Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2020/00078

 

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Зээл, зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү, нийт 5.389.335.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь 2016 оны 04 сарын 07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1.300.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн зээл, 2017 оны 02 сарын 16 өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241452.18 төгрөг, зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн нэмэлт зээл, 2017 оны 12 сарын 14 өдөр ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2065789.67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.000.000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн нэмэлт зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагчаар оролцож тус тус авсан. 3Г4025101493 тоот зээл нь 2020 оны 01 сарын 31-ний өдрийн байдлаар 599 өдрийн хугацаа хэтэрсэн. Үндсэн зээл 3.663.465,72 төгрөг, хүү 1.647.057,63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.812,12 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд *******ы хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 5.389.335,47 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 101.179,37 төгрөгийг төлүүлж богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

*******наас миний бие *******ы нэр дээр гаргасан нэхэмжлэлтэй танилцан хүний эрхийг зөрчсөн, нэр хүндэд удаа дараалан халдаж, Монгол улсад хүчин төгөлдөр үйлчиж байгаа хуулиудыг зөрчсөн, хууль бусаар иргэн хүнээс төгрөг нэхэмжилж байна хэмээн үзэж байгаа учраас дараахь тайлбарыг гаргаж байна.

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр *******наас миний талийгаач болсон дүүгийн минь нэр болон миний биеийг оролцуулан 4.607.240,35 төгрөгөөр банкийг хохироосон тул даруй түргэн шийдэж өгнө үү гэсэн нэхэмжлэл ирж байсан юм. Шат шатны шүүх хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж тус банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл *******наас 5.490.514,84 төгрөгийн нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байна. Энэ байдлаас үзвэл хичнээн удаагийн, хичнээн тохиолдлоор тус банкийг хохироосон болж таарч байна. *******ны нэхэмжлэгч иргэн ******* миний ямар тоот дансанд мөнгө шилжүүлж миний бие хэзээ, ямар байдлаар захиран зарцуулсан тухайг нотлох шаардлагатай байх. Монгол улсын хууль тус банкинд үйлчлэхгүй байна гэж байж болох уу? Миний биеийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлагыг үл ханган шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа. *******ийг хохироосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг ахин гаргаж байгаа бол хулгайчтай хамт байсан бол хулгайч байдаг гэсэн хуулийн үзэл санаа Монюл улсад байхгүй. Энэ банкийг төлөөлөн нэхэмжилж байгаа хүмүүст тун их гомдолтой байгаа төдийгүй хууль тогтоомжуудыг хэрхэн хэрэглээд бусдыг буруутгаад байгааг нь ойлгохгүй байна. Миний бие Хас банкинд цалингийн зээлтэй. Гэтэл зээлийн төлөв байдлаа харахаар *******инд 3.663.465,72 төгрөгийн зээлтэй байна гэсэн мэдээллийг шууд оруулаад ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл 3 сая гаруй төгрөгийн өртэй эсвэл 4 сая, эсвэл 5 сая төгрөгөөр хохироосон ч юмуу. Миний бие энгийн нэг төрийн албан хаагч үнэндээ бэлнээр 5-6 сая төгрөг барьж үзээгүй л явна. Өөрөө үзээгүй мөнгөөрөө өрөөлийг хохироочоод яваагаа үнэндээ ойлгохгүй. Банк хэнээр өр төлүүлэх вэ гэдгээ тогтоолгохын тулд нэхэмжлэл гаргаж байгаа биз дээ. Гэтэл эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр жирийн иргэнийг муу зээлдэгч гэсэн ангилалд оруулж цаашид 100 төгрөг ч аливаа банк санхүүгийн байгууллагаас авах эрхгүй болгосон байгаа. Энэ нь хууль ёсны үйлдэл биш гэж үзэж байна. Амьд байгаа хүн чинь үргэлжлүүлэн амьдрах эрхтэй биздээ. Цалингаас өөр орлогогүй миний эрхийг шууд зөрчсөн. Салбарын дарга гэх н.Эрдэнэбат гэх хүнээс удаа дараалан залгасан, мөн дарамтлах шинж аястай гэж үзэж болохоор мессэжийг ирүүлж байсан. Ирж уулз, маргалдахгүй нүүрийг харна гэх утга бүхий утсанд захиа ирсэн. Миний бие тэр хүний урд очиж арга чаргаа барах гэмт үйлдэл хийгээгүй гэж үзсэн. Нөгөө утгаараа ийм байдлаар уулзан шийдвэрлэж болох асуудал байсан болоод л дуудсан байх гэж бодоход хүрэв. Гэхдээ ийм байдалтай эвлэрч болохгүй санагдсан. Миний бие тус банкнаас зээл хүссэн болон хүсэлтээ шийдүүлсэн, миний нэр дээрх дансанд зээлийн мөнгө орсон, зээлийг энэ банкиар шийдүүлсэн, эцэст нь банкнаас тухайн төгрөгийг шууд хэрэглэсэн тохиолдол үгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй, хууль зүйд үл нийцсэн байдлаар ихээхэн хэмжээний мөнгө нэхэмжилж байна хэмээн үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч талийгаач Д.Батчулуун нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ЗГ4025101493 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 1.300.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн зээл, 2017 оны 02 сарын 16 өдөр ЗГ4025101493-А тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 241 452.18 төгрөг, зээлийн үлдэгдэл дээр нэмж 3.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн нэмэлт зээл, 2017 оны 12 сарын 14 өдөр ЗГ4025101493-Б тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 2.065.789,67 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 2.000.000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй цалингийн нэмэлт зээлд хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагчаар оролцож тус тус авсан. Ингээд зээлдэгч нь нас барсан. Энэ хэрэг маргаан 3 шатны шүүхээр явсан. Эцэст нь Улсын дээд шүүхээс хариуцагч нь тодорхой бус гэх шалтгаанаар анхан шатны шүүх рүү буцсан. Ингээд өв залгамжлалын асуудал тодорхой болоогүй учраас батлан даагч *******ыг хариуцагчаар татсан. Үндсэн зээл 3.663.465.72 төгрөг, хүү 1.647.057.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78.812.12 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Хамтран үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч нь зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Иймд *******ы хариуцаж буй дээр дурьдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 5.389.335.47 төгрөгийг нэхэмжилж байна. ... 2011 онд зээлийн мэдээллийн тухай хуулийг баталсан. Хуульд аж ахуйн нэгжүүд зээлийн мэдээллийн сан байгуулж ажиллах, мэдээллийн санд мэдээллийг нийлүүлэх ёстой гэсэн хууль байдаг. Зээлдэгчийн талаар ямар мэдээллийг нийлүүлэх талаар тодорхой заасан. Түүний дагуу л манай байгууллага ажилласан. *******д холбогдуулж мөнгө нэхэмжилж байгаа нь батлан даалтын гэрээнд заасны дагуу нэхэмжилж байгаа. Өв залгамжлалын асуудал тогтоох ёстой гэсэн. Өв залгамжлалын асуудал шийдэгдэх боломжгүй учраас хариуцагчаар батлан даагч *******ыг татсан. Хөргөгч худалдаж авсан зээл байдаг. ******* тэр хөргөгч нь манайд байдаг гэж хэлсэн. Тэр хөргөгчийг зарж өр төлбөрийг барагдуулах талаар би уулзая гэж *******тай утсаар ярьсан. Тэгэхэд чамтай ярих юм байхгүй гэж хэлээд утсаа салгасан. Хаа хамаагүй, хэрэгт хамааралгүй хүнийг төлбөрт оруулсан зүйл байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 461 дүгээр зүйлийн 461.1-д заасныг баримтлан хариуцагч Сайхан овогт Дашжамцын Баярсайханаас 3663465.72 /гурван сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран таван төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1725870.47 /нэг сая долоон зуун хорин таван мянга найман зуун далан төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101179.37 /нэг зуун нэг мянга нэг зуун далан есөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 73565 /далан гурван мянга таван зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх ******* ХХК-ийн хариуцагчаар татсан ******* миний бие бодитоор хэзээ, хаанаас ямар шугамаар ямар тоот дансанд зээл авч хэрэглэсэн эсэхиг үнэн мөнөөр бодитоор тунгаан харж чадаагүй. Миний бие *******ны гаргаж байгаа нэхэмжлэлийг шууд хуулийн заалт ашигласан дээрэм гэж үзэж байгаа. Монгол улсын аль хууль тогтоомж өр өвлөн авдаг хуулийн зохицуулалт байдаггүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэн тэргүүнд хариуцагч *******ны зээлдэгчээс ямар өв хөрөнгө, мөнгө өвлөн авсан байна вэ? Гэдгийг сайтар нягтлах шаардлагатай байсан. Харин миний бие талийгаач дүүгээс өнчин үлдсэн 6 настай охиныг асран өөртөө авснаас өөр зүйлгүй байдаг. Гэвч шүүхийн шийдвэрт өв залгамжлалын тухай дурдаагүй. Түүнчлэн тэр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болно. ******* анха нэхэмжилсэн үнийн дүнгээ нэмсээр байсан нь учир дутагдалтай. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэх ажилтан миний хувийн амьдрах нөхцөл бололцоонд тун хүндээр халдсан. Хариуцагчаа ч зөв тодорхойлж чадаагүй байж хууль бусаар хүний эрх чөлөөнд халдсан. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар ямар банкинд хандах зээл болон бусад зээлийн шугамаар авч болох бүх эрхийг минь хязгаарласан. Би дүүгээ алдан харуусч, буяны хоног нь ч дуусаагүй байхад шүүхэд дуудагдаж, шүүх хуралдаан дээр худал тайлбар өгч миний нэрийг сэвтээж байгаатай хэзээ ч эвлэрч таарахгүй. Шүүх маргааны үнэн зөв, бодит байдалд шударгаар хандаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэрт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг миний биз төлөх нь үндэслэлгүй байна. Тухайн банкны хариуцлагын ажил байхад надаас гаргуулж байгаа нь шударга бус үйлдэл. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгон хууль ёсны дагуу шийдвэрлэсн өгч ******* өрийн дарамтнаас чөлөөлж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэгт 5.389.335 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зээлдэгч Д.Батчулууны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.300.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 2.3%-ийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээнд хариуцагч ******* нь батлан даагчаар, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний өөрчлөлтөөр 241.452 төгрөгийн үлдэгдэл дээр 3.000.000 төгрөг нэмж 24 сарын хугацаатай 2.3%-ийн хүүтэй авсан. Тус зээлд хамтран зээлдэгч батлан даалтын гэрээ тул тус байгуулсан зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлсон байна.

Зээлдэгч Д.Батчулуун нь хариуцагч *******ы төрсөн дүү нь бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө нас барсан, зээл хугацаандаа төлөгдөөгүй тул нэхэмжлэгч банк батлан даалтын гэрээ байгуулсан *******аас зээлийн төлбөрийг нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх ******* нь зээлийн гэрээнүүдэд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн гэсэн үндэслэлээр хариуцагчаар зээлийн гэрээний үндсэн үүрэг 3.663.465.72 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2.-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болгохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч ******* нь зээлдэгч Д.Батчулуун нь тухайн үед өөрийн ирээдүйд авах цалингаа барьцаалан цалингийн зээл авсан байхад түүний ах *******ыг цалингийн зээлийн гэрээнд хамтан үүрэг гүйцэтгэхээр, мөн батлан даалтын гэрээ давхар байгуулж үүрэг хүлээлгэсэн нь буруу болжээ.

Иймд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 142/ШШ2020/00462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч *******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.565 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ