Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 000159

 

 

 

 

2018.04.12                                     № 159                              171/2018/0152/Э

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Б.Д

Шүүгдэгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 1825002150151 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хас банкны Орхон аймаг дахь салбарт теллер ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Цагаанчулуут багийн 7 дугаар хороололд оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ө овгийн Г-ийн Г.

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын доод талд байдаг Солонго караокед хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол торгуулиа боломжоороо төлнө. Ганцаараа ажил эрхэлдэг гэв.

 

-Хохирогч Б.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...би шүүхэд мэдүүлэг өгөхгүй, эмчилгээний зардал 3.242.489 төгрөгийг төлүүлнэ. Би Улаанбаатар хот руу өөрийн машинаар явж эмчилгээ шинжилгээнд орсон гэв.

 

Хохирогч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ажлын газрын залуучуудтайгаа Сэлэнгэ зочид буудлын доод талд байдаг Солонго караокед орцгоосон бөгөөд тэндээ нэг шил архи уусан. Гэнэт А Ж нар хоорондоо зодолдож эхэлсэн. Би тухайн үед ямар шалтгааны улмаас зодоон болсныг мэдээгүй. Би А Ж нарыг салгах гээд байж байсан. Би гэнэт ухаан ороход намайг зодож байсан бөгөөд баруун нүд хөхөрч хавдсан байсан. Одоогоор миний баруун нүд тагларч хавдсан бөгөөд цусаар бөөлжсөн. Одоо нүд маш их өвдөж байна. Намайг Г цохиж зодсон. Г миний толгой нүүр рүү цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх 7-9 ху/

 

           -Гэрч  Я.Одонтунгалагийн: Камерт нэг харахад Хас банкны залуучууд хоорондоо зодолдож байсан бөгөөд намайг өрөө рүү нь ороход 2 хэсэг болоод хоорондоо зодолдож байсан. Удалгүй уг залуучуудын нэгийнх нь эхнэр ирээд нөхрөө аваад явсан. Тухайн үед тэр залуугийн хамраас  цус гоожиж байсан гэх мэдүүлэг /хх 11 ху/

            

           -Гэрч М.Жын: Д-ын эхнэр нь орж ирээд А бид хоёрыг салахад Д-ын баруун нүд хавдаад хамраас нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх 12 ху/

 

           -Гэрч Б.Агийн: Архи ууж байхдаа бид хоорондоо тоглоом шоглоом ярьж байгаад Д, Г хоёр маргалдсан. Маргалдаж байгаад Д Гын дээрээс нь дараад ганц, нэг удаа цохисон. Тэгэхээр нь бид нар боль гэсэн чинь Д үгэнд орохгүй байсан. Тэр хоёрыг салгаж байгаад Ж бид хоёр муудалцаад маргалдсан. Маргалдаж байгаад Ж бид 2 барилцаж аваад ноцолдсон. Гансүх Ж бид хоёрыг салгах гээд байсан. Тэгж байхад баарны үйлчлэгч эгч орж ирсэн. Тэр хүний дараа Д-ын эхнэр орж ирсэн. Тэгээд бид нарыг салсан чинь Д-ын хамраас цус гараад баруун талынх нь нүд хавдсан байсан. Д Г руу дайраад чи намайг зодсон, Г чи ч гэсэн намайг зодсон гэж маргалдаж байгаад гарсан гэх мэдүүлэг /хх 14 ху/

 

          - Камерын бичлэгт үзлэг хийсэн 22:20:42 цагт Г Д 2 харилцан зодолдож орж ирээд камерийн зүүн доод буланд Д-г тонгойсон байхад нь Г өвдгөөрөө 3 удаа, гараараа 5 удаа толгой хэсэг рүү нь цохиж байх ба Д ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, Д Гансүхээс тэвэрсэн байх бөгөөд Гансүх хяналтын камер руу орж ирэх үед Д түүнийг тэвэрсэн чигтээ доошоо тонгойгоод буйдан түшээд зогсох үед Г өрөөнөөс гараад явж байна гэх тэмдэглэл /хх 16-18 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 263 дугаартай шинжээчийн дүгнэлтэд...Б.Д-ын биед баруун нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугуйд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд болон доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20 ху/,

 

-Г.Гыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-27 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 112 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

             Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сэлэнгэ зочид буудлын доод талд байдаг Солонго караокед хохирогч Б.Д-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Д-ын намайг Г цохиж зодсон. Г миний толгой нүүр рүү цохиод байсан гэсэн мэдүүлэг /хх 7-9 ху/, гэрч Я.Одонтунгалагийн Камерт нэг харахад Хас банкны залуучууд хоорондоо зодолдож байсан бөгөөд намайг өрөө рүү нь ороход 2 хэсэг болоод хоорондоо зодолдож байсан. Тухайн үед тэр залуугийн хамраас цус гоожиж байсан гэх мэдүүлэг /хх 11 ху/, гэрч М.Жын Д-ын эхнэр нь орж ирээд А бид хоёрыг салахад Д-ын баруун нүд хавдаад хамраас нь цус гарсан байсан гэх мэдүүлэг /хх 12 ху/, гэрч Б.Агийн  Д Г руу дайраад чи намайг зодсон, Г чи ч гэсэн намайг зодсон гэж маргалдаж байгаад гарсан гэх мэдүүлэг /хх 14 ху/, хохирогч Б.Д-ын биед баруун нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугуйд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт үүссэнийг тогтоосон 263 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                      Иймд шүүгдэгч Г.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

                     Хохирогч  Б.Д нь хохирол төлбөрт үзлэг, шинжилгээ, эмчилгээ, хоол хүнс, цалин листний зөрүү, шатахууны зардал нийт 3.242.489 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нотлох баримтын хэмжээнд 1.949.063 төгрөгийг шүүгдэгч Г.Гаас гаргуулан хохирогч Б.Дд олгох үндэслэлтэй боловч шүүгдэгч хохирогчид 1.150.000 төгрөг төлсөнийг хасаж тооцоод Г.Гаас 799.063 төгрөг гаргуулан хохирогч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  1.293.426 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

 

                   Дээрхи 1.293.426 төгрөгийн баримт нь нэр хаяггүй, хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд шатахуун хийсэн нь тодорхойгүй, зарим хүнсний бараа бүтээгдэхүүний баримт нь коло,чипс, авсан шинжээчийн дүгнэлтээр баруун нүдний ухархайн дотор болон доод хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугуйд зөөлөн эдэд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл үүссэн байхад ходоод, улаан хоолой, хэвлийг дурандуулсан, элэгний үйл ажиллагаа, вирусийн шинжилгээ өгсөн, АЦЦ уухаар авсан, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх мэт байх тул хасаж тооцсон болно.

 

           Шүүгдэгч Г.Г нь Хас банкинд теллерийн албан тушаалд ажилладаг сарын 800.000 төгрөгийн цалинтай тухай Эрдэнэт салбар Хас банкны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байх тул түүний  орлогын байдлыг харгалзан хохирол төлөх хугацааг 4 сараар тогтоолоо.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоосоо төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь үндэстэй гэж үзлээ.

 

            Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Г.Гаас 799.063 төгрөг гаргуулан, хохирол төлөх хугацааг 4 сараар тогтоож сар бүр 199.765 төгрөгийг  хохирогч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.293.426 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Эд мөрийн баримтаар хураагдсан СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ