| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2305040**** |
| Дугаар | 2025/ДШМ/147 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/147
2025 01 28 2025/ДШМ/147
Т.Б, Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Энэрэл,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн *** дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурор Г.Энэрэлийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлээр Т.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2305040**** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Б, 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ..... дүүргийн ... дүгээр хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../,
Т.Б, 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, татварын байцаагч мэргэжилтэй, авто худалдааны төвд лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ............. дүүргийн ... дүгээр хороо, ........... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................/;
Шүүгдэгч Б.Б, Т.Б нар нь бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вайб” шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглан А.Я маргалдаж, нүүрэн тус газарт нь цохих, үстэх зэргээр халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б, Т.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Т.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Б.Б, Т.Б нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нар нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдэнд тайлбарлаж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Я нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч А.Я нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.Б, Т.Б нараас тус бүр 84,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Энэрэлийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Т.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэн, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, прокуророос шүүгдэгч Б.Б, Т.Б нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэн дээрх зүйл, хэсгээр тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүхээс тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бусадтай “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасныг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэсэн өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд бичсэн асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Т.Б, Б.Б нар нь бүлэглэж, 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вайб” шөнийн цэнгээний газарт үл ялих зүйлээр шалтаглан А.Я-тай маргалдаж, нүүрэн тус газарт нь цохих, үстэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч А.Я “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн үед С, Н нарын хамт бүжиглэж байсан чинь араас үл таних эмэгтэй үсдсэн. Гайхаад эргээд хараад адилхан үсдэлцсэн. Хамгаалагч нар ирж салгаад бид гурав гараад явсан. Тэгсэн Н цүнхээ орхичихсон байна гээд буцаад баар луу орсон. Гарч ирэхгүй болохоор нь араас нь очих үед Н-ийг тухайн эмэгтэйчүүд доороо оруулчихсан үсдээд байж байсан. ...” /хх 17/,
гэрч Н.Н “...Манай найз Янжмааг үл таних эмэгтэй юу ч хэлэхгүй шууд үсдээд байсан. Тэгэхээр нь би болиулах гээд очсон чинь намайг бас үсдэхээр нь би болиулах гээд байна гэсэн чинь аан за гээд тавьсан. ...” /хх 54/,
гэрч Ё.Э “...Бааранд Д, Э, Б, Б хоёрыг үл таних эмэгтэйчүүд үсдсэн, бас баарны хамгаалагч нар салгаад зогсож байсан. Тэгээд болиод байж байсан чинь нөгөө эмэгтэй Б-г үсдээд дөрөв хөллүүлчихсэн чирчихсэн байсан. Хамгаалагч нар нь салгаад тухайн охидыг баарнаас гаргасан. ...” /хх 56/,
гэрч Ё.Э “...Би эргээд харсан чинь Б, Б хоёрыг үл таних эмэгтэйчүүд үсдсэн, хараагаад бас баарны хамгаалагч нар салгаад зогсож байсан. Тэгээд болиод байж байсан чинь нөгөө эмэгтэй Б-г үсдээд дөрөв хөллүүлчихсэн чирчихсэн байсан. Тэгсэн хамгаалагч нар нь салгаад гарч явахад дахин Б үсдээд доороо оруулчихсан. Тэгэхэд хамгаалагч нар хажууд байсан болохоор бас салгасан. ...” / хх 58/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14217 дугаартай шинжээчийн “..А.Ягийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 24/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Т.Б, Б.Б нар нь гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Б, Б.Б нарын бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Б, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Т.Б нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасныг журамласан нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж заасан ба прокуророос шүүгдэгч Т.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилсэн байхад анхан шатны шүүхээс бүлэглэн гүйцэтгэх ерөнхий ангийн зохих зүйл, заалтыг журамласан хууль хэрэглээний алдааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөж шийдвэрлэв.
Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дээр дурдсан өөрчлөлтийг оруулж, прокурор Г.Энэрэлийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтад “Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг,
“Шүүгдэгч Б.Б, Т.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ