| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2309000002640 |
| Дугаар | 2025/ДШМ/1066 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | Г.Бат-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1066
2025 09 09 2025/ДШМ/1066
Б.О, М.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Б,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т, түүний өмгөөлөгч Э.Ш,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч М.Б, Ц.Б, Ө.У,
шүүгдэгч М.Гантулга, түүний өмгөөлөгч Ж.Б, Д.Г,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1640 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Б, Ц.Б, Ө.У нарын хамтран гаргасан, шүүгдэгч М.Г-н өмгөөлөгч Д.Г-ын гаргасан тус тус давж заалдах гомдлуудаар Б.О, М.Г нарт холбогдох эрүүгийн 2309000002640 дугаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.О, М.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо, ...... зуслангийн задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.А-той маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.О, М.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.О, М.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г-ыг 13 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.О-ыг 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Б.О нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Б.О нарын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 279 хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Г-аас 7,663,565 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т нь цалин хөлс, олох ёстой байсан орлого, сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.О, М.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ц.Б, М.Б, Ө.У нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...Шүүгдэгч М.Г, Б.О нар нь амь хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодсон үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Иймд шүүгдэгч М.Г, Б.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад “Бүлэглэж хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. ...” гэсэн үндэслэлгүй дүгнэлтийг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлүүд тогтоогдож байна гэж өмгөөлөгч нарын хувьд үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу шүүгдэгч Б.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргаж байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, мөн 2.3 дахь заалтад “...шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ...-ийг няцаан үгүйсгэсэн үндэслэл...”-ийг заавал дүгнэх учиртай. Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор зохицуулсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд шүүгдэгч М.Г, Б.О нар нь амь хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодсон үйлдэл болон хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул гэх байдлаар ерөнхийлсөн дүгнэлтийг хийж үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тогтвортой мэдүүлэг өгдөг бөгөөд “...баруун гараараа зүүн тал руу нь мангасдахад цаашаа суусан, суух үед нь нэг удаа жийсэн ...” гэдэг. Б.О-ын энэхүү үйлдэл хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоогүй гэх байдлаар шүүгдэгч Б.О, өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлт тайлбараа гаргасан. Гэтэл энэхүү шүүгдэгч Б.О-ын үйлдэл нь хохирогчийн үхэлтэй ямар учраас шалтгаант холбоотой байгаа талаар няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн шийдвэрт заагаагүй. Шүүхийн шийдвэртээ гэрч О.А-ын 3 удаагийн мэдүүлэг, гэрч Г.Ү-ийн 3 удаагийн мэдүүлэг, гэрч Г.А-ийн 3 удаагийн мэдүүлэг, гэрч Б.А-ийн 3 удаагийн мэдүүлгийн хэсгүүдээс дурдаад нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч нарын удаа дараагийн цохих, өшиглөх үйлдлийн улмаас амь хохирогчийн биед Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023.12.01-ний өдрийн 2998 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл учирч, амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэдэг. Гэтэл гэрч О.А 3 удаагийн мэдүүлэгтээ хохирогчийг М.Г зодсон гэж мэдүүлдэг, гэрч Г.Ү нь 2023.11.12-ны өдрийн эхний мэдүүлэгтээ “...нэг нь талийгаачийн нүүрэн дээр нь дэвсэх шиг болсон. Би яг хэн нь дэвссэн гэдгийг тус өрөө харанхуй байсан тул сайн харж чадаагүй, хараагүй” гэж, 2023.11.15-ны өдрийн хоёр дахь мэдүүлэгтээ шүүгдэгч нар аль аль нь зодсон гэж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн биед Б.О халдсан талаар хараагүй гэдгээ хэлж, М.Г халдсан талаар харсан зүйлээ мэдүүлдэг, гэрч Г.А мөрдөн байцаалтын явцад өгсөн 2 мэдүүлэгтээ шүүгдэгч нар нь хохирогчийг зодсон талаар мэдүүлдэг боловч шүүхийн шатанд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тулгаж хөтөлж мэдүүлэг авсан” гэх нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.О нь талийгаачийг цохисныг хараагүй, өшиглөхийг харсан. Орон дээр хэвтэж байхад нь дэвссэн” гэж мэдүүлдэг. Гэрч Б.А нь мөрдөн байцаалтын явцад өгсөн 2 мэдүүлэгтээ шүүгдэгч нар аль аль нь хохирогчийг зодсон гэж, шүүхийн хэлэлцүүлэгт О нь алгадсан, гэхдээ хохирогчид гэмтэл байгаагүй, О дэвссэн өшиглөсөн талаар мэдэхгүй гэж тус тус мэдүүлэг өгдөг. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд Б.О-ын үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэхэд эргэлзээ үүсэж байгаа болно. Өмгөөлөгчийн хувьд хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийхэд, Б.О нь хохирогчид гараараа нэг удаа, хөлөөрөө нэг удаа халдсан гэж үзэхээр байгаа бөгөөд Б.О-ын хохирогчид гараараа халдсан буюу өөрийнх нь мэдүүлснээр мангасдсан гэх, гэрч Б.А-ийн харснаар алгадсан гэх нэг удаагийн үйлдлийн улмаас гэмтэл үүсээгүй болох нь гэрч Б.А-ийн мэдүүлгээр тогтоогддог. Б.О-ын хохирогчид хөлөөрөө нэг удаа халдсан үйлдлийн талаар зөвхөн гэрч Г.А мэдүүлдэг бөгөөд ингэхдээ “орон дээр хэвтэж байхад нь дэвссэн” гэж мэдүүлдэг. Орон дээр хэвтэж байхад нь дэвссэн үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой үхэлд хүргэх гэмтэл үүсгэсэн байж болох эсэх талаар дүгнэлт хийхэд эргэлзээтэй байгаа болно. Өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэн дүгнэлтээ шүүхэд гаргасан ч энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Түүнчлэн шүүгдэгч М.Гнь шүүхийн хэлэлцүүлэгт “Хохирогчийг Б.О нь алгадаж, өшиглөхөд би хажууд нь байсан. Толгойны гэмтэл үүсээгүй” гэж мэдүүлсээр атал энэхүү мэдүүлэгт дүгнэлт хийгээгүй. Иймд дээр дурдсан бүхий л нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1640 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу шүүгдэгч Б.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжин оролцож байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ө.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ц.Б өмгөөлөгчийн хэлсэн тайлбар дээр нэмж хэлэхэд миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, объектив талын аль нэг шинж нь үгүйсгэгдэж байгаа тул цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулан хэлэхэд гэрч Г.А эхний мэдүүлэгтээ намайг өшиглөсөн гэж мэдүүлдэг. Дараагийн мэдүүлэгт М.Г-ыг өшиглөсөн гэдэг. Бусад гэрчүүдийн мэдүүлгээс харахад бүх гэрчүүд мэдүүлэг өгсний дараа байцаагчийн асуултад Б.А бид хоёрыг гадаа байсан гэдгийг нотолдог. Гэтэл Г.А ганцаараа намайг байшингийн үүдэнд өшиглөсөн гэж мэдүүлсэн. Хоёр дахь мэдүүлгээ өгөхдөө “…би эхний мэдүүлгээ өгөхдөө сандарсан байсан. Одоо үнэн зөв өгье...” гэж мэдүүлдэг. Бусад гэрч нарын өгсөн мэдүүлгээс харахад бүгд гадаа намайг Б.А-тай хамт байсан гэж мэдүүлдэг. ...” гэв.
Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь хэргийн материалаас харахад гэмт хэрэг үйлдээгүй болох нь хангалттай тогтоогдоогүй бөгөөд нотлох баримтууд болон гэрчүүдийнх нь мэдүүлгээс харахад амь хохирогчийг яллагдагч Б.О-ыг зодож, толгой дээр нь дэвсэлж байхыг харсан талаар туйлын тодорхой мэдүүлсэн байдаг. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэх гэмтэл нь тархины битүү гэмтэл авсны улмаас буюу тархины дагз хэсэгт гэмтэл авснаас нас барсан болох нь нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч М.Г нь амь хохирогчийн нүүр хэсэгт нь алгадсан гэх үйл баримт хэрэгт авагдсан боловч дээрх үхэлд хүргэх гэмтэл авсан гэх толгойн ар хэсэг дагзанд зодож цохисон асуудал тогтоогдоогүй байна. Харин яллагдагч О-ын талаар А болон бусад гэрчүүд мэдүүлэхдээ “амь хохирогч А-ыг О цамцнынх нь ар хэсгээр барьж байгаад шатны доод ирмэг хэсэгт очоод цамцнаас нь барьж байгаад газар руу түлхтэл А газар унаад босч ирээд цааш галлагааны өрөө рүү явтал О түүний араас нь явсан. Тэгтэл А явж байгаад галлагааны өрөөнд өөрөө унасан чинь О араас нь очоод толгой дээр нь нэг удаа хөлөөрөө дэвсчихсэн юм. ...Тэгтэл А-ийн хамарнаас цус гарсан байсан. ...Г, А хоёр А-г өргөөд орон дээр гаргаж унтуулсан” гэж мэдүүлжээ. Дээрхээс үзэхэд, Г-ын амь хохирогч А-ыг цохисон гэх үйл баримт нь О-ын шатнаас түлхэн унагааж толгой дээр нь хөлөөрөө дэвсэлсэн үйл баримтын хооронд ямар ч нэгдмэл чанар байхгүй бөгөөд цаг хугацааны хувьд дараалалсан байдалтай байна. Амь хохирогч нь ар дагз хэсэгтээ гэмтэл авсны улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог бөгөөд Г нь нүүр хэсэгт нь алгадсан гэх бөгөөд энэ үйлдлээс болж амь хохирогч нь ямар нэгэн мохоо зүйл мөргөсөн унасан зүйл тогтоогдоогүй байна. Амь хохирогч А-ыг О цамцных нь ар хэсгээр барьж байгаад шатны доод ирмэг хэсэгт гараад газар руу түлхтэл амь хохирогч газар унасан. Амь хохирогч нь явж байгаад галлагааны өрөөнд өөрөө унасан бөгөөд О араас нь очоод толгой дээр нь нэг удаа хөлөөрөө дэвсэлсэн, тэгэхэд амь хохирогчийн толгойноос цус гарсан гэх. Ингэж дэвсүүлснээс хойш амь хохирогч нь дахиж босч ирээгүй бөгөөд цуг байсан хүмүүс согтчихсон байна гээд Г, А нар өргөж орон дээр гаргасан, дахиж босч ирэлгүйгээр нас барсан байдаг. Улсын яллагч болон анхан шатны шүүхийн бүлэглэсэн, үйлдлээрээ нэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэдийгээр нэг байшинд болж буй үйл баримт боловч үйлдлийн хувьд тусдаа бие даасан, дараалсан шинжтэй байдаг. Үхэлд хүргэсэн гэмтэл нь тархины гэмтэл байдаг. Хоёр шүүгдэгчийн хэн нь уг гэмтлийг учруулсан, ямар цохилтын улмаас амь хохирогч үхэлд хүрсэн гэдгийг нарийвчлан тогтоогоогүй. Мэдүүлгийн хувьд нэг гэрчийн мэдүүлэг хоёр янзаар авагдсан байдаг. Хэргийг дутуу шалгасан гэж үзэж байгаа. Гэрч О.А “гаднаас орж ирээд надтай хамт амь хохирогчийг өргөөд дээшээ аваад явсан...” гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, О.А амь хохирогчоос салаагүй байж байгаад буцаагаад дээшээ М.Г-тай өргөөд явсан байдаг. Үүгээр дэвссэн, дээрээс нь цохисон гэх мэдүүлгүүд үгүйсгэгддэг. Иймд бүлэглэсэн шинж байхгүйгээс гадна М.Г-ын үйлдэл, оролцоо хангалттай тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Г-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г өмгөөлөгчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Гэрч нарын эхний өгсөн мэдүүлэг, дараагийн өгсөн мэдүүлэг хоёр өөр хоорондоо ялгаатай байдаг. Жишээлбэл, гэрч Г.А эхлээд Б.О-ыг цохисон гэж мэдүүлдэг бол, хоёр дахь мэдүүлгээс эхлэн М.Г толгой руу өшиглөсөн гэх эргэлзээтэй мэдүүлгүүдийг өгдөг. Анхан шатны шүүх эдгээр байдлыг тогтоох шаардлагатай байсан. Иймд шүүгдэгчид ашигтайгаар буюу М.Г-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр сууриа дэмжиж оролцож байна. Үхэлд хүргэх нэг гэмтлийг 2 хүн зэрэг учруулах боломжгүй. ...” гэв.
Шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан гарсан шалтгаан талийгаач архи асгаснаас болж Б.О “…Би чиний асгасан архийг арчих гэж ирээгүй шүү ...” гэж маргалдаж, зодоон эхэлсэн. Миний хувьд тухайн үед байгаагүй. Хажуу өрөөнд унтах гээд орчихсон байсан. Би сүүлд хойд өрөөнөөс гарч ирсэн. Тухайн үед талийгаач чанга, чанга дуугараад орилоод байхаар нь би очоод “...чи жоохон зөөлөн бай л даа…” гэж хэлээд баруун гараараа нэг алгадсан. Би уучлалт гуйгаад, эргэж тойроод сууж байтал дахин Б.О талийгаачтай зодолдсон. Б.О гадаа гарахаасаа өмнө талийгаачтай 2-3 удаа дотор маргалдаж, зодолдсон байдаг. Тухайн үед би хүч нэмэгдүүлж, гар хөлийг нь барьж, нэмж зодсон үйлдэл огт байхгүй. Бүлэглэсэн гэдэг дээр огт санал нийлэхгүй байгаа. Хоёрдугаарт, Ц.Б өмгөөлөгч О.А-ны өгсөн мэдүүлгийг ярьж байна. Хэргийн бусад гэрчүүд О.А-ыг согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан талаар мэдүүлдэг. О.А ч өөрөө “...би сайн санахгүй байна ...” гэж мэдүүлдэг. Иймд О.А-ны мэдүүлгийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хоёр шүүгдэгч яг хэнийх нь цохилтоос болж хохирогч нас барсныг тогтоогоогүйд гомдолтой байна гэж байна. Шүүх эмнэлэг мохоо зүйлийн үйлчлэлээс буюу хөлөөр өшиглөх зэрэг үйлдлээс шалтгаалан миний хүүг нас барсан гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ын өмгөөлөгч Э.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнд шударгаар ял оногдуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилготой гэж заасан. Энэ зорилтын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хэргийн материалд шүүгдэгч Б.О талийгаач Т.А-ыг зодох үед М.Г нь салгах гэж оролдсон гэх нөхцөл байдал байдаггүй. Харин Б.О нь талийгаачийг зодох үед М.Г хажуугаас орж ирж, зодсон нөхцөл байдал тогтоогддог. Тухайн хэрэг үйлдэгдэх үед хэд, хэдэн гэрчүүд байсан. Эдгээр гэрчүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2-3 удаа, шүүхийн хэлэлцүүлэг дээр мөн мэдүүлэг өгсөн. Гэрч нар нь шүүгдэгч М.О, М.Г нар талийгаачийг хаана, хэрхэн, ямар байдалтай цохиж зодсон талаар тодорхой мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн шөнө хэргийн газарт амь хохирогчоос гадна 8 хүн байснаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэх боломжтой Г.А, О.А, Б.А, н.Ч, Г.Ү, н.Б гэх нэр бүхий 6 хүн байсан. Үүнээс зодооныг нүдээр хараагүй н.Б, н.Ч нар юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн Г.А, О.А, Б.А, Г.Ү гэх 4 хүний мэдүүлгийг хэргийн гол ач холбогдолтой нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийсэн. Гэрч нарны анхны өгсөн мэдүүлгүүд болсон асуудлын талаар тодорхой зааж мэдүүлдэггүй. Харин хаана очсон, хэн хэн байсан, хэн хэнтэй маргалдаж муудсан гэх бусад асуудлыг мэдүүлэгтээ дурдсан байдаг. Зодооны талаар мэдүүлэгтээ хэн нь дэвссэн, цохисон талаар мэдүүлдэггүй. Харанхуй байсан тул сайн хараагүй талаар мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдэгдсэний дараагаар буюу өглөө нь шүүгдэгч нар нь гэрч нарт “...зодоон болоогүй шүү, нэгнийгээ шоронд хийх юм болов оо...” гэх ярианаас үүдэлтэй, болсон асуудлын талаар мэдэх зүйлийг дэлгэрэнгүй мэдүүлээгүй. Тухайн мэдүүлгүүд нь ач холбогдол багатай учраас гэрч нарын анхны өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, дүгнээгүй. Харин гэрч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр дахь удаа мэдүүлэг өгөхдөө өөрсдийн мэдэх, харсан зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлж эхэлсэн тул тухайн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, дүгнэсэн. Мэдүүлгүүдээс дурдахад гэрч О.А “...шүүгдэгч М.Г гараараа талийгаачийн толгой хэсэг рүү цохисон, бусад зүйлийг хараагүй, сайн санахгүй байна...” гэдэг. Гэрч Г.Ү “...шүүгдэгч Б.О нь талийгаачийн нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон. Үүний дараа удалгүй шүүгдэгч М.Г нь талийгаачийн зүүн хацар луу алгадсан. Дахин маргалдаж Б.О нь талийгаачийн нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсэн. Г.А-ийн мэдүүлэгт “...шүүгдэгч Б.О нь талийгаачийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. М.Г ирээд талийгаачийн нүүр, толгой хэсэг рүү цохисон. Талийгаач газар шалан дээрээ унах үед Б.О талийгаачийн толгой хэсэг рүү өшиглөсөн. М.Г талийгаачийг заамдсан байдалтай байх үед Б.О нь талийгаачийн толгой хэсэг рүү нэг удаа цохисон, гараад ороод ирэх үед М.Г нь талийгаачийн толгой дээр нь хөлөөрөө дэвсэж байсан...” гэж мэдүүлдэг. Гэрч Б.А-ийн мэдүүлэгт “...Б.О нь талийгаачийн нүүр лүү нэг удаа цохиход, М.Г нь гарч ирээд талийгаачийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Үүнээс хойш дахин маргалдаж Б.О талийгаачийг хэд хэдэн удаа гараараа цохисон. М.Г нь мөн дахин цохисон. Б.О-ыг гадаа байх үед түжигнэх чимээ гарч байсан...” гэж мэдүүлдэг. Мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч нарын хэн аль нь талийгаачийн нүүр, толгой хэсэгт цохих, өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдсан нь тогтоогдсон. Тус үйлдлийг хийхдээ үйлдлээрээ санаатай нэгдэн, гэмт хэргийг хамтран үйлдсэн. Амь хохирогч нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлийн улмаас тархины битүү гэмтэл авч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан болох нь тогтоогдсон. Шинжээч эмчийн дүгнэлтээр гар болон хөлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой гэж үзсэн. Толгойд олон удаагийн хүч үйлчилсэн. Яг аль хүчний улмаас, хэний цохилтын улмаас үхэлд хүргэх гэмтэл бий болсныг нарийвчлан тогтоох боломжгүй гэх мэдүүлгийг өгсөн. Дээрх үйлдлүүдээр шүүгдэгч нар нь амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн гэмтлийг учруулахдаа аль, аль нь нүүр толгой хэсэгт нь цохих, өшиглөх, дэвсэх үйлдлүүдийг хийсэн. Энэ үйлдлүүд нь амь хохирогчийн нас барсантай шалтгаант холбоотой байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Б, Ц.Б, Ө.У нарын хамтран гаргасан, шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Г-ын гаргасан тус тус давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.О, М.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө ........ дүүргийн ..... дугаар хороо, ........ зуслангийн задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.А-той маргалдаж, нүүр, толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т-ын “...Талийгаач Б.А нь миний төрсөн хүүхэд. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд 2023 оны 8 дугаар сард талийгаач хүү маань ..... аймагт гэртээ ирсэн. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын эхэн үед надтай утсаар ярьж байсан. Би тэр үед тухтай ярьж чадаагүй юм. ...А нь миний төрсөн ах О-ийн төрсөн хүүхэд. ..... хотод хамт нэг ангид сурч байсан, бусад хүүхдүүдийг танихгүй, харвал таньж магадгүй. Дээрх хүүхдүүд нь талийгаачийн арван жилийн нэг ангийн найзууд байх. Төрсөн хүү Т.А нь надад хэлэхдээ “...арван жилийнхээ ангийн хүүхдүүдтэй хамт салхинд гарна гээд дулаан хувцас аваад явсан...” гэж хэлсэн. ...” /1хх 77-78/,
гэрч О.А-ын “...Талийгаач нь М.Г-тай маргалдаад бие биеэ цохиж байсан. Тэгээд Ч бид хоёр тэр хоёрыг салгасан. ...Тэр байшингийн 2 давхарт М.Г, Т.А нар дахиад хоорондоо муудалцаад байх шиг байсан, яг сайн санахгүй байна. ...Бөөнөөрөө ширээн дээр сууцгааж байхад Т.А байхгүй байхаар нь би хайгаад 2 давхар луу гарахад тэнд унтаж байсан. ...Тэгээд би өөдөөсөө харуулж тэврээд доошоо буулгаж байхад М.Г урдаас бие засах гэж байхдаа ирээд дийлэхгүй байгаа юм уу гэж хэлээд цуг өргөөд цаашаа жижиг өрөөнд оруулаад Б-н хажуугаар хэвтүүлсэн. Тэгээд бид бөөнөөрөө сууж байгаад нэг нэгээрээ явж унтацгаасан. ...Талийгчийг Б.О дуудах гээд хөлөөс нь татаад Б.О хөл нь аймаар чанга байна гээд хэлж байсан. Талийгч зүүн мөрөө дараад унтчихсан байсан. Нааш нь татаж дээш нь харуулахад нүүр нь саарал болчихсон байсан тул айгаад цагдаа дуудсан.
...Том өрөөнд сууж байхад юунаас болж гэдгээ мэдэхгүй байна, Т.А, М.Г нар хоорондоо маргалдаад бие биеэ цохиод байсан. Тэгээд сүүлд нь 2 давхарт байхдаа энэ 2 бас дахиад муудалцаад байх шиг байсан. ...Би маргалдсан шалтгааныг нь мэдэхгүй байна. Тэр 2 бие биеийнхээ нүүр лүү цохиод байсан. М.Г бол зүгээр байсан, Т.А-ын зүүн нүд, шанаа орчимд цус болсон байсан. 2 давхарт М.Г, талийгч Т.А нар муудалцаад байх шиг байсан. Яагаад муудалцсан талаар нь мэдэхгүй байна. ...Би амь хохирогчийг 2 давхраас буулгаж байхдаа унагаагаагүй, цохиогүй. ...Тухайн өдөр ...М.Г нь талийгаачтай маргалдаад түүнтэй гараараа цохилцоод зодолдож байсан. Тэгэхээр нь би Ч-ийн хамтаар очоод салгасан ба дараа нь юу болсон талаар би сайн мэдэхгүй байна, их согтуу байсан. ...Эхлээд би анзаараагүй ба хэсэг хугацааны дараа дахин маргаан гараад зодоон болоод байх шиг байсан. Харин хэн зодолдоод байгааг мэдээгүй ба би байшингийн 2 дугаар давхарт гараад үзэхэд талийгаач нь орон дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би талийгчид хандан энд хүйтэн байна, доошоо бууж унт гэж хэлсэн. Тэгэхэд талийгчийн нүд, шанаа нь цус болсон гэмтэлтэй байсан. ...” /1хх 86-87, 88-89, 90-91/,
гэрч Г.Ү-ийн “... Бидний байсан байшингийн өрөө нь дундаа шилгүй, дөрвөлжин цонхтой байсан. Би сууж байхдаа тэр цонхоор харахад талийгаач Т.А хэн нэгэнтэй нь заамдалцсан харагдсан. Яг энэ үед нэг нь орилсон. Тэгээд очтол М.Г, Б.О хоёр талийгаачийн хэвтэж байсан орны өмнө зогсож байсан. Тэгтэл яг нэг нь талийгаачийн нүүрэн дээр нь дэвсэх шиг болсон. Би яг хэн нь дэвссэн гэдгийг тус өрөө харанхуй байсан тул сайн харж чадаагүй, хараагүй. ...Өглөө М.Г гадаа унасан байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд А бид хоёр гаднаас сугадаж оруулж ирсэн гэж хоорондоо ярьж байсан. ...Яг нүүрэн дээр нь дэвсэх шиг болсон. Талийгаач дээшээ харсан байсан. Би том өрөөнөөс очсон, уг өрөө харанхуй байсан, гэхдээ коридорын гэрэл туссан бүдэг гэрэлтэй байсан. ...Нэг давхартаа хоёр өрөө хаалгагүй байсан. Бид цаана байсан жижиг өрөөний 3 орон дээр хуваагдаж унтсан. ...М.Г “за бүгдээрээ нэгнийгээ шоронд хийх юм болно шүү, хэн нэгэн маргалдсан талаар огт ярьж болохгүй шүү” гэж хэлсэн. Би тэр үед их айсан байсан болохоор яг тэр үгний утгыг сайн ойлгоогүй, энд болсон маргааныг л ярьж болохгүй шүү гэж ойлгосон. А бид хоёр айгаад бид хоёр явчихъя гэж гуйж байгаад цүнхээ аваад гараад явсан. ...Талийгаачийг орон дээр хэвтэж байхад нь хэн нэгэн нь дэвссэн. Түүнээс хойш талийгаач босож явсан болон гадагшаа гараагүй, босоогүй. Тэгээд бүгд унтсан. ...Нэг эрэгтэй нь талийгаач Т.А-ыг “наадахаа босгож нүүр гарыг нь угаалга, нүүр нь цус болсон унтаж байна лээ” гэж ярьж байхыг бол хальт сонссон. ...Талийгаач Б-тай цуг нэг орон дээр унтсан байсан. Өглөө намайг босоход хамт байсан, шөнө мөн А-ийг гаргаж өгөхөд бас хамт унтаж байсан. ...Тухайн үед ...талийгаач нь гартаа барьсан байсан архиа шалан дээр асгаад байсан. Тэгэхэд Б.О нь талийгаачид хандан “чи шал арчиж байхад” гэсэн утгатай зүйл ярьж байх шиг байсан. Тэгээд маргаан гарч Б.О нь талийгаачийн нүүр хэсэг рүү гараараа нэгээс хоёр удаа цохисон. Тэр асуудал гайгүй болсон ба тухайн үед талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд эргээд бид хэд дахиад сандал буйдан хэсэгт тойроод сууж байхад М.Г нь орон дээр хэвтэж байснаа ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд очоод талийгаачийн зүүн хацар луу нь гараараа нэг удаа алгадсан. ...Тэгээд эргээд бид хэд тойрч суугаад ууж байсан чинь маргаан гарч эхэлсэн ба Б.О нь талийгаачийн нүүр хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл А босоод хувцсаа өмсөөд явлаа гэж хэлэхээр нь би түүнийг аргадсан чинь Б.О тэр хоёр байшингаас гараад явсан. ...Тэгээд байж байтал А нь гал тогооны хэсэгт уйлаад байхаар нь би очоод түүнийг аргадаад том өрөөний буланд түүнийг аргадсан. Тэгтэл М.Г ирээд бид хоёрыг тэврээд А-аас уучлалт гуйгаад, ахиж ийм зүйл болохгүй гэж хэлсэн. ...Эхлээд зодуулахдаа биедээ гэмтэл аваагүй юм шиг байсан. ...Харин өглөө бол М.Г хамгийн сүүлд боссон ба бидэнд хандан хэлэхдээ талийгаачийн нүүрийг угаагаарай, цус болсон, үүдэнд байхад нь оруулж ирсэн гэж хэлсэн. ...Тэгтэл А уйлаад эхэлсэн чинь М.Г нь А-г “яв яв, зодоон болоогүй шүү дээ, нэгнийгээ шоронд хийх юм болов” гэж хэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэсэн чинь М.Г нь байж бай, ядаж нэг эмэгтэй нь байвал цагдаа ирээд мэдүүлэг авахад олон эрчүүд зодолдоод нэгнийгээ алсан гэж бодно шүү дээ гээд байсан. ...А нь надад хэлэхдээ М.Г нь талийгаачийг үүдний пийшин байсан хэсэгт толгой дээр нь дэвсээд байхаар нь би айсандаа уйлсан гэж хэлсэн ба үүнийг нь М.Г хараад биднээс уучлалт гуйсан гэж хэлсэн. ...Талийгаач нь ямар учраас гартаа барьсан архийг асгаад байсныг мэдэхгүй байна. ...Эхлээд тухайн байшинд ирэхдээ замдаа М.Г, талийгаач хоёр такси барьсан гэсэн, тэгээд үл ялих зүйлээс буюу М.Г нь юм ярьж байсан чинь талийгаач “дуугүй бай” гэсэн чинь М.Г гомдсон гэж өөрсдөө ярьж байсан. ...М.Г талийгаачийг дэвсэж байхыг А хараад уйлсан. Тэгэхээр нь би очиж аргадсан. Харин Б.О, А нар гадаа байсан. ...Эхлээд Б.О нь талийгаачийн толгой руу өшиглөөд зодсон. Түүний дараа удалгүй М.Г нь талийгаачийг үүдний өрөөнд толгой руу нь дэвсэж зодсон асуудал үүссэн. ...” /1хх 93-96, 98/,
гэрч Г.А-ийн “...А-ыг Б.О дээр дурдсанаар шатнаас бууж ирээд 1 удаа түлхэж газарт унагаагаад, мөн араас нь гал тогооны өрөө орчим очоод 1 удаа хөлөөрөө толгойд нь дэвсчихсэн. Б.О, А хоёрыг 2 давхарт байхад харин ямар үйл явдал болсныг мэдэхгүй байна. ...Галлагааны өрөөний зуухны ховилтой хэсгийн хажууд үүдний хэсгийн шалан дээр унасны дараа О араас нь очоод баруун хөлөөрөө 1 удаа дэвсчихсэн. Тэр үед хамраас нь цус гарсан байсан, толгойноос нь цус гараагүй, анзаараагүй. ...Талийгаачийг өглөө дуудахад цамцны ард хэсэг нуруун дээрээ гарын алганы хэмжээтэй газарт цус болчихсон байсан. О-ыг талийгаачийн толгой дээр дэвсэж байхад нь би уйлаад болиоч гэж хэлээд цаашаа зочны өрөөний мухрын буйдан дээр очоод сууж байсан. Тэгтэл талийгаач дамжлуулаад ирсэн. Тэгж дамжлуулж ирэхдээ толгой нь норсон, мөн толгойноос нь цус гарсан эсэх нь мэдэгдээгүй. Өглөө сэрсний дараа талийгаачийг дуудахад цамц нь цус болчихсон, цамц нь болон толгой нь норсон байсныг нь хараагүй, учир нь би дөхөж очоогүй. О л харин хөлөөс нь татаад дуудаад хөнжил нөмрүүлэхгүй яасан юм гээд дээш харуултал хөшчихсөн байдалтай нас барсан байсан. ...Эхлээд өмнө хэлснээр Б унтаад, дараа нь А-ыг А, Г хоёр 2 талаас нь өргөж, Б-н хажуу талаар орон дээр унтуулаад, дараа нь Ч бид хоёр унтахаар унтлагын өрөө рүү ороод тэгээд ард ардаасаа цувраад унтсан байх. А шөнө явсан. Бид хоёр гаргаж өгсөн гэж А, Ү хоёр өглөө хэлж байсан. Талийгаач тухайн үед үүдний өрөөнөөс орж ирэхэд хамраас нь цус гарчихсан, согтуу байдалтай, толгой нь доош унжчихсан, 2 гараасаа дамжлуулаад орж ирж байсан. ...Бүгд яг тэр байдлаараа ор орон дээрээ байсныг нь би харсан, нааш цаашаа хөдөлсөн, унтсан байрлал солигдсон зүйл байгаагүй. ...Би урд өгсөн мэдүүлэгтээ нэлээн сандарсан байсан учраас болсон асуудлын талаар буруу, мөн хойно урд нь оруулж мэдүүлсэн байх, одоо бол үнэн зөвөөр мэдүүлнэ. Тухайн өдөр бид буйдан болон сандал тойруулаад сууцгааж архи ууж байсан. Тэгтэл талийгаач нь нэг гартаа архи барьсан, нөгөө гартаа ямар нэг зүйл бариагүй байж байгаад архиа доош шал руу асгаад байсан. Тэгэхэд Б.О асгасан зүйлийг нь арчиж байсан ба Б.О талийгчид хандан “би чиний асгасан зүйлийг арчих гэж энд ирээгүй шүү” гэж хэлээд талийгаачийн толгой, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл М.Г нь ирээд мөн талийгаачийн нүүр толгой хэсэг рүү ямар нэг шалтгаангүйгээр гараараа цохиж байсан. Тэгээд талийгаач нь шалан дээр унатал Б.О нь хөлөөрөө нэг удаа талийгаачийн толгой хэсэг рүү өшиглөхөөр нь бид салгасан. Хэсэг байж байгаад эргээд тойрч суугаад архиа хундагалж ууж байхад дахиад маргаан гарч эхэлсэн ба энэ маргаан нь юунаас болж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Харахад М.Г талийгчийг заамдсан байдалтай, Б.О нь талийгчийг гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байсан. Тэгтэл талийгаач нь доош хэвтсэн ба А нь Б.О-ыг салгаад хамт гадагшаа гарч байсан. Тэгээд байж байхад үүдэнд буюу орж ирэх хаалганы тэнд түчигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь очоод хартал талийгаач газар хэвтэж байсан. М.Г нь толгой дээр нь хөлөөрөө дэвсээд байхаар нь би айгаад уйлсан чинь Ү ирээд миний хажууд зогсоод намайг аргадсан. Тэгтэл Г, А нар нь талийгчийг 2 суганаас нь дамжлаад орон дээр хэвтүүлсэн. Энэ үед орон дээр Б согтуу унтаж байсан. Тэгээд Г нь Ү болон над руу ирээд бид хоёрыг тэвэрч аваад талийгаач унтчихлаа, одоо ахиад ийм асуудал байхгүй. Ингэсгээд бүгдээрээ амарцгаая гэж хэлсэн. ...Эхний зодооны дараа талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл гарсан, цус байхгүй байсан ба өглөө сэрээд талийгчийг харахад өмссөн байсан цагаан цамцны ард дунд хэсэгт цус болсон байсан ба мөн өглөө би босоод ариун цэврийн өрөө орох гээд явж байхад үүдэнд талийгаачийн унасан, М.Г түүнийг дэвссэн хэсэг газарт цус болсон байсан. Тэгээд хамгийн сүүлд М.Г орноосоо боссон ба бидэнд хандан “талийгаачийн нүүрийг угаагаарай, цус болсон байгаа шүү” гэж хэлж байсан. Би талийгаачийг сэрээх гээд биед нь хүрсэн чинь их чанга байхаар нь энэ яагаад чанга байгаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б.О ирээд талийгаачийн хөлд нь хүрээд А сэрээрэй гэсэн чинь хөл нь хүйтэн байсан гэж хэлсэн. Тэгээд сэрэхгүй байхаар нь дээш харуултал хөшсөн байдалтай байсан ба бүгдээрээ сандраад яах уу гээд ярилцаж байхад М.Г ирээд “нуугаад ууланд аваачиж булья” гэхээр нь би айгаад сандраад уйлаад сууж байсан чинь М.Г нь бүгдээрээ ам яриагаа нийлүүлье, нэгнийгээ шоронд хийх юм болов гэж хэлсэн. ...Цагдаагийн байгууллага дээр ирээд мэдүүлэг өгөх гээд бид хүлээлгийн танхимд байж байхад Г нь Ү-д хандан О зодсон биз дээ гэж хэлээд дараа нь Ч-т хандан энэ хэрэг бүлэг гээд шийтгүүлбэл зүгээр хөнгөн юм байна гэж хэлж байсан. Тэгээд Г нь гэнэтхэн өмгөөлөгч аваад мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгсөн гэж байсан. Түүнээс хойш юу ч ярихгүй, мэдэхгүй гэж хэлээд байсан. ...Талийгаач нь 2 дахь удаагаа зодуулж байхдаа ухаантай байсан эсхүл ухаан алдсан байсан талаар би мэдэхгүй байна. ...Эхлээд тухайн байшинд ирэхдээ замдаа Г, талийгаач хоёр таксины мөнгөнөөс болж маргалдаж явж ирсэн гэж тэд өөрсдөө ярьж байсан. Бусдаар өс хонзон, өр авлагын асуудал байсан эсэхийг мэдэхгүй байна. ...Тийм, хэрэглэсэн байсан ба их согтоогүй байсан. Зүрхний хэм алдагдаад байдаг болохоор их уудаггүй. ...Тухайн үед Г талийгаачийг дэвсэж байхад би харсан, өөр хэн харсан талаар мэдэхгүй байна. Харин О, А нар нь гадаа байшингийн терраст байсан. ...” /1хх 100-101, 103-104/,
гэрч Б.А-ийн “...Талийгаач ирж суучихаад гаран дээрээ ундаа асгаад байхаар нь Б.О болио андаа гэж 2-3 удаа хэлсэн чинь тоохгүй асгаад байсан. Тэгсэн чинь Б.О ирж асгасан юмыг нь цэвэрлэж шал арчаад байсан. Тэр үед нь талийгч тоолгүй асгаад байхаар нь Б.О “би энд чиний асгасан юмыг арчих гэж ирээгүй шүү, би олон хэллээ, чи больчихож болдоггүй юм уу” гэж хэлээд баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь цохиод авсан чинь цаанаас М.Г гарч ирээд шууд талийгчийг цохисон. ...Эхний зодоон дээр Г жижиг өрөөнөөс гарч ирээд юу ч дуугараагүй талийгаачийг цохисон ба талийгаач зөрүүлж цохиогүй, хариу үйлдэл үзүүлээгүй, 2 дахь зодоон дээр би гэнэт Г руу харсан чинь Г “талийгаачийг өө яаж байна аа” гээд хэд хэд цохиод авсан. ...Зодоон болж дуусмаар аядаад Б.О бид хоёр гадаа үүдний буйдан дээр юм яриад хэсэг суусан. Тэр хооронд дотор пижигнээд, түчигнэх чимээ сонсогдоод байсан. ...2 дахь зодооны дараа бүгдээрээ ширээ тойрч суугаад байж байхад М.Г-ын аль нэг шивээстэй гарын бугуйн дээр цус харагдсан.
...Амь хохирогчийг Б.О нь цохиж зодсон, хоёр удаа зодоон болсон. Эхний зодоон дээр Б.О талийгаачийг баруун гараараа нэг удаа алгадсан, 2 дахь зодоон дээр юм ярьж байснаа Б.О гэнэт босож ирээд талийгаачийг хэд хэд удаа нүүр рүү нь цохиод байсан. ...О нь гэнэт босож ирээд гараараа талийгаачийн нүүр толгой хэсэг рүү цохиж эхэлсэн, хэдэн удаа цохиж байгаа нь харагдахгүй 2 гараараа ээлжлэн цохиж байсан. Тэгэхэд хамт байсан хүмүүс салгах гэж оролдсон ба зууралдаж зодолдож явсаар байгаад ор байсан жижиг өрөөний наана байх буйдан дээр хамгийн доор нь талийгаач байсан, дээр нь Б.О дээрээс нь дайрсан зодсон байдалтай байсан. Тэгэхэд Г мөн хажууд нь байсан ба “өө яаж байна аа” гэж хэлээд гараа далайгаад талийгаачийн толгой нүүр хэсэг рүү цохиж байсан. ...Цонхоор харахад хамт байсан эмэгтэй найз А уйлж байсан, харин Ү хажууд байж байсан ба энэ үйл явдалтай зэрэгцэн дотор түчигнэх чимээ гарч байсан. ...А нь зодоон болсон буйдан хэсэг рүү хараад уйлж байсан ба тухайн үед нь би түүнийг ямар учраас уйлж байгааг мэдээгүй ба дараа нь А-аас яагаад уйлсан талаар асуухад М.Г нь талийгаачийн толгой дээр хөлөөрөө дэвсээд байхаар нь би уйлсан гэж хэлсэн. ...Үүдэнд хэн нэгэн байгаагүй, өрөөнүүдийн хаана, хэн байгааг анзааралгүй яваад ор байсан жижиг өрөөнд орсон. Харин талийгаачийг буйдан дээр хамгийн доор нь орсон байдалтай М.Г болон Б.О нар зодож байхад М.Г-ын шивээстэй гарын бугуй сарвуу хэсэгт цус болсон байсан. Аль гар нь байсныг анзаараагүй, ямар ч гэсэн шивээстэй гар нь цустай байсан. ...Маргааш нь талийгчийг нас барсан гэдгийг бүгд мэдсэн байхад А уйлаад айхаар нь М.Г бүгдэд нь хандан цагдаад мэдүүлэг өгч чадахгүй юм байна, ерөөсөө А, А-тай шөнө эндээс явсан гэж хэлье эсхүл талийгаачийг булаад нуучихъя” гэж хэлсэн чинь Б.О нь “юу яриад байгаа юм бэ, цагдаад дуудлага өг” гэж хэлсэн гэж надад хэлсэн. ...Талийгаач нь ямар учраас гартаа барьсан архийг асгаад байсныг мэдэхгүй юм. Харин үүнээс болж маргаан гарч улмаар зодуулсан юм. ...Ер нь арван жилд байх үед Б.О нь зодоон эхлүүлэхээр М.Г нь Б.О-ыгаа өмөөрөх эсхүл нэг тал болж зодоон хийдэг байсан. ...” /1хх 109-111, 113-114/,
шинжээч эмчийн “...Ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйл жишээлбэл гар, хөл, ширээ, сандал гэх мэт зүйлс нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр дух, дагз, баруун зүүн чамархай, хуйх дотор гадаргуугийн хальсны цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай чамархай, дагзны хатуу яс доорх цус хураа, бага тархины аалзан хальс доорх цус харвалт, дагзны хуйханд шарх зэрэг гавал тархины гэмтлүүд тогтоогдсон байна. ...цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины гэмтэлтэй үед тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд тархи дарагдах хүртэл гэдэг нь тухайн хүний онцлог, алдсан буй хэмжээ зэргээс хамаардаг тул ямар ямар хугацаанд тархи дарагдсаныг тогтоох “нарийвчлах” боломжгүй, харилцан адилгүй байдаг. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн хүчин зүйлээр үйлдсэн байх бөгөөд толгойд олон удаагийн хүч үйлчилсэн, яг аль хүчний улмаас үхэлд хүргэсэн тархины гэмтэл үүсгэснийг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Дүгнэлтэд тусгаснаар толгойд учирсан тархины гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл юм. Талийгаачийн биед үүссэн гэмтлийг гар болон хөлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой. Хүний биеийн гар, хөл зэрэг нь мохоо зүйлд хамаарна. ...” /3хх 186-188/ тус тус мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01- ний өдрийн 2998 дугаар “...Талийгаачийн цогцост шинжилгээгээр дух, дагз, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины орой хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дагзны хуйханд шарх, дух баруун дээд зовхи, баруун шуу, бугуйд зулгаралт, хоёр зовхи, баруун шуу, сарвуу, зүүн сарвуу, бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Тархины битүү гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, зулгаралт, цус хуралт гэмтэл нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтэлтэй тохиолдолд тодорхой хугацаанд тархи дарагдах хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. ...Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн цусанд 4.7 промилли, ходоодонд шингэнд 7.4 промилли, шээсэнд 5.3 промилли спиртийн зүйл илрэв. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 4.7 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. ...Талийгаач нь В/III бүлгийн цустай байна. ...Үхлийн шалтгаанд нөлөөлөх өвчингүй байна. ...” /1хх 170-181/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 971 дүгээр “...Б.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Хэрэг гарсан өдрөөс өмнө эсхүл дараа нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Хэргийн талаар бодит үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /2хх 196-197/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 972 дугаар “...М.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Хэрэг гарсан өдрөөс өмнө эсхүл дараа нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Хэргийн талаар бодит үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна. ...” /2хх 203-204/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 869 дугаар “...Урьд гаргасан 2998 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тархины битүү гэмтэл, гавал тархины гэмтэл нь нэг утгатай юм. Зарим ном, сурах бичигт тархины битүү гэмтэл аль эсвэл гавал тархины битүү гэмтэл гэж бичигдсэн байдаг. Дээрх тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны хатуу хальс доорх цусан хураа /210 гр/, бага тархины орой хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт, дух, дагз, баруун зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт дагзны хуйханд шарх гэмтэл нь гавал тархины битүү гэмтэл юм. Гавал тархины битүү гэмтэл тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны хатуу хальс доорх цусан хураа /210 гр/, бага тархины орой хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт гэмтэлтэй хүн нь бие махбодын онцлог, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, тархины судасны гэмтсэн байдлаас хамаарч цусан хураа аажим нэмэгдэж тархи дарагдаж нас барах хүртэл харилцан адилгүй байдаг тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гавал тархины битүү гэмтэл тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны хатуу хальс доорх цусан хуруу /210 гр/, бага тархины орой хэсгийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ...” /4хх 102-106/ тус тус дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 50/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 49/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 36-41, 42-43/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 51-63/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 64-67/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 214-221, 222-250, 3хх 1-7, 8-10/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 43-49, 50-54, 55-58/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Г, Б.О нарын гэм буруутай үйлдлийг бодитой тогтоожээ.
Шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч Ц.Б, М.Б, Ө.У нар хамтран “...шүүгдэгч Б.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Г “...гэмт хэрэгт бүлэглэсэн шинж байхгүйгээс гадна М.Г-ын үйлдэл, оролцоо хангалттай тогтоогдоогүй тул шүүгдэгч М.Г-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
гэрч Г.А “... Би урд өгсөн мэдүүлэгтээ нэлээн сандарсан байсан учраас болсон асуудлын талаар буруу, мөн хойно урд нь оруулж мэдүүлсэн байх, одоо бол үнэн зөвөөр мэдүүлнэ. Тухайн өдөр бид буйдан болон сандал тойруулаад сууцгааж архи ууж байсан. Тэгтэл талийгаач нь нэг гартаа архи барьсан, нөгөө гартаа ямар нэг зүйл бариагүй байж байгаад архиа доош шал руу асгаад байсан. Тэгэхэд Б.О асгасан зүйлийг нь арчиж байсан ба Б.О талийгчид хандан “би чиний асгасан зүйлийг арчих гэж энд ирээгүй шүү” гэж хэлээд талийгаачийн толгой, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгтэл М.Г нь ирээд мөн талийгаачийн нүүр толгой хэсэг рүү ямар нэг шалтгаангүйгээр гараараа цохиж байсан. Тэгээд талийгаач нь шалан дээр унатал Б.О нь хөлөөрөө нэг удаа талийгаачийн толгой хэсэг рүү өшиглөхөөр нь бид салгасан. Хэсэг байж байгаад эргээд тойрч суугаад архиа хундагалж ууж байхад дахиад маргаан гарч эхэлсэн ба энэ маргаан нь юунаас болж эхэлсэн талаар мэдэхгүй байна. Харахад М.Г талийгчийг заамдсан байдалтай, Б.О нь талийгчийг гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байсан. Тэгтэл талийгаач нь доош хэвтсэн ба А нь Б.О-ыг салгаад хамт гадагшаа гарч байсан. Тэгээд байж байхад үүдэнд буюу орж ирэх хаалганы тэнд түчигнэх чимээ гарсан. Тэгэхээр нь очоод хартал талийгаач газар хэвтэж байсан. М.Г нь толгой дээр нь хөлөөрөө дэвсээд байхаар нь би айгаад уйлсан чинь Ү ирээд миний хажууд зогсоод намайг аргадсан. Тэгтэл Г, А нар нь талийгчийг 2 суганаас нь дамжлаад орон дээр хэвтүүлсэн. ... ” /1хх 103-104/ гэж мэдүүлснээр тогтоогдсон үйл баримтыг бусад гэрч нар давхар нотлон мэдүүлсэн байх тул хэргийн үйл баримтад эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх учиртай.
Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.
Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Б.О, М.Г нар нь гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй боловч шүүгдэгч Б.О амь хохирогчийг цохисон даруй шүүгдэгч М.Г цохиж, цохиулсны улмаас газар унасан байхад нь шүүгдэгч нар нь дараалан толгой руу нь өшиглөсөн үйлдэл нь хамтран оролцсон буюу бүлэглэсэн шинжийг агуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болжээ.
Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 869 дугаар “... Дээрх гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /4хх 102-106/ дүгнэлтээр амь хохирогчид учирсан гавал тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь тогтоогджээ.
Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Г-д 13 жилийн хорих ял, шүүгдэгч Б.О-т 12 жил 6 сарын хорих ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “…Иргэний хуулийн хуулийн 508 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг” гэж хуулийн зүйл, заалтыг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөв.
Иймд шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Б, Ц.Б, Ө.У нарын хамтран гаргасан, шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Г-ын гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын техникийн шинжтэй алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.О, М.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 83 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1640 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтын “... 508 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ...” гэсэн хэсгийг “... 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.О-ын өмгөөлөгч М.Б, Ц.Б, Ө.У нарын хамтран гаргасан, шүүгдэгч М.Г-ын өмгөөлөгч Д.Г-ын гаргасан тус тус давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, М.Г нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 83 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР