Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2020/00069

 

 

*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг

даргын тамгын газарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1.333.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн төлөөлөгч Ш.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өндөр сумын ЗДТГ-т Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1.-ийг үндэслэн байнгын ажлын байранд Архивын ажилтнаар орсон. Уг ажлыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний Б/88 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр халагдсан М.Цэнгэлмаагаас ажил хүлээж авсан. Ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд ямар нэгэн сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Сар бүр хийсэн ажлаа тайлагнаж удирдлагуудад и-офиссоор илгээж танилцуулдаг байсан. Баян-Өндөр суманд Архивын ажилтан-аар ажиллах хугацаанд 2010 оноос 2018 он хүртэлх удирдлагын баримт бичиг болох бүх захирамж тушаалуудыг цахим хэлбэрт шилжүүлэн цахимжуулсан, тус сумын архивт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжүүдийг ангилан төрөлжүүлж нийт сан хөмрөгийн тоог гаргаж зориулалтын хайрцагт дугаарлан хийж эмх цэгцтэй болгосон, 5 жилд нэг удаа болдог улсын архивын үзлэг шалгалтанд хангалттай дүн авсан. 2020 оны 01 дүгээр сарын 23-наас эхлэн эмнэлгийн магадлагаатай, өвчтэй байсан. /тамгын дарга-д уг өдрөөс эхлээд өвчтэй байгаагаа мэдэгдсэн/. Гэтэл 01 дүгээр сарын 27-ны өдөр дуудаж ажлаас халагдсан тушаал өгсөн. Тэр өдрөө ажил хүлээлцсэн. Миний бие Улаанбаатар хотод ХСҮТ болон ЭНЭМҮТ-д 2019 оны 08 дугаар сараас хойш онош тодруулан өндгөвчний эндометриома оношоор мэс заслын заалттай, 2019 оны 12 дугаар сард хагалгааны хуваарьт орох байсныг хувийн шалтгааны улмаас 2020 оны 02 дугаар сар хүртэл хойшлуулсан байсан. Дотоод журмын дагуу 02 дугаард сард ээлжийн амралтын эрх үүссэж байсан тул би тухайн үед удирдлагуудад өвчний карт, онош, томограф сиди, шинжилгээний хариу гэх мэтийг танилцуулж байсан. Иймд намайг өвчтэй байхад, сахилгын болон ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад, мөн анх ажилд авахад үндсэн ажилтнаар авсан хүний оронд буюу түр гэж огт мэдэгдээгүй, ямар ч шалтгаангүйгээр ажлаас гэнэт чөлөөлсөнд гомдолтой байна. Мөн эмнэлгийн хуудас №1356007 нягтлан бодогчдоо бодуулах гэж өгөхөд халагдсан тул бодохгүй, мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын хоногийн олговрыг тооцон олгохоос татгалзсан. Миний бие ажилд эргүүлэн тогтоолгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 02 дугаар сарын 29-ний байдлаар /1 дүгээр сарын 5 хоногийн 135,000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598,000/ нийт 733,000 төгрөг мөн ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор болох 600000 төгрөг нийтдээ 1333000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн цалин шинэчлэн тогтоох тушаалд архивын ажилтан цалин болон ангилал нэмэгдсэн. Хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг минь барагдуулж эргүүлэн тогтоолгож өгнө үү? Миний бие ******* 2020 оны 02 дугаар сарын 21-нд нэхэмжлэл гаргахдаа үнийн дүнг 2 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу 1 дүгээр сарын 5 хоногийн 135000 төгрөг, 2 дугаар сарын цалин 598000 төгрөг, ажилласан хугацааны ээлжийн амралтын олговор 600000 төгрөг нийт 1333000 төгрөгийн нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилсэн дээр ажилд эргүүлэн тогтоолгох хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалин гаргуулахаар нэмэлтээр нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авч нэмэлтээр нэхэмжлэлд оруулж өгнө үү. Намайг ажилд авахдаа хэн нэгний оронд түр гэрээгээр авч байна гэж хэлж байгаагүй. Хэрвээ намайг хэн нэгний оронд түр гэрээгээр авч байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой байсан. Мөн намайг зохих журмын дагуу чөлөө аваагүй гэж үзсэн. Би өглөө ажил дээрээ цагтаа очоод эмнэлэг явлаа гэж хэлээд явсан. Тэгээд эмч намайг яаралтай төлөвлөгөөт хагалгаанд орсон нь дээр юм байна гэж хэлсэн. Эмчийн бичиг өгсөн заалт нь хүртэл байна. Листний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-нд дуусаж байсан. Өвчтэй гэдгээ мэдэгдэж байсан. Би энэ хүн рүү мессеж бичсэн. Над руу буцаагаад хариу бичсэн. Тэр хариу нь хүртэл надад одоо байна.

Хариуцагчийн төлөөлөгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын дарга Ш.Өлзийбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын архивын ажилтнаар Ж.Энхтуяаг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад 2017 оны 07 дугаар 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар архивын ажилтны байнгын ажлын байранд Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтын дагуу хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивын ажилтан Ж.Энхтуяа нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт авч, тус өдрөөс Н.Маралмааг архивын ажилтнаар түр томилон ажиллуулсан. Ингээд Архивын ажилтан-ны албан тушаалд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Б/97 дугаар тоот тушаалаар Г.Одонтунгалагийг Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар түр гэрээ байгуулж, томилон ажиллуулсан болно. Г.Одонтунгалаг нь өөр албан тушаалд томилогдож 2018 оны 11 дүгээр сарын 06-ны Б/318 дугаар тушаалаар архивын ажилтнаар М.Цэнгэлмааг Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөө дуусах хүртэл хугацаагаар гэрээ байгуулж томилон ажиллуулсан. М.Цэнгэлмаа нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар ажпаас чөлөөлөгдсөн. Тус өдрөөс Засаг даргын Тамгын газрын даргын Б/89 дүгээр тушаалаар *******ийг архивын ажилтны албан тушаалд түр хугацаагаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Архивч Ж.Энхтуяа нь ажилдаа орох өргөдөл өгч, *******ийг ажлаас чөлөөлөх асуудал үүсэхэд ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажилдаа ирээгүй, зөвхөн утсаар өвчтэй гэж, хэнд хэлсэн нь тодорхой бус, эмнэлгийн өвчтөний лист болон нотлох баримт тухайн үед өгөөгүй болно. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.13, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон багуудын ажлын албаны ажилтан, албан хаагчдад чөлөө олгох журам-ын 4.1.дэх заалтуудад ямар нэгэн шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд бичгээр эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх ёстой байсныг зөрчсөн тул өвчтэй байсан үед тушаал гаргасан гэж нэхэмжлэлд дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тушаалын төсөлтэй танилцуулсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Архивч Ж.Энхтуяа нь 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүүхэд асрах чөлөөний хугацааг дуусгаж ажилдаа орох хүсэлтээ өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 заалтын дагуу ажилд нь эргүүлэн авах болсон тул *******ийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Иймд ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль зүйд нийцсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хурамж 18650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс тус хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Ж.Энхтуяагийн оронд ажиллаж байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Засаг даргын тамгын газрын зүгээс надтай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хүний оронд ажиллуулаагүй, байнгын ажлын байр гэж ажилд авсан. Үүнийг нотлох баримт нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаалаар байгаа. Мөн ажилтан Энхтуяа нь ажилдаа эргэж орох тухай өргөдөл гаргаагүй. Тийм нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн удахгүй жирэмсний амралтаа авах гэж байгаа болно. Гэтэл тушаал болон хөдөлмөрийн гэрээнд ажилтны оронд ажиллуулах тухай заагаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэж байгаад гомдолтой байна. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ намайг өвчтэй байх хугацаанд ажлаас халсан тухай асуудлаар огт дүгнэлт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.-т зааснаар ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцлийг заасан байдал шүүх уг хуулийг хэрэглэхгүйгээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр надад гардуулахдаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаас гардаж авсан ба уг шийдвэр нь тамга, тэмдэггүй байх ба хүчинтэй эсэх нь тодорхойгүй байна. Иймээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү? гэжээ

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорт 1.333.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ... Архивч Ж.Энхтуяаг хүүхэд асрах чөлөөтэй байх үед түүний оронд *******ийг архивын ажилтны албан тушаалд түр хугацаагаар, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан, нэхэмжлэгч өвчтэй байхдаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Нэхэмжлэгч ******* нь тус аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22 ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Судалгааны ажилтнаар, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/89 дугаар тушаалаар архивын ажилтнаар тус тус томилогдсон, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № Б/21 дугаар тушаалаар архивч Ж.Энхтуяагийн хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлжээ.

Шүүх нэхэмжлэгч О.Өмөргүлийг тус байгууллагын архивч Ж.Энхтуяагийн оронд архивын ажилтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ажлаас чөлөөлж, ажил томилох тухай, Ж.Энхтуяагийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, Ж.Энхтуяад жирэмсний амралт олгож, Н.Маралмааг ажилд авах тухай, Н.Маралмааг ажлаас чөлөөлөх тухай, Г.Одонтунгалагийг түр ажиллуулах тухай, М.Цэнгэлмааг ажилд авах тухай, М.Цэнгэлмааг ажлаас чөлөөлөх тухай, *******ийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах, цалин халсний хэмжээ тогтоох тухай тушаалуудаар тогтоогдсон гэсэн дүгнэлт хийж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3.-т ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар, 231.1.-д Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно., 231.3.-д Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж зохицуулагджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар архивч Ж.Энхтуяагийн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-д заасныг баримтлан Н.Маралмааг авч ажиллуулсан, харин О.Өмөргүлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д заасныг баримтлан архивын ажилтнаар томилсон байх тул нэхэмжлэгчийг хүний оронд түр ажилласан гэж үзэхээргүй байна.

Нэхэмжлэгч О.Өмөргүлийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн гаргасан Б/89 дугаар тушаалын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг архивын ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 2.119.096 төгрөг, ээлжийн амралтын олговор 422.500 төгрөг /15 хоног/ нийт олговор 2.541.596 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Өмөргүлийн гаргасан ... шүүхийн тамга тэмдэг дарагдаагүй шийдвэрийг гардуулсан, намайг эмнэлэгт хэвтсэн, өвчтэй байх үед ажлаас чөлөөлсөн гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Архивчын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор, ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2020/00454 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ... Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас ээлжийн амралтын олговор 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай ... гэснийг ... *******ийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын архивын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас 2.541.596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Өмигүлд олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ... хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас улсын тэмдэгтийн хурамж 18650 /арван найман мянга зургаан зуун тавь/ төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэснийг ... хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хурамж 55.614 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ