Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 000235

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Жтуяа

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 1725000000015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын машинист мэргэжилтэй, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д Ил уурхайн зам овоолгын хэсэгт машинист ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Д-ийн А

 

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Импайре баарны гадаа Н.Оддын-Одтой маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.А нь шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 07 сарын 12-ны өдөр 10 жилийн ангийн уулзалт болоод ангийнхаа хүүхдүүдийн хамт Импайре бааранд орсон. Би талийгаачтай маргалдаж байгаад түүний нүүрэнд 3 удаа цохисон. Тэгээд ангийн хүүхдүүд гарч ирээд салгаад би буцаад баар руу орсон. Би хохирогчийг танихгүй, хохирогч өөрөө над дээр ирээд намайг танихгүй байна уу? чи 11 дүгээр хороололд байдаг жижигхэн бацаан их том болжээ, яасан том биетэй бочихсон юм гэсэн. Би танихгүй байна гэсэн. Намайг цохиход хохирогч газарт суун тусаад боссон би хөл рүү нь өшиглөөгүй, цохиогүй. Талийгаач уурлаад намайг элдэв янзаар дуудаад бүдүүн бацаан гэхээр нь би өөдөөс нь гараа зангидаж өрөлт авч очоод чи ийм овоо юм бол үзчихээч гэхэд талийгаач миний өөдөөс дөхөөд ирэхээр нь баруун гараараа талийгаачийн чамархай хавьцаа нэг удаа цохисон. Гэтэл талийгаач цаашаа алхаад өөдөөс өрөлт аваад зогсоод байхаар нь би зүун гараараа мөн толгой хэсэгт нь нэг удаа цохисон...Тэгэхээр нь би баруун гараараа нүдэн тус газарт нь нэг удаа цохисон. Талийгаачийн гар нь сулраад бие нь сулраад эхэлсэн. Тэгтэл талийгаач доошоо хагас суугаад босч ирсэн. Харамсалтай байна гэв.

 

      Хохирогч Э.Г:.. 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим 2-р микрт байх Азиа нэртэй ресторонд орж хоол захиалсан боловч удаад байхаар нь гарсан тэгтэл нөхөр маань намайг 1-6 байр хүргээд өгчих гээд 11 цагийн үед дээрхи байрны гадаа буусан, тэр өдрөө талийгаачтай утсаар холбоо бариагүй, харин оройн 21 цагийн үед талийгаач гаднаас Д-тай орж ирсэн тэр үед нүд нь хөхөрч хавдсан, 2 тохой, өвдөг нь шалбарсан дээгүүрээ өмссөн пудвольк, доогуураа өмссөн богино өмд зэрэг нь цус, шороо болж бохирлогдсон мөн гартаа хагарсан нүдний шилээ барьчихсан байхаар нь чи чинь яачихсан юм гэхэд хүнтэй маргасан юм гэж хэлээд хувцасаа сольж өмсчихөөд гарч яваад тэр шөнөө ирж хоноогүй. Маргааш өдөр нь буюу 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 15 цагийн үед нөхрийнхөө утас руу залгатал Д утсыг нь авсанаа Од манай гэрт унтаж байна босохоор нь яриулъя гэж хэлээд утсаа салгасан, 17 цагийн үед талийгаачийг ирчихсэн байна гэж хүргэн ах Т хэлэхээр нь би гарч талийгаачид гэрийн түлхүүр өгсөн тэр үед талийгаачийн нүд нь бүр аймар хөхөрчихсөн байсан ба талийгаач орж унтлаа гээд дотогшоо орсон..., Маргааш нь буюу 2017 оны 07 сарын 14-ний өглөө сэрээд хөл өвдөөд босч чадахгүй байна хөлөө хөдөлгөж ч чадахгүй байна гэж хэлэхээр нь хүргэн ахыгаа гуйж 13 цагийн үед бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт дээр очсон. Эмнэлэг рүү үүрүүлж орсон тэр өдрийн жижүүр эмч гээд нэг залуухан эрэгтэй эмч үзсэнээ рентген зураг авхуул гэж хэлсэн... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 75 дугаар хуудас/

          Гэрч Э.Ж:.. хэд хоногийн дараа байх талийгаач над руу залгаж таньдаг гэмтлийн эмч байна уу гэхээр нь яасан юу болов гэхэд хөл өвдөж байна бас бие нэг л эвгүй болоод байна гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад А гэж Ганзоотой нийлдэг байсан бацаан байдаг шүү дээ тэрэнд зодуулчихлаа гэж хэлэхээр нь би Гэмтлийн Болд эмчийн хүүхдийн утасны дугаарыг өгсөн. Гэхдээ тухайн үед Болд эмч Эрдэнэтэд байгаагүй гадаад улсруу явчихсан байсан юм байна лээ. Тэрнээс хойш талийгаачтай холбоо барилгүй байж байгаад 2017 оны 07 сарын 20-ны өдөр эхнэр нь над руу залгаж найзыг маань нас барсан гэж хэлсэн. Тухайн үед эхнэр нь хэлэхдээ талийгаач А гэж хүнд зодуулсан гэнэ талийгаачтай хамт явсан Төрөө гэж залуу гар утсан дээрээ бичлэг хийсэн гэнэ. Бичлэгийг нь олоод ав, мөн А гэж залууд гомдол гаргаж Цагдаагийн байгууллагад хандаж эрүүлжүүлэхэд хүргүүлсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас/

          Гэрч У.Х:.. Ингээд бид гурав такси бариад Сэлэнгэ зочид буудлын урд тал байх Азиа ресторон руу орох гэтэл ажиллаагүй байсан харин 00 давхарт нь байдаг Импайрт хоол гардаг гээд цаашаагаа явтал үүдэнд нь А-тэй тааралдсан. А нь манай аавын талын холын хамаатны хүүхэд юм. Тэгээд А-тэй мэнд мэдчихээд ойр зуурын юм яриад бүгдээрээ зогсож байтал талийгаач чи 11 хороололд байсан жижигхэн бацаан яасан том биетэй болчихсон юм гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргасан. Энэ маргаан нь улам ширүүсэх үед Төрөө бид хоёр салгах гээд дундуур нь ортол А нь талийгаачийг алгадаж нүдний шилийг нь унагаасан, мөн толгой руу нь 2-3 удаа цохьсон, би салгах гээд дундуур нь ороод байж байтал удалгүй цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн машин ирсэн... гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 97-96 дугаар хуудас/

      Гэрч Э.Ба:.. А талийгаач хоёр баарны үүдэнд хоорондоо маргалдаж байсан, талийгаач чи жоохон хүүхэд байж яасан том болчихсон юм бэ? гэх үгийг хэлэхэд А нь өөдөөс нь чи намайг жоохон байхыг хаана харсан юм гэж хэлээд заамдаж авсанаа талийгаачийн цээж рүү нэг удаа цохьсон, тэгэхээр нь би явж очоод гарнаас нь татаад салгах гэтэл намайг холд гээд тохойгоороо цээж рүү түлхсэн. Би гар утсаа асааж бичлэг хийсэн, бичлэг хийхээс өмнө А талийгаачийг нилээн хэдэн удаа нүүр рүү нь гараараа савж цохьсон бичлэг хийж эхлэнгүүт 2 удаа цохьсон байгаа...07 сарын 13, 14-ний өдрүүдэд би талийгаач руу залгахад хөл нэг л болохгүй байна таньдаг гэмтлийн эмч байна уу? гэхэд Сандуй гэж гэмтлийн эмч рүү залгаж асуухад Имрай аппратаар харуулахгүй бол болохгүй байх манай эндхийн аппратын шингэн нь дуусчихсан хот руу явсан дээр байх гэж хэлсэнийг талийгаачид дамжуулж хэлсэн...гэх мэдүүлэг, / 1-р хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас/

          Гэрч Ө.М:..2017 оны 07 сарын 12-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад Д руу залгатал Одтой хамт 1-1-р байранд байна хүрээд ирээч гэхээр нь очиход талийгаачийн дээгүүр өмссөн хувцас нь цус шороо мэт зүйлээр бохирлогдсон, нэг гарын тохой нь зулгарчихсан нэг нүд нь хавдсан байдалтай байсан яасан юу болсон юм бэ? гэхэд хүнтэй маргалдаад зодуулсан гэхээр нь ямар хүн юм бэ? гэж асуухад Алтантай нэр хэлж байсан...Хамт явж байхад талийгаач баруун өвдөгөө үе, үе гараараа бариад сэгсрээд байгаа бололтой байдал ажиглагдсан... / 1-р хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/

         Гэрч Б.Г:...зүүн нүд нь хөхөрчихсөн байсан...мөн талийгаач 07 сарын 12-нд манай доод үеийн нэг байранд байсан залуу Импайр баарны гадна таарахаар нь жаахан согтуурчихсан чинь намайг аваад шидчихсэн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/

          Гэрч Х.Д:..Талийгаачийн нэг нүд нь цус хураад булдруу үүсчихсэн тохой нь халцарчихсан байсан. Хувцас нь нилэнхүйдээ шороо болж бохирлогдсон байсан учраас хувцсаа солино гээд гэртээ очсон юм. Тухайн үед архи уучихсан байсан болохоор хөлний гэмтлээ мэдээгүй байх. Харин баарнаас гарсаны дараахан байх талийгаач алхаад явах гэхээр хөл өвдөөд байна хоёулаа таксигаар явчих уу гэж байсан. Уг нь би хоёулаа эмнэлэг орьё чи наад хөлөө үзүүл гэхэд за яах юм бэ ганц ирж байхад эмнэлэг орохгүй гэж хэлж байсан юм...гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас/

         Гэрч Э.Х:..Харин маргааш нь буюу 07 сарын 12-ны өдрийн оройн 21 цаг өнгөрч байхад Сарангэрэл эгчийн гэрт дүү охин Гын хамт байж байхад хүргэн, дүү маань нэг найзтайгаа орж ирсэн, тухайн үед нэг нүд нь хавдсан дээгүүрэс өмссөн пудвольк нь хэсэг, хэсэг газартаа цус, шороо болсон, мөн хоёр тохой нь нэлээн хэсэгт газартаа халцарч шархнаас нь бага зэрэг цус шүүрсэн байдалтай байхаар нь манай дүү юу болсон талаар асуухад намайг байгаа болохоор санаа зовсон уу яасан тодорхой зүйл хэлээгүй...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 130 дугаар хуудас/

        Гэрч Ц.Т:..тухайн үед талийгаачийн нүд нь хөхөрч хавдсан, хоёр тохой нь хоёулаа шалбарсан, мөн хоёр өвдөг нь бас шалбарсан байсан...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/

       Гэрч Б.Д-ын:..Анх эмнэлэгт хэвтэхдээ Эрдэнэт хотын Сэлэнгэ зочид буудлын гадаа 10 жилийн ангийн хүүхэддээ зодуулсан гэж ярьсан.Нөгөө найз нь 10 жилдээ жижиг биетэй байсан юм шиг байна лээ. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдөр амь хохирогч согтуу явж байгаад тэр найзтайгаа таарч, барилдаад хоорондоо маргалдаад найз нь газар унагааж гэмтээсэн гэсэн утгатай зүйл ярьсан...гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 67 дугаар хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/

    Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хавтаст хэргийн 79-72 дугаар хуудас/

     2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1463 тоот дүгнэлт/ 1-р хавтаст хэргийн 144-147 дугаар хуудас/

     2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 999 тоот дүгнэлт/ 1-р хавтаст хэргийн 178-182 дугаар хуудас/

      2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 1314 тоот дүгнэлтэнд:.

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017.08.01-ний өдрийн 1463 тоот дүгнэлт, 2017.09.26-ны өдрийн 999 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ нь эд эсийн материалаар батлагдаж байна....Н.О-ын биед тухайн үед баруун өвдөгний үений цус хуралт, үений дотор холбоосны урагдал, баруун нүдний дээд зовхи, баруун шуу, зүүн бугалга, шуу, сарвуу, зүүн өвдөгт цус хуралт баруун тохойд шарх зулгаралт, зүүн бугалга, баруун, зүүн өвдөг, баруун шагайнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүдээс баруун өвдөгний үений цус хуралт үений дотор холбоосны урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун тохойн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/

-Д.А-ийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 хх 129-134 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2хх 135 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Д.А-ийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.А нь 2017 оны 07 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Импайре” баарны гадаа Н.Оддын-Одтой маргалдсаны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн талаар нотлобол  зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон,нотлох баримтууд зөрүүгүй байна.

 

                     Шүүгдэгч Д.Аийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалсан хүний эрүүл мэндэд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, санаатай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

                   Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч Э.Г нь хохирол төлбөрт эмчилгээний 1.112.000 төгрөг, оршуулгын зардалд 11.591.800 төгрөг нийт 12.703.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч хохиролд 2.000.000 төгрөг төлсөн байх тул хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Орхон аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь нотлогдсон тул хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардал 11.591.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД, КТГ зураг 3 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, нүдний шилний хүрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч -ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.591.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэг, КТГ зураг 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, нүдний шилний хүрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.