Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 630

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: С.Эрдэнэбаяр,

           Шүүгдэгч: Д.О өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.От холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805025360658 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Д.О, 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, халх, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бетон хавтангийн үйлдвэрт сугалаачин ажилтай, ... бүртгэлтэй боловч ...од ах, бэр эгчийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн 24 тоотод байрлах иргэн Б.Тийн бэлэн хувцасны лангуунаас 514.250 төгрөгийн үнэ бүхий барааг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэв.

Хохирогч Б.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хойд өрөө рүүгээ орчихоод удалгүй 1 минут хүрэхгүй хойд өрөөнөөс гарч ирээд тортой цамцнуудаа тоолж авах гэтэл нөгөө тортой цамцнууд алга болсон байсан. ...Хяналтын камер шүүж шалгахад хар өнгийн савхитай хүн орж ирээд тортой цамцнуудыг авч гарч байгаа бичлэг байсан. ...514.250 төгрөгийг авсан. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 12-15/,

Яллагдагчаар Д.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...зүс таних ахтайгаа уулзах гээд очсон бөгөөд замаараа Москва дэлгүүр ороод 4 давхарт гарсан....Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан бөгөөд дэлгүүр дотор явж байгаад архинаас болоод ухаан балартсан. Тэгээд нэг ухаан ортол цагдаагийн хэлтэс дээр ирсэн цамц хулгайлсан байсан ба цагдаагийн надад үзүүлсэн бичлэг дээр би лангууны араас цамц хулгайлж байгаа бичлэг байсан. Хохирлоо бүрэн барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 3/, эд мөрийн баримтыг хураан авах тогтоол /хх-н 4/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 21-22/, хохирогчийн хүсэлт /хх-н 26/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-48/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрийн 24 тоотод байрлах иргэн Б.Тийн бэлэн хувцасны лангуунаас 514.250 төгрөгийн үнэ бүхий барааг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Тийн: “...хойд өрөө рүүгээ орчихоод удалгүй 1 минут хүрэхгүй гарч ирээд тортой цамцнуудаа тоолж авах гэтэл нөгөө тортой цамцнууд алга болсон байсан. ...Хяналтын камер шүүж шалгахад хар өнгийн савхитай хүн орж ирээд тортой цамцнуудыг авч гарч байгаа бичлэг байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-15/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь Москва их дэлгүүрийн 24 тоотод байрлах иргэн Б.Тийн бэлэн хувцасны лангуунаас 514.250 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг эрэгтэй хүний цамцыг хулгайлж хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 26/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Оын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Д.От ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Оыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг хорих ял оногдуулахгүйгээр, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР