Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 981

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У, гуравдагч этгээд П.Б, гуравдагч этгээд “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******, С.Ба нарыг оролцуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1248 дугаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын 1.3-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаарт бүртгэлтэй, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Иргэн Г.Б /РД:ЧС/

 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Бага  тойруу, Засгийн газрын 3 дугаар байр.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Г.Б нь “П.Бд олгогдсон 00 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2030 дугаартай шүүхийн шийдвэрээр П.Бтай гэр бүл цуцлуулж, гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөс өөрт болон охин Б.Ц*******, Б.С нарын оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс шийдвэрлэсэн. 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 129.6, 130.3 дахь ; хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мтын ******* дүгээр байр, 7 тоот 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Б, Б.Ц*******, Б.С нарыг тогтоож, дээрх орон сууцыг Г.Б, Б.Ц*******, Б.С нарт үлдээх...” гэж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул уг орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлж авахаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандахад П.Б нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Х*******” ХХК-тай 5******* тоот зээлийн гэрээ байгуулж, барьцаанд тавьсан болохыг мэдсэн.

Анх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2014 оны 03 сард шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийг гаргах үедээ уг байрыг битүүмжлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж байсан. Уг хүсэлтийг шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19348 тоот шүүгчийн захирамжаар битүүмжлэхээр шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх албанаас улсын бүртгэлийн байгууллагад албан бичиг очсон.  

Нэхэмжлэлийг гаргах үед уг байрны гэрчилгээ, бусад холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн үед орон сууц нь П.Бы нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ уг байрны гэрчилгээ нь Г.Бд байгаа гэдгийг П.Б мэдэж байсан. 

Гэтэл П.Б нь гэрчилгээг Г.Бд байгаа, үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх хүсэлт гаргасныг мэдсэн хэрнэ шүүхийн шийдвэр гарахаас өмнө байрны гэрчилгээг хаясан гэж худал зарлуулан дахин гэрчилгээ гаргуулж, х*******инд 192 сая төгрөгийн барьцаанд тавьж, одоо болтол барьцаанд байна. П.Быг хууль бусаар гэрчилгээ гаргуулсныг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээр шалгуулсан.Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 388 дугаар тогтоолоор эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутай болохыг тогтоож, өршөөлийн хуулиар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.  

 П.Б нь "Улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн" гэж худал мэдүүлэг гарган 2014 оны 09 дүгээр сарын 10-нд 00 гэрчилгээг дахин гаргуулж авсан нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасныг ноцтойгоор зөрчсөн байх бөгөөд уг үйлдлийг хуулийн байгууллагаас эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иймд П.Бд олгогдсон 00 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ******* Ханддоржийн гудамж, ******* дүгээр байрны ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анх иргэн Б.Ц*******, Б.С нарын өмчлөлд 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдөр эрхийн улсын Ү-22******* дугаарт бүртгэж 00******* тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Уг орон сууцыг 201 дугаартай нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэн П.Бы өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн 0 тоот гэрчилээ олгосон байна.

Иргэн П.Б нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өмчлөх эрхийн 0 дугаартай гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн талаар өргөдөл, мэдүүлэг, үйлчилгээний хураамж, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчилгээг гээгдүүлсэн талаар зарлуулсан Өдрийн сонин зэргийг хавсарган өгснийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1248 тоот тушаалаар 00 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй тооцуулж шинээр 00 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ******* Ханддоржийн гудамж ******* дүгээр байрны 7 тоот орон сууцны өмчлөгч П.Б тус орон сууцаа 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Х*******тай байгуулсан 5******* тоот 198.000.000 төгрөгийн барьцаанд тавьсныг 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Дээрх орон сууцанд өнөөдрийн байдлаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас ирүүлсэн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2/2643 тоот албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эрхлэн түдгэлзүүлсэн байна. мөн дээрх хувийн хэрэгт иргэн Г.Бийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан өргөдөлд болон шүүхийн шийдвэр бусад баримтууд нотлох баримтаар авагдсан байна. 

Дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаартай орон сууцны архивын нотлох баримтуудыг хянан үзэхэд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, ******* Ханддоржийн гудамж ******* дүгээр байрны 7 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд хийгдсэн байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д заасан шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

...Эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь өөр хүнд хадгалагдаж байгаа талаар өргөдөл, мэдээлэл ирээгүй, гэрчилгээг үрэгдүүлсэн тухай  нотлох баримтууд нь эх хувь байсан мөн иргэн Г.Бд П.Бы өмчлөх эрхийн 00 дугаартай гэрчилгээ байсан талаар өргөдөл мэдээлэл хувийн хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байсан тул үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгосон нь холбогдох хууль дүрэм журам зөрчөөгүй байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д зааснаар мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг. 

Иргэн Г.Бийн нэхэмжлэлдээ дурдсан Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.-д заасан заалт нь үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгосон бүртгэлд хамаарахгүй бөгөөд П.Бы өмчлөх эрх хүчинтэй хэвээрээ, өмчлөх эрхийн гэрчилгээг гээгдүүлсэн талаар нотлох баримтыг үндэслэн эрх зүйн шинэ акт гаргасан болно. Иймд Г.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  “Иргэн Г.Бийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэрэгт Хасбанк нь гуравдагч этгээдээр оролцож байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна.

Хасбанк нь иргэн П.Бтай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5******* дүгээр Зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Чинван Ханддоржийн гудамж ******* байрны 7 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн 22*******, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж 5*******-02 дугаар Баталгаат ипотекийн гэрээ байгуулан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон болно.

Банк уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахдаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө- өмчлөх эрхийн гэрчилгээ, түүнд нэр заагдсан хөрөнгийн өмчлөгчийн хүсэлт зэрэгт үндэслэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан ба гэрээ байгуулах үед эрх бүхий байгууллагаас тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөх болон бусад эрхэд аливаа хязгаарлалт, хориг тавигдаагүй байсан болно. Банкны барьцаалсан орон сууцны хувьд 1 өмчлөгчтэй, өмчлөлтэй холбоотой асуудлаар эрх бүхий байгууллагаас ямар нэг арга хэмжээ аваагүй байдлаар барьцааны гэрээ байгуулагдсан байх тул банкны барьцааны эрхийн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр Ипотекийн эрх тус банкинд үүссэн, түүгээр хангагдах Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа зэргийг харгалзан үзэж, барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Г.Б Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаар гэрчилгээ, улсын бүртгэлийг хүчингүй болгох үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1248 дугаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын 1.3-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаарт бүртгэлтэй, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны 00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ надад хадгалагдаж байхад хаясан гэж зарлуулан хуурамч баримт бүрдүүлж дахин үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ авсан нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мтын ******* дүгээр байр, 7 тоот 122 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны өмчлөгчөөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2030 дугаар шийдвэрээр Г.Б, Б.Ц*******, Б.С нарыг тогтоож шийдвэрлэжээ.

Харин энэ хэргийн гуравдагч этгээд П.Б нэхэмжлэгч Г.Бээс гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийг шийдвэрлүүлэх маргаан Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх явцад маргаан бүхий орон сууцны  00 дугаартай гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж материал бүрдүүлэн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дахин шинээр 00 дугаартай гэрчилгээ гаргуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь хуульд нийцээгүй байна.

П.Бы үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг дахин шинээр авсан дээрх үйлдлийг  Эрүүгийн 201525022606 дугаар хэрэг үүсгэн шалгаж маргаан бүхий байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эхнэр Г.Бд хадгалагдаж байгааг мэдсээр байж хуурамч бичиг баримт ашиглан дахин гэрчилгээ гаргуулж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож, гэм буруугаа хүлээсэн тул холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн байгууллага энэ хэргийн гуравдагч этгээд П.Бы үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг дахин шинээр гаргуулах хүсэлт, материалыг хуурамч эсэхийг нягтлан шалгалгүй дахин шинээр гэрчилгээ олгосныг зөвтгөх боломжгүй байна.

Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 8.1.7-д “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;” гэсэн зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэв.

Түүнчлэн Нийслэлийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч дараах эрх үүрэгтэй байна:”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2255 дугаар “..Г.Б нарын нэхэмжлэлтэй, П.Бд холбогдох иргэний хэрэгт Пэлжээгийн Бы өмчлөлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар ирүүлнэ үү.” гэсэн албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлсэн бөгөөд хариуцагч энэ албан бичгийн агуулгын хүрээнд П.Бы дахин гэрчилгээ гаргуулах хүсэлтийг нягтлан шалгах үүрэгтэй байна.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын (хуучин нэрээр) даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” 1248 дугаар тушаалын 1.3-т бичигдсэн 00 дугаартай эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсэг хууль бус байна.

Хариуцагч маргаан бүхий 1248 дугаар тушаалын холбогдох хэсгийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Бүртгэлийн гэрчилгээг хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай нотлох баримтыг үндэслэн....шинээр бичиж олгоно.” гэснийг баримтлан шийдвэрлэхдээ хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн материал хуурамч эсэхийг нягтлалгүй олгосон нь энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж,....холбогдох материалыг буцааж өгнө;”, 14.1.5 “ бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол;” гэж хуульчилсантай нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлүүдэд дүгнэлт хийхэд хариуцагчаас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гуравдагч этгээд П.Бд олгосон 00 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнийг бүртгэсэн бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1248 дугаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын 1.3-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаарт бүртгэлтэй, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон заалт тус тус хууль бус бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална;”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелэгдэх шинжтэй байх;”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” гэсэн зарчимтай нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 18 дугаар зүйлийн 18.6-д заасныг тус тус баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00 дугаар гэрчилгээ, улсын бүртгэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1248 дугаар “Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” тушаалын 1.3-т бичигдсэн эрхийн улсын бүртгэлийн Y-22******* дугаарт бүртгэлтэй, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон заалт тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00 дугаарын гэрчилгээний эх хувийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.НАСАНДЭЛГЭР