Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/1067

 

 

 

 

 

 

   2025             09           09                                            2025/ДШМ/1067

 

А.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.О,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.С,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1718 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.С нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.А-т холбогдох эрүүгийн 2408004810410 дугаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа ....... дүүргийн ..... дүгээр хороо, ........ замд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуурсан үедээ “Тоёота кровн” загварын ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.А-т урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 07 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сар 7 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 42 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би дахин хэзээ ч хууль зөрчсөн зүй бус үйлдэл гаргахгүй. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээ тангараглаж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч Х.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ талаар мөрдөн байцаалтын шатад А.А-т мэдэгдээгүй улмаас дээрх төлбөрийг төлөх нөхцөл байдал үүссэнд гомдолтой байна. Дээрх тээврийн хэрэгслийн төлбөрийг шүүгдэгч нь өөрөө гарч байж төлөх боломжтой. Иймд түүний дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.О тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1718 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч осол гарснаас хойш тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргаагүй. Үнийн дүн нь 6.000.000 төгрөг болоод байгаа талаар ярьж байна. Шүүгдэгч А.А нь хэрэг бүртгэлтийн үед оргон зайлсан, оршин суугаа хаягтаа байдаггүй. Хамтран амьдрагчийнхаа машиныг унаж яваад осол гаргаж, тухайн тээврийн хэрэгслийг хаяж явсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч А.А-ын хувьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүхээс ял шийтгүүлсэн ба тэрээр ял эдэлж байгаа гэх мэдээлэл гарч ирсэн. Шүүгдэгчийг ялтан дуудлагаар дуудах хуудсаар авчирч ирсэн. Тус эрүүгийн хэрэгт шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогддог. Хувийн байдалтай холбоотой асуудлыг тодруулахад шүүгдэгч нь оршин суугаа хаягтаа амьдардаггүй. Хэрэгт шалгагдаад ирэхээр 4 хүүхэдтэйгээ хамт амьдардаг гэх зүйлийг ярьдаг. Хувийн байдалтай холбоотой АСАП сангаас лавлагаа авахаар удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Уг үйлдэлд нь зөрчлийн арга хэмжээ аваад явдаг байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ..... дүүргийн .... дүгээр хороо, ........ замд “Тоёота кровн” загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Х.Б-ын “…2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 07 цагийн орчим “Тоёота Приус 41” загварын тээврийн хэрэгслийг жолоодон ...... буудлаас ...... руу эргэж ордог зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн эргэх үйлдэл хийгээд орох гэтэл зүүн талаас чигээрээ яваа тээврийн хэрэгсэл баруун талаас хоёр хаалганы гол хэсгээр мөргөсөн. Тэр жолооч согтуу явж байсан. ...” /1хх 162/,

шүүгдэгч А.А-ын яллагдагчаар өгсөн “…Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон. Цагдаа намайг согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгахад 2.50 хувийн согтолттой байсан. ...” /1хх 206/ тус тус мэдүүлгүүд,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай “...эвдрэлийн үнэлгээ нийт 3,345,000 төгрөг, ажлын хөлс 570,000 төгрөг, материалын зардал 105,000 төгрөг, нийт 4,020,000 төгрөг” гэсэн тайлан /1хх  49-52/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-28/, согтуурлын зэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 30-31/, согтуурлын зэргийг баталгаажуулалт хийсэн баримт /хх 29/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 36/, Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар, шийтгэлийн хуудас /хх 246-249/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч А.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.А нь 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400.000 төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгээгүй байхдаа буюу 2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 2.50 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.А “…хорих ялыг хөнгөрүүлэн өөр ялаар сольж өгнө үү…” гэсэн, түүний өмгөөлөгч Х.С “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар /1.81%/ тээврийн хэрэгсэл жолоодон 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0561043 дугаартай шийтгэлийн хуудас /1хх 247-248/-аар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /1хх 36/-аар тогтоогдож байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 1 жилийн хугацаагаар хорих ял шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас эрхээ хасуулж, торгуулсан үйлдэлдээ дүгнэлт хийхгүй байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1718 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Х.С нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР