Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 628

 

 

 

 

                                                                                                    

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Сэрчмаа,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Хохирогч: Т.Бт,

           Шүүгдэгч: Т.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805021950630 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Т.Б, 1991 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Гор газ” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт ...., .... бүртгэлтэй боловч ...., урьд ял шийтгэлгүй, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 12-51 тоотод иргэн Т.Бт ийг аавтай хамт гэрт архи уулаа гэж шалтаглан толгойн тус газар нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв. 

Хохирогч Т.Бт ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Б аавтай танилцаад удаагүй байсан. Тухайн өдөр таараад гэрт нь очиж архи уусан. Тэгсэн Т.Б орж ирээд гэрт архи уулаа гэж уурласан. Би уучлаарай гээд гутлын үдээс тайлагдсан байхаар нь үдэх гээд тонгойход толгой руу шилээр цохиод гараад явсан. Эмчилгээний зардал 140.500, унааны зардалд 70.000 төгрөг, нийт 210.500 төгрөг болсон. Тухайн мөнгийг нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Т.Бт ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т.Б аав Таравсүрэнтэй гэрт нь архи уугаад байж байсан. Гаднаас хүү нь болох Т.Б ганцаараа Боргио нэртэй 1 шил пиво барьж орж ирсэн. Тэгээд гэрт архи уулаа гэхээр нь би уучлаарай миний буруу гээд уучлалт гуйсан. Маргалдсан асуудал байхгүй. Миний гутлын үдээс тайлагдсан байсан. Тэгээд доошоо тонгойгоод байж байхад толгой руу пивоны шилээр цохисон....Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... дээрх гэмтлийг Т.Б учруулсан. ...Эмчилгээний зардалд 140.500 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэхэд явсан унааны зардал 70.000 төгрөг, нийт 210.500 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 42/,

Шинжээчийн 4127 тоот дүгнэлтэд: “...Т.Бт ийн биед үзлэгээр тархины доргилт, дух, баруун чамархай, зүүн хацрын няцарсан шарх, тархины доргилт, уруулын зулгаралт гэмтэл үүсгэгдсэн нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 16/,

Яллагдагчаар Т.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна....Манай гэрт архи ууж байсан аавтай муудалцаад байхаар нь маргалдсан....пивоны шилээр толгой руу нь цохьсон..” гэсэн мэдүүлэг /хх-н 4/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, хохирлын баримт /хх-н 14, 30/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-20, 31, 34-37, 40/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 23 цагийн  орчим Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 12-51 тоотод иргэн Т.Бт ийг аавтай цуг гэрт архи уулаа гэж шалтаглан толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Бт ийн: “... Т.Б аав Т-тэй гэрт нь архи уугаад байж байсан. Гаднаас хүү нь болох Т.Б ганцаараа Боргио нэртэй 1 шил пиво барьж орж ирсэн. Тэгээд гэрт архи уулаа гэхээр нь би уучлаарай миний буруу гээд уучлалт гуйсан. Маргалдсан асуудал байхгүй. Миний гутлын үдээс тайлагдсан байсан тэгээд доошоо тонгойгоод байж байхад толгой руу пивоны шилээр цохьсон....гэмтлийг Т.Б учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28, 42/, шинжээчийн 4127 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь хохирогчийн толгойн тус газар нь шилээр цохиж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бтийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Т.Бт ийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, толгойн зураг авахуулсан 120.000 төгрөг, эм тарианы 12.500 төгрөгийн баримт хавтаст хэрэгт авагдсан тул шүүгдэгчээс 140.500 төгрөг гаргуулж хохирогч Т.Бт олгох нь зүйтэй байна.

Хохирогч нь эмчилгээ хийлгэхэд явсан унааны зардал 70.000 төгрөг нэхэмжилсэн ба дээрх хохирлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Б нь хохирогчид учирсан хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Т.Б ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Т.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3-4 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Б ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Б шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг  даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оос 140.500 төгрөг гаргуулж хохирогч Т.Бтт олгосугай.
  5. Хохирогч Т.Бт нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР