| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 221000113**** |
| Дугаар | 2025/ДШМ/129 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/129
2025 01 23 2025/ДШМ/129
Г.С, Э.С, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хурмандах,
шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Э.Батбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,
иргэний хариуцагч “*Э ** *Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүгдэгч Г.Сын өмгөөлөгч Э.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.С, Э.С, Б.Б нарт холбогдох эрүүгийн 221000113**** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Г.С, 1981 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй “*Э ** *Э” ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Хүннү 2222 хорооллын ... дугаар байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;
2. Э.С, 1987 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “*Э ** *Э” ХХК-нд ерөнхий инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан- Уул дүүргийн .. дүгээр хороо, Вива сити хорооллын ./.. дугаар байрны .-. тоотод оршин суух,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 7,160,400 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, /РД: .........../;
З.Б.Б, 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;
“*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, тус компанийн ерөнхий инженер Э.С, бригадын дарга Б.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .... хотхоны барилга дээр ажиллаж байсан Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр барилгын .... дугаар блокийн ... дугаар давхрын шатнаас унаж нас барж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.С, Б.Б, Э.С нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.С, Б.Б, Э.С нарыг Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.С-ыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Г.С-ыг өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Б-г өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус гарч явахыг хориглож, тэдэнд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, Б.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.С-т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Г.С, Б.Б, Э.С, иргэний хариуцагч “*Э ** *Э” ХХК нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Б-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “*Э ** *Э” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол, хор уршигтай холбоотой төлсөн төлбөрөөс шүүгдэгч Б.Б-т холбогдох хэсгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би “*Э ** *Э” ХХК-тай гэрээ байгуулж, туслан гүйцэтгэх ажил хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1 дэх заалт, 4.1.2, 4.1.3, 4.1.6 тус тус зөрчиж, өөрийн ажилчдын аюулгүй байдал эрүүл ажиллах нөхцөл бүрдүүлэх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй улмаас гэмт хэрэг гарах нөхцөл байдал бий болсон гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдож, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Миний бие “*Э ** *Э” ХХК-ийн захирал С-тай харилцан тохиролцож, *** **** хотхоны барилга дээр иргэний хувьд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, тус компанид туслан гүйцэтгэх ажил хийх ажилтан юм. Гэрээгээр хүлээсэн үүрэг нь барилгын дотор тал биш, гадна талын талбай байсан. Гэтэл хамт ажиллаж байсан амь хохирогч Д.Б барилгын дотор талд 2 давхрын террас балкон дээр байж байгаад амь хохирсон. Өөрөөр хэлбэл Б.Б-н хийх ёстой ажил байгаагүй ба ажил тарсан байсан. Ажилчид ажил тарсан л бол тэр даруй ажлаа дуусгаад гарах ёстой.
Шинжээчийн дүгнэлтэд: ажлын цаг дуусгаад ажилтан шууд гарах ёстой, мөн тус үйлдвэрийн дотор орчимд барилгын блок дотор үйлдвэрийн талбайд гарсан осол гэж дүгнэсэн нь миний ажиллах ёстой объект байгаагүйг харуулж байна.
Мөн Хөдөлмөр хамгааллын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчдийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №202*/0* дугаар дүгнэлтэд, “талийгаач Д.Б-д ажил олгогч хэн болох, “*Э ** *Э” ХХК эсхүл иргэн Б хоёрын аль нь болох, амь хохирогч Д.Б-д аюулгүй ажиллагааны сургалт, урьдчилан болон ажлын байран дахь анхны зааварчилгааг хэн олгох байсан” талаар дүгнэхдээ Барилгын тухай хуулийн 4.1.11-д барилгын ажил гэж тоног төхөөрөмж суурилуулах талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийн угсрах, шинэчлэн барих, буулгах засварын ажил гүйцэтгэх бүх ажиллагааг хэлнэ. Барилгын талбай гэх ажил гүйцэтгэж байгаа газрыг хэлнэ. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т барилгын ажил гүйцэтгэгч эрх бүхий хуулийн этгээд гэж томьёолсон байна. Тэгвэл эрх бүхий хуулийн этгээд, “*Э ** *Э” ХХК нь 8 дугаар сарын 24-ний ***02/21 *4 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг, иргэн Б байгуулсан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт “Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил материал үйлдвэрлэл өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ажил эрхэлнэ гэснийг зөрчсөн гэж дүгнэлт гарсан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцсон, тусгай мэдлэг бүхий мэргэшсэн шинжээч эмч А.У-с энэ талаар асуухад “...тухайн барилга бариулсан компани Барилгын тухай хууль зөрчсөн” гэсэн ба намайг буруутгасан гол үндэслэлийг хэлж чадахгүй, ямар дүгнэлт гаргаснаа мэдэхгүй, буруу зөвийг нь ч хэлж, гаргасан дүгнэлтээ баталж чадаагүй. Иймд энэ хэрэгт гэм буруутай болох нь лавтай сайн тогтоогоогүй байна гэж үзсэн. Мөн ял оногдуулахдаа хэт нэг талыг барьж ял оногдууллаа гэж үзлээ. Хэрэг гарсан гэх газар болох 2 давхар нь миний гэрээгээр хүлээсэн объект биш юм. Тухайн барилга барьж байсан барилгын захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд зааснаар ажил олгогч, удирдагч манлайлагч С, барилга барихад компанийн ерөнхий инженер Э.С, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх ажилтан Чиглүүлэгч юм. Тэгвэл тэр барилга дээр гарсан хөдөлмөр хамгааллын ажиллагааг тухайн барилга бариулсан захирал хүлээх үүрэгтэй. Миний бие ажилтан, гүйцэтгэгч гэсэн албан тушаалтай ажилласан. Ямар нэгэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зөвлөгөө аваагүй курс хичээлд хамрагдаагүй, хувиараа гэрээ хийсэн иргэн хүлээх үүрэггүй гэж үзэж байгаа. Иймд тус зүйл ангиар гэм буруутайд тооцож ял халдаасан нь бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэн Д.Б-д ажил олгогч гэж буруутгасан. Энэ нь хуулийн дагуу дүгнээгүй гэж үзэж байгаа. Тухайн хүнд ажил олгогч нь Содномжамц буюу компанийг захирал юм. Харин тухайн кампанитай гэрээгээр ажиллаж байгаа, иргэн би ажилчин нь юм. Ажил олгогч нь “*Э ** *Э” ХХК юм. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж ял халдаасан нь үндэслэлгүй юм. Намайг буруутгах гээд байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 10.15 зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай зөрчлийн шинжийг агуулна гэж заасан. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна. Тухайн компанийн цэвэр буруутай үйл ажиллагаанаас хүний амь нас хохирсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27.1, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуй нэгж байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна гэсэн заалт бий. Мөн хуулийн 27.4-т зааснаар би тухайн компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын хичээл сургалтад хамрагдаагүй ба нэг ч удаа зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж байгаагүй. Тэгвэл тухайн компани Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.3, Дадлага хийж шалгалтад хамруулсан иргэнийг ажиллуулна гэсэн заалт зөрчиж, Б-ийг ажиллуулсан нь мөн хуулийн аюулгүй байдлын үндсэн дүрэм, MHS 4969:2000 стандартын 4.16 дахь хэсэгт заасан аюултай ажил гүйцэтгэх хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь тодорхой байна гэсэн заалтыг зөрсөн байхад ял халдаасан нь буруу байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд “Ажил олгогч гэж удирдагч манлайлагчийг хэлнэ. Харин ажилтан гэж гүйцэтгэгчийг хэлнэ” гэж заасан. Гэтэл намайг ажил олгогч гэж ял халдаасан нь буруу юм. Иймд хэргийг хуулийн дагуу бүхэлд нь хянаж миний эрх зүйн байдлыг дээрдүүлж хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийднэ гэж зааснаар гэм буруугүйд тооцож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбарта: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар Б.Б-г гэм буруугүйд тооцож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.С өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж үзэн шүүгдэгч Г.С-ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “....Гэтэл “*Э ** *Э” ХХК, гүйцэтгэх захиралГ.С нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/21-104 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ’’-г иргэнтэй буюу тодруулбал барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлгүй иргэн Б.Б-той байгуулсан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй, улмаар осол болох үндсэн суурь шалтгаан болжээ. Нөгөө талаас барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.8 дахь заалтыг зөрчсөн байгааг няцаах үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлын тухайд “*Э ** *Э” ХХК болон Г.С нь тусгай зөвшөөрөл шаардахгүй ангилалд хамаарах барилгын ажлыг иргэн Б.Б байгуулсан. Өөрөөр хэлбэл, Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтад дурдсан “Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж буюу 9м хүртэл өндөртэй 600 м.кв хүртэлх талбайтай нэг айлын орон сууцны гадна фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажлын зураг болон холбогдох баримтуудыг эрүүгийн хэрэгт хавсаргаж мэтгэлцэж оролцсон боловч шүүх уг асуудалд дүгнэлт хийхдээ шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ш.Х-н “*** ***” хотхон нь 2** айлын орон сууц гэж явж байсан, бүх барилга нь бүрэн цутгамал учраас Барилга хот байгуулалтын яамны журамд заасан тусгай зөвшөөрөл шаардагдана гэж мэдүүлснээр үгүйсгэгдсэн гэж тайлбарласан нь тусгай зөвшөөрөл шаардахгүй ажил гэж маргаж оролцсон шүүгдэгч Г.С болон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б-н шинжлэн судлуулсан баримт болон хууль зүйн үндэслэлийг хэрхэн няцаасан үгүйсгэснийг тодорхой дурдаагүй байна.
Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх заалтын дагуу “барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах” гэж заасны дагуу тухай бүр гаргаж гүйцэтгэх удирдлагын хэмжээнд хүлээвэл зохих үүргээ биелүүлж, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар хариуцан ажиллах үүрэг бүхий бүтэц орон тооны нэгжийг ажиллуулж байсан. Энэ талаарх баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 107-136-р талд авагдсан бөгөөд Г.С-ын хувьд барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээний хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох дүрэм журмуудыг баталж мөрдүүлэх, орон тооны болон орон тооны бус байнгын комисс ажиллуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженер, ерөнхий инженер зэрэг ажилтан авч ажиллуулж, холбогдох зардлыг тухай бүр гаргаж ажиллаж байсан.
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч нь түүнийг ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн. Хэрэг гарах цаг хугацаанд Монгол улсад 1999 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс дагаж мөрдсөн “Хөдөлмөрийн тухай хууль” үйлчилж байсан бөгөөд тус хуулийн 3.1.1-д “Ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг гэж томьёолсон байдаг. Өөрөөр хэлбэл байнгын шинжтэй хөдөлмөрийн харилцаанд хамаарах заалт учраас Б.Б байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарахгүй “*Э ** *Э” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу амь хохирогч Д.Б, ажил гүйцэтгэгч Б.Б нарын өмнө ажил олгогчийн үүргийг хүлээхгүй энэ тохиолдолд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д заасан үүргийг амь хохирогч Д.Б-ийн өмнө хүлээх байсан. Түүнчлэн №2023/03 дугаар 5 шинжээчийн дүгнэлтэд дараах байдлаар хариулт өгч хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухай осол гарсан эсэх, осол гарсан шалтгаан нөхцөл зэргийг тогтоосон байдаг. Үүнд: “захиалагч “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С, гүйцэтгэгч иргэн Б.Б, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ч.А, ерөнхий инженер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцан ажиллаж байсан гэх Э.С нар хэний буруутай үйлдлийн улмаас дээрх осол гарсан болох, ямар дүрэм журам зөрчсөн болох” талаар асуухад “*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцсан ажиллаж байсан Э.С нь барилгын талбайн гэрэлтүүлэг, түр хашлага, хамгаалалт хийгдээгүй, тухайн ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдалд үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/ “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11 /Үйлдвэрийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/-д заасан үүргээ тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна” гэжээ. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан баримтуудаар зарим шүүгдэгч буюу Г.С-ын үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий байхад гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” 1.4-т “Дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэх үндэслэлд хамаарч байна. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаартай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хүлээн авч эрүүгийн хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу шүүгдэгч Г.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хариуцаж байсан ажил дээр хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Иргэн Б.Б-той 2021 оны 08 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гадна фасадын ажил гүйцэтгүүлсэн. Талийгаач Д.Б-ийг танихгүй, гэрээний дагуу ажил гүйцэтгэхээр Б.Б-той гэрээ байгуулсан. Ажил олгогч нь “*Э ** *Э” ХХК байсан. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Иргэний хариуцагч “*Э ** *Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А тус шүүх хуралдаанд “...давж заалдах гомдолтой холбоотой тайлбаргүй. ...” гэв.
Прокурор Г.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Г.С хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актад заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс гэм буртайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар болон түүний өмгөөлөгч нарын тайлбартай танилцахад гэм буруугийн талаар яригдсан зүйлийг дурдсан. Энэ талаар анхан шатны шүүх тодорхой товч байдлаар дүгнэсэн. “*Э ** *Э” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24 өдөр байгуулсан гэрээ, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, “*** ****” хотхоны амны орон сууц туслан гүйцэтгэгчээр Б.Б болох нь тогтоогдсон байдаг. “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захиралГ.С, Б.Б нар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллахдаа Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дах заалтад ““барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг” хэлнэ.” гэж заасныг, 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх” гэж заасныг тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тусгай мэдлэг бүхий шинжээч 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0* дугаартай дүгнэлт, Олон улсын 155 дугаар конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл 3 дахь хэсэгт “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасан. “*Э ** *Э” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Э.С нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.5 дахь хэсэгт “ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих” гэж заасныг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6 дахь хэсэгт заасан Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан “этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасныг тус тус биелүүлээгүй гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
“*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер Э.С, бригадын дарга Б.Б нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, *** ***** хотхоны барилга дээр ажиллаж байсан Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр барилгын *** дугаар блокийн * дугаар давхрын шатнаас унаж нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б “...талийгаач, миний төрсөн ах Б нь ээж Д хамт амьдардаг байсан. ... ах хувиараа хүмүүстэй нийлж барилгын ажил хийдэг байсан. Хан-Уул дүүргийн * дүгээр хороонд баригдаж байсан компанийн нэрийг нь санахгүй байна, *** ***** хотхоны барилга дээр гадна чулуун фасадын ажил хийж байгаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой барилгаас унаж нас барсан. Тухайн үед би гэртээ байхад ахтай ажиллаж байсан Б гэх хүн 19:30 цагийн үед утсаар яриад Б 2 давхрын шатнаас унаад бие нь маш муу байна, түргэн дуудсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад шууд гэмтлийн эмнэлэг дээр 20:30 цагт очиход хагалгаанд орсон байна гэсэн. Хагалгаанд орж байгаад 2021 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 01 цагийн үед нас барсан. Ах дүү хамаатан садан Улаанбаатар хотод байхгүй учир би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би хэрэгт хавсаргахаар баримтууд гаргаж өгсөн. Уг баримтууд нь оршуулах ёслолд зарцуулсан 16,445,774 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн төлбөр 2,000,000 төгрөгийг нэхэмжилж, нийт 18,445,774 төгрөг болж байна. Гаргаж өгсөн баримтад 49 хоногийн зардал орсон. Мөн төрсөн ах, дүү нар хөдөөгөөс ирсэн замын зардал, оршуулах ёслолд оролцсон зардал, бусад зардал орсон. Би 36 сарын цалин болох 87,000,000 төгрөгийг “*Э ** *Э” ХХК-аас нэхэмжилж байна. Талийгаач нь “** ****” хотхоны үндсэн ажилтан бол биш. Б нь өдрийн 80,000 төгрөгөөр ажиллаж байсан. Гэхдээ осол болох нөхцөл бүрдүүлсэн хөдөлмөр хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлж шатанд хаалт хамгаалалт хийгээгүй, гэрэлтүүлэг байхгүй, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл олгоогүй ажиллуулсанд “*Э ** *Э” ХХК-ийн буруутай үйлдэл гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлтээс хүртэл харагдаж байна.” /1хх 28-29/,
гэрч Ч.А-ийн “... “*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер Э.С-тай би өмнө нь хамтран ажиллаж байсан. Тэрээр надад Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “** ****” хотхоны барилгын ажилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр орж ажиллах саналыг 11 сарын эхээр тавьсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “** ****” хотхоны барилгын талбай дээрх “*Э ** *Э” ХХК-ийн оффист хүрч очин хүний нөөцийн ажилтантай уулзан ажил мэргэжлийн талаар уулзаж ярилцчихаад маргааш нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажиллахаар өглөө нь ирсэн. Тэр өдрөө Г.С гүйцэтгэх захирлын намайг тус байгууллагын Хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр томилсон тушаал гарсан байсан. Гэвч тухайн өдрөөс одоог хүртэл ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байна. Мөн өдөр бичиг цаасны ажлыг хийж гүйцэтгэн, тухайн өдрөө бүтэн ажилласан. Маргааш нь дахин ажлаа хийх гэсэн боловч 6 настай 1 дүгээр ангийн сурагч хүүгээ хичээл сургуульд нь хүргэж өгөх ажил ажилтай маань давхацсан байсан учраас би хүний нөөцийн албан тушаалтантай холбогдож чөлөө авахаар болсон. Миний ажил амжихгүй явсаар би 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед ажилдаа сарын хугацаанд ажиллаагүй байж байгаад хүрч ирсэн. Тухайн өдрөө би хагас ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд өөрийн ажлын чиг үүргийн дагуух хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй, мэргэжлийн хяналтаас манай байгууллагад хэд хэдэн зөрчлийн албан бичиг хүргүүлсэн байсантай холбогдуулан зөрчил арилгасан тайланг хүргүүлэхээр түүнд холбогдох баримт материалыг цуглуулж ажилласан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 08 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*Э ** *Э” ХХК-ийн барьж буй “*** ****” хотхоны барилгын ажил дээр ирсэн. Ирчхээд байгууллагын цаг бүртгэх төхөөрөмжид цагаа бүртгүүлчхээд байгууллагаас гаргаж өгсөн өрөөнд ороод өөрийн бүрдүүлсэн зөрчил арилгасан баримт материалыг мэргэжлийн хяналтын н.Нарантуяа байцаагчид цахим хаягаар явуулсан. 11 цаг 30 минутад байгууллагын шуурхай хурал болж түүнд суусан. Тэгээд хурал дуусаж өрөөндөө орж ирээд өмнөх ХАБ-ын инженерийн хөтөлж байсан баримт бичгийг цэгцлэх ажлыг хийж гүйцэтгээд ажлын цаг 17 цаг хүртэл байдаг тул тарах цаг болсон тул гэртээ харьсан. Тэгээд намайг гэртээ байж байхад орой 21 цагийн орчимд манай ерөнхий инженер С барилгын талбай дээр осол гарсан байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр нь би тухайн барилгын талбайн бригадын ахлах Б.Б-той холбогдоход манай бригадын ажилтан хувцсаа солих гэж 2 давхраас доошоо бууж байгаад шатны эргэн дээрээс унаад гэмтчихлээ гэж хэлсэн. Тухайн барилгын ажилчдад ажил олгон хариуцан ажиллаж байгаа бригадын дарга, даамал тухайн барилгын ажилчдад өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутамдаа хийгдэх ажилтай нь уялдуулан өгдөг. Миний хувьд өнөөдрийн байдлаар барилгын талбай дээр ажил гүйцэтгэж байгаа, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллаагүй. Б нь Чулуун фасадын бригадад чулуун фасад наагч ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Б нь ажил гүйцэтгэх гэрээг бригадын дарга Б.Б-той байгуулсан юм. Гэвч Хөдөлмөр аюулгүй ажиллагааны гэрээг байгуулаагүй байдаг юм. Ажил хариуцуулан гүйцэтгүүлж байгаа эрх бүхий албан тушаалтан буюу инженер техникийн ажилтан, талбайн инженер зааварчилгааг өдөр тутамд нь хийгдэх ажилтай нь уялдуулан өгдөг. Манай байгууллага захиалагч компани учраас үндсэн ажилчдадаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөхөөс гадна хувцас хэрэглэл, хамгаалалтын малгай зэргээр хангадаг. Харин бригадын ажилчдад бригадын дарга болоод тухайн бригадын хөдөлмөр аюулгүй байдлын инженер нь зааварчилгааг өгч хамгаалах хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгдөг. Хуульдаа 50 ажилтан тутамд Хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтэн ажиллах ёстой байдаг. Манай “*Э ** *Э” ХХК-ийн хувьд үндсэн 50 гаран ажилтантай, одоогийн байдлаар би ганцаараа ажил гүйцэтгэж байна. Манай байгууллагаас иргэн Б.Б-той ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан. Тухайн гэрээнд Хөдөлмөр аюулгүй байдлын ажиллах хүч болоод бусад чиглэлээр гарах зардалд тодорхой хэмжээний санхүүг тусгасан байдаг.” /1хх 31- 32/,
гэрч Ц.М-ийн “... 2021 оны 03 дугаар сараас эхлэн “*Э ** *Э” ХХК-нд барилгын инженерээр ажилд орсон, би одоог хүртэл ажиллаж байна. Миний хийх ёстой ажил бол барилгын тооцоо график өөрт ноогдсон ажлын явцыг шалгах зэрэг ажлуудыг хийдэг. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед ажил дээрээ ирээд 09 цаг хүртэл бичиг цаасны ажлаа хийгээд, 09 цаг өнгөрөөгөөд хариуцсан талбайгаа нэг тойрсон. Намайг байраа тойрч байхад Б-ийн хариуцсан барилгын ажил эхлээгүй байсан. Би манай компанид шинээр ажил эхлүүлэх гэж байгаа хүмүүстэй ажлаа тохироод өрөөндөө цайны цаг хүртэл ажлаа хийж байгаад хоолондоо ороод гадуур явж ажлаа амжуулсан. 14 цагийн үед Таван шард байрлах оффис руу сангийн инженер Б.О-н хамтаар явж засвар үйлчилгээ хийчхээд буцаад 15 цаг өнгөрч байхад ирсэн. Ажилдаа ирчхээд гадуур явсан ажлаа ерөнхий инженертээ танилцуулаад талбайгаа эргэсэн. Тэгэхэд Ба-н бригад ажлаа хийж байсан. Ажлаа хэвийн гүйцэтгэж байсан болохоор би өрөөндөө ороод ажлаа хийсэн. Харуулаас барилга дээр осол гарлаа гэсэн мэдээ аваад Ба-н бригад руу залгаад юу болсон талаар асуусан. Тэгэхэд Б осол болсон нь үнэн гэж хэлсэн. Тэгээд би хариуцсан дарга Э.С-т мэдэгдсэн. Тэгсэн дарга хөдөлмөр аюулгүй байдлын инженерээс асуу гэж хэлсэн. Барилга дээрээ байж байтал цагдаа Б нар ирсэн. Намайг ажилд орсноос хойш 2 хөдөлмөр аюулгүй байдлын инженер солигдсон. Одоо манай компанид хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байгаа. Өглөө бүр барилга дээр ажиллаж байгаа хүмүүстээ мөн гэрээгээр орж ирж ажиллаж байгаа гүйцэтгэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаа харагддаг. Гүйцэтгэгч тал нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны байдлаа өөрсдөө хангаж ажиллах гэрээний заалттай. Үндсэн ажилтнууддаа бол өглөө бүр зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг. Гэрээнд гүйцэтгэгч тал нь өөрсдөө аюулгүй ажлын хувцас хэрэгслээ бэлдэх заалттай. Манай компаниас хувцас хэрэгсэл өгөөгүй, би бас нарийн заалтыг нь сайн мэдэхгүй байна.” /1хх 34/,
гэрч Ц.М-н “... Би “*Э ** *Э” ХХК-нд 2021 оны 03 дугаар сараас одоог хүртэл барилгын инженерээр ажиллаж байгаа. Миний ажил үүргийн хуваарь барилгын талбайн болон барилгын явц, чанар стандартад хяналт тавьдаг. Манай компани нь Хан-Уул дүүргийн * дүгээр хороонд “** ****” хотхоны барилгыг захиалан бариулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан барилга барьж байгаа. Манай компанийн ерөнхий инженер Э.С өдөр 11 цагаас гүйцэтгэгч нарын хурал хийдэг. Уг хуралд ажлын явцыг таниулах мэдүүлэх, барилгын явж хийх ажил зэргийг зааварчилдаг. Миний хэлэх зүйл гэвэл би байнгын цэнхэр өнгийн дэвтэрт өдрийн тэмдэглэлээ бичиж явдаг. Осол гардаг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагаас Э.С нь гүйцэтгэгч нарын өдөр хийх ажлыг танилцуулсан, би энэ өдөр цэнхэр өнгийн дэвтэрт юм бичээгүй байсан. Гэхдээ өмнөх өдөр болон дараагийн өдрийн тэмдэглэлийг одоо харахад Э.С нь гадна ажлуудыг ер нь шахаад хэрэггүй, учир нь хүйтэн байна, өдөр нарны дулаанд 11-15 цагийн хооронд ажиллаарай гэж хэлж байсныг тэмдэглэсэн байна. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нь нэг дэх өдөр байсан тул амралтын өдрүүдээр амарсан байсан. Өмнөх өдөр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдийн тэмдэглэлийг харахад “Амралтын өдрүүдэд хаалга үүд онгорхой эсэхийг шалгах, нуурын мөсийг шалгах, шинэ жилийн тоглоомын модны тоног шалгах, гүйцэтгэгч нар луу залгаж ажлуудыг нь шалгах” гэсэн байна. Эдгээр үгийг Э.С нь зааварчилсныг би бичсэн байна. Мөн өмнөх өдрүүдийнх ч байна. Алтаннавч нь манай компанид одоо бол ажиллахгүй байгаа юм. Тухайн үед бол ХАБЭА-н ажилтнаар ажиллаж байсан юм.” /3хх 54/,
Ц.М-н тэмдэглэлийн дэвтэрт 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийхэд: ...цэнхэр өнгийн 13х18см хэмжээтэй цэнхэр өнгийн хавтастай, хавтсан дээр ямар нэгэн бичиггүй байв. Дэвтрийг үзэхэд барилгын материал болон барилгын талаар бичсэн зарим хуудас дээр бичиггүй байх ба (Ц.М нь тэмдэглэлийн дэвтрийн он cap өдрөөр тэмдэглэл хөтөлдөг байсан гэсний дагуу) 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг үзэхэд ямар нэгэн тэмдэглэл хөтөлсөн зүйл байхгүй байв. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Амралтын өдрүүдэд хаалга онгорхой эсэхийг шалгах, Нуурын мөсийг 1 шалгах, шинэ жилийн модны тоглоом тоног шалгах, гүйцэтгэгч нар руу залгаж ажлуудаа шалгах” гэсэн бичиглэлтэй байв. 2021 оны 12 сарын 13-ны өдрөөс хойших өдрүүдэд тэмдэглэгээ хийгдээгүй байв. Тэмдэглэгээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Хүзүүвч битүүлэх, чулуу захиалах, гонхны битүүмж, хойд хаалга хаах, ажил сунгаж ажиллуулах, хойд шат цэцгийн мандал, хаяавч, нүдэн гэрэл Д айл, узелийн өрөөний засал хийх, 00 хийж хаалга хийх” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх 96-100/,
Ц.М-н тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийхэд: ...Ногоон өнгийн 18,5х25,5см хэмжээтэй цэнхэр өнгийн хавтастай, хавтсан дээр “Хан төгөл” гэсэн бичигтэй байв. Дэвтрийг эргүүлж үзэхэд барилгын материал болон барилгын талаар бичсэн зарим хуудас дээр бичиггүй байх ба 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг үзэхэд Э.С хурлыг явуулав: Гадна фасадын компаниуд өглөө 11 цагаас ажлаа эхлүүлэх өдөр нарны ажиллах, хүйтний эрч чангарч байгаатай холбоотой гадна ажлыг багасгана, Твин хауст дулааны асуудал, цахилгааныхан хогоо цэвэрлэх, сангийнхан салхивчны нүх битүүлэх, оройтож ажиллах бол ХАБЭА-с зөвшөөрөл аваарай.” гэж бичсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /3хх 101-102/,
гэрч Б.Д-н “... Би Б гэх хүнтэй 2020 оны 12 дугаар сард барилгын ажил хийж байгаад танилцаж байсан. Би тэр залуутай гар нийлж ажиллах болсон. Бид хэд 2021 оны 08 дугаар сарын 23-аас эхлэн Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороонд байрлах “*Э ** *Э” ХХК-тай гэрээ байгуулж гадна талын фасад хийх ажил авсан. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 11 цагийн үед бид ажил дээрээ ирж ажилдаа гарсан. 19 цагийн үед бид нар хоёр давхар дээр ажил хийж байсан. Юм харах гээд доошоо буух гээд шат руу очтол доор нэг юм дугарсан. Тэгэхээр нь гайхаад доошоо буугаад харсан чинь Б доошоо тонгойгоод шат руу налчихсан байж байхаар нь Б-г дуудаад Б уначихсан байна гэж хэлсэн. Тэгээд 103 дуудаад, бас 102 руу дуудлага өгч байсан. Удалгүй түргэн ирээд 103-ын машин дотор О, Х нар сууж явсан. Б бид хоёр хувийн машинаар араас нь дагаж яваад гэмтлийн эмнэлэг дээр ирсэн. Бид ажилдаа гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр гарын үсэг зурдаггүй. Бид нар хувь хүмүүс болохоор тийм зааварчилгаа өгдөг инженер байдаггүй. Б амаар болгоомжтой ажиллах талаар хэлж сануулдаг. Манай ажил дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн ажиллуулдаггүй. Би анх малгай өмсөж ажил хийдэг байсан. Одоо болохоор малгай өмсөх гэхээр өвлийн малгай дээр давхар өмсөж болдоггүй болохоор толгой даараад өмсдөггүй.” /1хх 39/,
гэрч Б.О-н “...би Хан-Уул дүүргийн * дүгээр хороо Нүхтийн амны “*** ****” хотхонд барилгын туслахаар 11 сараас эхлэн ажиллаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 13-ны орой 20 цагийн үед барилгын урд талд ажиллаж байсан. Тэгсэн чинь барилга дээр ажиллаж байсан хүмүүс барилгын дотор хүн унасан байна гээд байхаар нь явж очоод харсан чинь 1 давхрын шатны гишгүүр дээр хажуу тийшээ харсан эрэгтэй хүн байсан. Ойртоод харсан чинь Б гээд манай барилгын туслах хийдэг ах байсан. Эмнэлэг дуудаад үзүүлсэн, удалгүй цагдаа нар ирсэн. Бид нарт ажлын тогтсон цаг гэж байдаггүй. Ямар ч байсан ажлаа хийчхээд явцгаадаг. Миний ажиллаж байгаа газрын талбайн инженер болон ХАБ-ийн ажилтныг мэдэхгүй байна. Бид нарт нэг ч удаа аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй. Тухайн өглөө мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй. Тухайн үед ХАБ-ын инженер болон талбайн инженер нар ажлын байран дээрээ байхгүй байсан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Тухайн барилгаас унасан гэх залуу ажлын хувцас гэж өөрсдийн муу хувцсаа өмссөн байсан. Мөн хамгаалалтын малгай өмсөөгүй байсан.” /1хх 41-42/,
гэрч Б.А-н “... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Хан-Уул дүүрэг * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ийн ***д найзуудтайгаа нийлж барилгын ажил хувиараа хийдэг. Тухайн өдөр 19 цагийн үед буух цаг болж байна, хоёр чулуу дээш гаргаад бууя гэж Б гэх залуу хэлсэн. Тэгээд би буух гэтэл Б гэх залуу би буугаад доороос өлгөөд өгий, чи дээрээс нь өргөөд ав гэж надад хэлсэн. Тэгээд би доошоо троссоо буулгаад хүлээгээд ирээгүй. С гэх залуу Б шатнаас уначихсан байна гэж хэлэхээр нь Б бид хоёр гүйгээд очсон. Тэгтэл оох гохх гэх хачин дугараад хэвтэж байсан. Тэгээд Б битгий хөдөлгөөрэй гээд 103 руу залгасан. Удаагүй 103 ирээд Б-г шууд эмнэлэг авч явна гээд машин руу авч явсан. Х бид хоёр эмнэлгийн машин дотор суугаад явсан. “103”-ын машин дотор явж байхад Б ухаантай, нүднээс нь нулимс гарч байсан. Хурхирч байгаа юм шиг сонин дуу гараад байсан. Тэгээд 103 нь Гэмтэл дээр ирээд шууд дотогш аваад орсон. Бид хоёрыг ар гэрийнхээс нь хүн дууд гэсэн. Б болон цагдаа нар ирчихсэн байсан. Бид нарт ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй. Гарын үсэг зурж ажилд гардаггүй. Б хамгаалалтын малгай бүс өмсөөгүй байсан.” /1хх 44/,
гэрч Н.А-н “...Би өөрийн төрсөн дүү А-н “Д Д” ХХК-д барилгын даамал ажилтай, мөн хувиараа барилгын фасад, гагнуур, мужааны ажил хийдэг. Манай компани нь “*Э ** *Э” ХХК-ийн барьж байгаа “*** ****” хотхон дээр туслан гүйцэтгэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа, би хувиараа барилгын ажил давхар хийдэг. Тухайн үед 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр “*Э ** *Э” ХХК ерөнхий инженер Э.С дуудаж уулзаад хаус барилгуудын дотор талын шатны түр хамгаалах хаалт хийлгэмээр байна гэхээр нь танайх материалыг нь гаргах юм бол би бүх барилгыг 6,500,000 төгрөгөөр хийе гэж хэлсэн. Тэгсэн Э.С зөвшөөрөөд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хаалт хийх ажил эхэлсэн. Би сингл хаусын 3/8 болон 3/7 барилгын явган хаалтыг хийгээд 2021 оны 12 дугаар сарын 05 билүү 06-ны өдөр дуусаад ...яваад 2021 оны 12 дугаар сарын 12 билүү 13-ны өдөр ирэхэд уг осол болсон талаар мэдсэн. Тухайн өвөл би бүтэн ажиллаж хаалт хашилт, борооны хаялага, чулуун фасадын ажлыг хийсэн. Өвөл бол ажлын цаг богино, 11 цагаас ажил эхлээд 16 цаг гээд тардаг байсан. Учир нь эрт харанхуй болдог, мөн хүйтэн учраас ажлын цаг богино байдаг. Э.С тухайн үед надад хэлэхдээ компаниас мөнгө гардаг учир падан бичүүлж баримт мөнгө хүлээлгэн өгсөн бичиг үйлдсэн, баримтуудыг гаргаж өгье. Осол болдог барилга нь сингл хаус 3/6 билүү 3/5 байсан санаж байна. Осол болдог барилгад хаалт хашилт хийж амжаагүй захын барилгаас эхлээд явж байсан. “С нь “*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер ажилтай, мөн захиалагч нарыг хариуцан ажиллуулдаг байсан. Осол болох үед Хөдөлмөр хамгааллын ажилтнаар Алтаннавч нь ажиллаж байсан санаж байна. Содбаяр нь (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (цаашид ХАБЭА гэх)- н мэргэшсэн мэргэжилтэн гэж хэлдэг байсан. Мөн өдөр бүр 11 цагаас тогтмол хуралддаг байсан, хурал дээр ХАБЭА-н талаар анхааруулж хэлдэг байсан. Гадна ажиллаж байгаа хүмүүс түлхүү анхаардаг байсан. 17 цагаас хойш ажиллахыг хориглоно, хэрэв ажиллахаар бол надаас заавал зөвшөөрөл авна гэдэг байсан. Хаалт хашилт хийх ажил гүйцэтгэлийн урьдчилгаа болох 2,500,000 төгрөгийг бэлнээр Э.С-аас 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр цайны цагийн үеэр авсан.гэх мэдүүлэг /3хх 56/,
гэрч Н.Тө-н “...Манай компани нь Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Н-д байх “*** ****л” хотхоны барилгыг одоог хүртэл барьж байгаа. ...Манай компани нь тухайн төсөл дээр жил бүр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зардалд зарцуулагдах тодорхой хэмжээний төсөв мөнгийг суулгаж гүйцэтгэгч компаниудад гэрээгээр байгуулсан мөнгөний дүнд тааруулан олгодог. Манай байгууллага өөрсдийн ажилчдын сургалт, давтан сургалт, хувцас, тусгай хэрэгсэл гэх мэтчилэн зүйлүүдийг хангаж өгдөг. Мөн шинээр ажилд орсон хүмүүсийг сургалтад хамруулах зардлыг төсөвлөж өгсөн байдаг. Мөн ажлын тусгай хэрэгслийг бэлдээд хадгалсан байдаг юм. Туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээн дээр ХАБЭА-д зарцуулагдах зардлыг багтаан гэрээг байгуулдаг учраас туслан гүйцэтгэгч нарын ажилчдын ХАБЭА-г хариуцахгүй гэж бодож байна. Учир нь ажил гүйцэтгэлийн гэрээнд тусгаад мөнгийг нь олгосон байдаг юм. Манай байгууллагатай гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч нь ажлаа эхлэхээс өмнө гэрээний дагуу урьдчилгаа мөнгөө аваад ажлаа эхэлдэг юм. Санхүүтэй холбоотой баримт бичгүүдийг гаргаж өгье. Одоо миний санаж байгаагаар Б-той нийт 32,133,200 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийн урьдчилгаа мөнгө болон төлбөр тооцоо шилжүүлсэн баримтыг гаргаж өгье. Одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Гэрээний дагуу Б ХАБЭА-д зарцуулагдах 481,998 төгрөгийг гэрээнд заасан үнийн дүнд багтсан байгаа. Мөн Б нь ажлаа бүрэн хийж дуусгасан эсэхийг би мэдэхгүй байна.” /3хх 50/,
гэрч Э.Э “...Манай компани нь Хан-Уул дүүргийн * дүгээр хороонд “*** *****” хотхоны барилгыг захиалан бариулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Манай компанийн ерөнхий инженер Э.С өдөр бүр 11 цагаас гүйцэтгэгч нарын хурал хийдэг. Уг хуралд ажлын явцыг таниулах мэдүүлэх, барилгын явц, хийх ажил зэргийг зааварчилдаг. Миний хэлэх зүйл гэвэл би байнгын ногоон өнгийн дэвтэр дээр өөрийн ойлголтоор тэмдэглэлээ бичиж явдаг. Осол гардаг өдөр 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагаас Э.С нь гүйцэтгэгч нарын хийх ажлыг танилцуулсан. Би энэ өдөр Э.С-ын өгсөн үүрэг болох “Гадна фасадын компаниуд өглөө 11 цагаас ажлаа эхлүүлэх, өдөр нартайд ажиллах, хүйтний эрч чангарч байгаатай холбоотой гадна ажлыг багасгана. Твин хауст дулааны асуудал, цахилгааныхан хогоо цэвэрлэх, сангийнхан салхивчны нүх битүүлэх, оройтож ажиллах бол ХАБЭА-с зөвшөөрөл аваарай” гэж хэлснийг бичсэн байна. Содбаяр нь манай компанийн ерөнхий инженер ажлуудын ерөнхий явцыг шалгаж зааварчилдаг. Миний санаж байгаагаар тухайн үед ХАБЭА-р Алтаннавч ажиллаж байсан байх.” /3хх 52/,
гэрч Б.О-“... 20 цаг 58 минутын үед Гэмтлийн эмнэлгийн хүлээн авах тасагт Д.Б гэх эрэгтэй, ухаангүй байдалтай хүргэгдэн ирсэн. Тухайн хүнийг амилахуй тасагт шилжүүлж сэхээн амьдруулах арга хэмжээг авч байсан. Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд ухаангүй, толгойн хэлбэр алдагдсан, нүүрээр хавантай, зүрхний цохилт олширсон, цусны даралт ихэссэн, мөчдийн арьсны өнгө эрээнтэн өөрчлөгдсөн байдалтай, өвчтөн өөрөөр амьсгалах чадваргүй, амьсгалын аппаратын тусламжтай амьсгалж байна. Одоогоор сэхээн амьдруулах эмчилгээ хийгдэж байна.” /1хх 46/,
гэрч Д.Ц “... 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орой 21 цагийн үед манай эгч Э над руу яриад Б-г барилгаас унаж гэмтээд гэмтлийн эмнэлэг дээр очсон байна, яаралтай яваад очих талаар хэлсэн юм. Ямар ч байсан хагалгаа хийнэ гэж хэлж байсан ч тэсэлгүйгээр нас барчихсан юм.” /1хх 48/,
иргэний хариуцагч “*Э ** *Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А “... Компанийг төлөөлөн иргэний хариуцагчаар томилогдсон, хохирол төлбөрийн асуудал дээр оролцоно.” /3хх 180/,
Шинжээч П.Ч “... “*Э ** *Э” ХХК нь Б-той 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/** 104 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан нь Барилгын тухай хуулийн 19.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ нь мөн ХАБЭА тухай хуулийн 26.4 дэх заалтыг зөрчсөн байна. Иргэн, ажилтан ХАБЭА-н зардлыг хариуцахгүй гэснийг зөрчсөн байна. Гэрээний дагуу барилгын гадна фасадын ажил гүйцэтгэж байсан нь тусгай зөвшөөрөлтэй хийж гүйцэтгүүлэх ажлыг хувь хүнтэй гэрээ байгуулсан нь холбогдох заалтуудыг зөрчсөн байна.” /4хх 66-67/,
Шинжээч Ю.А “...”*Э ** *Э” ХХК нь иргэн Б байгуулсан гэрээ нь Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журмын 1.1-д барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, барилгын ажлын талбай, гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих, ХАБ, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын шаардлагатай нийцүүлэхэд харилцан зохицуулахад оршино. Мөн журмын 2.1-д барилгын ажлын талбай, түүний гаднах эрсдэл бүхий орчинд ХАБ, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг хөрөнгө оруулсан захиалагч, гүйцэтгэгч, хариуцан хэрэгжүүлнэ. Энэ журмын 7.2-д заасан хяналтыг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөө гүйцэтгэгч баталсан байна. 6.3.18-д гүйцэтгэгчийн эрх үүрэг /тушаал гүйцэтгэгчид ХАБ эрүүл ахуйн дүрэм зааврын талаар мэдээлэл өгч түүний хэрэгжилтэд хяналт тавих/ заасан. Мөн журмын 6.4.3-д ажил гүйцэтгэх гэрээнд ХАБЭА-н шаардлагыг “*Э ** *Э” ХХК нь тодорхой тусгаагүй байна. “*Э ** *Э” ХХК нь тусгай зөвшөөрлөөр хийгдэх ажлыг иргэнтэй байгуулсан нь холбогдох дүрэм журмыг зөрчсөн байна.” /4хх 69-70/,
Шинжээч А.Р “... “*Э ** *Э” ХХК болон иргэн Б хоёрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээ нь тусгай зөвшөөрөл шаардагдах ажил юм. Учир нь гадна фасадын ажил өндөр эрсдэлтэй ажлын байранд хамаарагддаг. Энэ ажлыг хийхэд заавал тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж компаниар хийлгэх ёстой. Энэ ажил нь барилгын ажилд хамаарагдана, барилгын ажил дотроо гадна чулуун фасадын ажилд хамаарагдах юм.” /4хх 72/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №101 дугаартай “...Талийгаач Д.Б-ийн цогцост хоёр зулайд урд хэсгээр хоёр талын дунд хонхор дайран турк эмээл хүрсэн хугарал, их тархины баруун чамархайн аалзан хальсан доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурийн голомтлог няцрал, гүүрийн болон бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн гүн дэх цусархаг няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, дух, зулай, баруун чамархайн хуйханд доорх, хоёр талын зулайн гавлын булчинд цус хуралт, дух, зүүн зулай, чамархайн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дух, зүүн зулай, чамархайн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь шууд үхэлд хүргэсэн гэмтлүүд байна. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 2021.12.14-ний 05 цаг 35 минутын үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байна. Талийгаач нь В(Ш) бүлгийн цустай байна.” /1хх 58-62/,
Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Шинжээчдийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №2023/0* дугаартай дүгнэлтэд:
“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шинжээч Г.Г 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ХАБ-03/** дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд тулгуурлан өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байна.
...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шинжээч Г.Г 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ХАБ-03/22-0* дугаартай нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлт нь мөн тухайн үеийн хавтаст хэрэгт нэмэлтээр авагдсан материалын хүрээнд гаргасан дүгнэлт байна.
... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд шинжээч Б.Нарантуяа, Л.Эрдэнэбат, Б.Чулуунчимэг нарын дахин гаргасан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 22/12 дугаартай дүгнэлт нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд тулгуурлан өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байна.
...Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12-р сарын 24-ний өдрийн А/*** тоот тушаалын хавсралт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг тооцоолдог. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэсэн аливаа үйлдэл, дутагдал, үйл явдал, нөхцөл байдал эсхүл тэдгээрийн нэгдлийг шалтгаан гэнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн бол осолдогчид гэмтэл учруулсан шалтгааныг сонгодог. Энэхүү үйлдвэрлэлийн ослын үндсэн шалтгаан нь: Унах, бүдрэх, халтирах, Нарийвчилсан шалтгаан нь: Өндрөөс унах /барилга/ байна. Үйлдвэрлэлийн орчинд гарсан осолд нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн /Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй, байнгын шалгалт урьдчилан хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хаалт, хамгаалалт хийгээгүй/, удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга хангалтгүй, хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, зохицуулалт муу, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн/, хүний /хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/, ажлын байр, орчны /замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл/ гэсэн 4 хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог. Энэхүү осолд нөлөөлсөн хүчин зүйл нь нэг талаас удирдлагын хүчин зүйлийн нөлөөлөл буюу хамтын хамгаалах хэрэгсэлгүй /шатны түр хамгаалалт хашлагагүй байсан/, нөгөө талаас ажлын байр, орчны буюу гэрэл, харагдах орчин /ажлын байрны гэрэлтүүлэггүй/ байна.
...Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ.” гэж, 4.1.14-т "барилгын ажлын талбай" гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа газрыг хэлнэ гэж тус тус томьёолсон байдаг. Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.” гэж томьёолсон байдаг.
...”*Э ** *Э” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/21-** дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г иргэн Б.Бтой байгуулсан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт (Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.)-ыг зөрчсөн. Гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхдээ иргэн Б.Бнь хувь иргэдтэй хөдөлмөрөө нэгтгэн ажилласан (бригад байгуулсан) байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 (Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ)-т гэж заасны дагуу иргэн Д.Б болон түүнтэй хамтран ажиллагч хүмүүс нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ. MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан бөгөөд 2000 оны 07 дугаар сарын 01- ний өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан байдаг. Уг стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг дараах 3 хэлбэрээр өгч, зохион байгуулдаг. Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга; 2. Ажлын байран дахь анхан шатны зааварчилга; 3. Давтан зааварчилгаа Стандартын 3.4 болон 3.5 дахь заалтын дагуу урьдчилсан зааварчилгааны агуулга нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод дүрэм, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг ойлголтыг өгөхөд орших бөгөөд урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон анги танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтнууд өгдөг. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод анхан шатны тусламж зэрэг агуулгатайгаар ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар дээрх стандартын 3.8 болон 3.9 дэх заалтын дагуу өгнө. Дээрх стандартын 3.16 дахь заалтын дагуу аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. Осолдогч Д.Б-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилгаанаас урьдчилсан болон анхан шатны зааварчилгаа өгөгдөөгүй, харин давтан буюу өдөр тутмын зааварчилгааг өгсөн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам”-ын ХАБЭА-н тусгай сургалт “Барилгын аюулгүй ажиллагаа” хөтөлбөрөөр 20 цагийн ХАБЭА-н тусгай сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн суралцагч сертификат авч, мэдээллийн санд бүртгэгддэг. Д.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаагүй байна.
... Иргэн Б.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалтын дагуу нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Мөн “*Э ** *Э” ХХК нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9 барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах), Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам” -ын 2.7 болон 2.8-т заасан барилгын ажлын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны зардлаас гадна барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагийн хамгаалалтын зардлын санхүүжилтийг хууль тогтоомжид заасны дагуу гаргаж ажиллах үүрэгтэй болно.
... “*Э ** *Э” ХХК нь ажлын талбайдаа хувь иргэнтэй гэрээ байгуулан, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамрагдаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй ажилчдаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт(Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.), 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт (аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх) зөрчсөн байна.
...”*Э ** *Э” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээний зардлыг гаргахаар 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/21- ** дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний хавсралт №01-ний Гэрээний тусгай нөхцөлийн 15-д ХАБЭА-н шаардлага хангасан эсэх, үнэлгээний хувь төлөвлөгөөний дагуу зарцуулах зардлын хэмжээг гүйцэтгэгчийн ажиллах хүчний зардал болон бусад зардлын 1,5-2 хувь буюу 481.998 төгрөгийг тусгасан, уг зардлыг “Гэрээний ерөнхий нөхцөл”-ийн 4.3-т захиалагч нь тухайн ажилд хэрэгжүүлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахтай холбогдсон зардлыг төсөвт тусад нь тусгасан, 4.5-т гүйцэтгэгчийн болон туслан гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж, хариуцлага тооцож ажиллана гэсэн шаардлагууддаа ерөнхий инженер Э.С хяналт тавих үүргээ биелүүлээгүй байна.
... “*Э ** *Э” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийж байсан чулуун фасадын ажлын гүйцэтгэл түүний үр дүнг иргэн Б.Б ”*Э ** *Э” ХХК-ийн өмнө хүлээнэ. “*Э ** *Э” ХХК 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/21-** дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г иргэн Б.Б байгуулсан байна.
.... “*Э ** *Э” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр хийж байсан чулуун фасадын ажлын гүйцэтгэл түүний үр дүнг иргэн Б.Б ”*Э ** *Э” ХХК-ийн өмнө хүлээнэ. “*Э ** *Э” ХХК 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр АГГ02/21-104 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г иргэн Б.Б-той байгуулсан байна.
...Захиалагч болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүргийн талаар “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захиралГ.С нь иргэн Б.Бтой байгуулсан Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “*** ****” барилгын төслийн СХЗ-5 тоот барилгын чулуун фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх" гэрээнд тусгагдаагүй байна.
...Захиалагч болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүргийн талаар “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С нь иргэн Б.Б-той байгуулсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хан төгөл” барилгын төслийн СХЗ-5 тоот барилгын чулуун фасадын ажлыг гүйцэтгүүлэхээр байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр “Ажил гүйцэтгэх” гэрээнд тусгагдаагүй байна.
...”*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцсан ажиллаж байсан Э.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.5-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
... “*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцсан ажиллаж байсан Э.С нь барилгын талбайн гэрэлтүүлэг, түр хашлага, хамгаалалт хийгдээгүй, тухайн ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдалд үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах)-т заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.
...”*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженер бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг давхар хариуцсан ажиллаж байсан Э.С нь барилгын талбайн гэрэлтүүлэг, түр хашлага, хамгаалалт хийгдээгүй, тухайн “ажлын байр нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдалд үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 (хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах), “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11 (Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино.)-т заасан үүргээ тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.” /3хх 73-80/ гэсэн дүгнэлтүүд,
Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “2 метр шатнаас хүн унасан, ухаантай байна” гэх утгатай бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас /1хх 11/,
Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-14/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-18/, хохирогчийн өмсөж явсан хувцас болон бусад эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх 19-21/,
2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “*Э ** *Э” ХХК, иргэн Б.Б нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний тусгай нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөл /2хх 27-33/, Барилга хот байгуулалтын яамнаас “*Э ** *Э” ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон БУ11-447/19 дугаартай ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /2хх 15/,
Б.Б-ийн Хаан банк дахь эзэмшлийн 507611***** тоот дансны хуулганд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 9,501,999.20 төгрөгийн орлого, утга “*Э ** *Э” ХХК-аас СХЗ-5 чулуун фасад гэсэн тухай гүйлгээ /4хх 78-84/, “*Э ** *Э” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 550 дугаартай Бямбын Б-т СХЗ-5 чулуун фасад утгатай 9,501,999.20 төгрөг шилжүүлсэн төлбөрийн даалгавар баримт /2хх 66/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Э.С, Б.Б нарын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тооцно.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозици шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна.” гэж тус тус заажээ.
“*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22/21-182 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, осол аюулаас урьдчилан сэргийлэх, химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний биологийн идэвхт бодистой зөв зохистой харьцах, галын аюулгүй байдлыг хангаж ажиллах, ажилтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор ХАБЭА-н 9 журам баталсан /1хх 108-135/, мөн тухайн өдрийн 22/21-183 дугаар тушаалаар тус компанийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс томилж /1хх 107/ ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх хууль, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулахаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар ШУТИС-ийг барилгын инженер мэргэжилтэй төгсөж, улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан, Ажлын байрны эрсдэлийн менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем шинэчилсэн иж бүрэн хөтөлбөрт сургалтад тус тус хамрагдаж гэрчилгээ авч, Барилга байгууламжийн угсралтын ажлын хүрээнд мэргэшсэн инженер гэрчилгээг авсан Э.С-ыг томилж ажиллуулсан байна.
Тодруулбал, Э.С-ын хувьд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн “*Э ** *Э” ХХК-ийн ерөнхий инженерийн албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд тэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т зааснаар тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах ажлыг хариуцан ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд болон гэрээ, хэлцэлд тусгасан ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан барилгын инженер Э.С бөгөөд тэрээр эрсдэлийг илрүүлэх, арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй, шатны хаалт байхгүй, онгорхой байгаа, унах эрсдэлтэй талаар хориглосон анхааруулга байршуулаагүй, аюул, ослоос урьдчилан сэргийлэх бүрэн гүйцэд арга хэмжээ авч чадаагүй нь хохирогч амь насаа алдах шалтгааны нэг болсон байна.
Иймд шүүгдэгч Э.С-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Бийн хувьд “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-тай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хан төгөл төслийн СХЗ-5 тоот барилгын чулуун фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний тусгай болон ерөнхий нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Уг гэрээний тусгай нөхцөлийн 4-т “Гүйцэтгэгч нь чанарын хяналт хариуцсан ажилтан 1, ажиллавал зохих инженер техникийн ажилтан 1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан 1, мэргэжлийн ажилтан зэрэг нийт 6 ажилтныг ажиллуулж, ажлын талбайд тогтоосон дэг журмыг мөрдүүлнэ, “ажилтан бүрд ажил эхлэхээс өмнө ажлын байранд үнэлгээ өгч, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байх, өргөх зөөх зэрэг хөдөлгөөний төхөөрөмж ажиллуулахад сурч үнэмлэх авсан ажилтныг ажиллуулах” гэсэн, 15-д “Гүйцэтгэгчийн ажиллах хүчний зардал болон бусад зардлын 1.5-2 хувь буюу 481,998 төгрөгөөр зарцуулах” гэсэн, гэрээний ерөнхий нөхцөлийн 4.2-т “Гүйцэтгэгч нь гэрээний хугацаанд барилгын ажлын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хэрэгжүүлэх асуудлыг хариуцсан ажилтан томилж тогтмол ажиллуулна.”, 4.4-т “Гүйцэтгэгч нь ажлын талбай дээрх өөрийн бүх үйл ажиллагааны аюулгүй байдлыг хариуцаж эрүүл ахуй, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллана. Гүйцэтгэгч нь ажилд хэрэглэх өргөх, зөөх, тээвэрлэх, хийн, цахилгааны техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг бүрэн бүтэн, ослоос урьдчилан сэргийлсэн хамгаалалтын хэрэгслээр тоноглогдсон, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангахаар байлгаж ашиглах төдийгүй ажилтнуудаа тусгай гутал, ажлын хувцас, каск, бус зэрэг нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж аюулгүй байдлын сургалт, зааварчилгаанд хамруулсан байна. Гүйцэтгэгч нь барилгын угсралт, гадна хана, дүүргэгч хана, гадна фасад, тагтны хашлага хийц, шилэн хийц, дээвэр, ус зайлуулах хоолойн зэрэг өндрийн, эрсдэлтэй ажилд аюулгүй байдлыг хангаж заавал шат, хамгаалалтын тор хэрэглэх үүрэгтэй.”, 4.6-д “Гүйцэтгэгч нь нийг төсвийн 1.5-аас доошгүй хувийг ХАБЭА-д зарцуулж ажлын гүйцэтгэл бүрд эсхүл Захиалагчийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Хяналтын инженерт тайлагнаж хянуулна.” 4.8-д Гүйцэтгэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад ажилтнуудынхаа эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авах, ажлын байр, талбайг өдөр бүр цэвэрлэх, хөдөлмөрийн болон эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хууль тогтоомжийг чанд мөрдөх үүрэгтэй.” гэж тус тус заажээ.
Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б нь мөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б нь нийт 6 ажилтны бүрэлдэхүүнтэй бригад ажиллуулж, Хан төгөл төслийн СХЗ-5 тоот барилгын чулуун фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Стай “Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан” ба тухайн ажлыг хийж гүйцэтгэх ажилчдыг бүрдүүлэх, гэрээнд заасан нөхцөлүүдийг зөвшөөрч тухайн ажилчдын төлөөлж, гарын үсэг зурж гэрээг байгуулсан, гэрээнд тусгагдсан бараа материал, ХАБЭА-г хангах зэрэгт урьдчилгаа төлбөр Б.Бийн дансанд орсон зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд, амь хохирогч Д.Б-н ажил олгогчийг Б.Бгэж үзэх ба тэрээр ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хэрэгжүүлэх асуудлыг хариуцаж ажиллах үүрэг хүлээсэн этгээд мөн гэж дүгнэж, тэрээр тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдаагүй, аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь хохирогч амь эрсдэх шалтгаан болсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.С, Б.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүгдэгч Г.С-ыг энэ гэмт хэрэгт гэм буруугүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Учир нь, ажил олгогч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ... үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан үндсэн чиг үүргийн хүрээнд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т тус тус нэрлэн заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр байна.
Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагатай дүрэм, журам, төсөв, зардлыг батлах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журмыг сахиулах үүрэг бүхий мэргэшсэн ажилтныг томилж, удирдан зохион байгуулах зэрэг болно.
Ажил олгогч нь өөрийн байгууллагын онцлог, эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэшсэн бүтэц, ажилтныг томилж ажиллуулснаар ажлын байранд гарч болзошгүй, энэ хэргийн үйл баримттай адил эрсдэл бүхий хүчин зүйлийг илрүүлэх, арилгуулахтай холбоотой үүрэг нь тухайн нэгж, ажилтанд мөн үүснэ.
Харин хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан томилоогүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эсхүл энэ чиглэлийн ажилтныг ажил, үүргээ хэвийн явуулахад шаардлагатай нөхцөл, боломжоор хангаагүй зэргээр хайнга, хариуцлагагүй хандсан тохиолдолд ажил олгогчийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт ... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэж үзэх үндэслэл болно.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “*Э ** *Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан тусдаа комисс /бүтэц/ байгуулж, тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан барилгын инженерээр шүүгдэгч Э.С-ыг томилон ажиллуулсан, компанийн түвшинд үйлчлэх ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлсэн, мөн Б.Б-той байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр Г.С-ыг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С-ыг цагаатгаж, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.С-ын өмгөөлөгч Э.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Г.С-ад холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Г.С-ад холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ