| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2411 01593 0069 |
| Дугаар | 2025/ДШМ/1117 |
| Огноо | 2025-09-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/1117
2025 09 18 2025/ДШМ/1117
М.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
хохирогч М.М-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,
яллагдагч М.О-ын өмгөөлөгч Г.Өлзийхишиг,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4583 дугаар захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Нямтайвангийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаар эсэргүүцлийг үндэслэн М.О-т холбогдох эрүүгийн 2411 01593 0069 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
М.О- нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын хооронд Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо, “Орон зай” худалдааны төвд байрлах М.М-ы эзэмшлийн лангуунаас “I phone” болон “Samsung” загварын гар утаснуудыг “...“Мөнхийн буухиа” ХХК-ийн ажилчдад худалдан борлуулна, сонгуулийн сурталчилгаанд ашиглах утас хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, 1,105,600,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
мөн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Алтны орд газар байгаа, өөрийн нэр дээр гаргуулж авахын тулд мөнгө хэрэг болчихлоо” гэж хуурч 11,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5360417675 тоот дансаар,
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбай орчимд байхдаа “бусдад 500,000,000 төгрөгийн үнэтэй газрыг худалдахаар зуучилж байгаа бөгөөд урьдчилгаа 20,000,000 төгрөг өгчихвөл маргааш үлдсэн мөнгө нь тэр чигтээ орно” гэж хуурч, М.М-аас 2,000,000 төгрөгийг бэлнээр, 18,000,000 төгрөгийг Э.Баттуяагийн эзэмшлийн 5303290428 тоот дансаар,
2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “газар зарагдахаар болчихлоо” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, 1,176,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна. Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол...”-ыг нотолбол зохино гэжээ.
Тодруулбал, хохирогчоос 1.105.600.000 төгрөгийн үнэ бүхий гар утаснуудыг яллагдагчид өгсөн гэх боловч энэ үйл баримт нь хохирогчийн мэдүүлгээс өөр баримтаар давхар нотлогдохгүй байх ба зохих ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Иймд хохирогчийн мэдүүлэгт дурдсан тоогоор гар утсыг Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн эсэх, гар утас бүрд үйлдвэрлэгчээс олгогддог дахин давтагдахгүй дугаараар үүрэн телефоны операторуудаас тус гар утаснуудыг ашигласан эсэх, хэрэв тийм бол тухайн иргэдээс хэнээс худалдан авсан эсэхийг тодруулах, ингэснээр яллагдагчийн мэдүүлэгт дурдсанчлан тухайн үйлдэлд өөр хэн нэгэн хамтран оролцсон эсэхийг тогтоох шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасанчлан дээрх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай байх тул М.О-т холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Нямтайван бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүгчийн захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
М.О- нь хохирогч М.М-тай уулзах, түүнээс гар утаснуудыг авах, гар утас авах талаар харилцах үедээ ганцаараа байсан бөгөөд түүнтэй бусад этгээд хамт байгаагүй болох нь хохирогч М.М-ы мэдүүлгээр тогтоогддог ба яллагдагч М.О-ын дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр тэрээр гар утас зарсан мөнгөнүүдийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байсан болох нь тогтоогддог. Мөн гэрч Э.Б-ийн мэдүүлгээр хохирогч М.М- луу шилжүүлсэн мөнгийг М.О- нь өөрийн харилцах 5360417675 дугаарын данс руу авч байсан, гэрч Б.И-ийн мэдүүлгээр М.О- нь түүнд гар утсыг ганцаараа зардаг байсан болох нь тогтоогддог. Түүнчлэн М.О-ын мэдүүлгийг дагуу н.М гэх хүнийг олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч энэ хүний талаарх тодорхой мэдээлэл байхгүй, тухайн хүн нь Мөнхийн Буухиа гэх компанид ажилладаггүй, яллагдагч М.О-той төрөл садангийн харилцаатай хүмүүсийн дунд н.М- гэх хүн байхгүй болох нь тус тус тогтоогдсон байх тул түүнийг бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд М.О- нь хохирогч М.М-ы эд хөрөнгүүдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж өөртөө шилжүүлэн авах үйлдлийг хийхдээ ганцаараа байсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон.
Харин яллагдагч М.О- нь М гэх хүнд М.М-аас авсан гар утаснуудыг дамжуулж худалддаг байсан бөгөөд тухайн хүнээс худалдсан гар утасны мөнгөө авч чадаагүй гэх мэдүүлгийг өгсөн байна. Дээрхээс үзвэл М.О- нь гэмт хэрэг үйлдэхдээ н.М- гэгчтэй бүлэглэж, хамтран үйлдсэн буюу М.М-аас эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэн авах үйлдлийг хамтран төлөвлөж, боловсруулсан, өөр өөрсдийн үүргийг хуваарилсан гэх үйл баримт тогтоогдохгүй бөгөөд гагцхүү М.О-ын М.М-аас гар утаснуудыг нь шилжүүлэн авахдаа өөрийн ажилладаггүй, харилцаа хамааралгүй компани болох Мөнхийн буухиа ХХК-д худалдах гэж байгаа гэсэн зохиомол байдлыг зориудаар бий бОЛГОН, төөрөгдөлд оруулж авсан үйлдэлд нь л хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Харин М.О- нь н.М- гэгчээс мөнгөө авч чадаагүй байгаа эсхүл залилуулсан бол эрүүгийн 2411015930069 дугаартай хэргээс тусдаа бие даасан гомдол гаргах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой юм. Дээрхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтооход зөвхөн хохирогчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй гэх боловч М.О-ын харилцах данснуудад хийсэн үзлэгээр хохирлын дүнтэй ойролцоо орлого, зарлагын гүйлгээ хийсэн байх ба гэрч Б.Ичинхорлоогийн мэдүүлгээр олон тооны гар утсыг М.О-оос авч байсан болох нь тус тус тогтоогдсон тул нотлох баримтууд хоорондын харилцан хамаарлаар хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх нь үндэслэлтэй байна. Мөн 1,016 ширхэг гар утас бүрийн имей код нь хохирогчид байхгүй ба тухайн гар утаснууд одоо ч бүгд ашиглагдаж байгаа эсэх нь тодорхойгүй, эвдэрсэн, хулгайд алдагдсан, гээгдсэн, ашиглагдах боломжгүй болсон зэрэг техникийн нөхцөл байдлаас шалтгаалан бүх гар утасны одоо ашиглаж байгаа эзэмшигчийг тогтоох нь бодит байдалд боломжгүй тул шүүгчийн энэхүү захирамж нь биелэгдэх боломжгүй байна. Харин өөр төрлийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн бодитойгоор тогтоох боломжтой юм. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4583 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа бүрэн биелэгдэх боломжгүй. Гаалийн Ерөнхий газраас холбогдох баримтуудыг авах боломжтой. Гэхдээ хохирогч ямар имей дугаартай гар утсыг яллагдагчид өгсөн болох нь нотлогдохгүй, гар утасны имей кодоор хохирогч тус бүрийг тогтоох боломжгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч М.О-ын өмгөөлөгч Г.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч М.О-ыг хохирогчоос 1.016 ширхэг гар утас авсан гэж яллах дүгнэлт үйлдэж, 1.000.000.000 гаруй төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Хохирогчийн гаргаж өгсөн баримтын хүрээнд гар утасны тоо, хохирлыг гаргасан боловч гар утас өгч, авч байсан баримт байдаггүй. Хэрэгт имей код байхгүй биш байгаа. М.М- өөр хүнээр заруулсан гар утсаа энд нэмсэн эсэхийг, гаалиар яг тухайн үед утас орж ирсэн эсэхийг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлох ёстой гэж үзэж байна. Прокурор “гэрчийн мэдүүлэг болон М.О-ын харилцах данснуудад хийсэн үзлэгээр хохирлын дүнтэй ойролцоо орлого, зарлагын гүйлгээ байна” гэж эсэргүүцэлдээ бичсэн байна. Прокурор хэргийн талаарх бодит байдлыг тогтоогоогүй байж, таамаглалд үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч М.М-ы өмгөөлөгч Б.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Хэрэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, имей код зэрэг хохирол төлбөртэй холбоотой хангалттай баримтууд авагдсан байхад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Яллагдагч “н.М-, н.Майхант гэдэг хүмүүс энэ хэрэгт холбоотой” гэж шүүхийн практикт байдаг залилагч нарын чулуу хөөлгөх аргыг ашиглаж байхад яллагдагчийн үгээр хэрэгт хамааралгүй, хохирогчоос ирж мөнгө, утас аваагүй хүмүүсийг шалгах шаардлагагүй гэж үзэж байна. М.О- цаашаа н.М-д утсаа өгч алдсан бол цагдаад гомдол гаргаж, эсхүл иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй. Энэ бол тусдаа асуудал. н.Майхан гэдэг хүн ирж уулзсан, зургийг нь авсан байна гэж ярьдаг. Хохирогч мөнгөө нэхэхээр н.М-, н.Майхант нарыг ярьж, уулзуулах зэргээр залилах үйлдэл хийж байгаа болохоос энэ хүмүүс хэрэгт хамааралгүй. Яллагдагч хохирол төлбөрийг төлж барагдуулах талаар ярьдаг боловч одоог хүртэл хохирлоос төлөөгүй. Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч М.М- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн боловч нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд шүүх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийх боломжтой, түүнчлэн прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд зааснаар эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох боломжтой бөгөөд уг байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн М.О-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЗ/4583 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН