| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0183/э |
| Дугаар | 000201 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 000201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Хохирогч Ч.М
Шүүгдэгч Б.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 1825002440186 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил баг, Гэр хорооллын тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1092 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.д зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овгийн Б-ийн С /
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 14-4 тоотод Ч.Мөнхтулгыг сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэг болсон өдөр би Жаргалант сумаас Орхон аймагт орж ирээд Хүлэг захын орчим нэг залуутай танилцаад түүнтэй 1 шил архи гудамжинд хувааж уугаад тэндээсээ Бгийн гэрт очсон. Бгийн гэрт орсон чинь М, Б хоёр хамт нэг орон дээр хэвтэж байсан. Бгийн ээж Н Өөдөс, Д гэж хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Б бид хоёр уулзаж, учирч байсан болохоор Бг танихгүй эрэгтэй хүнтэй хамт нэг орон дээр хэвтэж байхаар нь уур хүрээд хардаад хамт хэвтэж байсан залуу руу нь чи хэн бэ? яахаараа миний найз хүүхэнтэй нэг орон дээр хамт хэвтэж байдаг юм бэ? гээд дайрсан чинь нөгөө хэд намайг салгаад чиний бодож байгаа шиг юм болоогүй гэж хэлсэн. Тэд нарын ууж байсан архи дуусч нөгөө хэд явахаар нь би Нд мөнгө өгөөд дэлгүүр рүү архинд явуулсан. Авч ирсэн архийг нь хохирогч, Б, Н бид дөрөв хамт ууж байгаад чи яахаараа Бгийн хажуугаар хэвтдэг юм бэ? гэсэн чинь хохирогч намайг чи юу юм бэ?, чи хэн юм бэ? гээд байхаар нь маргалдаж байгаад ширээн дээр байсан хоол иддэг амны төмөр сэрээг аваад хохирогчийг айлгах гээд түүний толгой, гар, хэвлий рүү нь хэд хэдэн удаа хатгасан. Би хохирогчийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 03 сарын 29-ний өдөр би Н гэдэг айлд хоносон байсан. Тэгээд 30-ны өдрийн өглөө босоод бүгдээрээ шараа тайлцгаая гэсэн. Тэндээс 2, 3 хүнтэй хамт яваад 2 шил архи авч ирээд тэрийгээ уугаад сууж байхад Болороо гэдэг охин нь нэлээн согтсон. Ээж нь Болороо гэдэг охиноо чи зүгээр бай гээд алгадаад авсан. Би орон дээр хэвтэж байхад миний хажуугаар уйлаад унаад ирсэн яг тэр агшин дээр С гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ над руу биш Болороо руугаа чи яах гэж хүний хажуугаар хэвтэж байдаг юм гэсэн. Чиний бодож байгаа шиг зүйл болоогүй гэдгийг тал талаас нь хэлээд салгасан. Учраа олоод бид нар гар барьцгаагаад өнгөрсөн. Тэрнээс хойш архи дарс барьсан олон хүн орж гарсан. С мөнгө гаргаад архи авахуулж байгаа бололтой байсан. Тэр өдөр болсон асуудал. Би эргэж унтсан. Орой намайг сэрэхэд цонхоор гудамжны гэрэл асч байсан. Харья даа гэж бодоод гарах гэтэл С,Болороо нар гаднаас орж ирсэн. Орж ирээд учиргүй орилоод тэр айлын тавилга сав ухаад тэндээс сэрээ барьж орж ирсэн. Би учрыг нь олоогүй өмнөөс нь гайхаад хараад хэвтэж байсан.Тэгээд дээр гарч ирж суугаад намайг учир зүггүй хатгасан. Би жаахан шооконд орж байж байгаад хэсэг хугацааны дараа гараад зугтаасан. Хатгуулж гэмтэл авснаас хойш миний биеийн байдал их сульдаж, жин их хасагдлаа. Бараг 17, 18 кг жин хасагдсан, тамир тэнхээ доройтдог юм байна. Нэхэмжилсэн зүйлүүдээ мэдүүлгээр бичиж өгсөн байгаа. Тэр зүйлүүдээ авахыг хүсч байна. Нийт 1 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Тухайн үед би дусал, эм тариа авахдаа баримт бүрдүүлж мэдэхгүй байсан учир баримт цуглуулж чадаагүй. Дараа нь хувцасны асуудлыг аудитын газраар үнэлгээг нь хийлгүүлж өгсөн.Тухайн үед өмсөж явсан хувцас нил цус болсон ба ээж 1-2 удаа угаасан боловч толбо үлдсэн байгаа. Цустай хувцасаа өөрөө авч тос хийж шатаа гэж ээж хэлсэн учир буцааж авч өөрөө шатаана. Одоо биеэ тэнхрүүлэх, сувилуулах шаардлагатай байна. Мөнгө өгвөл 10 хоног сувилгаа эмчилгээнд явчихмаар байна. Хувцасны мөнгөний үнэлгээ 200 000 төгрөг гарсан. Урьд нь эмчлүүлсэн зардалд 300 000 төгрөг гаргасан. Одоо цаашид гарах эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
-Гэрч Л.Н-ийн: Анх С гаднаас орж ирэх үед М манай охин Б нар орон дээр хэвтэж байсан чинь С орж ирээд тэр хоёрыг хараад М руу дайрсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/
-Гэрч Н.Бгийн: М ах бид хоёрыг орон дээр хэвтэж байхад С гаднаас орж ирээд намайг М ахтай хардаад М ах руу дайраад бид нар салгасан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 306 дугаартай шинжээчийн...Ч.Мөнхтулгын биед хуйх, зүүн мөр, бугалга, шуу, хэвлийн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, шуу, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19 ху/,
-Найдвар-Од Аудит ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эд зүйлийг 200.000 төгрөгөөр үнэлсэн тухай дүгнэлт /хх 24 ху/
-Б.С-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 29-31 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36-37 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Т.С гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 14-4 тоотод Ч.Мөнхтулгыг сэрээгээр хатгаж эрүүл мэндэд хуйх, зүүн мөр, бугалга, шуу, хэвлийн зүүн хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, шуу, хэвлийн зүүн хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Мн... Тэгээд дээр гарч ирж суугаад намайг учир зүггүй хатгасан. Би жаахан шооконд орж байж байгаад хэсэг хугацааны дараа гараад зугтаасан гэсэн мэдүүлэг, гэрч Л.Н-ийн... Анх С-ийг гаднаас орж ирэх үед М манай охин Б нар орон дээр хэвтэж байсан чинь С орж ирээд тэр хоёрыг хараад М руу дайрсан гэсэн мэдүүлэг /хх 13 ху/, гэрч Н.Бгийн... М ах бид хоёрыг орон дээр хэвтэж байхад С гаднаас орж ирээд намайг М ахтай хардаад М ах руу дайраад бид нар салгасан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/, Найдвар-Од Аудит ХХК-ийн шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай эд зүйлсийн үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт, хохирогчийн биед хөнгөн хохирол учрсаныг тогтоосон 306 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С-ний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ч.М хохирол төлбөрт нийт 1.500.000 төгрөг нэхэмжилж байх боловч нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.С-эс хохирогчийн хувцасны үнэ 200.000 төгрөг, үнэлгээний 10.000 төгрөг нийт 210.000 гаргуулан хохирогч Ч.Мд олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1.290.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Сд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирол төлбөрөө төлөөгүй, согтуургаар гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсаж ирсэн хоолойтой цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн пиджак 1 ширхэг, энгэр дээрээ Americans greatest гэсэн бичигтэй мотоцикль жолоодож яваа хүний дүрс бүхий цагаан өнгийн фодволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 7 хоног цагдан хоригдсон, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялаас хасч түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 444 /дөрвөн зуун дөчин дөрөв/ цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Сэс 210.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Мд олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1.290.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолойтой цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, хар саарал өнгийн эрэгтэй хүний жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн пиджак 1 ширхэг, энгэр дээрээ Americans greatest гэсэн бичигтэй мотоцикль жолоодож яваа хүний дүрс бүхий цагаан өнгийн фодволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ