Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2026/00065

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* оршин байх, М******* ******* ГХОХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, ******* тоот оршин суух, Б******* овогт Н*******ын С******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,693,998.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" байгуулан ******* дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Huawei P60 төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, "Үйлчилгээний гэрээ" болон "Гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ-ний 4.1-т заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 218,108.41 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 3,196,806.84 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлөгдөөгүй төлбөрт тооцсон торгууль 279,083.33 төгрөг, нийт 3,693,998.58 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н.С******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Н.С******* нь М******* ******* ГХОХХК-ийн гаргасан 3,693,998.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах графикийн дагуу:

2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,

2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,

2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 733,998.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Н******* овогтой С******* // нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,693,998.58 төгрөгийн өр төлбөрийг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК нь хариуцагч Н.С*******т холбогдуулан гэрээний үүрэгт 3,693,998.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК-ийн төлөөлөгч Э.Б, хариуцагч Н.С******* нар харилцан тохиролцож, хариуцагч Н.С******* нь 3,693,998.58 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 733,998.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Н.С*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. М******* ******* ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.С*******т холбогдох гэрээний үүрэгт 3,693,998.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК-ийн төлөөлөгч Э.Б, хариуцагч Н.С******* нар харилцан тохиролцож, хариуцагч Н.С******* нь 3,693,998.58 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг,2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 740,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 733,998.58 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, Н.С*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,054 төгрөгөөс 37,027 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 37,027 төгрөгийг, хариуцагч Н.С*******оос 37,027 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М******* ******* ГХОХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ