| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигдэнгийн Батттогтох |
| Хэргийн индекс | 2123001060155 |
| Дугаар | 2023/ДШМ/19 |
| Огноо | 2023-05-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2023/ДШМ/19
Т.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Прокурор Н.Б
Шүүгдэгч Т.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Г.Х
Б.А
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Х, Б.А нарын давж заалдах гомдлоор Т.Д-д холбогдох 2123001060155 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ж.Баттогтох илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн ..... суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, тус аймгийн .... суманд үйл ажиллагаа явуулдаг .... хоршооны малын эмч ажилтай, ам бүл 3, бэр, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ....., ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..... овогт Т-ын Д /РД: .........../
Шүүгдэгч Т.Д нь Завхан аймгийн ...... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн ........... суманд сайн үүлдрийн бух үхэр нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох саналыг Б хоршооны дарга С.С-ын гарын үсэг, аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг ашиглан тухайн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс хуурамч баримт бичиг бүрдүүлэн Үнэлгээний хороонд өгч, үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Б хоршоотой “.... сумын малын үүлдэр угсааг сайжруулж сайн үүлдрийн 3 тооны бух үхрийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэх тухай гэрээг байгуулж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас Б хоршооны дансанд шилжүүлсэн 8,050,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Ө-ийн арилжааны Хаан банкин дахь .............. тоот харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, төсөвт 8.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч ..... овогт Т-ын Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-ны нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Д болон түүний өмгөөлөгч Б.А нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд зааснаар “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэжээ. Гэтэл Т.Д нь албан тушаалын байдлаа урвуулан өөрт давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан С.С-ын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй байна. Завхан аймгийн ......... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүү махны чиглэлийн хээлтүүлэгч бэлтгэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор тендер шалгаруулалт зарлан явуулсан бөгөөд уг тендерт Б хоршоо холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн оролцож, тендерийн үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан байдаг... Анхан шатны шүүхээс Т.Д-ыг санхүүжилтээр орж ирсэн 8,050,000 төгрөгийг С.Ө-ээр дамжуулан 2019 оны 07 сарын 30-ны өөртөө авсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь уг мөнгийг Т.Д нь өөртөө нэг ч төгрөгийг зарцуулаагүй, С.Ө гэдэг хүн Т.Д-ыг огт танихгүй гэсэн байдаг. Мөн С.С нь өөрөө төлбөр болох 8,050,000 төгрөгийг ............. сумын Орон нутгийн хөгжлийн төрийн сангийн данс руу шилжүүлсэн байна. Мөн Авлигын эсрэг тухай хуульд "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж заасан. Иймээс Т.Д нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, давуу байдал бий болгосон нь үйлдэл нотлогдоогүй байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Т.Д болон түүний өмгөөлөгч Г.Х нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Гэвч бодит байдал дээр Б хоршоо нь Завхан аймгийн ......... сумын үнэлгээний хороонд ямар нэгэн тендер ирүүлээгүй, Завхан аймгийн ........... сумын Засаг дарга Т.Д нь Б хоршооны нэрийн өмнөөс материал бүрдүүлж, Завхан аймгийн ......... сумын үнэлгээний хороонд тендерийг хүлээлгэн өгсөн, засаг даргын хувьд уг хоршоотой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу Б хоршооны дансанд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр санхүүжилтээр орж ирсэн 8,050,000 төгрөгийг С.Ө-ээр дамжуулан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөртөө авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн шүүхээс уг дүгнэлтийг гаргахдаа дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Зөвхөн С.С, С.С, Р.Д нарын мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргахдаа бусад онцгой ач холбогдол бүхий нотлох баримтыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. Бодит байдал дээр Завхан аймгийн ......... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сүү махны чиглэлийн хээлтүүлэгч бэлтгэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор тендер шалгаруулалт зарлан явуулсан бөгөөд уг тендерт Б хоршоо холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн оролцож, тендерийн үнэлгээний хороо хуралдаж зөвлөмж хүргүүлсний дагуу гэрээ байгуулагдсан байдаг. Эдгээр үйл ажиллагаанд Т.Д-ны зүгээс аливаа байдлаар оролцож, нөлөөлсөн асуудал байдаггүй.
Нэгдүгээрт, Улсын яллагч яллах дүгнэлтдээ Т.Д-ыг "Б хоршооны дарга С.С-ын гарын үсэг, аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг ашиглан тухайн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн..." гэж ялласан бол анхан шатны шүүхээс "Б хоршооны нэрийн өмнөөс материал бүрдүүлсэн..." гэж дүгнэсэн бөгөөд дээрх дүгнэлтүүд нь хэрэгт авагдсан С.С-ын мэдүүлгээс өөр ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. С.С болон С.С нарын хувьд Б хоршоогоороо тендерт шалгарч, гэрээ байгуулж, тендерийн төлбөрийг шилжүүлэн авч, захиран зарцуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүс. С.С болон С.С нар нь аливаа үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхийхдээ тендерийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлаа Т.Д-тай холбон тайлбарлаж өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгддэг. С.С-т гэрээний үүргээ биелүүлэх талаар засаг дарга Т.Д-ы зүгээс удаа дараа шаардлага тавьж байсан байдаг. Шаардлага тавих үед С.С нь "...малын гоц халдварт үхрийн арьсны товруутах өвчин, шүлхий, ковид гарсантай холбогдуулаад гаднаас мал нийлүүлэхийг хорьсон учраас бухаа нийлүүлж чадахгүй байна" гэж тайлбарладаг байсан байдаг. Хэрэгт авагдсан "Малын үүлдэр угсаа сайжруулах" төсөлт ажил болон түүнд хавсаргаж өгсөн Б хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ (2 хавтасны 221 тал), С.С-ын малын бага эмчийн итгэмжлэлийн гэрчилгээ (2 хавтасны 224 тал), Б хоршооны болон С.С-ын 19 ширхэг гэрэл зураг (2 хавтасны 225-229 тал ) зэрэг баримтуудыг С.С бүрдүүлж тендерт хүргүүлсэн бөгөөд гарын үсэг, тамга тэмдэг бүгд С.С болон хоршооных гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Т.Д-ы зүгээс аж ахуй нэгжийн өмнөөс хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, Б нэрийн өмнөөс материал бүрдүүлсэн асуудал байхгүй бөгөөд тийм боломж бололцоо ч байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заасны дагуу Үнэлгээний хороо тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх чиг үүрэгтэй байдаг бөгөөд тендер хуулийн дагуу явагдсан нь тогтоогдсон. Гэрч Р.Д (3 хавтасны 112 тал)"... Үнэлгээний хорооноос тендерийн зарыг ........... сумын нэгдсэн Фэйсбүүк дээр мөн Тамгын газрын гадна талын зарын самбар дээр тавьсан гэж мэдүүлсэн нь уг тендер хууль ёсны дагуу зарлагдаж, олон нийтэд зарлагдсан нь нотлогддог.
Хоёрдугаарт, Улсын яллагч болон анхан шатны шүүхээс Т.Д-ыг Завхан аймгийн .......... сумын үнэлгээний хороонд тендерийг хүлээлгэн өгсөн гэж буруутгадаг. Гэтэл тухайн үед ковидын хөл хориотой холбоотойгоор сумаас аливаа баримт материалыг Сумын засаг даргын жолоочоор дамжуулан дайдаг байсан талаар Т.Д мэдүүлдэг. Гэрч Р.Д"... Засаг дарга Д нь Б хоршоогоос ийм материал иржээ гээд надад билүү, үнэлгээний хорооны даргад өгсөн байсан..." (3 хавтасны 112 тал) гэх эргэлзээтэй мэдүүлгийг шүүх үндэслэдэг. Гэтэл шүүхээс шийдвэрийнхээ үндэслэл болгоод байгаа гэрч Р.Д нь “...Би Б хоршооны эзэн гэх С-тай тендер зарлахаас өмнө нь утсаар яриад тендерийн материалаа явуулаарай гэсэн чинь за за тэгж байгаад бүрдүүлээд явуулна гэж хэлж байсан юм..." (3 хавтасны 116 тал) гэж дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохоор нөхцөл байдлыг мэдүүлснийг шүүхээс анхаарч үзэлгүй орхигдуулсан. Гэрчийн мэдүүлгээс харахад тендер зарлагдахаас өмнө нь С.С-т тендерийн материалаа явуулаарай гэж утасдаж байсан, С.С нь тендерт оролцох хүсэл зоригоо илэрхийлж материалаа бүрдүүлээд явуулах талаар хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэдүүлгээр гэрч С.С, Р.Д нарын Т.Д-тай холбоотой өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж, Т.Д уг тендерт хамааралгүй болох нь нотлогддог.
Гуравдугаарт, Мөрдөн байцаалтын явцад тендерийн үнэлгээний хорооны гишүүд болох С, Р.Д, Д.Б, Ч.А, Н.Х зэрэг бүхий л хүмүүсээс мэдүүлэг авсан бөгөөд тендер хууль ёсны дагуу явагдсан, тендер шалгаруулалтад Завхан аймгийн ......... сумын засаг дарга Т.Д-ны зүгээс аливаа байдлаар нөлөөлөөгүй болох нь нотлогдсон. Мөн тендерийн үнэлгээний хорооны 01 дугаартай хурлын тэмдэглэл (2 хавтас 206-207 хуудас)-ээр нотлогддог. Тийм ч учраас үнэлгээний хорооны гишүүдийг эрүүгийн хэрэгт татаж шалгаагүй. Нэгэнт хууль ёсны дагуу Үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийг үндэслэж "............. сумын малын үүлдэр угсааг сайжруулж Сайн үүлдрийн бух нийлүүлэх төсөлт ажлын гэрээ"-г Засаг даргын орлогч Б хоршоотой байгуулсан үйлдэлд Т.Д-ныг буруутгах үндэслэл болохгүй. Т.Д нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлгээний хороог байгуулсан, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ аливаа урвуулан ашигласан үйлдэл нотлогддоггүй.
Дөрөвдүгээрт, Анхан шатны шүүхээс Т.Д-ыг санхүүжилтээр орж ирсэн 8,050,000 төгрөгийг С.Ө-ээр дамжуулан 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөртөө авсан хэргийн үйл баримт нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
С.С нь тендерийн санхүүжилтээр орж ирсэн мөнгийг Б хоршоогоор дамжуулан авч, захиран зарцуулаад, гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул төлбөрөө буцаан төлсөн байдаг. Энэхүү асуудлыг Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын шалгаж, шаардлага хүргүүлсний дагуу С.С өөрөө төлбөрийг буцаан шилжүүлсэн байдаг. Энэ тухай Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Гэрч Г.З " ...гэрээ байгуулсан С гэж иргэнээс бух нийлүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг хэд хэдэн удаа шаардаж төлөх талаар ярьсан... гэрээ байгуулсан С гэж хүн 8,050,000 төгрөгийг 2 хувааж төлсөн байсан..." (2 хавтас 173 тал) гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан 2 төлбөрийн баримтаар тогтоогддог.
Гэрч С.С нь С.Ө-ийн дансаар дамжуулан 8,050,000 төгрөгийг Т.Д-д өгсөн гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад бүх нотлох баримтаар үгүйсгэгддэг. С.С-ын 8,050,000 төгрөгийг шилжүүлсэн дансны эзэмшигч С.Ө нь Т.Д-ыг огт танихгүй талаараа мэдүүлдэг (2 хавтасны 197 тал) бөгөөд уг мөнгөнөөс Т.Д нэг ч төгрөг авсан талаар баримт хэрэгт байдаггүй. Харин ч С.Ө нь уг мөнгөний зарим хэсгийг бэлнээр авч, зарим хэсгийг Б.З гэх хүн рүү шилжүүлж, зарим хэсгийг бага багаар өөртөө зарцуулж хэрэглэсэн нь хэрэгт авагдсан С.Ө-ийн дансны хуулгаар бүрэн нотлогддог. С.Ө-ээс мөнгө шилжүүлэн авсан Б.З (2 хавтасны 199-200 тал) болон түүний нөхөр Г.Э (2 хавтасны 203 тал) нар ч Т.Д-ыг танихгүй, түүнд мөнгө өгөөгүй талаараа мэдүүлдэг. Шүүх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалган тогтоосон эргэлзээгүй нотлох баримтаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ёстой байдал эргэлзээтэй, зөрүүтэй, бүрэн шалгаж тогтоогоогүй ганц гэрчийн мэдүүлгийг үндэслэж Т.Д-ыг гэрээний 8,050,000 төгрөгийг өөртөө авсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
2. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцсон. Т.Д-ны хувьд Завхан аймгийн ........ сумын засаг даргаар нийтийн албан тушаалд ажиллаж байхдаа Сайн үүлдрийн бух нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон аливаа бүрэн эрхээ урвуулан ашигласан үйлдэл хийгээгүй. Эрүүгийн хуульд зааснаар "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгодог.
Т.Д нь Завхан аймгийн ...... сумын Засаг дарга нийтийн албан тушаалтныхаа хувьд ямар хуулийн, яг ямар зохицуулалтаар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаж, нийтийн албан тушаалтныхаа хувьд хууль бус захирамж, шийдвэр гаргаж эсвэл гаргахгүй байж өөртөө давуу олгосныг тогтоогоогүй байж эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн нь үндэслэлгүй. Нийтийн албан тушаалтныхаа хувьд Т.Д нь эрх хэмжээнийхээ хүрээнд үнэлгээний хороо байгуулсан, үнэлгээний хорооноос гарсан зөвлөмжийг үндэслэн засаг даргын орлогч гэрээ байгуулсан нь Эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэрэг биш. Хэрэв уг тендертэй холбоотойгоор Сумын Засаг дарга өөрийн бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосон нь нотлогдсон бол үнэлгээний хороо, Б хоршооны С.С, С.С нар ч эрүүгийн хэрэгт татагдан шалгагдах байсан.
Т.Д нь Завхан аймгийн ......... сумын засаг даргаар 12 жил ажиллах хугацаандаа нэг ч удаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Түүнд холбогдуулан Завхан аймгийн .......... сумын засаг дарга Г.М нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01/178 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан тоотоор нийт 15 төрлийн асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан байдаг. Уг хүсэлтийн дагуу Т.Д-ыг Завхан аймгийн ......... сумын Засаг даргаар ажиллаж байх үеийн шатахуун түлшний зарцуулалтаас эхлээд төвийн нэгдсэн халаалтын систем холбосон гээд том, жижиг бүх асуудлыг шалгасан нь гэмт хэргийн шинжгүй нь тогтоогдсон. Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан .......... сумын засаг дарга Г.М нь мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ 2123001060155 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлыг хууль ёсны дагуу шийдэгдсэн, хамааралгүй асуудал гэж мэдүүлсэн байдаг. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож Т.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүгдэгч Т.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендерийн үйл ажиллагаа болсон процессын хуульд заасан журмын дагуу явагдсан. Сумын Засаг дарга хуулиар олгогдсон эрх, үүрэг байдаг. Эрх хэмжээнийхээ хүрээнд орон нутгийн тендерийн хороо байгуулах ёстой. Тендерийн хороог байгуулаад тендерийн хороо бусад үйл ажиллагааг хууль журам зааврын дагуу явуулах ёстой. Тендерийн хороонд ирсэн материалыг хүлээж авна гэдэг бол журмын дагуу тусгай хүснэгт дээр хүлээж авч гарын үсэг зуруулах ёстой. Д бол тендерийн хорооны гишүүн, тендерийн хорооны дарга нарийн бичгийн дарга нар тендерийн хорооны материалыг хүлээж авах ёстой, тэр хүлээж авсан баримт нь энэ хэргийн материалд байхгүй байгаа. Д-д өгсөн авсан гэдэг асуудал тавих биш хуулийн дагуу явагдсан учраас хуулийн дагуу хүлээж авсан баримт бичиг байх ёстой. Тэгэхээр нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна. Д бол .......-д сумын төрийн сангийн дарга, сумын Засаг даргад үйлчлэх буюу мэдээллээр хангах үүрэгтэй. Д-аас мэдүүлэг авахдаа 2021 оны 9 сард авсан байсан, тэр үед Д бүрэн даралтаар харвасан байсан, мартаж санах тал байсан, байх гэж бодож байна. Дараа нь байцаалт өгчихөөд С-д билээ надаар билүү хэн нь тэр тендерийн хорооны материал авсныг санахгүй байна. Буцаад байцаалт өгье гээд Б-д хандсан чинь чи хэрэгт орно гээд миний мэдүүлгийг засаж өгөхгүй байна гэдэг асуудлыг тавьж байсан. Тийм учраас Д-ийн мэдүүлэг эргэлзээтэй буруу мэдүүлэг гэж үзэж байна. Би Б хоршоонд шаардлага тавьж байснаас энд тендер болох гэж байна, танай материалыг бүрүүлэх гэж байна гэж холбогдоогүй. Б хоршооны бүрдүүлж ирсэн материалд өөрсдийнх нь зураг, тусгай зөвшөөрлийн эрх гээд бүх зүйл нь байсан. Тэр бүх зүйл надад мэдээжийн хэрэг байхгүй, Б хоршооны битүүмжилсэн материалыг тендерийн хорооны хурлаар авч хэлэлцэх ёстой. Үүнийг анхан шатны Засаг дарга, тендерийн хорооныхон бүгд мэднэ. Тийм учраас ийм алдаатай үйл ажиллагаа хийгдэхгүй. Мөн тендерийн хорооны үйл ажиллагаа зөв явагдсан байна гэж бичигдсэн байна. Тендерийн хорооны гишүүд мэдүүлэг өгсөн, ингэхдээ мөрдөн байцаагч удирдлагаас нөлөөлсөн үйлдэл байна уу гэж асуухад тендерийн хорооны гишүүд бүгд тийм асуудал байхгүй гэж мэдүүлэг өгсөн байхад үүнийг ингэж дүгнэсэн. Прокурор намайг албан тушаалаа урвуулан ашигласан хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзсэн. Б хоршооны тамга тэмдэг, лиценз, зураг хөргийг би хаанаас хуурамчаар бүрдүүлэх юм бэ, үүнийг би огт ойлгоогүй. Харин С мэдүүлэхдээ би өөрөө гарын үсэг зурсан, бичиг баримтаа манай хүүхэд өгсөн билүү, би өөрөө өгсөн билүү гэдэг мэдүүлэг өгсөн байгаа нь бас л эргэлзээтэй. Би Ө гэдэг хүнийг танихгүй, Ө-ийн дансны мэдээллийг банкаар шалгуулсан байсан. Тэр шалгуулсан материал дээр намайг авсан гэдэг нотлох баримт байхгүй байхад ийм асуудал тавьж байгаад гомдолтой байна. Б хоршоог 2020 онд намайг ажлаа өгөхөөс өмнө төрийн аудит шалгасан. Ингэж шалгахад төрийн аудит тендер зарлагдсанаас хойш бүх гүйлгээг шалгадаг. Тэр асуудал дээр ямар ч асуудал гараагүй, акт тавигдаж орж ирэхдээ хугацаанаасаа өмнө ажил үүргээ гүйцэтгээгүй учраас гээд 2021 оны 5 сар хүртэл ажил үүргээ гүйцэтгэ сунгасан. Аудитын шалгалтад ороод бүх тендерийн материал гүйлгээг төрийн аудит З шалгасан. Үүнээс хойш 2020 оны 10 сард сонгуулийн үр дүнгээр ажлаа өгсөн. Үүнээс хойш би төртэй холбоотой үйл ажиллагааг би мэдэхгүй 2021 оныг хүргэсэн. Байцаалт өгөхдөө би энэ асуудлыг мэдэхгүй байна төрийн сангийн дарга руу утсаар яриад асууж болох уу гэхэд болно гэхээр нь төрийн сангийн дарга руу утсаар яриад асуухад С 2 хуваагаад энэ мөнгийг төрийн санд тушаасан учраас хохиролгүй гэсэн учраас би тэр мэдүүлгийг өгсөн. Тухайн үед төрийн сангийн дарга надад хэлэхдээ аудитын акт тавигдсан гэж тайлбарласан. Тэгээд би тэр актыг нь авахаар төрийн аудитын газар очоод асуусан чинь шалгасан байцаагч болох З байхгүй байсан Тэгээд З руу төрийн аудитын нарийн бичгийн дарга нь утсаар ярьж асуусан чинь акт тавигдаагүй, сумаас нь мөнгийг нь авъя гээд санал ирүүлээд тэгээд мөнгийг нь тушаа гээд 2 хуваагаад тушаалгуулсан. С уг мөнгийг 2 хувааж төлнө гэсэн бичгээ төрийн аудитын газар өгсөн байсан. Төрийн сангийн дарга руу ярихаар төрийн сангийн дансны хуулгаар Б хоршоо мөнгөө тушааж оруулсан, мөн төрийн сангийн даргын Б хоршооноос 8.050.000 төгрөгөө авсан учраас төлөгдсөн байна гэсэн тоот, төрийн аудитын 8.050.000 төгрөгийг төлсөн гэх З-ын мэдүүлгээр 8.050.000 төгрөгийг С төлсөн нь харагддаг. Намайг очоод С-т мөнгө өгсөн гэдгийг нотлох ёстой шүү дээ. Тийм буруутай, зөрүүтэй худлаа мэдүүлэг өгсөн байхад тэр мэдүүлгийг авч ингэж үнэлж байгаад миний хувьд гомдолтой байна. Тийм учраас дээрх үйлдлүүдийг хийгээгүй учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үнэн зөвшөөр хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үүнээс үндэслэлтэй байгаа зүйл нь хавтаст хэрэгт байгаа тендертэй холбоотой тендерийн хороонд гаргаж өгсөн баримтуудыг хэн гаргаж өгсөн юм бэ гэдэг асуудал байна. Тэр баримтуудыг Б хоршоо өөрөө л гаргаж өгсөн. Б хоршоо ямар нэгэн баримтыг тендерийн хороонд гаргаж өгөөгүй тэр материалыг Т.Д өмнөөс нь бүрдүүлсэн юм бол яагаад Б хоршоо өөрөө энэ баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгч байгаа юм бэ гэдэг асуудал байна.
Мөн Б хоршоо өөрөө улсын бүртгэлийн гэрчилгээтэй Компанийн тухай хуулийн зохицуулагддаг өөрийн гэсэн данстай тамга тэмдэгтэй байгууллага Тендерийн хорооны гарсан зөвлөмжийн дагуу байгуулагдсан гэрээн дээр Б хоршооны гүйцэтгэх удирдлага нь гарын үсгээ зураад тамгаа дарсан мөн энэ компанитай холбоотой фото зургуудыг өгсөн байхад үүнийг яаж Т.Д бүрдүүлэх юм бэ гэдэг асуултад хариулахын тулд прокурор ямар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн бэ гэхээр хуурамч тамга тэмдэг ашигласан, хуурамч баримт бичиг оруулж ирсэн гэдэг боловч энэ нь шүүхийн шатанд үгүйсгэгдсэн. Энэ асуудал шүүхийн шатанд үгүйсгэгдсэн юм бол яаж Т.Д Б хоршооны нэрийн өмнөөс баримт бичиг бүрдүүлчихээд энэ нөхцөл байдлыг бүрдүүлэх юм бэ гэдэг асуултад хариулт өгч чадаагүй. Тийм учраас Г.Х өмгөөлөгчийн хэлснээр эргэлзээтэй нотлох баримтаар хүнийг яллаж гэм буруутайд тооцож болохгүй. Тийм учраас энэ асуудал дээр анхаарч үзнэ үү гэж хүсэж байна гэжээ.
Прокурор Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэргийн материалтай танилцахад уг хэргийн материалд харилцан нэг нэгнийгээ үгүйсгэсэн, шүүгдэгч Т.Д-ныг гэм буруугүй гэдгийг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Шүүгдэгч Т.Д бол 2019 оны 7 сард Завхан аймгийн ........ сумын Засаг даргаар ажиллаж байсан. Энэ албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаардаг. Завхан аймгийн .......... сумын Засаг даргын хувьд тендерийн хороог байгуулаад тендерт шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах үүрэг байсан. Гэвч Б хоршооны өмнөөс С гэдэг хүнтэй уулзаад танай хоршоогоор дамжуулаад мөнгийг нь гаргуулж аваад би өөрөө сайн үүлдрийн 3 бухыг сумдаа нийлүүлэх гээд байна гэдэг тохиролцоогоо хийгээд баримт бичгийг өөрөөс нь болон хүүхдээр нь дамжуулж аваад гэрч С, С-ийн мэдүүлгээр өөрөө ирж уулзсан шаардлагатай баримт бичгийг өөрөө ирж авсан, улсын бүртгэлийн гэрчилгээг манай хүүхэд зургийг нь дараад чатаар явуулсан, тэгээд энэ мөнгийг нь гаргаж аваад сумандаа өөрөө сайн үүлдрийн бух нийлүүлнэ гэж хэлж байсан гэдэг мэдүүлэг нь хавтаст хэрэгт тогтоогдсон. Засаг дарга маань үнэлгээний хороогоо байгуулаад шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулах байтал өөрөө тухайн үнэлгээний хороо руу баримт материал хүний нэрээр бүрдүүлж оруулсан нь тогтоогддог. Мөнгөө орсон даруйд нь данс өгөөд тухайн данс руугаа шилжүүлэн авсан. Энэ нь Ө гэдэг хүний данс болж таарсан. Дараа нь энэ асуудлыг аудитын газраас шалгалт хийж олж илрүүлээд тендерт шалгарсан аж ахуйн нэгж ажлаа хийж гүйцэтгээгүй байна гэдэг байдлыг илрүүлэхэд Б хоршооны эзэн С гэдэг хүн рүү яриад танай хоршоо бух нийлүүлнэ гэсэн тендерт шалгарсан байна, үүнийгээ одоо хүртэл хийж хэрэгжүүлээгүй байгаа учраас төсвийг хохиролгүй болго гэдэг шаардлагыг удаа дараа тавьж эхэлсэн. Гэтэл Б хоршооны эзэн С, Т.Д руу залгаад хохирлоо барагдуулах асуудлыг удаа дараа ярьсан. Та энэ материалыг бүрдүүлж мөнгө авсан учраас энэ мөнгийг төл гэдэг шаардлагыг тавихад Д 5.000.000 төгрөгөөр нэг удаа, 3.050.000 төгрөгөөр нэг удаа мөнгийг С-т өгч С-аар өөрөөр нь тэр мөнгийг төлүүлсэн байдаг. Ингээд төсөв хохиролгүй болсон хэдий ч тухайн үйл баримт нь өөрөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Тендер сонгон шалгаруулалтын ажиллагаа бол хуулийн дагуу явагдсан гэж байна. Үүнийг хуулийн дагуу явагдаагүй гэж шүүгч ч үзээгүй, улсын яллагч ч яллаагүй. Яасан бэ гэхээр тухайн материалыг хуулийн дагуу юм шиг бүрдүүлж өгсөн, өгсөн материалын хүрээнд тендерийн хороо ажлаа сонгон шалгаруулалтаа хийж гүйцэтгэсэн. Тэнд хууль зөрчсөн, Засаг даргын үүрэг даалгавраар хоршоог сонгон шалгаруулсан асуудал байхгүй. Тухайн хоршооны материалыг Т.Д өөрөө бүрдүүлж өгсний дагуу цаасан дээр бууснаар тухайн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байсан учраас үнэлгээний хороо тухайн хоршоог шалгаруулсан байдаг. Үнэлгээний хорооны гишүүд өөрсдөө хууль зөрчсөн буруутай юм биш үү энэ хүмүүсийг татан оролцуулаагүй байна гэдэг асуудлыг ярих боломжгүй. Яагаад вэ гэхээр хуулийн дагуу бүрдүүлж өгсөн баримт дээр хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан. Б хоршооны материалыг Т.Д өөрөө бүрдүүлж өгчихөөд өөрөө тухайн компанитай өөрөө гэрээ байгуулаад мөнгийг нь өөрөө гаргаж авсан үйлдэл нь яах аргагүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байгаа. Хавтаст хэрэг цугларсан материалууд болон гэрч С-ын мэдүүлэг, түүний хүү С-ийн мэдүүлэг, төрийн сангийн мэргэжилтэн Д нарын мэдүүлэг болон дансны хуулга, гэрээ, тендер сонгон шалгаруулалт оролцсон бүх материалууд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон баримтууд байна. Эдгээр нотлох баримтууд нь аль нэг нотлох баримтуудтай зөрчилдөөгүй бүгд гэм буруугийн асуудлыг нотолсон хуулийн хүрээнд авагдсан нотлох баримтууд байна гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бусад баримтууд дундаас энэ тендерийн материалыг Д гэдэг хүн бүрдүүлээгүй энэ мөнгийг Д аваагүй гэх цагаатгах талын нотлох баримтууд байхгүй байна. Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар давж заалдах шатны шүүх Т.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Д нь Завхан аймгийн ............ сумын засаг даргаар ажиллаж байхдаа ........ суманд сайн үүлдрийн бух үхэр нийлүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд оролцох саналыг Б хоршооны дарга С.С-т тавьж, түүний гарын үсэг, аж ахуйн нэгжийн тамга тэмдгийг ашиглан тухайн аж ахуйн нэгжийн нэрийн өмнөөс баримт бичиг бүрдүүлэн Үнэлгээний хороонд өгсөн.
Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр Б хоршоотой ......... сумын малын үүлдэр угсааг сайжруулж сайн үүлдрийн 3 тооны бух үхрийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийлүүлэх тухай гэрээг байгуулж, улмаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орон нутгийн хөгжлийн сангаас Б хоршооны дансанд шилжүүлсэн 8.050.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Ө-ийн арилжааны Хаан банкин дахь харилцах дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгож, төсөвт 8.050.000 төгрөгийн хохирол учруулжээ.
Өөрөөр хэлбэл, Б хоршоо нь өөрөө ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, Завхан аймгийн .......... сумын үнэлгээний хороонд өгөөгүй, сайн үүлдрийн бух нийлүүлэх гэрээнд Т.Д-ны гуйлтаар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан, Т.Д нь гэрээний дагуу тус хоршооны дансанд орсон 8.050.000 төгрөгийг авахаар С.С-т хэлснээр 8.050.000 төгрөгийг С.Ө-ийн дансаар шилжүүлсэн авсан байна.
Энэ үйл баримт нь хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Гэрч С.С-ын “...2019 оны 07 сарын үед намайг сумандаа байж байтал ....... сумын Засаг дарга Д надтай ирж уулзсан. ...ирж уулзсан шалтгаан нь гэвэл “манай сум малын үүлдэр угсаагаа сайжруулах зорилгоор сайн үүлдрийн бухтай болох гэсэн юм, танай Б хоршоотой гэрээ байгуулаад хоршоогоор чинь дамжуулаад бухныхаа мөнгийг оруулаад буцаагаад авмаар байна, бид өөрсдөө бухаа өөр хүнээс худалдаж авах гэж байгаа юмаа” гээд бух нийлүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулж байсан. Ингэж хэлэхээр үнэхээр өөрсдөө л бухаа худалдаж авах юм байна гэж ойлгосон. Надад ч нээх хамаагүй болохоор би ч таг мартчихаж, гэрээ байгуулснаас хойш хэсэг хугацааны дараа намайг хангайд зусаж байтал Д утсаар яриад “ хоршооны чинь данс руу бухны мөнгө шилжигдэж орсон байгаа шүү, мөнгөө энэ дансаар шилжүүлчих ” гэхээр нь ... хүү С.С руу утсаар яриад Т.Д-ны өгсөн дансны дугаарыг өгөөд “ миний хүү хоршооны дансанд шилжигдэн орсон байгаа 8 сая 50 мянган төгрөгийг энэ данс руу шилжүүлчих” гэж хүүдээ хэлсэн юм. Хүү маань нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байх, миний хэлж өгсөн данс руу тэр мөнгийг нь шилжүүлсэн байна лээ. Тэгээд тэрнээс би ч таг мартсан байсан. Тэгсэн чинь энэ намар 9 сарын үед над руу аймгийн Төрийн аудитын газраас нэг эмэгтэй хүн утсаар яриад “ та бух нийлүүлэх гэрээний дагуу 8,050,000 төгрөг авсан байна, төслийнхөө дагуу бухаа ямар учраас ........... суманд нийлүүлээгүй юм бэ гэхээр нь “ надад наад асуудал чинь хамаагүй, ........... сумын Засаг дарга Д чинь бухаа өөрөө нийлүүлнэ гээд надаас мөнгөө буцаагаад авсан ш дээ, би сайн мэдэхгүй байна” гэсэн чинь тантай л гэрээ байгуулсан байна, та 8,050,000 төгрөгийг төлж төрийн санг хохиролгүй болго” гэхээр нь би төлөх ёсгүй, би Д-тай яриад эргээд хэлье гээд орхисон. Тэгээд байж байтал ......... сумын төрийн сангийн төлөөлөгч Д над руу утсаар яриад та бух нийлүүлэх гэрээний дагуу бухаа нийлүүлээгүй юм чинь төлбөрөө төлөөч ээ, над руу аудитын газраас яриад байна гэсэн. Тэгж хэлэхээр нь би Д-д “надад хамаагүй гэдгээ л хэлээд Д дарга чинь бух нийлүүлэх гэрээний дагуу хоршооны дансанд орсон мөнгөө буцааж аваад өөрөө бухаа нийлүүлнэ гэсэн ш дээ, надад ямар хамаатай юм бэ” гэсэн чинь “та л төлөх юм байна ш дээ” гэхээр нь би Д-тай чинь яриад эргээд хэлье гээд тэр даруй Д луу утсаар яриад “ надаас аймгийн аудитын газраас яриад байна, чи өөрөө бухаа нийлүүлээгүй юм уу, ямар учиртай юм болоод байгаа юм бэ” гэсэн чинь Д “бух худалдаж авах мөнгөө цааш нь хүнд дамжуулаад өгчихсөн, шүлхий ч гэл үү, малын гоц халдвар өвчин гараад бухаа оруулж ирэх боломжгүй болчихсон юмаа, би өөрөө учраа олчихно” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.С-ийн “...Манай аав С нь 2005 оны үеэс эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд миний нэр дээр 2019 оны 04 сард шилжигдэн ирсэн юм. Уг хоршоо нь миний нэр дээр хэдий бүртгэлтэй байдаг боловч аав С, ээж Б нар нь өөрсдөө хариуцаад .......... суманд хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Би хоршооны үйл ажиллагаанд нь оролцоод байдаггүй. ...Би ийм гэрээ байгуулаагүй, манай аав С байгуулсан байна. Хоршооны нэр дээрх Хаан банкны ............ тоот данснаас гүйлгээ хийхийн тулд банкнаас миний гарын үсэг зурагдаж зарлага гаргадаг юм. Би түрүүн Б хоршооны Хаан банкны дансаа банкин дээр очоод шүүлгүүлээд үзэхэд 2019 оны 07 сарын 30-ны өдөр 8,500,000 төгрөгийг бэлнээр зарлага хийж аваад Ө гэж хүний ...-ээр эхэлсэн арын тоонууд нь олон .....-ийн тоо орсон данс руу уг 8,500,000 төгрөгийг шилжүүлсэн байна. Би Ө гэж хүнийг огт танихгүй. Манай аав, ээж хоёр ч гэсэн Ө гэж хүнийг танихгүй байх. Би түрүүн аав луу утсаар яриад асуулаа. Тэгсэн чинь “Д дарга таны өөрийн чинь мал үржлийн хоршоогоор чинь дамжуулж сумандаа бухтай болмоор байна, гэхдээ данс руу чинь бухны мөнгөө шилжүүлнэ, мөнгийг нь гаргаад өгөөрэй, би бухаа өөрөө худалдаж авна гээд уг 8,500,000 төгрөгийг буцааж авсан гэж байна. Мөнгийг нь буцааж гаргах үйл явцын талаар түрүүн хэллээ. Манай аав над руу ярьсан юм уу эсвэл Д дарга над руу ярьж Ө гэж хүний дансны дугаарыг өгсөн юм уу тэрийг одоо би хэлж мэдэхгүй байна. Ямартай ч би 2019 оны 07 сарын 30-ны өдөр аймгийн төвийн Хаан банкны тооцооны төв дээр очиж тэр 8,500,000 төгрөгийг зарлагадаж аваад тэгээд аваад шууд Ө гэж хүний данс руу 8,500,000 төгрөгийг бүхэл мөнгөн дүнгээр нь шилжүүлсэн байна. ...Аав маань надад Д даргатай бух нийлүүлэх гэрээ байгуулсан талаар хэлээгүй. Гэхдээ энэ асуудал болоод байгаа 8,500,000 төгрөгийг би ямар нэгэн учир шалтгаангүйгээр хоршооныхоо данснаас авна гэж байхгүй. Уг 8,500,000 төгрөгийг данснаас авах тухайн үед бол аав над руу утсаар яриад Д-тай бух нийлүүлэх гэрээ байгуулсан юм, бух нийлүүлэх мөнгийг нь гаргаж өгөх гэж байгаа юм гэж хэлэхээр нь би банкин дээр очоод мөнгийг нь данснаас аваад энэ нэр дурдагдаад байгаа Ө гэж хүний данс руу шилжүүлсэн байж магадгүй. Гэхдээ энэ 8,500,000 төгрөгийн асуудал нь аав С бид хоёрт ямар ч хамааралгүй, мөнгөнөөс ямар нэгэн хувь аваагүй. Надад Д эгч бух нийлүүлэх гэрээ байгуулж байгаа данс руу чинь мөнгө төгрөг шилжүүлээд авъя гэж өөрөө биечлэн уулзаж хэлж яриагүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Р.Д-ийн “...Сумын ИТХ-ын 2017 оны жилийн эцсийн хуралдаанаар ОНХСХ-өөр 2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөөнд малын үүлдэр угсааг сайжруулах төслийг 6 сая төгрөгөөр хийж хэрэгжүүлэхээр баталж байсан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар төсвийн тодотгол хийж, эрчимжсэн мал аж ахуй гэдгээр 5.300.000 төгрөгөөр баталсан. Тэгэхээр 2018 онд тухайн төсөл хөтөлбөрийг 11.300.000 төгрөгөөр хийж гүйцэтгэх ёстой байсан. Сумын ИТХ-аас энэ ажлыг хийж хэрэгжүүлэх ажлын төсөв мөнгийг баталж өгсөн боловч 1-рт тендер зарлаад аж ахуйн нэгж оролцоогүй, мөн 2-рт аймгийн Санхүү төрийн сангаас санхүүжилт орж ирэхгүй байж байгаад 2018 оны жилийн эцсээр санхүүжилт нь орж ирсэн. Энэ 2 шалтгаанаас болж малын үүлдэр угсаа сайжруулах төсөл хөтөлбөр 2018 онд бол хэрэгжээгүй юм. Ингээд 2018 онд хэрэгжээгүй төслийн мөнгө нь сангаас гараагүй учир 2019 онд уг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж Б хоршоотой 2019 оны 07 сард 11.500.000 төгрөгөөр сайн үүлдрийн бух нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу эхний 70 хувь санхүүжилт буюу 8.050.000 төгрөгийг Б хоршооны данс руу шилжүүлсэн, үлдэгдэл 30 хувь буюу 3.450.000 төгрөгийг бухаа хүлээж авсны дараа шилжүүлэх ёстой байсан боловч Б хоршооноос гэрээний дагуу 3 ширхэг хээлтүүлэгч бухаа нийлүүлээгүй учир үлдэгдэл санхүүжилтийг нь өгөөгүй юм. Энэ төсөл хэрэгжээгүй учраас үлдэгдэл 30 хувь санхүүжилтийг 2020 ондоо өөр төсөл хөтөлбөрт зарцуулсан. ...Б хоршооны төсөл, төсөлтэй холбоотой материалыг Засаг дарга Д-аар дамжигдаж ирсэн, надад өгсөн бил үү, С даргад өгсөн билүү тэрийг санахгүй байна. Бид хоёрын аль нэгэнд өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Б хоршоотой байгуулсан сайн үүлдрийн бух нийлүүлэх тухай гэрээ, Б хоршоонд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 8,050,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б хоршооноос 8,050,000 төгрөг бэлнээр авсан баримт, мөн өдөр С.Ө-ийн ............ дугаарын дансанд 8,050,000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон ХААН банкны депозит дэлгэрэнгүй хуулгуудаар тус тус тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, уг нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд бүхэлдээ хангалттай байна.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотолж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.
3. Анхан шатны шүүхийн хууль хэрэглэсэн байдал, давж заалдах гомдлын талаар,
Шүүгдэгч Т.Д нь Завхан аймгийн ........ сумын Засаг даргын хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж Б хоршооны нэрээр тендер боловсруулан, мөн холбогдох бичиг баримтыг өөрөө боловсруулж, тухайн хоршоотой гэрээ байгуулж, 8.050.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулан өөртөө авсан үйлдэл нь
Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэрээ байгуулах, тэдгээрийг бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн, Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д "албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” мөн зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заажээ.
Шүүгдэгч Т.Д-ны энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Т.Д-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн байна.
Иймээс дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “...Т.Д-г Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцохдоо хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн ...Т.Д нь нийтийн албан тушаалтныхаа хувьд ямар хуулийн, яг ямар зохицуулалтаар олгогдсон албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаж, нийтийн албан тушаалтныхаа хувьд хууль бус захирамж шийдвэр гаргаж өөртөө давуу байдал олгосныг тогтоогоогүй...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/39 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А, Г.Х нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ж.БАТТОГТОХ