| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2309000000**** |
| Дугаар | 2025/ДШМ/106 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/106
2025 01 21 2025/ДШМ/106
Т.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ариунжаргал,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж, шүүгч Г.Түвшинтөгс, Э.Чанцалням нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус үндэслэн Т.Бхолбогдох эрүүгийн 2309000000**** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Б, 1960 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 64 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, ач охин, ач хүү нарын хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........... /;
Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоотод хохирогч З.Б маргалдаж, улмаар түүнийг хутгалж, цогцост цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх гэмтэл учруулж, амь хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Б-ийг “Онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 08 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 437 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ажлын хэсгийн урт 15 см, нийт 26 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, шүүгдэгч Т.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Э.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Прокуророос яллагдагч Т.Б-ийн “...2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатарын дүүргийн 6 дугаар хорооны 31 дүгээр байрны 55 тоотод хохирогч З.Б маргалдаж, улмаар түүнийг хутгалж цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан шарх бүхий 23 буюу олон тооны гэмтэл үүсгэн, шаналган зовоож онц харгис хэрцгийгээр алсан” гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийг “онц харгис хэрцгийгээр хүнийг алсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй” гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр зохицуулсан байна. Гэтэл шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял” оногдуулахаар байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан шийдвэрлэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн, хууль хэрэглээний алдаатай шийдвэр болсон байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд, би хайртай хүүгийнхээ амь насыг санаатайгаар хөнөөсөн хэмээн буруутгагдаж байгаа билээ. Хэрэг болсноос хойш бүхий л цаг хугацаанд хүүгээ бодож, бодоогүй өдөр, цаг, минут надад байхгүй билээ. Зүрх минь эмтэрч, сэтгэл минь сэмэрсээр өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хүү минь цайлган цагаан сэтгэлтэй, хүнд тусархуу, ямар ч зүйлд гарын ур чадвартай, алиа хошин зантай, хамгаас эрхэмлэж хайрладаг хүү минь байсан. Хүү минь сүүлийн 10 жил аавыгаа өнгөрснөөс хойш архи уух нь ихсэж, зан авир нь өөрчлөгдөж, бие болоод сэтгэл санааны хувьд өөрийгөө хянах чадваргүй болж тэс өөр хүн шиг авирлах болсон. Гэр бүлийн хүмүүстээ хэрцгий зан авир гаргаж, айлган сүрдүүлж, төрсөн дүүгийнхээ өсвөр насны охиныг өдөж хоргоон оролдож, удаа дараа ач охин минь надад эвгүй үйлдэл гаргаад байгаа талаар нь хэлэх болсон. Миний хувьд хүүгийн минь ааш авир өөрчлөгдсөн нь сэтгэл зүйн хувьд маш хүнд цочрол болсон. Ааш авир нь харгис хэрцгий болж өөрчлөгдсөн ч би хүүгээ ад үзэж, элдвийн муу муухайгаар хэлэх нь битгий хэл бодож, амь насанд нь хүрэх талаар ч бодож байгаагүй. Үргэлж дотроо хүүгээ дээрдэж, хуучин хэвдээ буцаад орно гэдэгт итгэж найдаж байсан. Архинаас гаргах эмчилгээ 2 удаа хийлгэж, сприал тавиулсан ч тус нэмэр болоогүй, сэтгэл зүйн хувьд архинаас гарах тэнхэлгүй болсонд нь санаа зовж, айдас түгшүүртэй, тайван унтаж чадахгүй, зүрх өвдөж, даралт ихсэж, ухаан алдаж унадаг болсон. Гэсэн хэдий ч хүүгээ дотроо үргэлж хайрлаж, хамгаалж ирсэн. Надад хүүгээ санаатайгаар амь насыг нь хороох өчүүхэн ч санаа бодол байгаагүй тул би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаартай шийтгэх тогтоолд: “... шүүгдэгч Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .. байрны ... тоотод хохирогч З.Б маргалдаж, улмаар түүнийг хутгалж. ... хохирогчид 23 буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо" гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талийгаачийн биед олон тооны шарх гэмтэл учруулсан, олон удаагийн нэвтрэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн, "...Т.Бийг сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт үгүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна гэсэн дүгнэлтийг дурдаж, өмгөөлөгчийн саналын үндэслэл, дүгнэлтэд няцаалт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, цаашлаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар хуульд заасан үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна.
Нэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар: Монгол Улс шүүхийн прецедентийг албан ёсоор хэрэглэдэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөөр "эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн оновчтой тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн зарим тогтоол шийдвэрүүд практикт хэрэглэгдэж хэвшсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр хүнийг алах" хүндрүүлэх шинжийн хувьд: “Онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдлийг ойлгодог. /Улсын дээд шүүхийн 20217.01.30-ны өдрийн №23 тогтоол/ Мөн түүнчлэн гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх шаардлагатай. /Улсын дээд шүүхийн 2018.12.19-ний өдрийн №564 тогтоол/ Гэтэл эрүүгийн 2309000002070 дугаартай хэрэгт хохирогч хэрхэн зовж, тарчилсан, шүүгдэгч нь хохирогчийг хэрхэн зовоож тарчилгасан, онц харгис хэрцгий аргаар зовоож тарчилгаж байгаа үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба зөвхөн олон тооны үйлдлээр шарх гэмтэл учруулсанд тулгуурлан “онц харгис хэрцгий” гэх ойлголтын бусад шинжид үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талийгаачийн биед олон тооны шарх гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон, үүнд шүүгдэгчийн зүгээс маргаагүй. Харин шүүгдэгч нь "талийгаачийг зовоож тарчилгах санаа зорилго агуулаагүй, байнга түүний дарамтад байдаг байсан, тухайн өдөр ч мөн адил талийгаач согтуу ирж дарамталсан, удаан хугацааны турш бие махбодын болон сэтгэл санааны дарамтад байдаг байсан, тухайн цаг хугацаанд үйл явдал маш гэнэт болсон, юу хийсэн, хэрхэн талийгаачийн биед дээрх олон тооны гэмтэл учруулсан талаараа санахгүй байна” гэх талаар мэдүүлгийг удаа дараа, тогтвортойгоор өгсөн байдаг. Түүнчлэн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзвэл тохиолдлын шинжтэй, урьдаас төлөвлөж үйлдсэн гэх үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд талийгаачийн удаа дараагийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт хууль сануулж мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч бүгд талийгаачийг согтууруулах ундааны хамааралтай байсан, агсам согтуу тавьдаг, шүүгдэгчийн болон бусдын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргадаг талаар мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Т.Бийн үйлдэлд талийгаачийг зовоож тарчлаах санаа зорилго тогтоогдоогүй, гэнэт үүссэн сэдэлтэйгээр нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр, нэг цаг хугацаанд олон удаа хатгаж талийгаачийн амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч нь харгис хэрцгий үр дагаврын урьдчилан харж, хүссэн гэж үзэх үндэслэл бодитоор тогтоогдоогүй, олон тооны шарх гэмтлийн улмаас талийгаач нь богино хугацаанд цус алдагдлын шокт орж нас барсан гэж үзэхээр байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэх заалт, тус заалтын тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод ... шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт ... нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.Бхолбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Э.Энхбатын зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан. Эсэргүүцлийн агуулгыг илтгэгч шүүгчээс танилцуулсан. Товч нэмэлт тайлбар хэлэхэд, шүүгдэгч Т.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байдаг. Уг гэмт хэргийг үйлдсэн хүнд 12-20 жил, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульд заасан. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлаж шүүгдэгч Т.Б-ийн ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь буруу. Өөрөөр хэлбэл хууль буруу хэрэглэсэн. Үйлдсэн гэмт хэргийн хувьд бүх насаар нь хорих ял оногдуулж болох хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт энэ зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамласан нь ч буруу болсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж шүүгдэгч Т.Б оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Б холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдлоо. Тодруулбал;
Прокуророос шүүгдэгч Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж,
1.5 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах”-аар эрүүгийн хариуцлагыг тус тус хөнгөрүүлж болохоор хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт буюу ...хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг баримтлан ялыг хөнгөрүүлсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”; 1.3 дахь заалтад “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үздэг ба анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тухай заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн хүнд тус хуулийг журамлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, шүүгдэгч Т.Б тухайн зүйл, хэсэгт заасан ялаас доогуур ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжгүй юм.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Э.Энхбатын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч Т.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/992 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Т.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ