Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 307/ШШ2026/00147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/03738/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Ө******* овгийн Ч******* Б******* (утас: *******)-ын хүсэлттэй,

“...******* болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Хүсэлт гаргагч Ч.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.Б******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“...Миний бие ******* улсын дугаартай Liugong CLG856 маркийн авто ачигч, ******* улсын дугаартай Shandong маркийн зам индүүдэгч, Shandong RS2200 маркийн ******* болон ******* улсын дугаартай 3 ширхэг зам индүүдэгчийг өмчилдөг.

*******-ийн захирал Ш.У*******, *******-ийн захирал Д.Б нар нь Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлийн авто замын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж болох ******* болон ******* улсын дугаартай зам индүүдэгчийг түрээсээр ажиллуулахаар тохиролцож улмаар Улаанбаатар хотод байсан *******-тай 2022.04.29-ний өдөр техник түрээслэх гэрээг бичгээр байгуулж, нэг техникийг сарын 14,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэхээр болсон. Үүний дараагаар түрээслэгчийн зүгээс ажлыг шуурхай гүйцэтгэхэд дахин нэг зам индүүдэгчийг ажиллуулах талаар хүсэлт тавьсны дагуу ******* улсын дугаартай зам индүүдэгчийг 2022.05.09-ний өдрөөс эхлэн нэмж операторын хамт ажиллуулсан. Тодруулбал, Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамын ажилд 14-71 УР улсын дугаартай liugong CLG856 маркийн авто ачигч, ******* улсын дугаартай Shandong маркийн зам индүүдэгч, Shandong RS2200 маркийн *******, ******* дугаартай зам индүүдэгч гээд 4 ширхэг техник хэрэгслийг тус бүр нэг сарын 14,000,000 төгрөгөөр операторын хамт түрээслэгчийн хүсэлтийн дагуу ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэрээ байгуулсны дараа *******-ийн захирал Ш.У******* индүүний урьдчилгаа төлбөр 4,200,000 төгрөгийг Э.Баясгаланд шилжүүлсэн.

2022.04.29-ний өдрийн түрээсийн гэрээний дагуу *******, ******* улсын дугаартай зам индүүлэгчийг 2022.04.29-2022.06.15-ны өдрийг хүртэл өдөрт 10 цаг, тус бүр 48 хоног, ******* улсын дугаартай зам индүүдэгчийг 2022.05.09-2022.06.15-ний өдрийг дуустал өдөрт ажлын 10 цагаар нийт 38 хоног, 14-71 УР улсын дугаартай авто ачигчийг 2022.05.21-2022.06.21-ний өдрийг дуустал өдөрт ажлын 10 цагаар нийт 31 хоног ажиллуулсан.

Ингээд түрээсийн төлбөрөө авахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хариуцагч компаниудын оршин байгаа хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ”-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. (хх 2-5 хуудас)

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.Б******* “...******* болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай”  хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 42 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ”, 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 40 дугаартай “Техник түрээслэх тухай гэрээ” зэргээр ******* болон ******* нар нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох, тэдгээрийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдож байна.

5.Иймд ******* болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ******* (РД:) болон ******* (РД:)-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар ******* болон *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч Ч.Б******* (утас: *******)-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.******* нь Улаанбаатар хот, ******* тоот хаягт, ******* нь Улаанбаатар хот, ******* тоот хаягт тус тус байрлаж байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН