Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/105

 

 

 

 

 

 

     2025         01             21                                       2025/ДШМ/105

 

Д.М холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч Н.Т өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/**** дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дүгээр эсэргүүцэл, хохирогч Н.Т өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэнД.Мд холбогдох эрүүгийн 240300501**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.М, 2002 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Отгонтэнгэр Их сургуулийн оюутан, ам бүл 2, эмээгийн хамт ...  дүүрэг, .... дугаар хороо..... хэсэг, ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...../;

Яллагдагч Д.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Тэнгэр плазагийн гадна зогсоол дээр 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13 цаг 50 минутын үед ...... УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино; мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх...” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.Т мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дараах нөхцөл байдлыг зайлшгүй шалгах шаардлагатай бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх зайлшгүй хийгдэх ажиллагаа гэж үзээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн талаарх нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотлох шаардлагатай байдаг. Харин шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэхэд учир дутагдалтай байдал үүсгэх, хуралдааны үед хэлэлцэх боломжгүй нөхцөл байдлыг заавал мөрдөн шалгах ажиллагааны журмаар гүйцэтгэх шаардлагатай бол хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд хуульчилсан. Тус хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Хулан мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно”, 16.1 дүгээр зүйлд “мөрдөгчийн магадалгаа нь шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил нотлох баримтаар тооцогдоно”, 27.11 дүгээр зүйлд “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно.” хэмээн тус тус хуульчилсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Хулан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1462 дугаар “Мөрдөгчийн магадалгааг шинжээчийн хувиар гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд “тухайн хэргийг шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгчийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй тохиолдлыг хуульчилсан байна. Мөрдөгчийн өөрийн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд цуглуулсан нотлох баримтыг үнэлж магадалгаа гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн үндэслэлд хамаарна. Зам тээврийн ослын хэргийг шийдвэрлэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох зорилгоор тусгай зөвшөөрөл бүхий шинжээчийг, эсхүл тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч-шинжээчийг томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай. Томилогдсон шинжээч нь зохих тусгай мэдлэг, туршлагыг эзэмшсэн, гаргасан дүгнэлт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлал, хууль ёсны нотлох баримтад тулгуурласан, ослын талаарх бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгсөн байх нь зүйтэй. Дээрх байдлаар дүгнэлт гаргахад осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилт, зураглал ихээхэн ач холбогдолтой байдаг. Хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан бүдүүвч зургаас үзэхэд зорчих хэсгийн тодорхойлолт /хэдэн эгнээтэй, эсрэг хөдөлгөөнтэй эсхүл нэг чигийн хөдөлгөөнтэй эсэх/, зорчих хэсгийн тухайн үеийн нөхцөл байдал /хаана ямар байрлалтай тээврийн хэрэгслүүд байсан/, яллагдагчийн жолоодож явсан замыг тодорхойлсон эсэх, зорчих хэсгийн хашлагаас ямар цэгт А цэгийг тогтоосон эсэх зэрэг нь тодорхойгүй байх учир хэргийн газрын үзлэгийг оролцогчдыг байлцуулан дахин явуулах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлыг тодорхой болгох нь шинжээчийн дүгнэлтийг бодитоор гаргах үндэс суурь болно. Мөн шинжээчийг томилохдоо эрх бүхий албан тушаалтан нь яллагдагчийн өмгөөлөгчийн шинжээчид тавих асуултын саналыг хамруулах нь зүйтэй. Шинжээчийн дүгнэлтээс хамаарч Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүй этгээдэд /гэмт хэрэгт татагдсанаас бусад/ ямар хариуцлагыг хэрхэн тооцсон талаарх баримтыг хэрэгт хавсаргах нь шаардлагатай. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, яллагдагч Д.М урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнээд эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, ...гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж хуульчилсны дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой гэж үзэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад үндэслэн 1462 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа”-г гаргасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно" гэж тус тус заасан бөгөөд мөрдөгчийн 1462 дугаартай магадалгаа нь хэрэгт авагдсан баримтаас зөрүүгүй, үндэслэл бүхий байх тул шинжээч томилох шаардлагагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлттэй нэгэн адил нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд дурдаж шүүхэд хүргүүлсэн.

Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургаадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”-ын 2.2-т “Тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч магадалгаа гаргах үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шинжээч томилох шийдвэрийг танилцуулах, мөн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан мөрдөгч шинжээчийг татгалзан гаргах ажиллагааг хэрэгжүүлэхгүй.” гэж тайлбарласан бөгөөд мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д "шинжээч" гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд мөрдөгч нь уг тодорхойлолтод хамаарахгүй этгээд тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж мөрдөгч магадалгаа гаргасан” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ. Мөн шүүх мөрдөгчийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд магадалгаа гаргасан байхад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж хэргийг буцаасан нь хуулийг буруу тайлбарласан байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилснаас үзэхэд шүүх мөрдөгчийн магадалгааг эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэх боломжтой ажиллагаа буюу захирамжид дурдсан шиг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш бөгөөд мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн шуурхай шийдвэрлэх зорилтыг хангах ёстой юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/**** дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогч Н.Т өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ЯллагдагчД.М нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Тэнгэр плаза төвийн гадна зогсоол дээр 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ....  УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ; а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, “3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Н.Т мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тээврийн прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх саналтай хэргийг шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар яллагдагч Д.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/*** дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудлын хүрээнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болохоор мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт процессын зөрчилгүй тохиолдолд Мөрдөгчийн магадалгааг нотлох баримтаар тооцож үнэлэхээр заасан байдаг. Гэтэл хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэл нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж шинжээчийн хувиар дүгнэлт гаргаж оролцсон үндэслэлгүй байна хэмээн тайлбарласан нь эрүүгийн хуулийн зохицуулалтын хязгаарлалтыг буруу ойлгож тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч нь тусгай мэдлэгийн хүрээнд магадалгаа гаргаж байгаа бөгөөд шинжээчийн хувиар бие даасан байдлаар дүгнэлт гаргаад буй ойлголт огтоос биш юм. Мөрдөгч нь процессын хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд тусгай журмын дагуу магадалгаа гаргаж тухайн магадалгааг прокурор нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтой, шинжээч томилох шаардлага үүсээгүй байна гэж үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийсэн байна. Иймд тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилох шаардлагатай гэж хэргийг буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэгт мөрдөгчийн магадалгаа гаргаж болохгүй талаар хуульд хязгаарлалт тогтоогоогүй бөгөөд үүнийг хуульд заасан шинжээр нь шүүхийн практикт хэрэглэж тогтоод байгаа. Иймд хэрэг шалгаж байгаа мөрдөгч магадалгаа гаргах эрхгүй мэтээр хуульд заагдаагүй агуулгыг шүүхээс бие дааж тайлбарлах боломжгүй юм.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хэргийг шалгасан мөрдөгч Б.Хулан нь тусгай мэдлэг эзэмшсэн талаарх баримтаа хэрэгт хавсаргасан бөгөөд энэ талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийхгүй орхигдуулсан байна. Үүнтэй холбогдуулж Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн Механик, Тээврийн сургуулийн мөрдөгчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн талаарх албан бичгийг гомдолд хавсаргаж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/3037 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Н.Т өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Анхан шатны шүүх, яллагдагч Д.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагууД.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй ба шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Хэргийн материалыг судлан үзвэл, 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1462 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 50/-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно. ...” гэж заасны дагуу гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад 10  жил, тээврийн цагдаагийн албанд 6 сар, мөрдөгчөөр 2 жил ажиллаж, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “Авто инженер”-ийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаж сертификат авч төгссөн мөрдөгч Б.Хулан нь тусгай мэдлэгийн хүрээнд магадалгаа гаргаж, зам тээврийн ослын талаарх нөхцөл байдлын магадалсныг шинжээчийн хувиар бие даасан шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн эсэргүүцэл болон хохирогч Н.Т өмгөөлөгч С.Тэгшжаргалын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Д.М  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/**** дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                     ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ