Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 207/МА2020/00070

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн

нэхэмжлэлтэй, хариуцагч *******ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00407 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ХХК-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55.933.415.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хулан, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*******ХХК нь 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнаж байсан ч нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн хугацаанд төлөлгүй 37.288.943.62 төгрөгийн авлага үүсгэсэн байна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.288.943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18.644.471.81 төгрөг, бүгд 55.933.415.43 төгрөгийг *******ХХК болон захирал Бархас овогтой Бүрэнтогтох нараас гаргуулж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******ХХК нь үр тариа боловсруулах, гурил үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Тус компани нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлдөг бөгөөд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсны улмаас нийгмийн даатгалын шимтгэлээ зохих хугацаанд төлөөгүй нь үнэн боловч эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн ногдуулсан 18.644.471.81 төгрөгний алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь *******ХХК компани одоогийн байдлаар эдийн засгийн хүнд байдлаасаа гараагүй байгаа тул алданги байтугай үндсэн шимтгэлээ ч төлөх санхүүгийн боломжгүй байна. Иймд тус компанид ноогдуулсан алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00407 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.2, 20 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан *******ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,288,943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18,644,471.81 төгрөг, нийт 55,933,415.43 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хостав ХХК-аас 437,617 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т зааснаар алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүхэлд нь өөрчлөн найруулсан тус өөрчлөн найруултанд алдангийг Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй ... байхаар зохицуулсан. Нөгөөтэйгээр дээрх хуулийн зохицуулалтыг үгийн шууд утгаар нь ойлгож тайлбарлавал тооцооны алдаа гаргасны улмаас дутуу төлөгдсөн шимтгэлийг төлүүлэх уг төлөлтийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар алдангийг төлхөөр зохицуулсан заалт байна. Гэтэл *******ХХК-ний зүгээс Нийгмийн даатгалын хэлтэст төлөх ёстой шимтгэл нь дээрх хуулийн заалтанд хамаарах тооцооны алдаа гаргаснаас үүссэн дутуу төлсөн шимтгэл биш бөгөөд компани эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсны улмаас үүссэн төлбөр юм. Энэхүү компаний өр төлбөрийг өмнөх өөрчлөн найруулан хүчингүй болгосон 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар зохицуулж байсан боловч энэхүү заалт нь 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчингүй болсон. Иймээс *******ХХК-ний алдангийг хангах хуулийн зохицуулалт Нийгмийн даатгалын тухай хуульд байхгүй болсон байна. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гэх нэг хавтастай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Энэхүү нотлох баримттай танилцах боломжоор хангуулах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүхэд хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг харгалзан үзэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх хариуцагчийн эрхийг зөрчсөн. Мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шүүх хуралдааныг нэг хойшлуулах талаарх зохицуулалтыг дагаж мөрдөлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Энэ нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын эрхийг зөрчсөн гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч *******ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.889.943.62 төгрөг, алданги 18.644.471.81 төгрөг, нийт 55.933.415.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага алданги төлөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай акт, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай актуудад үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд хариуцагч *******ХХК нь 2017 оны 04 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоо тайлагнаж тайлан гаргаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэлд 37.288.943.62 төгрөг төлөх байснаас хуульд заасан хугацаандаа төлөхгүй өр, авлага үүсгэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 21 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 07 тоот улсын байцаагчийн актаар тус тус хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, алданги төлүүлэхээр шийдвэрлэж байжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн үед мөрдөж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2. дахь заалтын дагуу алданги тооцсон бөгөөд энэ хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөгдөж тооцооны алдаа гаргаснаас шимтгэл дутуу төлсөн тохиолдолд алданги ногдуулахаар болсон ба шимтгэлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохгүй, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхээр өөрчлөлт орсон байхад шүүх нэхэмжлэгч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн хэмжээгээр алдангийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2. гэсэн хуучин мөрдөгдөж байсан хуулийн заалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алданги болох 18.644.471.81 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/00407 дугаар шийдвэрийн 1 заалтыг ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.2, 20 дугаар зүйлийн 1.2-д заасныг баримтлан *******ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37,288,943.62 төгрөг, түүнд ногдох алданги 18,644,471.81 төгрөг, нийт 55,933,415.43 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай ... гэснийг ... Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.2., 20 дугаар зүйлийн 1.-д заасныг баримтлан *******ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 37.288.943.62 төгрөг гаргуулан Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 18.644.471.81 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтыг ... Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Хостав ХХК-аас 437,617 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай ... гэснийг ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******ХХК-иас 344.395 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ