Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0406

 
     

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0284 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0284 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

   Нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал давж заалдах гомдолдоо: “...1 .Манай компани хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2004 оны 5 сарын 21-ний өдрийн шийдвэрээр Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн Зайсангийн аманд 1 га газрыг, мөн яамны сайдын 2008 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын “Х а” 3 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон юм. 2014 онд “Х а” байрлах 3 га газраас Монгол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км хатуу хучилттай авто замын трасс, газар доорх шугам сүлжээ, дэд бүтцэд зориулж, 0,5 га газрыг, 2013 онд яамны шаардлагаар Сонгино дэд станцаас Зайсан дэд станц хүртэл татах өндөр хүчдэлийн 110 кв-ын агаарын шугам манай компанийн газар дээгүүр явж, уг хамгаалалтын бүсэд зориулж 0,2 га газрыг, Мөн Зайсангийн амны 1 газрын 0,2 га-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны уугуул иргэдийн эзэмшлийн газартай давхцуулсан үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд асан Д.О-ын шаардсанаар тус тус чөлөөлж өгсөн.

Дээрх замын трасст гэж чөлөөлүүлж авсан газар нь Яармаг-Нисэхийн чиглэлийн төв замын хажууд, манай компанийн ашиглах эрхтэй газрын хамгийн ашигтай байрлалд байсан ч бидний зүгээс төрийн байгууллагын үйл ажиллагааг хүндэтгэж маргахгүйгээр 0,5 га газрыг чөлөөлж өгсөн.

Уг газрыг буцаан өгөх үед цаашид ашиглалтад олгохгүй гэж тайлбарлаж байсан атлаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь манайхаас чөлөөлүүлж авсан газрыг гуравдагч этгээд “Э ш” ХХК-д олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, энэ талаар нэхэмжлэгчийн хувьд маргасаар байхад шүүх энэ талаар үнэлж дүгнээгүй, хүлээн аваагүй үндэслэлээ шийдвэрт тусгаагүй юм.

2. Дээрх хоёр байрлалд “газар” ашиглах шийдвэр 2004, 2008 онуудад гарсан, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа, ашиглах газраас буцаан өгсөн тохиолдолд солбицлыг өөрчлөн гэрээний хавсралтад тусгах замаар зохицуулдаг, дахин шинээр эрхийг акт гаргадаггүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл шүүх Зайсангийн амны буцаан өгсөн 2 га газрыг нэмж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байна гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн юм.

3. Хүүшийн амны солбицлыг өөрчилсөн гэх 0.3 га газрын эргэн тойрны газрыг өөр бусад аж ахуйн нэгжүүдэд ашиглуулах эрхийг аль хэдийн олгосон атлаа орц гарц гаргах, эрх бүхий байгууллагын шаардлагаар чөлөөлсөн хэсгийг “Э ш” ХХК-д олгосон захиргааны актын улмаас нэхэмжлэгч компанийн хувьд ашиглах эрхтэй газар руугаа орох орц, гарцгүй болж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байхад анхан шатны шүүх илт нэг талыг баримталсан дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Манай компанийн ашиглах эрхтэй газрын баруун талд “Д Т” ХХК, зүүн талд “Э Г” ХХК, төв зам руу нийлэх хэсэгт “Э ш” ХХК-д, хойд талд Богд уулын салбар уул оршдог тул бодит байдалд ашиглах газар руугаа орох ямар ч орц гарцгүй болсон байгаа болно.

Тодруулбал, уг нөхцөл байдал нь кадастрын зураглал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... талууд тохиролцон орц, гарц гаргах нөхцөл боломж чөлөөтэй ... байгаа гэсэн тайлбар, гуравдагч этгээд “Э ш” ХХК-ийн захирал Б.Н .... манай 2 компани аль аль нь орц гарцгүй гэсэн тайлбар, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдсон байхад шүүх уг нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэн зөвөөр үнэлээгүй, орц, гарцыг хаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн илт буруу дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироох үндэслэл болсноос гадна шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй.

4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шаардлагаар Зайсангийн амны газраас 0,2 га газрыг буцаан өгөөд Хүүшийн аманд нөхөн авахдаа талбайн булангийн цэгүүдийн солбицлыг өөрчлөх замаар хийсэн нь 1/31, 672 дугаар гэрчилгээнүүдийн хавсралтаар нотлогдож байхад зөвхөн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 580/67 дугаар албан бичигт бичигдсэнийг үнэн зөв гэж үнэлсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйг харуулж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зөв байна.

Нэхэмжлэгч “Б” ХХК нь “Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, буцаан өгсөн 0.274 га газрыг ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг Байгал орчин, аялал жуучлалын сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргажээ.

Байгал орчин, аялал жуучлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 160 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Хүүшийн ам нэртэй газарт 3 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай “Б” ХХК-д эзэмшүүлжээ.

Харин Хан-Уул дүүргийн яармагийн гүүрнээс нисэх, яармагийн товчоо чиглэлийн 13,7 км авто зам нь “Б” ХХК-ийн эзэмшиж газрын тодорхой хэсгийг дайран өнгөрөх болсон. Мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсээр дайран өнгөрөх 20 км ЦДАШ, 2 дэд станцын угсралтын ажлыг батлагдсан ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний барилга трест хийж гүйцэтгэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг саадгүй гүйцэтгүүлэхийг мэдэгдэж байна” гэсэн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 8/2789, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 8/3042 дугаар албан бичгийг “Б” ХХК-д хүргүүлсний дагуу нэхэмжлэгч “Б” ХХК нь өөрийн эзэмшлийн 3 га газрын талбайн солбицолд өөрчлөлт оруулан, 3 га газрын ертөнцийн зүгээр хойд хэсэг буюу нисэх, яармагийн замын дагуу байрлах газрынхаа тодорхой хэсгийг хасч нийтийн эзэмшилд шилжүүлэхийг “Б” ХХК нь зөвшөөрчээ.

Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК нь төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагын дагуу Байгал орчин, аялал жуучлалын сайдын 2008 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 160 дугаар тушаалаар ашиглахаар олгосон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Х а” нэртэй газарт 3 га газрын тодорхой хэсгийг чөлөөлж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасан газар эзэмшигч, ашиглагчийн үүргээ биелүүлжээ.

Гэтэл “Б” ХХК-ийн өмнө эзэмшиж, ашиглаж байгаад дээрх байдлаар чөлөөлж, нийтийн эзэмшилд шижүүлсэн газраас 0.274 га газрыг Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалаар “Э ш” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэж, 00000 тоот гэрчилгээг гуравдагч этгээд “Э ш” ХХК-д олгосон болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1/548 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн сансрын зураг, газрын кадастрын мэдээллийн сангийн зураг зэргээр тогтоогдож байна.

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Х а” нэртэй газарт 0.274 га газрыг “Э ш” ХХК-д 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа тухайд:

Хан-Уул дүүргийн яармагийн гүүрнээс нисэх, яармагийн товчоо чиглэлийн 13,7 км авто зам нь “Б” ХХК-ийн эзэмшиж газрын тодорхой хэсгийг дайран өнгөрөх болсон. Мөн “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсээр дайран өнгөрөх 20 км ЦДАШ, 2 дэд станцын угсралтын ажлын ерөнхий төлөвлөгөө, эрчим хүчний барилга трест хийж гүйцэтгэж байна. Иймд трасс дайран өнгөрч буй газрыг чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил” хийгдэх болсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч эзэмшлийн 3 га газрын талбайн солбицолд өөрчлөлт оруулан, газрынхан тодорхой хэсгийг хасч чөлөөлүүлсэн атлаа хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг чөлөөлсөн газрыг бусдад ашиглуулахаар шийдвэр гаргаж байгаа нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасныг зөрчжээ.

Тодруулбал, төрийн захиргааны байгууллагын шаардсанаар нэхэмжлэгч нь газраа чөлөөлөхийг зөвшөөрсөн, мөн тухайн чөлөөлөгдсөн газрынхаа хэмжээгээр нэмж газар эзэмшсэн хэдий ч, анхнаасаа нэхэмжлэгчийн хууль ёсны дагуу ашиглаж байсан газрыг “Хан-Уул дүүргийн яармагийн гүүрнээс нисэх, яармагийн товчоо чиглэлийн 13,7 км авто зам, “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсээр дайран өнгөрөх 20 км ЦДАШ, 2 дэд станцын угсралтын трасс дайран өнгөрч байгаа” гэсэн үндэслэлээр хариуцагч чөлөөлөхөөргүй байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тиймээс “манай компанийн ашиглаж байсан, ашиглах ашиг сонирхолтой байсан, төв замын хажуу талын хамгийн ашигтай байрлалтай газрыг манай компанийн ашиглалтаас чөлөөлж, “Э ш” ХХК-д олгож, манай компанийн газрыг ямар ч орц, гарцгүй болгож, хууран мэхэлж хүсэлт гаргуулсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

2. Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ш” ХХК-д холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй захиргааны акт гэж үзэх үндэслэлийн тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж олгохоор заасан.

Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан кадастрын зураг болон үзлэг хийсэн баримтаар үзвэл нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж нотлох баримтыг буруу үнэлжээ.

Хэрэгт цугларсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Х а” нэртэй газарт газар олгосон кадастрын зургуудаар нэхэмжлэгчийн ашиглалтад байгаа газрын хилийн заагийг залгуулан баруун талд нь “Э г” ХХК-д 15 га, зүүн талд нь “Д т” ХХК-д 12 га газар олгосон, харин ертөнцийн зүгээр урд талд нь уулаар хүрээлэгдсэн байгаагаас үзэхэд “Э ш” ХХК-д газар олгохдоо нэхэмжлэгчийн орц, гарцыг хаасан нь нотлогджээ. Өөрөөр хэлбэл, шүүхээс хийсэн үзлэгээр одоо бодит байдал дээрх нэхэмжлэгчийн орц гарцыг хаасан гэх байдал тогтоогдохгүй байгаа ч хэрэгт авагдсан газрын кадастрын зургуудаар ирээдүйд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй үндэслэл тогтоогдож байна.

Дээрх дүгнэлтээр Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

3. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “буцаан өгсөн 0.274 га газрыг ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг Байгал орчин, аялал жуучлалын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана”, 2 дахь хэсэгт “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна”, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан нь Богдхан уулын дархан цаазат газарт иргэн, аж ахуйн нэгжээс газар ашиглах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх захиргааны байгууллагын үйл ажиллагааг зохицуулжээ.

Тиймээс нэхэмжлэгч “Б” ХХК-ийн “буцаан өгсөн 0.274 га газрыг ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг Байгал орчин, аялал жуучлалын сайдад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шийдвэрлэх асуудал бус захиргааны байгууллагын шийдвэрлэх асуудал юм.

Учир нь хариуцагчид хандаж, “Э ш” ХХК-д олгосон гэх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Х а” нэртэй газарт 0.274 га газрыг ашиглах /чөлөөлсөн газраа буцаан авах/ тухай хүсэлтийг нэхэмжлэгч “Б” ХХК нь гаргаж байгаагүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс “газар ашиглах” хүсэлт гарсныг нь захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гараагүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2018/0284 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/158 дугаар тушаалын “Э ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “буцаан өгсөн 0.274 га газрын ашиглах эрхийг 3 га газар дээр нэмж, кадастрын солбицолд өөрчлөлт оруулах замаар эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Д.Ц-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргаж, түүнд буцаан олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР