| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2019/04301/И |
| Дугаар | 210/МА2020/00522 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2020/00522
| 2020 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2020/00522 |
"А" ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.У -т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 46 794 080 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг
Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ү-
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-ийн төлөөлөгч Н.Ш - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.У - нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай байгууллагатай ЗГ1810137 дугаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 35 000 000 төгрөгийг 3.9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай эргэлтийн зориулалтаар авсан. Зээлийн үүргийн баталгаа болгож Д.У -ийн нэг хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 байр, 4 тоот 60,13 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Гэтэл зээлдэгч нь зээлээ гэрээнд заасан хугацааны дагуу төлөөгүй удаа дараа хоцролт гаргасан. Мөн төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй тул үндсэн зээл 35 000 000 төгрөг хүү 10 994 720 төгрөг нэмэгдүүлсэн хүү 784 360 төгрөг, нотариатын төлбөр 15 000 төгрөг нийт 46 794 080 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.У - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтад дурдсан зээл төлөх хуваарийн дагуу би гэрээний хугацаанд нийт 11 040 462 төгрөгийг үндсэн зээлийн хамт зээлдүүлэгч талд төлөхөөр харилцан тохиролцсон. Би энэ хугацаанд 5 151 000 төгрөг төлснийг 10 994 720 төгрөгийн хүүнээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн хэргийн материалд нотлох баримтыг эх хувиар өгөх үү, нотариатаар баталгаажуулж өгөх үү гэдэг нь нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн эрхийн асуудал учраас нотариатын зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй. Иймээс нэхэмжлэгчийн илүү нэхэмжилж байгаа 5 904 618 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Д.У -ээс 46 794 080 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-д олгон, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Д.У -ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/ Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 68 дугаар байр, 4 тоот хаягт байрлах, Ү-2204045714 дугаарт бүртгэлтэй, 60.13 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 462 120 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У -ээс улсын тэмдэгтийн хураамжид 462 120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-д олгон шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.У - давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Тус иргэний хэргийн шүүх хуралдаан өмнө нэг удаа хойшилсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгч захирамж гарган хойшилсон бөгөөд шүүгчийн уг захирамжийг зохигчдод танилцуулаагүй, гомдол гаргах эрхээр хангаагүй байна.
Нэхэмжлэгч талаас нотариатын зардалд 15 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй бөгөөд шүүхэд ямар нотлох баримтыг ямар хэлбэрээр гарган өгөх нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас хуульд заасны дагуу нотлох баримтын эх хувийг гарган өгөх боломжтойн сацуу уг нотариатын зардлыг хохиролд тооцож хариучагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч "А" ББСБ ХХК нь хариуцагч Д.У -т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 46 794 080 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч уг шаардлагаас үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 5 889 462 төгрөг, нийт 40 889 462 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх 5 904 618 төгрөгийг эс зөвшөөрч, маргажээ.
Талууд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ18/10/137 дугаартай зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу "А" ББСБ ХХК нь Д.У -т 35 000 000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Д.У - мөнгийн шилжүүлэн авсан үйл баримтыг шүүх хэрэгт цугларсан зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, талуудын тайлбар зэрэг нотлох баримтыг үнэлэн тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна. /хх-9-10, 36 дахь тал/
Хариуцагч Д.У - нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүү 5 889 462 төгрөг нийт 40 889 462 төгрөгийг төлнө гэх агуулгатай тайлбар гаргасан тул түүнийг гэрээний 3.1.4а-д үндсэн зээл, түүний хүүг гэрээний хавсралтад заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчид зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан үндэслэлээ зээлийн хүүд 11 040 462.22 төгрөг төлөхөөс 5 151 000 төгрөг төлсөн учир үлдэх хэсгийг төлөхөөр байхад илүү зээлийн хүү нэхэмжилсэн гэж тайлбарлан, маргасан байна.
Зохигчдын зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээл төлөх хуваариас үзэхэд хариуцагч нь 12 сарын хугацаанд сар бүрийн 03, 04-ний өдөр зээл, зээлийн хүү төлөхөөр тохиролцсон байх ба Д.У - нь уг хуваарийн дагуу зээлийн үүргээ гүйцэтгэсэн бол гэрээний хугацаанд зээлийн хүүд 11 040 462.22 төгрөг төлөх байжээ. /хх10/ Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд зээлийн үүрэгт 5 151 000 төгрөг төлсөн болох нь түүний тайлбараар тогтоогдсон байна. /хх 53,58/ Нэхэмжлэгч тал дээрх зээлийн төлөлтөөс 4 936 512 төгрөгийг зээлийн хүүд, 214 487 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд суутган тооцсонд хариуцагч маргаагүй.
Иймд талуудын гэрээг үндэслэн хариуцагч Д.У -ийн зээлийн хүүгийн үүргийг нэхэмжлэгч "А" ББСБ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл хугацаагаар /11 сар 20 хоног/ тооцвол зээлийн хүүнд 15 925 000 /жилийн хүү 46,8 хувь учир 35 000 000 төгрөгийн сарын хүү 1 365 000 төгрөг тул 11 сар 20 хоног х 1 365 000/ төгрөг төлөхөөр байна. Үүнээс хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 4 936 512 төгрөгийг хасвал 10 988 488 төгрөг байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн дансны хуулга, зээлийн карт зэрэг бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Д.У -ээс үндсэн зээл 35 000 000 төгрөг, зээлийн хүүд нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр буюу 10 994 720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 784 360 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн нэхэмжлэгчийн нотариатын зардалд нэхэмжилсэн 15 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь талууд гэрээний 4.5-т гэрээний үүргийг биелүүлэхтэй холбогдон зээлдүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцохоор харилцан тохиролцжээ.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч "А" ББСБ ХХК, хариуцагч Д.У - нар зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 68 байр, 4 тоотод байрлах 60.13 м.кв талбайтай орон сууцыг барьцаалан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, улмаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх7-8,23/ Шүүх дээрх гэрээг үндэслэн хариуцагч Д.У -ийг зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэнд зохигчдын хэн аль гомдол гаргаагүй учир энэ талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Д.У - шүүгч, нотлох баримт бүрдүүүлэх тухай шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээр хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
Хэргийн баримтаас үзвэл тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 101/ШЗ2019/20014 дүгээр захирамж гарган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.У -ээс шилжүүлсэн мөнгөн дүнг тодруулах зорилгоор нэхэмжлэгч талаас нотлох баримт шаардан шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Хариуцагч Д.У -, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр нар мөн сарын 13-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд оролцохдоо 20014 дугаартай шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй, харин хариуцагчийн өмгөөлөгчийн, хэргийн материалтай танилцах хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг мөн сарын 19-ний өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул анхан шатны шүүхийг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2019/03648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Ч.ЦЭНД