Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/1116

 

   

 

 

 

   2025            09             18                                        2025/ДШМ/1116                   

 

М.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч М.Ц-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ1639 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ц-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Ц-т холбогдох эрүүгийн 2502000000194 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

 

Шүүгдэгч М.Ц- нь Б.Н-тай бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 402.3 грамм хэмжээтэй олсны ургамлыг 2024 оны 09 дүгээр сарын сүүлээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах “****” дугуй түрээсийн газрын агуулах (контейнер)-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дээрх дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 1.5 грамм хэмжээтэй олсны ургамлыг Б.Н-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц-ыг ганцаараа болон бусадтай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2004 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тусгай дунд боловсролтой, хувиараа ажил эрхэлж, 3 дүүгийнхээ цаашдын ирээдүйн амьдралын төлөө ажиллаж, хөдөлмөрлөдөг. Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 3 дүүгийн хамт амьдарч байгаад 2024 онд М.Анир дүүгээ асран хамгаалж тэжээхийн тулд асрамжийн газраасаа гаран нийтийн байр түрээсэлж, ажил хийн амьдарч байх хугацаанд найз Н- өвс гэх мансууруулах бодисыг надад  авчирч өгсөн. Би өөрийн гэнэн томоогүй зангаас болж, найз нөхдийнхөө нөлөөнд автан мансууруулах бодис хэрэглэсэндээ нийгэмд болон бусдад учрах хор уршиг, хуулийг бүрэн мэдэж ойлгоогүйн улмаас ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэндээ маш ихээр харамсаж байна. Хоригдож байх хугацаанд ээжийн эгч Жаргалсүрэн миний дүү М.Анирыг харж байгаа. Эгч Жаргалсүрэн нь их чанга, ширүүн хүн байдаг учраас дүүдээ санаа зовж байна. Ээж М- архины гүн хамааралтай учраас дүү нарыг маань надаас өөр асран хамгаалах, харж хандах хүнгүй тул миний ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.Ц-ын өмгөөлөгч Н.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ц- нь эх М-, 4-17 насны 3 дүүгийн хамт амьдардаг бөгөөд өөрөө дүү нарын хамт Хүүхэд залуучуудын Сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт амьдарч байгаад 1 жилийн өмнө цогцолбороос гарч бие даан амьдрах болсон. Одоо 2 бага дүү нь дээрх цогцолборт амьдардаг ба эмэгтэй дүү нь М.Ц-тай амьдарч байгаад М.Ц-ыг хоригдсоноос хойг нагац эгчийндээ байна. М.Ц-ын ээж Б.М- нь архины хамааралтай Нийгмийн хамгааллын тусгай төвийн хяналтад байдаг. М.Ц-аас өөр ээж болон дүү нараа асран халамжилж, тэжээн тэтгэх хүнгүй болоод байна. М.Ц- нь анх удаа гэмт хэрэгт холбогдож үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн, буруугаа ойлгож байгаа. Ээж болон дүү нараа асран халамжилж, тэжээхэд нь хорих ял эдэлж байгаа байдал нь хүндрэл учруулж байгаа тул энэ байдлыг харгалзан үзэж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц-ын хувийн байдлын талаар ярьж байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хувийн байдлаас гадна гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах нь хууль ёсны зарчимд нийцнэ. М.Ц- нь бусадтай бүлэглэж, “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах хориглосон олсны ургамлыг хадгалж, олж авсан. Шүүгдэгч 2 дүүгийнхээ асаргааны талаар ярьж байна. Шүүгдэгчийн дүү нарыг  асрах байгууллага харах үүрэгтэй болохоос шүүгдэгчид хамааралгүй. Энэ төрлийн гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулдаг. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан 1 жилийн хорих ял оногдуулсан нь энэрэнгүй ёсонд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх М.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч М.Ц-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Ц- нь Б.Н-тай бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, хориглосон сэтгэцэд нөлөөт дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 402.3 грамм хэмжээтэй олсны ургамлыг 2024 оны 09 дүгээр сарын сүүлээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д байрлах **** дугуй түрээсийн газрын агуулах (контейнер)-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг,

2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай, “өвс” гэх хэрэглээний нэршилтэй, 1.5 грамм хэмжээтэй олсны ургамлыг Б.Н-аас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй Б.Н-ын өгсөн "...намайг ирэхэд ах Н-, найз Ц-ын хамт байсан. Тэр хоёр өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамлыг хэрэглэсэн. ...Намайг анх очиход л кассын машины ойролцоо байсан..." /хх 113/,

Б.Н-ын яллагдагчаар өгсөн “...надтай тэр газар ажиллаж байсан найз Ц-т өвс байгаагаа хэлээд 1-2 удаа цэвэр усны сав цоолж нүх гаргаад, тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулж өвснөөсөө бага зэргийг хийж шатаагаад утааг нь савныхаа амсар хэсгээс сорж хэрэглэсэн. Ц- сонирхож үзнэ гэхээр нь нөгөө чемодантай өвснөөсөө бага зэргийг гялгар уутанд хийгээд өгсөн. ...” /хх 125-127/,

М.Ц-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 130-132/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын Хоёрдугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6161 дүгээр дүгнэлт /хх 50-52/,

"... Шинжилгээнд ирүүлсэн “Voyage” гэсэн шошготой хуванцар сав, мөнгөлөг өнгөтэй тугалган цаас, 1000 болон 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. ...Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодис"-ын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6163 дугаар дүгнэлт /хх 57-60/,

“...Цэнхэр цагаан өнгийн гялгар уутанд хийсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйл, бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээр бохирлогдсон зиплок уут зэргээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6162 дугаар дүгнэлт /хх 64-66/,

"..."М- Ц- УО04321811" гэж хаягласан Шээснээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6159 дүгээр дүгнэлт /хх 70-72/,

М.Ц-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад ТНС илэрсэн гэх тест ашигласан тухай тэмдэглэл /хх 37-38/,

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д байрлах "Green bike" дугуй түрээсийн газрын ажилчдын байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 24-27/,

М.Ц-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 34-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн

шүүгдэгч М.Ц-ын “өвс” гэх нэршилтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч М.Ц- болон түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нар “гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба харин хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулгаар давж заалдах гомдлуудыг гаргажээ.

1. Аливаа гэмт хэрэг нь хүний аюулгүй байдал, эрх, эрх чөлөө нийгмийн аюулгүй байдал, хэв журам, эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах зэрэг нийгмийн чухал эрх ашигт халдаж хохирол учруулдаг тул Эрүүгийн хуулиар зохицуулж, хариуцлага хүлээлгэдэг.

Шүүхээс ял оноохдоо тухайн хэргийн хор аюул, хууль зөрчсөн байдлын түвшин, хэмжээ, яллагдаж буй этгээдийн засрах боломж зэргийг харгалзана.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

 

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Ц-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, төрсөн эх нь архины хамааралтай, дүү нар нь асрамжийн газар байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоож, энэ талаар гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Ц- нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 92 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч М.Ц-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарын хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаар гаргасан гомдлыг хүлээн авч, шүүгдэгч М.Ц-ыг нэн даруй суллахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ1639 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч М.Ц-т сануулсугай. ...” гэсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж тооцсугай. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч М.Ц-ыг нэн даруй сулласугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН