Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 000064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

 

Улсын яллагч Ц.И,

Хохирогч Г.Б,

Хохирогчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.О, Ж.Ш

Шүүгдэгч Р.Б, Ө.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б нарт холбогдох 201614000450 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1975 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Р Б.

Монгол улсын иргэн, Орхон аймаг Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Ө-ийн Б.

                                       

Шүүгдэгч Р.Б нь “Натураль Текстайль” группын “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд өөрт итгэмжилэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 19.134.444 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ө.Б нь “Натураль Текстайль” группын “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрт итгэмжлэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 8.183.530 төгрөгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд :

 

      Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сараас Эрдэнэт хивсний Номин худалдааны төвийн борлуулагчаар ажилласан. 2016 оны 07 сард 800.000 төгрөгийн дутагдал гаргасан нь үнэн.Үүнийг би цалингаасаа төлсөн. 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 04-ний хооронд 35.000.000 төгрөгийн дутагдал гаргасан ч учир нь олдох байх гэж бодсон. Хамт гарч байсан Р, Б хоёроос асуусан чинь энэ хоёр 8.000.000 төгрөгийн бараа гаргаснаа хэлсэн. Би бараа ер гаргаагүй хэрэгт байгаа падаанууд бүгд Бийн гарын үсэгтэй падаан юм. Миний гарын үсэг нэг ч байхгүй, би гэм буруугүй. Дутагдалыг над дээр тохоод байгаа юм. Энэ 35.000.000 төгрөгийн дутагдал гарснаас Б, Р хоёр өөр өөрийнхөө 8 сая гаруй төгрөгийн дутагдалыг хүлээдэг. Би хивс борлуулсан мөнгийг завшаагүй. Тухайн үед би эд хариуцагч гэдгээрээ дутсан барааг хүлээн зөвшөөрч байсан юм. Мөн Ганболд гэдэг хүнд 10.400.000 төгрөгийн хивс ачуулсан нь үнэн. Ганболдоос 10.400.000 төгрөг бэлэн авч барааг ачуулсан өдрөө 10.400.000 төгрөгийг кассанд тушаасан. Жижиг хивс 100 ширхэг байсан юм. Шинжээчийн дүгнэлтэд орсон падаан нь миний гарын үсэггүй байгаа учир шинжээчийн дүгнэлт буруу,би гэм буруугүй гэв.

 

   Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Эрдэнэт хивсэнд 12 жил ажилласан. 2016 оны 08 дугаар сард 8.123.000 төгрөгийн хивс гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Бид нар улирал, улирлаар ээлжлэн ажилладаг ба борлуулалт сайн бол цалин сайн авдаг юм. Надад 8 дугаар сард захиалга орж ирсэн ба тэр хивс бүгд Номин нэрийн барааны дэлгүүр дээр байсан. Б-ын оронд гуйлтаар нь 1 өдөр гарахдаа 8.123.000 төгрөгийн хивс гаргасан. 4.123.000 төгрөгийг би өөрөө ашигласан. Борлуулалтаа тэнцүүлж байж бид нар цалингаа авдаг. Дансаар орж ирсэн мөнгийг хивсийг нь бэлдэж байгаад өөрийнхөө ээлжин дээр мөнгийг нь тушаагаад хивсийг гаргадаг байсан. 8 сарын 26-нд гаргасан хивсний тухайд жолооч Болд ч мэднэ. Номин дээр гарч байсан бүх хүн л мэднэ. Эрдэнэт хивс дэлгүүр дээр гарч байхдаа Номин нэрийн барааны дэлгүүрээс авч зарсан. Хивс нь 2016 оны 08 дугаар сарын 26-нд гараад явчихсан, кассаар бичигдээгүй байсан. Бт 2016 оны 09 дүгээр сарын 01-нд өөрийн ээлжин дээр гаргая гэсэн. Би 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Бын оронд гарахдаа 8 сая гаруй төгрөгийн хивсийг Улаанбаатар хот руу ачуулаад явуулсан. Бид нар итгэлцэлээр л ажиллаж байсан. Ажил солилцохдоо үлдэгдэл хивсээ ч тоолдоггүй байсан. Би 8.123.000 төгрөгийн хивс борлуулсанаа хүлээн зөвшөөрнө. Б энэ сарын борлуулалт өндөр байгаа юм чинь өөрийнхөө ээлжин дээр гаргачих гэсэн юм. Би хохирол цувуулаад 6.323.000 төгрөг төлсөн. Одоо 1.800.000 төгрөг төлнө гэв.

 

     Хохирогч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын 01-нээс Эрдэнэт хивс нэрийн барааны дэлгүүрийн эрхлэгчээр ажилласан. Тооллого сар бүр хийдэг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор 35.055.608 төгрөгийн 183 нэр төрлийн хивс Эрдэнэт Номин нэрийн барааны Бын хариуцаж байснаас дутсан. Дэлгүүр дээрээс захиалга авч бараагаа гарын үсэг зурж хүлээлгэн өгдөг байсан. 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор Б байхгүй хивсийг байгаагаар хэлээд байхаар нь нягтланд хэлээд энэ тооллогоор 35.055.608 төгрөгийн хивс дутсан. Л нягтланд Б хэлэхдээ би Б, Р нартай  гаргасан гэж хэлсэн. 20.534.444 төгрөгийг Р.Боос, 2.460.530 төгрөгийг Баас гаргуулна. 2016 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 04-ний хооронд 3 удаа бараа таталт хийсэн гэв.

 

     Хохирогчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд: Шүүгдэгч Р.Боос 20.534.444 төгрөг, Ө.Баас 2.460.530 төгрөг тус тус нэхэмжилнэ. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар гарна гэв.

 

      Гэрч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Миний бие “Натураль Текстайл” группын борлуулалтын менежер хийдэг бөгөөд 2016 оны 09 дүгээр сард манай харъяа Эрдэнэт номин дэлгүүрт дэлгүүрийн эрхлэгч Г.Б, борлуулалтын нягтлан бодогч Л нарын хамтаар тооллого явуулсан. Мөн дэлгүүрийн хивс, хивсэн бүтээгдэхүүний борлуулагч Р.Б-ыг байлцуулсан. Би жижиг хивснүүдийг тоолсон, тооллого 2 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн чинь нилээн их бараа дутсан. Дутсан тоо ширхэгийг нь Л мэдэж байгаа. Боос тухайн үед тооллого хийж байсан хүмүүс яагаад дутагдал гарсныг лавлахад барааг хүнд өгсөн байгаа падааныг нь гэртээ орхичихож гэж байсан гэсэн мэдүүлэг.../1хх-ийн 12 ху/,

 

  Гэрч Д.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний бие “Натураль Текстайл” группын борлуулалтын нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд манай харъяа Эрдэнэт номин  дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогыг дэлгүүрийн эрхлэгч Г.Б, борлуулалтын менежер Д, мөн миний бие оролцож борлуулагч  Б-ыг байлцуулан хамт тооллого явуулсан. Тооллогыг явуулахдаа барааг нэг бүрчлэн тоолж, тухайн хугацааны үлдэгдэлийн жагсаалттай тулгаж тоолсон. Би өөрөө хивсэн бүтээгдэхүүнийг Бтой тоолсон. Б тоолохдоо алдаатай тоолох, кодыг буруу хэлэх зэрэг үйлдэл гаргаж эхэлсэн тул дахин би өөрөө нүд үзэж тоолсон. Тооллогыг явуулж дуусахад 183 нэр төрлийн хивс, хивсэн бүтээгдэхүүн дутсан. Энэ талаар Боос лавлахад барааг гаргасан юм. Би өөрөө хариуцна гэснээс өөр зүйл хэлээгүй. Энэ тооллогын баримтын эхний 2 хуудас баримт нь тулгалт хийгээд дутсан барааны жагсаалт /Улаан балаар 1 гэж дугаарлав/ үүний арын хүснэгт дээр Б, Р, Б нарын өөрсдийн хүлээн зөвшөөрсөнөөр хохирлыг гаргасан байгаа юм. Үүн дээр Эрдэнэт номин дэлгүүрээс 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд агуулахаас уг дэлгүүрийн борлуулагч нарын хүлээн авсан барааны жагсаалт 6 хуудас баримтууд /улаан балаар 2 гэж дугаарлав/, дараагийн баримт нь 2016 оны 08 дугаар сарын 17-ний өдрийн дутагдал гараагүй тооллогоор тогтоогдсон баримтууд, гараар тулгасан хүснэгт 6 хуудас /Улаан балаар 3 гэж дугаарлав/, дараагийн 1 хуудас баримт нь Бын дутсан жагсаалт дээр Б гаргасан гэж нэмэх тэмдэгээр тэмдэглэж, өөрөө доод талд нь тайлбар бичсэн баримт байна. /Улаан өнгийн балаар 4 гэж дугаарлав/. Ингээд тооцоогоор нийт 35.055.608 төгрөгийн хохирол учирсан юм. Өмнө нь бид албан бичигтээ 33 сая гэж дүнгээ буруу тооцсон байна. Энэ 183 төрлийн барааны дүнгээ буруу гаргаж өгсөн байна. Боос энэ 183 төрлийн барааны үнийн дүнгээс буцааж төлсөн дүнг хасаад 33 сая гэж буруу гаргасан байна. Анх учирсан нийт хохирол нь 35.055.608 төгрөг юм гэсэн мэдүүлэг /1хх 15 ху/, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 95-15 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Мөнхбаяр нь 400 гаруй метр квадрат хивс ачсан байсан гэсэн мэдүүлэг /2 хх 37 ху/, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллогоор би нилээн сайн тулгасан. Уг тооллогоор дутагдалтай гарсан гэх 35.055.608 төгрөгийн нийт 183 ширхэг хивснээс 2016 оны 08 дугаар сард татсан бараа материалын хивснээс 2 ширхэг нь Бын дутаасан барааны жагсаалтанд байсан. Бусад дутагдалд орсон бараа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор байсан бараанууд. Энэ байдлаас үзэхэд Бын дутагдал гаргасан гэх бараа нь 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор байсан хивс юм. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тооллого хийгээд 183 ширхэг хивсний дутагдал гарсан. Энэ талаар Боос тодруулахад 11 ширхэг хивсний зарлагын баримт гаргаж өгөөд энэ хивсийг ачуулсан. Мөнгийг нь аваагүй гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /3 хх-ийн 44 ху/

 

     Гэрч Л.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би бараа худалдан авсан 10.400.000 төгрөгийг Бт бэлнээр өгсөн. Би өөрөө дэлгүүрээс хивсээ сонгож аваад Б кодоор бичээд нийт 10.400.000 төгрөг болж байсан. Б надад мөнгөө бэлнээр өгчих, би өөрөө биччихээд ачуулчихна гэж хэлэхэд Боос өмнө хивс худалдан авч байсан болохоор итгээд мөнгө өгсөн. Би Орхон аймгаас гарахдаа Б руу залгаад бичүүлсэн нь дээр юм биш үү асуудалгүй биз дээ гэхэд Б зүгээр ээ, асуудалгүй, битгий санаа зов гэж хэлсэн. Бичүүлнэ гэдэг нь тухайн хивсийг худалдаж аваад “Эрдэнэт-Номин” дэлгүүрийн кассанд мөнгийг нь тушаагаад НӨАТ-ын баримтыг авахыг хэлдэг юм гэсэн мэдүүлэг /2хх 35 ху/

 

     Тооллого хийсэн баримтууд / 1хх 13,14, 16-34 ху/

 

    Найдвар-Од аудит ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 121 дугаартай: Р.Б 18.432.608 төгрөг, Ө.Б 8.123.000 төгрөгийг тус тус дутаасан байна гэсэн дүгнэлт / 3хх 53-67 ху/ зэрэг болно.

 

   Шүүгдэгч Р.Б нь “Натураль Текстайль” группын “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаанд өөрт итгэмжилэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 18.432.608 төгрөгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Ө.Б нь “Натураль Текстайль” группын “Эрдэнэт номин” нэрийн барааны дэлгүүрт борлуулагчаар ажиллаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрт итгэмжлэн хариуцуулсан бараа материал болох хивс, хивсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлого болох 8.123.000 төгрөгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Бын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Г.Д /1хх 12 ху/, Д.Л /1хх 15 ху, 2хх 37 ху, 3хх 44 ху/, Л.Ганболд /2хх 35 ху/ нарын мэдүүлэг, тооллого хийсэн баримт, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтас хэргээс шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх үнэн зөвд тооцлоо.

 

       Иймд Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Р.Быг  бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ө.Быг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэсэн болно.

 

   Шүүгдэгч Р.Б нь шүүх хуралдаанд шинжээчийн дүгнэлтэд орсон падаан нь миний гарын үсэггүй байгаа учир шинжээчийн дүгнэлт буруу,би гэм буруугүй гэж мэдүүлж байх боловч өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй.

 

   Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ө.Б үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөөсөө 6.323.000 төгрөг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

 

Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Р.Боос 18.432.608 төгрөг, шүүгдэгч Ө.Баас 1.800.000 төгрөг тус тус гаргуулан   “Натурал текстайл групп” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин хохирогчийн нэхэмжилсэн 1.400.000 төгрөг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4, 11.6 дугаар зүйлүүдэд заасан зардалд тооцогдохгүй байх тул шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт гаргасан “Найдвар Од Аудит” ХХК нь ашгийн төлөө байгууллага бөгөөд зардлыг төрөөс гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч  Ө.Бын энэ үйлдэл нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн шинжтэй байх тул гэм буруутайд тооцож 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

 

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Б 10 хоног, шүүгдэгч Р.Б 26 хоног  цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Ө.Быг бусдын эд хөрөнгийг завшиж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Б-ыг бусдын эд хөрөнгийг завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч Р.Бадыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  

 

    3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2.д зааснаар шүүгдэгч Р.Быг тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

     4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

     5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бын цагдан хоригдсон 26 хоног, шүүгдэгч Ө.Быг цагдан хоригдсон 10 хоногийг тус тус  эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурьдсугай.

 

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ө.Баас 1.800.000 төгрөг, шүүгдэгч Р.Боос 18.432.608 төгрөгийг тус тус гаргуулж “Натурал текстайл групп” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   7. Эрүүгийн хэрэг шүүхэд хяанан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б 1.800.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 01-нд 900.000 төгрөг,  2018 оны 04 дүгээр сарын 01-нд 900.000 төгрөг, 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр, шүүгдэгч Р.Б 18.432.608 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 4.432.608 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд 7.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-нд 7.000.000 төгрөгийг тус тус 3 /гурав/ жилийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

   8. Шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Р.Бт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

        9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.