Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00772

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00772

 

 

Ю.Т.К. - ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183//ШШ2020/00131 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК-ийн хариуцагч Д.А т холбогдуулан автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 440 983 төгрөг гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.А тай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/2016/04/27 дугаартай автомашин лизингээр худалдан авах гэрээ байгуулж, Тоёота приус маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, 04-32 УНЭ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 1 500 000 төгрөг төлж, үлдсэн 6 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3.8 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, лизингээр худалдан авсан юм. Д.А нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг гэрээний хавсралт дахь графикийн дагуу төлөлгүй, удаа дараа хэлүүлж байсан. Гэрээ байгуулснаас хойш 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 553 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1 300 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөг, нийт 4 353 000 төгрөг төлсөн. Үүнээс автомашины үндсэн төлбөр болон хүүг суутган тооцоход автомашины үлдэгдэл төлбөр 4 688 705 төгрөг, хүү 3 171 771 төгрөг, алданги 2 580 507 төгрөг, нийт 10 440 983 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч байгууллага тухайн автомашиныг авсан гэх Б.Одбаяр гэж хүнийг огт танихгүй, хариуцагч өөрөө тухайн хүнд зарсан байх. Автомашины төлбөрийг хэний, ямар данснаас төлөх нь бидэнд хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 онд Приус-20 маркийн автомашин лизингээр урьдчилгаа 20 хувь төлж гэрээ байгуулан худалдаж авсан. 2016 оны 6 дугаар сард төлбөр графикийн дагуу төлөөгүй гээд нэхэмжлэгч автомашинаа хураан авсан. 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Б.Одбаяр гэдэг залуу төлөгдөөгүй саруудын төлбөрийг төлөөд авна гэхээр нь компанийн захирал эмэгтэй рүү яриад нягтлан бодогчид төлбөрийг нь төлүүлээд Б.Одбаяр автомашиныг аваад явсан. Гэрээг шилжүүлье гэхэд дараа болцгооё гэсэн. Хугацааг нь санахгүй байна, нэхэмжлэгч компани руу ярихад төлж байгаа гэсэн боловч хэсэг хугацааны дараа яриад Б.Одбаярыг олж өг гэсний дагуу гэрийн хаяг, дэлгүүрийн хаягийг нь зааж өгсөн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн автомашин худалдах гэрээг харахад худалдагч талыг төлөөлж Юү Ти Си ХХК гэрээ байгуулсан байна. Гэтэл Юү Ти Си ХХК-ийн хийсэн гэрээний үүргийг Ю.Т.К. - ХХК нэхэмжилж байгаа болон эдгээр компаниуд хоорондоо ямар хамааралтай болохыг ойлгохгүй байна. Иймд Ю.Т.К. - ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Б.Одбаяртай дараа нь учраа олж болох байх гэж бодоод эхнэр н.Пүрэвсүрэн 2018 оны 02 дугаар 24-ний өдөр 1 000 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үндсэндээ гэрээний харилцаа автомашиныг хурааж авснаар дуусгавар болсон гэж үзэж байгаа. Автомашин худалдаж авсан тухайд бид маргахгүй, худалдагч тал гэрээний зүйлийг хурааж аваад буцаан хүлээлгэж өгөөгүй учраас худалдах-худалдан авах хэлцэл дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А аас 7 624 057 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 816 926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182 005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А аас улсын тэмдэгтийн хураамжид 136 935 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК-д олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл давж заалдах гомдолдоо: Шүүгч үндэслэх хэсэгт зээлийн хүүг тооцоолохдоо дараах алдаа гаргасан гэж үзэж байна. Тэрээр ... нийт 2 353 000 төгрөг төлснөөс нэхэмжлэгч байгууллага 1 311 295 төгрөгийг үндсэн төлбөрт, 1 041 705 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгаж, үндсэн төлбөрийн үлдэгдлийг 4 688 705 төгрөгөөр тооцсон нь зөв ... гэсэн байтлаа дараа нь "... гэрээнд тохирсон 12 сарын хугацаагаар тооцоход нийт 2 394 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт төлж барагдуулах үүрэгтэй байна гэжээ. 2 349 000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлөх хүү гэж тооцоолсон байтлаа ... 1 041 705 төгрөгийг хүүгийн төлбөрт суутгаж ... гэснийг орхигдуулж тооцоолсон байна. Зүй нь 12 сард төлөх ёстой 2 349 000 төгрөгөөс төлсөн 1 041 705 төгрөгийг хасаж хүүгийн хэмжээг 1 307 295 төгрөгөөр тогтоох ёстой байсан гэж үзэж байна.

Шүүгч алдангийг тооцоолохдоо алдаа гаргасан гэж үзэж байна. Үндсэн зээлийн үлдэгдлийг 2 688 705 төгрөг гэсэн байтлаа алдангийг тооцохдоо үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийн нийлбэрийн 50 хувиар боджээ. Зүй нь үндсэн төлбөрийн 50 хувь буюу 1 344 353 төгрөгөөр алдангийг тооцох ёстой байсан гэж үзэж байна.

Дээрх тооцооноос харахад үндсэн төлбөр 2 688 705 төгрөг, хүүгийн төлбөр 1307295 төгрөг, алданги 1 344 353 төгрөг, нийт 5 340 353 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Дээрх үндэслэлийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК нь хариуцагч Д.А т холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 440 983 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч Д.А гэрээний үүргээс 4 353 000 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан автомашин худалдах гэрээ, ХААН банк ХХК-ийн харилцагчийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ ...Юү Ти Си ХХК-тай гэрээ байгуулсан, Ю.Т.К. - ХХК үүрэг шаардах эрхгүй, ... мөн гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлбөр төлөөгүй гээд машинаа хураан авсан ... иргэн Б.Одбаяр автомашиныг авсан учир үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлан, маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн нь гэрээний талуудын шаардах эрх, хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй, нэхэмжлэгч Ю.Т.К. - ХХК хариуцагч Д.А аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжихэд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмаар буюу уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэхийг шаардана. Хариуцагч Д.А ийн зээлээр худалдан авсан Тоёота Приус /Toyota prius/ маркийн автомашиныг иргэн Б.Одбаяр худалдан авч, тэрээр Д.А ийн өр шилжсэн гэдгийг нотлох баримт буюу Ю.Т.К. - ХХК, иргэн Б.Одбаяр нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Д.А ийн өр иргэн Б.Одбаярт шилжсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

Мөн иргэн Б.Одбаяр, түүний эхнэр Л.Энхцэцэг нар автомашины үнэ төлсөн нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлж болох заалтад нийцнэ. Дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагч Д.А ийн зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Харин шүүх тооцооллын алдаа гаргасныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд зөвтгөн өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хариуцагч Д.А нь нэхэмжлэгч компаниас Тоёото Приус маркийн автомашиныг 7 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар гэрээ байгуулахдаа 1 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 6 000 000 төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаанд гэрээгээр баталсан хуваарийн дагуу төлөх, мөн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 750 000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна. Талууд зээлийн хүү төлөх хуваарийг батлахдаа хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдлийг 5 250 000 төгрөгөөс тооцохоор, 1 жилийн хугацаанд сар бүрийн 27-ны өдөр зээлийн хүү, үндсэн зээлд нийт 552 926.62 төгрөг төлөхөөр тохирсон байна. Анхан шатны шүүх хариуцагчийн үндсэн үүргийн төлбөрийг 5 250 000 төгрөг, түүнээс хүү тооцох талаар зөв дүгнэжээ.

Хариуцагч Д.А нь гэрээний үүрэгт 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 553 000 төгрөг, 7 дугаар сарын 10-ны өдөр 1 300 000 төгрөг, 10 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдсон. Уг төлөлтийг талуудын тохирсон зээл төлөх хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлд суутган тооцвол хариуцагч нь үндсэн зээлд 2 752 410 төгрөг, алдангид 1 376 205 төгрөг, нийт 4 128 615 төгрөг төлөх үүрэгтэй байна. Тодруулбал, Д.А нь 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хуваарийн дагуу 552 926.62 төгрөг төлөх ёстой байсан. Уг үүргээ зөрчин 6 дугаар сарын 03-ны өдөр 553 000 төгрөг төлжээ. Иймээс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 36 хоногийн хүүд 239 400 /5 250 000 х 3.8 %=199 500 төгрөг : 30 хоног= 6650 төгрөг х 36 хоног/ төгрөг төлөх үүрэгтэй тул түүний төлсөн 553 000 төгрөгөөс зээлийн хүүд төлөх 239 400 төгрөгийг суутган, үлдэх 313 600 төгрөгийг зээлээс хасахад 4 936 400 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гарч байна. Уг дарааллын дагуу хариуцагчийн төлсөн төлбөрүүдийг суутган тооцвол зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 4 128 615 төгрөг төлөхөөр байх боловч тэрээр давж заалдах гомдолдоо өөрийн гүйцэтгээгүй үүргээ 5 340 353 төгрөг гэж тодорхойлон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсчээ.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын хэмжээнд нэхэмжлэлийг хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/00131 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7 624 057 /долоон сая зургаан зуун хорин дөрвөн мянга тавин долоо/ гэснийг 5 340 353 гэж, 2 816 926 гэснийг 5 100 630 гэж, 2 дахь заалтын 136 935 гэснийг 100 396 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182 005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД