| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0237/э |
| Дугаар | 000249 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жавхлантуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 000249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Ж
Хохирогч Б.У
Шүүгдэгч Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн 1825002480248 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ноос ноолуур борлуулалт мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Шанд багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Г-ын Б
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогчид 200.000 төгрөгийг төлнө гэв.
-Хохирогч Г.Уын: Би хохирол 200.000 төгрөгийг гаргуулж авна бид тохиролцсон гэв.
-Хохирогч Б.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2018 оны 05 сарын 12-ны орой найз М, Мөнхбаяр нарын хамт Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд орсон. Ороод бид нар 3 хүний нэг, нэг “Нийслэл” пиво уусан. Би найз М-тэй суудлаасаа босоогүй сууж байгаад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаа найз Мөнхбаярыг хартал хажууд нь бүжиглэж байсан үл таних залуу шууд цохиод авсан. Дахиж цохиод заамдаж аваад манай ширээн дээр ирсэн, тэгэхээр нь би босч ирээд салгасан чинь над руу дайраад намайг цохисон. Би зугтсан гэтэл араас намайг хөөж ирээд би чамайг ална гээд үсэрч ирээд намайг мөргөсөн. Хамар мурийсан өвдөлттэй байгаа гэсэн мэдүүлэг /хх 5-7 ху/
-Гэрч М.М-ийн: У надаас жаахан түрүүлж очоод болиоч гэсэн, тэгтэл У руу дайраад байсан. Тэр залуу Уыг нэг удаа нүүрэн тус газар нь мөргөсөн. Уын хамраас цус гарч тэр бие засах өрөө рүү явсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/
-Гэрч Б.М-ийн: Нэг харахад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан үл таних залуу У ахыг элдэж хөөж байснаа барьж аваад маргах шиг болоод нүүрэн тус газар нь мөргөсөн. Би тухайн үйлдлийг хараад очиж салгасан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 400 дугаартай шинжээчийн...Б.Уын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 9 ху/,
-Г.Быг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 42, 44 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Г.Бын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 сарын 12-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд Б.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн би зугтсан гэтэл араас намайг хөөж ирээд би чамайг ална гээд үсэрч ирээд намайг мөргөсөн. Хамар мурийсан өвдөлттэй байгаа гэсэн мэдүүлэг, гэрч М.М, Б.Мө нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт үүссэнийг тогтоосон 400 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.У нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгч Г.Баас 200.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Уа-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Баас 200.000 төгрөг гаргуулан хохирогч / Б.У-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.