Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/146

 

 

 

 

 

 2025             01             28                                  2025/ДШМ/146

 

 У.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Н, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч У.Н-д холбогдох эрүүгийн 24050000**** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У.Н, 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн ... суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... дугаар хэсэг, .... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 25 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 10 сар 25 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:................/;

Шүүгдэгч У.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны жижүүрийн өрөө буюу 00 тоотод өөрийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Л.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б нь тархины битүү гэмтлээс тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: У.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.Н-ийг "Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч У.Н-ийг 15 /арван тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Нийн цагдан хоригдсон нийт 247 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас гарсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хурааж авсан эмэгтэй хүний хар өнгийн фудболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, нийт урт нь 10 см хэмжээтэй төмөр хадаас 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг нутаг дэвсгэрт байрлах 27-р байрны жижүүрийн өрөө буюу 00 тоотод өөрийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Л.Б-г зодсоны улмаас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нас барсан гэж намайг буруутгасан. Энэ өдөр би байгаагүй, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой Зайсанд байдаг хүүхэд дээрээ очиж хоноод 08-ны орой ирсэн чинь хаалгаа дотор талаас нь түгжээд онгойхгүй байсан. Хаалгыг нь ноцолдсоор байгаад онгойлгож орсон чинь 00-ийн хажууд уначихсан байсан. Босгоод ирсэн чинь хурхираад байсан. Орон дээр өргөж тавиад 103 дуудсан. Маш удаж ирсэн. Үзэж, үзэж байгаад “өнгөрчихсөн байна” гээд нэг бичиг хийж өгсөн. Тэгээд “цагдаа дууд” гээд яваад өгсөн. Би цагдаа дуудсан. Цагдаа ирсэн. Үзлэг хийсэн. Талийгаач бид хоёрт хэрэлдэж маргалдсан ямар ч зүйл байхгүй. Бид хоёрт тийм өш хонзон ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг дан зөрүүтэй байдаг. Анх шүүх эмнэлгийн дүгнэлт 3 сар болж гарсан. Байцаагч надад авчирч танилцуулсан. “Тархины титэм судас дарагдсан тул үхэлд хүргэсэн” гэсэн л тодорхой байсан. Тэгээд байцаагч яаруулаад “хурдал, хурдал” гээд аваад явсан. Маргааш нь хяналтын прокурор Сайнзаяа ирээд “энэ шүүх эмнэлгийн дүгнэлт шал худал гээд аваад явсан. Энэ дүгнэлт бол маш үнэн зөв гарсан байсан. Тэрнээс хойш ахиад 3 сарын дараа Шүүх эмнэлгийн дүгнэлт шал өөр болгоод ороод ирсэн. Анх намайг Эрдэнэцэцэг гэдэг байцаагч сэжигтнээр татаад шилжээд явчихсан. Одоо бас хяналтын прокурор Сайнзаяа нь Шүүх эмнэлгийн дүгнэлт өөрчилж, алсан, зодсон болгочхоод жирэмсний амралтаа аваад яваад өглөө. Энэ хэргийн ээдрээ маш сонин байгаа юм. Яг харж байсан нотлох баримт байдаггүй. Орцны хаалганы код байдаггүй, байнга онгорхой. Үүдэнд дээр камер ажилладаг л гэсэн байхгүй. Одоо би хаалттай хорих ангид 15 жилийн ял шийтгүүлсэн, нас 50 хүрсэн. Та бүхэн үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч У.Н өмгөөлөгч Л.Ганцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч У.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж" үйлдсэн гэм буруутай тооцож, 15 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч У.Н нь "2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн хамаарал бүхий, хамтран амьдрагч Л.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож амь насыг нь хохироогоогүй, “хэрэг гарсан тухайн өдөр бид зодолдоогүй, амь хохирогч өмнө нь шатнаас унасан, мөн 07-ны өдөр эрүүл саруул ажлаа хэвийн хийж байсан, 08-нд 20 цагийн үед гэртээ ирэхэд дотроосоо түгжсэн байсан” гэх мэдүүлгийг гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн байдаг.

Мөн гэрч Р "04 дүгээр сарын 07-ны өдөр субодник хийж гадна талбай цэвэрлэсэн. Н, Б хоёр 26 дугаар байрны тоглоомын талбайг цэвэрлэж байсан гэх мэдүүлэг, гэрч У-н "04 дүгээр сарын 07-ны өглөө би тэр хоёр орж ирэх үед таараад та хоёр яасан хаашаа юм, шөнө унтаж амраахгүй гэхэд танай орцыг сайн цэвэрлэж байгаа шүү гэж эрэгтэй нь хэлсэн" гэх мэдүүлэг, гэрч Э-н  04 дүгээр сарын 07-ны өдөр тэр хоёрыг гуйж байгаад хамтдаа байрны дээврийг цэвэрлэх ажил хийсэн. 19 цагийн үед цэвэрлэж дуусаад би гэртээ хариад У.Н, Б хоёр амьдардаг байр луугаа явцгаасан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд У.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж бусдын амь насыг хохироох шууд санаа зорилго байгаагүй, гэмтэл учруулсан гэдгийг шууд гэрчлэх гэрч байхгүй болох нь харагдаж байна.

Нөгөөтээгүүр тухайн хэрэгт шинжээч эмчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулах мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд огт аваагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шүүхээс дутуу дүгнэж орхигдуулсан гэж үзэж байсан. Учир нь, шүүх хуралдаанд шинжээч эмч “амь хохирогч шинэ гэмтлийн улмаас амь насаа алдсан" гэхээс гадна шүүхэд гаргасан тайлбартаа "амь хохирогчид үүссэн гэмтэл нь унах, мөргөх үед үүсэх боломжтой, 2-3 хоногийн өмнө үүсэх боломжтой, эмнэлгийн тусламж авсан бол амь аврагдах боломжтой." гэх талаар мэдүүлсэн бөгөөд үүнийг шүүх дүгнэлтдээ дурдаагүй, үнэлээгүй байна. Шинжээч эмчийн тайлбараас харахад шүүгдэгч У.Нийн талийгаач өмнө нь шатнаас унаж байсан, гэмтэл авсан байсан" гэх мэдүүлэг нь үнэн зөв болох нь харагдаж байна. Иймд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон У.Нийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар амь хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдсон. Мөн хэрэг болсон 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө амь хохирогч, шүүгдэгч нар гэртээ хэрүүл маргаан үүсгэсэн талаар ихэнх гэрчүүд мэдүүлдэг тул тухайн шөнө шүүгдэгч нь хамтран амьдрагчтайгаа хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон болох нь тогтоогдсон. Зодох явцдаа тархинд нь учруулсан гэмтлийн улмаас амь хохирогч нас барсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмнөх эхнэр,  гэрч Г мэдүүлэгт “04 дүгээр сарын 08-ны өдөр У.Н гэрт орж ирээд дунд хүүдээ аавынх нь гар хавдчихсан гээд зүүн гараа харуулж байсныг санаж байна. Тэр үед харахад зүүн гар нь хавдаад хөхөрчихсөн байсан. У.Н “пизда юм аа, архинаас нэг юм боллоо гэж байсан”, “2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө ирсэн, тэгэхдээ хүнд зодуулсан гээд эрүү, нүд нь хөхөрсөн ирсэн, гар нь зүгээр байсан” гэсэн. Шүүгдэгчийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд “Шүүгдэгчийн баруун гарын алга, сарвууны хэсэг хөхөрч хавдсан, зүүн гарын шууны ар хэсэг буюу тохой орчмын дотор хөхөрч хавдсан” гэсэн. Мөн тухайн үед хэрүүл маргаан болж, орилсон талаар гэрч Ц “Бүтэн сай өдөр буюу 04 дүгээр сарын 07-ны орой хоорондоо хэрэлдээд байгаа бололтой манай нөхөр Ууганбаяр шагайгаад хэлэхэд эрэгтэй нь өөдөөс нь юм хэлээд маргаад байсан” гэх, гэрч У “04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цагийн үед би машинаа угаачхаад орж ирэхэд хоёр жижүүр хоорондоо муудалцаж байгаа бололтой хэрэлдээд байсан, төмөр хаалга нь начигнаж дуугараад байсан” гэх,  шүүгдэгчийн найз, гэрч Г “04 дүгээр сарын 07-ны орой над руу залгаад Ахуй үйлчилгээний хойд талд байрлах гэрээсээ ирж аваад Зайсан дахь хуучин эхнэрийн гэрт  очих  гэсэн юм, таксинд явах уу гэж асууж байсан” гэж тус тус мэдүүлсэн. Эндээс үзэхэд, 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шүүгдэгч нь хамтран амьдрагчаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодчихоод гарч явсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогчийн хувьд зодуулснаасаа хойш гэрээсээ гараагүй. Гэрч Э “Тэгээд би  түргэн тусламж дуудчихаад гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн үед гэр рүү нь ороход талийгаач Б орон дээрээ дээшээ хараад хэвтсэн байдалтай, эрүүнийх нь доод хэсэг, нүд нь бас хөхөрсөн байсан. 04 дүгээр сарын 07-ны өдөр Б-ын нэг нүд нь бас хөхөрсөн байсан. У.Н надад хэлэхдээ 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ  ирэхэд талийгаач гэрээ дотроос нь түгжсэн байхаар нь хаалгаа эвдээд ортол Б газар хэвтэж байсан гэсэн” гэх мэдүүлэг өгсөн. Эндээс шүүгдэгч нь хамгийн сүүлд амь хохирогчтой хамт байсан, байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, мөн хэрэг гарах үе  буюу 2024 оны 04 дүгээр сарын 06-наас 07-ны хооронд хэрүүл маргаан болж байсныг гэрчилсэн олон гэрчүүд бий. Иймд шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч У.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны жижүүрийн өрөө буюу 00 тоотод өөрийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Л.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б нь тархины битүү гэмтлээс тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “...манай ээж ааваас салаад хот руу явсан. Бид нар аав дээрээ байдаг. ...салаад Баярмагнай гэх хүнтэй сууж байсан. Тэр хүн нь нас бараад 2 жилийн дараа буюу одоогоос жил гаруй хугацааны өмнөөс У.Н гэх хүнтэй хамт амьдарч байсан. Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр утсаар ярьсан. Утсаар ярихад надтай зүгээр ойр зуур юм ярьж байгаад тасалсан. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын сүүлээр нэг уулзсан. ...2022 онд архины эмчилгээнд явахдаа У.Н гэх хүнтэй танилцаад хамт амьдраад эхэлсэн байсан. Хаана амьдарч байгаагаа ерөөсөө хэлэхгүй, асуухаар орцны жижүүр хийж байгаа гэж хэлдэг байсан. 14 хоногтоо нэг удаа согтуу “ээжийг нь энэ хүн зодоод байна” гээд орилоод яриад байдаг байсан... сүүлд У.Н гэх хүнтэй сууснаас хойш хоёр удаа нүд нь хөхөрсөн байхыг харсан. ... Баянчандманьд хоёр ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан. Саяхан ээжийн ээж, эмээ өнгөрөхөд У.Н гэх хүнтэйгээ Архангайд очсон гэсэн. Тэгэхдээ бас нүд нь хөх явж байсан гэсэн. ..." / 1хх 32/,

гэрч М.С “...би тус байрны жижүүрийг сайн танихгүй. Миний мэдэж байгаагаар 1 cap орчим болж байгаа байх. Ойролцоогоор 7 хоногийн өмнө согтуу орж ирээд утсаараа яриулаач гэж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байх. Ер нь хэрүүл маргаан байнга шахуу болж байгаа нь сонсогддог. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хоорондоо хэрэлдээд байдаг. Эмэгтэй орцны жижүүрийн дүү шуу чанга орилж хашхирч байгаа нь сонсогддог. Эрэгтэй хүний дуу хааяа сонсогддог...” /1хх 34-36/,

гэрч Д.Ц “...жижүүр Быг сайн танихгүй, байранд жижүүрээр ороод удаагүй байгаа, жаахан архи уудаг юм шиг санагддаг, үе үе архи уугаад нэг  эрэгтэйтэй хэрэлдээд байгаа нь сонсогддог. Хамт байгаад байдаг залуутайгаа хоёулаа уудаг байх. Жижүүр Б 2024 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө согтуу байсан бололтой орилж хашхираад, хаалга нь түжигнээд шөнийн 3 цаг хүртэл лав орилж, хашхирах чимээ сонсогдоод хоорондоо хэрэлдээд байсан. Бүтэн сайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой хоорондоо хэрэлдээд байгаа бололтой манай хүргэн Ууганбаяр шагайгаад хэлэхэд эрэгтэй нь манай хүргэний өөдөөс юм хэлээд, маргаад байсан. Тэрнээс хойш чимээ гаргаагүй. Өчигдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ямар эгэн чимээ гараагүй, орж гарч байгаа нь харагдаагүй. Жижүүрийн өрөөний хаалга цоожгүй, онгорхой байгаад байсан...” /1хх 42-44/,

гэрч О.Г “...У.Н өөрийнхөөрөө байх дуртай, анх надтай танилцахдаа архи уух дуртай байсан, одоо ч архи уудаг. Бид хоёр 26 жил хамт амьдрах явцад надад бие болон сэтгэлийн дарамт, бэлгийн дарамт, эдийн засгийн дарамт, гэр бүлийн гадуурх харилцаа гэх мэт зүйлээр намайг бол их зовоосон. Гэр Бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан... уг нь өрөвч сэтгэлтэй, гарын уртай... Хамгийн сүүлд Б гэх хүүхэнтэй харилцаа үүсгээд 2 жил болсон боловч над руу ирээд байдаг байсан. Би 4 хүүхдийг нь гаргасан болохоор хүүхдүүдээ бодоод өдий хүртэл тэвчиж амьдарч байсан... У.Н 2024 оны 04 дүгээр сарын 07-ны орой 22 цагийн үед ирж хоносон. Маргааш нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө гэрээс гараад Буд гээд найзтайгаа хамт таксинд явж байгаад утсаар ярьж байснаа гэнэт юм хэлэхгүй гараад гүйсэн гэсэн. Тэрийг нь надад Буд хэлэхээр нь би нөгөө хүүхэнтэйгээ ярьсан юм байгаа биз гэж бодоод тоогоогүй. 2024 оны 04 дүгээр сарын 08-ны орой би гэртээ хариад 2 дахь хүү маань байхгүй болохоор нь би асуугаад У.Н руу залгасан. Тэгэхэд дуу муутай “гэртээ харьсан ш дээ ханиа” гэж хэлсэн. У.Н согтуу үедээ намайг “ханиа” гэж дууддаг. Тэгэхээр тэр орой согтуу байсан байх. Тэгээд У.Н над руу 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө залгаад хамт амьдардаг хүүхнээ нас барсан талаар хэлсэн. Би “надад хамаагүй” гээд тасалсан. ...гэрт орж ирээд дунд хүүхдэдээ “аавынх нь гар хавдчихсан” гээд зүүн гараа харуулж байсныг санаж байна. Тэр үед харахад зүүн гар нь хавдаад хөхөрсөн байсан. Тэр үед У.Н “пизда юм аа, архинаас нэг юм боллоо” гэж хэлж байсан. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2-3 хоногийн өмнө ирсэн. Тэгэхдээ хүнд зодуулсан гээд эрүү, нүд нь хөхөрсөн явж байсан. Тэр үед гар нь зүгээр байсан. ...Ер нь тэр хамт амьдарч байсан хүүхэнтэйгээ архи уугаад муудалцахаараа манайд ирдэг байсан. ...” /1хх 38/,

гэрч Б.У “...жижүүрийн гэр манай гэр хоёр өөд өөдөөсөө харсан байдаг. Сүүлд буюу 1 cap гаруйн өмнө эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай байрны жижүүрээр орсон. Анх харахад даруухан харагдаж байсан боловч нэлээн архи уудаг хүмүүс байсан. Ер нь байнгын согтуу нүд ам нь хөхөрсөн явж харагддаг байсан эмэгтэй нь. Би оройдоо гарч тамхи татдаг. Тэгээд сонсоход нэлээн уугаад, чанга, чанга яриад байдаг байсан. Сүүлийн 10 гаруй хоногт тэр хоёр бүр нэлээн их уусан. Түрүү 7 хоногт эмэгтэй нь “утас өг, би хүүхэдтэйгээ яримаар байна” гээд чанга орилоод байсан. Нөхөр нь утсыг нь авчихаад өгөхгүй байна даа гэж би бодож байсан. Өдрийн цагаар тэр хоёр байхгүй байж байгаад шөнө дунд л чимээ шуугиан гаргаад эхэлдэг байсан. Сүүлд 04 сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цагийн үед би машинаа угаачихаад ирэхэд хоёр жижүүр хоорондоо муудалцаж байгаа бололтой бархиралдаад, хэрэлдээд байсан... хоорондоо зодолдож байгаа бололтой өрөөнийх нь төмөр хаалга начигнаж дугараад байсан. ...эмэгтэй нь нүд нь хөхөрсөн харагдаж байсан...” /1хх 46/,

гэрч Ш.Р “...би “****” СӨХ-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оноос хойш ажиллаж байгаа. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б, нөхөр У.Н гэх хоёр хүн “хөдөөнөөс ирсэн, хөдөө мал үхээд, ажил хайж явна” гэж ирж уулзсан. ...тэр хоёр хүнээс архи уудаг уу гэхэд Б нь “уудаггүй” гэж хэлсэн. У.Н нь “би барилгын ажил хийдэг, хааяа амарсан үедээ архи уудаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би У.Н-ийг ч барилгын ажил хийдэг бол Б-ыг ажилд түр авъя гэж хэлээд 27 дугаар байранд жижүүрийн өрөө гаргаж өгөөд тэр хоёрыг оруулсан. ...тэр хоёрыг байранд оруулснаас хойш 3-4 хоногийн дараа хэсгийн байцаагч намайг дуудаад, “энэ хоёр хүн чинь архи уудаг, эхнэр нь дуудлага өгсөн, мэдүүлэг авах гэхэд гэр бүлийн хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд алга болчихлоо, энэ хоёр хамтран амьдрагч байна шүү” гэж надад хэлсэн. Мөн хэсгийн байцаагч “энэ хоёр хүн хөдөөний хүмүүс биш байна, эрэгтэй нь Хан-Уулд бүртгэлтэй, эмэгтэй нь энд, тэнд жижүүрийн ажил хийж явдаг хүмүүс байна” гэж хэлж байсан. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр над руу дахиж хэсгийн байцаагч яриад “нөгөө хоёр чинь дахиад архи уугаад дуудлага өгсөн, би торгуулийн 50,000 төгрөгийг нь СӨХ-ийн данснаас шилжүүлж өгсөн. Тэр үед Б надад “хэсгийн байцаагч манай нөхрийг эндээс яв гээд байна, бид хоёр чинь 2-3 жил хамт амьдарч байгаа хүмүүс, нэгэндээ дассан" гэж ярьж байсан. Би “наад хүн чинь Хан-Уулд авгайтай юм биш үү, чи авгай руу нь явуулж” гэж хэлж байсан. ...Би хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б, У.Н нартай таарсан. Тэр өдөр манайх бүх нийтийн субботник хийж гадна талбайг цэвэрлэсэн. Тэр үед тэр хоёр 26 дугаар байрны тоглоомын талбайг цэвэрлэж байсан. Тэгэхээр нь би У.Н-д 10,000 төгрөг өгөөд “авгайдаа сайн туслаарай” гэж хэлчхээд явсан... Б нь “би У.Н-ийг архи уугаад чанга, чанга яриад байхаар нь цагдаад дуудлага өгчихдөг л гэж хэлж байсан. Хоорондоо муудалцаад, архи уугаад байвал үргэлжлүүлж ажилд авахгүй гэж хэлсэн болохоор надаас нуусан байх...” /1хх 48/,

“...талийгаачийг нас барсан гэдгийг манай лифтчин Энхцэцэг надад хэлж мэдэгдсэн, тухайн үед Энхцэцэг “түргэн тусламж энэ тэр дуудсан байгаа гэхээр нь шаардлагатай арга хэмжээг даруй аваарай” гэж хэлсэн. У.Н руу би өөрөө залгаж яриад талийгаачийг яасан талаар асууж, “яаралтай түргэн дууд” гэж хэлэхэд "У.Н надад талийгаачийг амьдардаг өрөөгөө дотор талаас нь түгжээд онгойлгохгүй байна” гэх зэрэг зүйлс ярьж байсан санагдаж байна... тухайн өглөө У.Н над руу залгахдаа “талийгаачийг өрөөгөө дотор талаас нь түгжээд онгойлгохгүй байна” гэхээр нь “чи өөрөө хаана байсан юм, хаалга нь ямар учиртай түгжээтэй байгаа юм” гэх зэрэг яриаг яриад тасалсан. Яагаад У.Н тухайн үед над руу залгаж тийм зүйл ярьсан гэдгийг би мэдэхгүй байна. Э надад хэлэхдээ “27 дугаар байрны жижүүр Б-ыг өрөөндөө нас барсан байна” гэж хэлснээс өөрөөр яг юу гэж ярьсан талаар би огт санахгүй байна...” /1хх 50/,

гэрч Т.М “...би Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэсгийн байцаагчийн ажил хийдэг бөгөөд “2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б нь нөхөртөө алгадуулсан” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд шалгалтын ажиллагаагаар У.Н нь алгадсан болох нь тогтоогдож, У.Н Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэсэн... 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний бие өөрийн 96439595 дугаарын утаснаас У.Нийн утас руу залгасан шалтгаан гэвэл дээрх гомдол, мэдээллийн дагуу У.Н мэдүүлэг авах шаардлагатай байгаа талаар мэдэгдэх гэж  3 удаа залгасан боловч утсаа аваагүй... Б нь тухайн гомдлыг шалгах явцад өөрийн сайн дурын үндсэн дээр У.Нид зодуулсны улмаас өөрт учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоос татгалзаж, шүүх эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд Бын биед ноцтой гэмтэл бэртэл учраагүй байсан...” /1хх 52/,

гэрч Ч.Э"... би “Дэвжих” нэртэй СӨХ-д 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл лифтчинээр ажиллаж байгаа. ... У.Н, Б хоёр 27 дугаар байрны жижүүрээр ажиллаж эхэлсэн цагаасаа тухайн байрныхаа жижүүрийн 00 тоотод хоёулхнаа амьдардаг байсан. У.Н, Б хоёр нь анх ажилд орсон өдрөөсөө 2-3 хоногийн дараагаас эхлэн байнгын архи үнэртүүлчихсэн байдалтай явж байдаг байсан бөгөөд хааяадаа нөхөр У.Н нь эхнэр Быгаа зодож цохиод байдаг шиг байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй ч нэг өдөр Бтай тааралдахад нүд нь хөхөрсөн байдалтай явж байхаар нь яасан тухай асуутал ширээний буланд цохичихсон гэсэн... 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бид нар байрны дээврийг 19 цагийн үед цэвэрлэж дуусаад би гэртээ  хариад, У.Н, Б хоёр өөрсдийнхөө амьдардаг байр руу явцгаасан. Тухайн үед тэр хоёр эрүүл байсан. ...04 дүгээр сарын 08-ны өдөр тэр хоёр надтай огт тааралдаагүй. 04 дүгээр сарын 09-ний өглөө намайг гэртээ байж байхад У.Н манай гэрт орж ирээд “түргэн дуудаад өгөөч, манай хүний бие нэг л сонин болчихлоо, та очоод хараад өгөөч” гэхээр нь У.Нтой хамт тэдний амьдардаг 27 дугаар байрны 00 тоот руу ороход Б орон дээрээ дээшээ хараад хэвтчихсэн, царай нь хөх туяа татчихсан байхаар нь СӨХ-ны дарга Р руу утсаар залгаж “Б гэртээ царай зүс нь сонин болчихсон байдалтай хэвтэж байна” гэхэд намайг “түргэн тусламж дуудаж өг” гэсэн. Тэгээд би түргэн тусламж дуудаж өгчхөөд гэр лүүгээ яваад өгсөн... тухайн үед гэр рүү нь ороход талийгаач Б орон дээрээ дээш хараад хэвтсэн байдалтай, эрүүнийх нь доод хэсэгт хөхөрсөн, нүд нь бас хөхөрсөн байсан, аль хэсэгт хөхөрсөн байсныг одоо сайн санахгүй байна... дээвэр цэвэрлэсэн 04 дүгээр сарын 07-ны өдөр Б-ын нэг нүд нь хөхөрсөн байсан, яагаад тийм болсон талаар ямар нэг юм хэлээгүй. У.Н надад хэлэхдээ “2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө гэртээ ирэхэд талийгаач гэрээ дотроос нь түгжчихсэн байхаар нь хаалгаа эвдээд ортол газар хэвтэж байсан” гэж хэлснээс өөр юм хэлээгүй. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр над руу 2 удаа залгахдаа “мөнгө байвал зээлээч, мөнгөний хэрэг байна” гэх зэрэг зүйл ярьсан. 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 47 минутын үед залгаж мөн л “мөнгө байна уу” гэхээр нь би “мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд залгасныхаа дараа удалгүй манай гэрт орж ирээд “манай хүний бие нэг л эвгүй болчихлоо, хамт ороод хараад өгөөч” гэсэн...” /1хх 54-55/,

гэрч Э.Г “...У.Н архи уусан үедээ гэр бүлдээ агсам согтуу тавиад байдаг байдал ажиглагдсан. Миний санаж байгаагаар У.Н 2023 оны хавьцаа анхны эхнэр, хүүхдүүдээсээ салаад өөр хүнтэй сууж, түүнтэйгээ хамт амьдрах болсон. Би У.Нийг сүүлд суусан эхнэртэйгээ хамт архи уугаад, цугтаа согтуу явж байхыг хэд хэдэн удаа харж байсан. ...У.Н 04 дүгээр сарын 07-ны орой над руу залгаад “Ахуй үйлчилгээний ордны хойд талд байрлах гэрээсээ ирж аваад Зайсан дахь хуучин эхнэрийнхээ гэрт очих гэсэн юм, таксинд явах уу” гэхээр нь би “чадахгүй” гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үед хоолойных нь өнгө архи уучихсан бололтой байсан...” /1хх 57/,

гэрч И.Д “...У.Н бид хоёр одоогоос 20 гаран жилийн өмнө найзуудаараа дамжуулан танилцаж байсан бөгөөд тэрнээс хойш найз нөхдийн харилцаа хамааралтай байх болсон. У.Н-ийн албан ёсны эхнэрийг нь Галаа гэдэг бөгөөд тэр хоёр дундаасаа 4 хүүхэдтэй, гэр нь манай гэрийн урдхан талд байдаг юм. У.Н байнга архи уудаг, архи уухаараа агсам согтуу тавьдаг, согтохоороо их догшин зан ааштай болж хажууд нь хүн тэсэхийн аргагүй байдал үүсгэдэг тийм зан ааштай хүн байгаа юм Миний мэдэхээр У.Н одоогоос 2-3 жилийн өмнө архины эмчилгээнд явж ирээд эхнэр Галаагаасаа салаад, архи уудаг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. 04 дүгээр сарын 07-ны өдөр У.Н над руу залгаад өөрийнхөө хамтран амьдрагч Отгоогийнхоо хувьцааны мөнгө ороод, тэр өнгөөрөө Отгоотойгоо хамт архи ууж байна...гэж ярьж байгаад тасалсан. 04 дүгээр сарын 09-ний өглөө У.Н над руу залгаад өөрийгөө “гэртээ ороод иртэл амтран амьдрагч Отгоо газар ухаан алдсан бололтой хэвтэж байна, түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй байна, одоохондоо орон дээр хэвтүүлчихсэн, амьсгаатай хэвтэж байна” гэж хэлсэн. 04 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр О хамт архи ууж байна” гэж байсан, ер нь өөр хүн амьтантай архи уугаад байдаггүй байнга эхнэр Оуудаг, би хэрхэн яаж мэдэж байна вэ гэхээр У.Н согтох болгондоо над руу залгаж ярьдаг...” /1хх 59/,

гэрч Ж.Б “...У.Н манай гэрийн ойролцоох хашаанд амьдардаг байсан. У.Н тухайн үед эхнэр Галбаяр болон 4 хүүхдийнхээ хамтаар амьдардаг байж байгаад Галбаяраас салаад, өөр эмэгтэй хүнтэй гэр бүл болсон гэж сонсож байсан. У.Нтой би хамгийн сүүлд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр уулзсан. Тухайн өдөр манай нөхөр Гантулга бид хоёр У.Нийн хүү Лхагвааг ажилд оруулж өгнө гэж ярилцсан байсан болохоор гэрт нь очиход У.Н хуучин эхнэр Галаа болон хүүхдүүдийнхээ гэрт нь ирсэн байсан. Тэгээд манай нөхөр Гантулга бид хоёр У.Нийн хүү Л-г дагуулаад гадуур ажил хөөцөлдөхөөр явах гэхэд “би хамт явъя” гээд бид нартай хамт гадуур явсан. Бид нар таксигаар ажлаа хөөцөлдөж явж байгаад 17- 18 цагийн үед У.Н нэг хүнтэй утсаар яриад тасалснаа “манай авгай бие нь тааруухан байх шиг байна. Би явлаа шүү” гээд нэлээн яарч сандарсан байдалтай Зайсангийн Оргил худалдааны төвийн гадна буугаад бид нар цааш явсан. ...У.Н байнга шахуу архи уудаг, архи уусан үедээ их агсам, тавтиргүй зантай...” /1хх 61/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай цогцост хийсэн “...Талийгаач Л.Б цогцост тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /65.0 гр/, зулай, духны хуйх, хүзүү, цээж, баруун өвдөг, өлмий, зүүн дээд зовхи, гуя, өвдөгт цус хуралт, баруун чамархай, зовхи, тохой, сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Ходоодны архаг үрэвсэл өвчтэй байжээ. Талийгаачийн цогцост хийсэн 2024.04.09-ний өдрийн 15 цаг 10 минутын анхны гадна үзлэгээр нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байжээ. Цус, цөс, шээсэнд спиртийн агууламж илрээгүй. Шээсэнд мансууруулах олон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” /1хх 84-95/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1439 дугаартай мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 101-104/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын криминалистикийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1440 дугаартай мөр судлалын дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 118-121/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2308 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 124-126/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 446 дугаартай “...У.Н нь 2024.04.06-ны өдрөөс 07-ны өдөрт шилжих шөнө хамтран амьдрагч Л.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар биед нь халдан гэмтэл учруулах үед болон 2024.04.08-ны өдрөөс 2024.04.09-ний өдрүүдэд өөрийн хийж буй үйлдлийн бодит шинж чанарыг ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. У.Н нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Н нь цаашид болсон асуудлын талаар зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх 134-136/ гэсэн дүгнэлтүүд,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 9-13/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 14-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 22/, У.Н эзэмшлийн 80870421 дугаарын орсон, гарсан ярианы лавлагааны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 65-71/, У.Н биед үзлэг хийсэн “...биед үзлэг хийхэд баруун гарын алга, сарвууны ар хэсэг хөхөрч хавдсан, зүүн гарын шууны ар хэсэг буюу тохой орчмын дотор хэсгээр хөхөрч хавдсан, баруун далны дээд хэсгээр хуучин тав тогтсон урагдалтай, зүүн өвдөг, шилбэний хэсгээр хуучин тав тогтсон урагдалтай өөр биед гэмтэлгүй...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 76-80/, Л.Б-ын өмсөж байсан гэх хувцаст үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 81-82/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч У.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний амьд явах эрхэд халдсан хууль бус үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргээс шалтгаалж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр тусгайлан хуульчилсан.

Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” хэмээн “хүнийг алах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хүндрүүлэн хуульчилсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг дээрх шинжээр зөрчсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ердийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагаас их хэмжээний ял оногдуулах үндэслэл болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан ба шүүгдэгч У.Н, амь хохирогч Л.Б-тай гэр бүлийн харилцаатай хамтран амьдарч байсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б “...Манай ээж одоогоос жил гаруйн өмнөөс У.Н гэх хүнтэй хамт амьдарч байсан. ...”, гэрч О.Г-н “...У.Н Б гэх хүүхэнтэй харилцаа үүсгээд 2 жил болсон...”, гэрч Ш.Р “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б, нөхөр У.Н гэх хоёр хүн “хөдөөнөөс ирсэн, хөдөө мал үхээд, ажил хайж явна” гэж ирж уулзсан. ...”, гэрч Ч.Э "... У.Н, Б хоёр 27 дугаар байрны жижүүрээр ажиллаж эхэлсэн цагаасаа тухайн байрныхаа жижүүрийн 00 тоотод хоёулхнаа амьдардаг байсан. ...”, гэрч Э.Г “...Миний санаж байгаагаар У.Н 2023 оны хавьцаа анхны эхнэр, хүүхдүүдээсээ салаад өөр хүнтэй сууж, түүнтэйгээ хамт амьдрах болсон. Би У.Нийг сүүлд суусан эхнэртэйгээ хамт архи уугаад, цугтаа согтуу явж байхыг хэд хэдэн удаа харж байсан. ...”, гэрч И.Д “...Миний мэдэхээр У.Н одоогоос 2-3 жилийн өмнө архины эмчилгээнд явж ирээд эхнэр Галаагаасаа салаад, архи уудаг эмэгтэйтэй хамтран амьдрах болсон. У.Н надад хэлэхдээ тэр эмэгтэйнхээ нэрийг Отгоо гэдэг гэж байсан. ...”, гэрч Ж.Б “...У.Н тухайн үед эхнэр Галбаяраас салаад, өөр эмэгтэй хүнтэй гэр бүл болсон гэж сонсож байсан. У.Н салсан эхнэр, хүүхдүүд одоог хүртэл Хан-Уул дүүргийн .. дүгээр хороондоо амьдардаг...” гэсэн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдож байна.

Иймээс шүүгдэгч У.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч У.Нийг “хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар 15 /арван тав/ жилийн хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тус тус тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Н болон түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нараас “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол нь хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэх ижил агуулгатай байх тул тэдгээрийн гаргасан давж заалдах гомдлыг нэгтгэн хууль зүйн дүгнэлт өглөө.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1460 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “... Л.Б цогцост тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа /65.0 гр/, зулай, духны хуйх, хүзүү, цээж, баруун өвдөг, өлмий, зүүн дээд зовхи, гуя, өвдөгт цус хуралт, баруун чамархай, зовхи, тохой, сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэж тусгагдсан байна.

Хэдийгээр анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо “...Талийгаачид учирсан гэмтлүүдийг нийтэд нь олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархины битүү гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Энэ гэмтэл нь амь хохирогч унах, оочих, юм мөргөх үед өөртөө учруулах боломжтой. ...Уг гэмтлийг аваад нас барах хүртлээ идэвхтэй үйлдэл хийх боломжтой. ...” гэж мэдүүлсэн боловч энэ нь амь хохирогчийн нас барсан явдал болон шүүгдэгчийн үйлдлийн шалтгаант холбоог үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, шинжээч шүүх хуралдаанд оролцохдоо амь хохирогчид учирсан хохирол, хор уршиг, түүний нас барсан шалгаан нөхцөл, хохирол учрах боломжит хүчин зүйлсийн талаар мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримт зэргийг няцаан үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн шинжээч нь хохирогчид хэн хохирол учруулсан болохыг мэдэх боломжгүй бөгөөд гагцхүү учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тусгай мэдлэгийн хүрээнд тогтоодог болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/**** дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Н болон түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч У.Н 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Н болон түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч У.Н-ийн цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                                              ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ