өөрчилж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй, оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Н-, Т.Д-, Д.О-, Г.Т- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч П.Н- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос П.Н-ыг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн **тоотод НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг Метамфетамины агууламжтай, "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн **** гэртээ мөн "мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Т.Д-т 500,000 төгрөгөөр худалдсан,
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт "мөс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Д.О-т 230,000 төгрөгөөр худалдсан,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр "өвс" гэх нэршилтэй олсны ургамлыг Хан-Уул дүүргийн Номин худалдааны төвийн ойролцоох хашааны буланд 50 төгрөгийн дэвсгэртэд ороон үлдээж Т.Д-т худалдсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх П.Н-, Т.Д-, Д.О-, Г.Т- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, “...Прокуророос шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд ирүүлснийг шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул үйлдлийг нэгтгэн “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад худалдсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. ...” гэж хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг худалдаалах зорилгогүйгээр гэж, 2 дахь хэсгийг худалдаалах зорилготойгоор гэж тус тус гэмт хэргийн шинжүүдийг тодорхойлон заагласан.
Гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн бол үндсэн хэргийнхээ хэлбэрийг хангасан байхаас гадна үйлдэл, сэдэлт, санаа зорилго учруулж буй хохирол зэргээс нь хамаарч тодорхой шатлалаар хүндрүүлдэг.
Гэтэл өөр өөр сэдэлт санаа зорилгоор өөр өөр хохирол хор уршгийг учруулсан байхад нэгтгэсэн нэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн ялгаж салгахгүйгээр зүйлчилсэн нь буруу болжээ.
Тодруулбал, шүүгдэгч П.Н- нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг өөр, өөр эх сурвалжуудаас орон зай, цаг хугацааны ялгаатай нөхцөлд олж авсан, хадгалсан, худалдсан шалтгаан сэдэлт адил бус байгаа нөхцөлд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хэд, хэдэн удаа үйлдсэнд тооцож давхар зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.
Өөрөөр хэлбэл; хамгаалагдаж буй эрх ашгаас нь хамаарч гэмт хэргийн сэдэлт зорилгыг тогтоосноор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх нөхцөл бүрдэнэ.
Анхан шатны шүүх гэмт хэрэг, гэмт үйлдлийн талаарх эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг буруу тайлбарлаж, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь тус тусдаа үүсэж, өөр, өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, тус бүртээ гэмт хэргийн шинжийг хангасан хэд, хэдэн удаагийн үйлдлээр мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болон худалдаалах зорилгоор хууль бусаар бусдад худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг баримтлан үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч П.Н-, Д.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Д-, Г.Т- нарт авсан “хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч П.Н- нарын “хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэх, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлэх талаар” гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч П.Н- нь 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Б.Б-од 6,100,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1555 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч П.Н- нь хохирогч Б.Б-од 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
3. Шүүгдэгч П.Н-, Д.О- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Д-, Г.Т- нарт авсан “хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН