Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/ма2020/01350

 

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2020/01350

 

А- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Австрали улсын хуулийн этгээд болох А- компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-ад холбогдох

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдриийн хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайханбат, хариуцагч Б.Б-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Австрали Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд охин компани АЙ- ХХК-ийг 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлж, 5646677 дугаартай гэрчилгээ авсан. Үйл ажиллагаагаа явуулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 50 000 ширхэг хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй, 6043623 регистрийн дугаартай АӨТ ХХК-д шилжүүлсэн бөгөөд уг хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Б- 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчлэхдээ нотариатын тэмдэглэл хийгээгүй, орчуулагч оролцуулаагүйгээс манай компанийн эрх ашиг хөндөгдсөн.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнд Өмгөөллийн И Эл Си ХХН-ийг оролцуулж баталгаажуулахаар эрх шилжүүлэгч болон шилжүүлэн хүлээн авагч талуудын хувьцаа эзэмшигчид шийдвэрлэсэн байхад нотариатч энэхүү нөхцөл байдлыг надад ойлгуулаагүй.

АЙ- и ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, АӨТ ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах, нотариатын үйлдэлд оролцох итгэмжлэлийг өмгөөллийн И Эл Си ХХН-д олгосон байхад нотариатын үйлдэлд оролцуулалгүй тус гэрээнүүдийг гэрчилсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 62.4-т заасан шаардлага зөрчигдсөн. Улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа болон эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэлд тусгай тэмдэглэл хөтлөөгүй, гэрээний хүчин төгөлдөр болох шаардлагад өмгөөллийн хуулийн этгээд гарын үсэг зурах, баталгаажуулах явдал нөлөөлөх болон гэрээний үр дагаврыг ойлгуулаагүй, толгой болон охин компанийн аль нь хувьцааг шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байхад нотариатын үйлдэл хийсэн. Иймд нотариатчын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Майкл Жон Маллей нь өөрийн эх хэл дээр бичигдсэн, шүүхэд төлөөлөх эрх бүхий өмгөөлөгч, хуульчдын нөхөрлөл болох Өмгөөллийн И Эл Си ХХН-өөр хийлгүүлж, нөхөрлөлийн гишүүн болох шүүх, хуулийн байгууллагад болон хууль зүйн бичиг баримтыг орчуулах албан ёсны эрхтэй Б.Баяр монгол хэлэнд орчуулж орчуулгын тамга дарсан гэрээнд гарын үсгээ зурсан. Тэдний нөхөрлөлийн аль нэг англи хэлтэй хуульч дагуулж ирсэн. Гэрээг гэрчлүүлэхээр ирэхдээ өөрсдөө үйлчлүүлэгчээ дагуулж хамтдаа нотариат дээр ирж үйлчлүүлдэг. Энэ тохиолдолд би гэрээний талууд өөрийн биеэр ирж гарын үсэг зурсныг л гэрчилсэн тул тэмдэглэл хөтлөх шаардлагагүй гэж үзсэн. Тэмдэглэл үйлдээгүй нь нотариатын үйлдлийг бүхэлд нь хүчингүйд тооцуулах үндэслэл болохгүй. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болохоос өмгөөллийн хуулийн этгээд гарын үсэг зурах, баталгаажуулах явдал хүчин төгөлдөр болох шаардлагад нөлөөлөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч А- ХХК-тай байгуулсан хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр АЙ- ХХК-ийн 50 хувийн хувьцааны эзэмшигч болж, холбогдох гэрээг хуульд заасан журмын дагуу нотариатаар батлуулж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Маргаан бүхий гэрээнүүд болох 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хувьцаа бэлэглэх гэрээ болон эрх шилжүүлэх гэрээнүүд нь нэхэмжлэгч А- ХХК гүйцэтгэх захирал Майкл Жон О Маллейгийн эх хэл буюу англи хэл дээр үйлдэгдэж, монгол хэлэнд орчуулагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Майкл Жон О Маллей талуудын хооронд байгуулсан гэрээг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулсан бөгөөд гэрээний заалтууд, түүнийг үр дагаврыг эх хэл дээрээ бүрэн ойлгож байгуулсан.

Дээр дурдсан талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнүүдийн зохицуулалтаас үзвэл гэрээний зүйл, түүний тодорхойлолт, гэрээ байгуулснаас талуудад үүсэх үр дагаврыг нэхэмжлэгч бүрэн хүлээн зөвшөөрч зурсан байх бөгөөд монгол, англи хувилбарын хооронд зөрүү гарвал англи хувилбарыг баримтлахаар тохиролцсоноос үзвэл нэхэмжлэгчийн гэрээний үр дагаварыг ойлгуулаагүй, толгой болон охин компанийн аль нь хувьцааг шилжүүлээд байгаа нь тодорхойгүй байхад нотариатын үйлдэл хийсэн гэх шаардлага нь үндэслэлгүй.

2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээний 3.4-т зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээ, гэрээг хуульд заасан журмын дагуу нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх бүхий л үйл ажиллагааг нэхэмжлэгч Майкл Жон О Маллейд үүрэг болгож, уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бүртгэлийн бүхий л ажиллагаа хийгдсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус тооцуулах, хувьцаа буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 02483 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч уг шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 373 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэнд манай компанийн зүгээс Монгол Улсын дээд шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргаж, шүүх хуралдаан товлогдоогүй байна.

Мөн нэхэмжлэгч нь дээр дурдсанчлан бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн хүсэлтээр хувьцаа шилжүүлэх ажиллагааг Улсын бүртгэлд бүртгүүлсэн атлаа улсын бүртгэл хүчингүй болгох гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус гаргасан боловч эрх бүхий байгууллагаас тухай бүр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Манай компанийн зүгээс ч нэхэмжлэгч Майкл Жон О Маллейгийн хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан цагдаагийн байгууллага, татварын алба болон бусад холбогдох байгууллагад гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг, зөрчлийн хэрэг нээгдэж ажиллагааны шатандаа явагдаж байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А- ХХК-ийн хариуцагч Б.Б-ад холбогдуулан гаргасан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хувьцаа бэлэглэх гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ зэргийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой атал нэхэмжлэлд үндэслээгүй Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг үндэслэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нотариатын тухай хуулийн 32.1, 34.1, 27.1 зэрэг нэхэмжпэлийн үндэслэл болсон хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглэж хэргийг хянаагүй. Нэхэмжпэгч тал нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах шаардпага болсон үндэслэл, зөрчигдсөн эрх ашгийг зөв тодруулаагүй. Өөрөөр хэлбэл хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг үйлчлүүлэгч тал гэрчлүүлэх гэсэн үү үгүй бол зөвхөн баримт бичгийн хуулбар үнэн гэсэн тамга даруулах гэсэн үү тодруулаагүй. Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэгч зөвхөн гэрчлэгдсэн эх хувь гэрээг хүлээн авч бүртгэлээ хийдэг журамтай. Үйлчлүүлэгч тал зардал мөнгөө гарган хуулийн фирм хөлсөлж хувьцаа бэлэглэх, шилжүүлэх гэрээнд гарын үсэг зуруулж нотариатын үйлдэлд хамт оролцуулахаар шийдвэрлэсэн байхад орчуулагч оролцуулах шаардлага байхгүй байсан, гэрээнүүдийг хуулийн фирм боловсруулж нэгэнт хийсэн байхад гэрээний үр дагаврыг үйлчлүүлэгч талд тайлбарлах, ойлгуулах шаардлага үүсээгүй гэж анхан шатны шүүх нэг талыг барьсан дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А- компани нь хариуцагч Б.Б-ад холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ зэргийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 31/

Хариуцагч Б.Б- нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Майкл Жон О Маллей, Г.Батбаатар нарын гэрчлүүлэхээр авч ирсэн хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ, Ай Эс Жи Ай Өү Ти ХХК-ийн гэрээ, дүрэм зэргийг гэрчлэх үйлдлийг хийсэн болох нь нотариатын бүртгэлийн дэвтрээр тогтоогдсон. /хх33/

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А- компани болон АӨТ ХХК нарын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ нь англи, монгол хэл дээр байгуулагдсан, гэрээг байгуулахад өмгөөллийн И Эл Си ХХН оролцсон, эрх бүхий этгээдүүдийн зохих шийдвэр, тогтоолууд гарсан, гэрээний үр дагавар болох компанийн дүрэм, гэрээг байгуулсан, гэрээг гэрчлүүлэх эрх бүхий этгээдүүд нотариатад биечлэн ирсэн зэргийг үндэслэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан гэрээ, хэлцэл хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэдгийг тогтоож, нотариатын үйлдлийг хийсэн нь хуульд нийцжээ.

Хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээ аж ахуй эрхэлдэг байгууллагуудын хооронд хийгдсэн бөгөөд хувьцааг бусдад шилжүүлснээс үүсэх үр дагаврыг сайн мэдэх компанийн хувьцаа эзэмшигч нарын шийдвэрээр, компанийн удирдах албан тушаалтнууд, өмгөөллийн нөхөрлөлийн хууль зүйн туслалцаатайгаар, өөрсдийн мэдэх хэл /англи, монгол/ дээр гэрээнүүдийг байгуулсан тул гэрээний үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй.

Нотариатч Б.Б-ыг англи, монгол хэл дээр байгуулагдсан хувьцаа бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ орчуулагч оролцуулаагүйгээс Австрали улсын А- компанийн гүйцэтгэх захирал Майкл Жон О Маллейг гэрээнийхээ үр дагаврыг ойлгоогүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Нотариатын үйлдэл хийхэд орчуулагч оролцоогүй тул нотариатын тэмдэглэл бичих шаардлага үүсээгүй байна. Иймд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг нягтлан шалгахдаа нотариатч нь орчуулагч оролцуулахтай холбоотой зөрчил гаргаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2020/01148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД