Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01349

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01349

 

Л.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-од холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 21 140 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О-, түүний өмгөөлөгч Н.Болормаа, хариуцагч Ч.Б-, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Ц.Баярмаа, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б-той 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хэд хоногийн дараа Голомт банкинд зээлтэй, зээлээ төлөхгүй бол ажлаа хийж чадахгүй байна гээд хэд хэдэн удаа хүсэлт гаргасан. 3 жил ажиллах хамтын ажиллагааны гэрээтэй учир туслах ёстой байх гээд хувиасаа 14 000 000 төгрөг өгсөн. Өгөхдөө харилцан байгуулсан зээлийн гэрээ, тэмдэглэл үйлдсэн. Ингээд 1,5 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл өгөөд амаар болон бичгээр тохирсон өдрөө Ч.Б-ын Голомт банкин дахь дансанд шилжүүлсэн. Тохирсны дагуу зээлээ төлөөд цааш явна гэсэн. Зээл төлснөөс хойш зээлийн хүү төлсөн байгаа. Хүүгээ төлөхгүй, зээлээ төлөхгүй байсаар хамтын ажиллагааны гэрээний 3 жилийн хугацаа дууссан. Ч.Б-оос зээл 14 000 000, хүү 7 140 000 төгрөг, нийт 21 140 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бичсэн тэмдэглэл байдаг. Тэмдэглэл дээр Ч.Б-, Л.О- гэх хүн гарын үсэг зурсан боловч хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын дотоод аудиторын институт төрийн бус байгууллагын тамгыг дарсан байдаг. Иймд компанийн зүгээс баримт бичиг үйлдсэн нь харагдаж байгаа. Л.О- хувиасаа бус гэрээний харилцаатай байсан учир компанийн хөрөнгөөс өгсөн гэж харагдаж байна. Ч.Б- нь гэрээний протокол үйлдээд Л.О-аас 14 000 000 төгрөг авсан. Тухайн үед өөрийнхөө 2 өрөө байрыг зээлийн барьцаанд тавина гэж тохиролцсон. Өөрийн 2 өрөө байрны гэрчилгээг Л.О-т өгсөн. Л.О- нь 5 дугаар сарын 25-ны өдөр гэрчилгээг нь авсан. Гэрээний дагуу төрийн бус байгууллагаас авлагатай, энэ мөнгөн дүндээ төрийн бус байгууллагаас авсан мөнгөө тооцоод суутгаж, зөрүү мөнгө 26 000 000 орчим төгрөгийг өгөхөөр тохирсон. Ингэж тохиролцоод зээлийн төлбөрийг ажлын хөлснөөс суутгахаар болсон. Ийнхүү тохирсноор Л.О- 2 өрөө байрны гэрчилгээг буцааж өгсөн. 14 000 000 төгрөгийг төлсөн гэж үзэж байна. Хамтын ажиллагааны гэрээний дагуу төрийн бус байгууллагаас хэдэн төгрөгийн хөлс авах авлагатай байгаа талаар Ч.Б-ын нэхэмжлэх дүн гэж тооцоо гаргаж өгсөн. Нийт 40 780 000 төгрөг байгаа. Үүнээс 14 000 000 төгрөгийг нь хасуулаад тооцьё гээд үлдсэн дүнг нь авахаар болсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Б-оос 20 462 581 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 677 419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 650 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 260 262 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн протоколыг хүү тооцохоор харилцан тохиролцсон зээлийн гэрээ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Тэмдэглэлд Ч.Б- нь Голомт банкны зээлийн данс руу зээлээ хааж, Голомт банкнаас зээл хаасан тухай албан тоот авч, байрны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээс зээлийн барьцаанаас хасалт хийлгэсний дараа Л.О-тай зээлийн гэрээ хийж, барьцаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгүүлнэ гэж бичсэнээс үзэхэд энэ нь хүү тооцсон зээлийн гэрээ биш. Л.О- бид хоёрын тухайн өдөр харилцан ярилцаж байсан ярианы тэмдэглэл юм. Тэмдэглэлийг үндэслэн 14 000 000 төгрөгт хүү тооцон шаардах эрхгүй.

Миний бие өмгөөлөгч н.Анарт итгэмжлэл өгсөн хэдий ч надад хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрх нээлттэй байгаа гэж ойлгож байна. Гэтэл надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйгээс би өөрийн биеэр шүүх хуралдаанд биечлэн оролцож, татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, мэтгэлцэх боломжийг олгоогүй. 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч миний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар тус өдөр Захиргааны хэргийн шүүх дээр хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасаар байхад үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зйүлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Л.О- нь Ч.Б-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 140 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 15/

Талууд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14 000 000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчийн дансанд 14 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх7-8, 15/

Зохигчдын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хугацаа тогтоогоогүй зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хйих хэлцлийг хийсэн гэж үзнэ. Учир нь хэргийн 7 дугаар талд авагдсан протокол гэх бичгийн баримтад талууд хүсэл зоригоо илэрхийлж харилцан гарын үсгээ зуржээ. Уг баримтад Л.О-, Ч.Б- нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулахаар болов гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч буюу хариуцагч зээлсэн мөнгийг зээлдэгчийн шаардснаар буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Гэрээний дагуу нэхэмжлэгч зээлдэгчийн өмчлөлд 14 000 000 төгрөгийг 1,5 хувийн хүүтэй шилжүүлэх, талууд зээлийн гэрээ байгуулж байгаа гэдгээ харилцан илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр 14 000 000 төгрөгийг буцаан төлөх хугацаа тогтоогоогүй тул зээлдэгчийн шаардснаас хойш 1 сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй бөгөөд 2017 оны 5, 6, 7, 8 дугаар сарын хүү нийт 677 419 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг 2017 оны 11, 12 дугаар сард шаардаж байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар баримтаар тогтоогдож байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч өөрийн татгалзал түүний үндэслэлээ нотлох үүрэгтэй. Зээлийн төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17\0510 тоот хамтын ажиллагааны гэрээний дагуу ажлын хөлсөнд тооцож дуусгавар болгосон гэж тайлбарлаж байгаа боловч талуудын бичгээр байгуулсан гэрээнд энэ талаар заагаагүй. Хариуцагч энэхүү хамтын ажиллагааны гэрээний дагуу ажлын хөлсөө нэхэмжилж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандсан зэрэг нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4250 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа тул хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /хх94/

Анхан шатны шүүх хариуцагчийг зээлд 14 000 000 төгрөг, хүүд 7 140 000 төгрөг нийт 21 140 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэн үлдэх 677 419 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 үгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД