Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 000232

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.Н

Шүүгдэгч Н.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бид холбогдох эрүүгийн 1825002170197 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Орхон нүнжиг ХХК-д туслах ажилтан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн  хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Хуучин тосгоны 6-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овгийн Н-ийн Б.

 

Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Н-ийг 2011 оноос 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгоны 6-15 тоот гэртээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруу дээрээ маргаангүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

-Хохирогч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Надад ярих зүйл байхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

 -Хохирогч Б.Нийн: Н.Бтой 2011 онд нэг гэрт орж амьдарч эхэлсэн. Бтой танилцах үедээ 3 настай охинтой байсан. Анх намайг 2011 оны 11 сарын 24-ний өдөр гэртээ байж байхад Б гаднаас согтуу орж ирээд гэрт байсан тоос сорогчийг авч явж зарж архи ууна гэхээр нь хориглосон чинь боорцог хайрч байсан халуун тостой тогоог над руу өшиглөөд миний зүүн гар хөл, нүүрний зүүн талд түлэгдсэн. 2018 оны 01 сарын 25-ны өдөр нөхөр Б цалингаа миний дансанд хийсэн байсан ба авч архи ууна гэхээр нь яах гэсэн юм бэ? амьдралаа бод гэсэн чинь чи миний мөнгөөр яах гээд байгаа юм бэ? гээд хэрүүл хийгээд байхаар нь айгаад ор байшингийн хана хоёрын хооронд ороод суучихсан чинь миний дээрээс хөлөөрөө дэвсээд өшиглөж зодсон. Миний баруун талын хөл гар хөхөрсөн, дух хавдсан байсан. 2018 оны 02 сарын 01-ний өдөр Б архи уугаад гэртээ ирсэн. Тэгэхээр нь би айгаад 2 хүүхдээ дагуулаад эгчийндээ очсон. 2018 оны 03 сарын 16-ны өдөр Б утсаар яриад 2 хүүхдээ дагуулаад хүрээд ирээч хамт байя гээд гуйгаад байхаар нь маргааш нь 2 хүүхдээ аав дээрээ байж байгаарай гээд ажилтай явж байгаад орой 2 хүүхдээ авах гээд очсон чинь согтуу байсан ба намайг хашаа руу орсон чинь урдаас ирээд үгийн зөрүүгүй үсдэж аваад зүүн хөлийн гуя, давсаг орчим өшиглөсөн. Толгой руу 2 удаа цохиод чамайг ална, 2 хүүхдээ аваад яв гээд хүүхдүүдээ газар түлхээд чирээд байсан. Тэгж байгаад хүү М-ын толгой руу өшиглөсөн. Намайг зодож бэртэл гэмтэл учруулж байсан 4 тохиолдолыг нь санаж байна гэсэн мэдүүлэг /хх 16-17, 64-65 ху/

 

-Гэрч Б.Н-ийн: Н.Б, Б.Н нар 2011 онд гэр бүл болон хамт нэг гэртээ амьдарч эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Н над руу утсаар яриад та манайд хүрээд ирээч бид 3 гэрээсээ хөөгдөөд гэрийнхээ гадаа байна гэсэн. Н ярихдаа Б архи уугаад ална гээд дарамтлаад гэр орноосоо хөөж туугаад хэцүү байна гэсэн. Тэгэхээр нь хүүхдүүдийнх нь хамт гэртээ аваад очсон. Түүнээс хойш хэд хоногийн дараа Б өөрөө Н рүү утсаар яриад эргээд учраа олъё гээд байх шиг байсан. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н 2 хүүхдээ аав дээрээ очоорой гэж хэлээд явсан. 2 хүүхэд нь аав руугаа дургүй явсан. Гэтэл орой 17 цагийн үед охин нь над руу утсаар яриад аав согтуу, ээжийг зодоод, дүү бид хоёрыг хөөгөөд дүүгийн толгой руу өшиглөсөн гээд уйлаад байхаар нь яваад очсон чинь Н 2 хүүхэдтэйгээ зам дээр зогсож байсан. Очоод юу болсон талаар асуухад Б намайг зүгээр байхад хэл үгээр доромжилж, зодсон, 2 хүүхдээ хөөж туугаад хүү М-ын толгой руу өшиглөсөн гэж хэлсэн. Миний мэдэж байгаагаар 2011 онд миний дүүгийн нүүрний зүүн хэсэг, зүүн гар, зүүн хөл нь түлэгдсэн байсан. Өөрийгөө түлсэн гэж хэлсэн. Гэтэл тэр нь худлаа байсан юм билээ. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний дүү надад ярихдаа Б тостой тогоо над руу өшиглөөд намайг түлсэн гэж хэлсэн. Үүнээс гадна 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдөр мөн нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Ер нь Б гэрийнхээ эд зүйлийг зарж мөнгө олоод архи уух гээд үүнээс болж хоорондоо маргаан хийж миний дүүг зоддог юм шиг байна лээ. Дүү Н гомдол гаргаад ярж байгаа нь энэ болохоос архи уусан үедээ ер нь хэлэх хэлэхгүй үгээр хэлж, зоддог гэж байна лээ. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Н нөхөртөө зодуулаад хөл гар нь хөхөрч цус хурсан байсан. Урьд нь хүү М-ынхаа толгойг хагалж байсан гэдгийг энэ хэргийн дараа мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 21-22 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч О.Н-ийн: Дүү бид 2 хагас бүтэн сайн өдрөөр аав дээр очсон. Ээж орой бид хоёрыг авах гээд очсон чинь аав сонин, сонин юм яриад байсан. Аав ээжийг цохисон. Миний дүү ээжийн урд зогсож байсан чинь аав, ээжийг цохих гэж байгаад дүүгийн толгой руу өшиглөсөн. Би айгаад хажуу талынхаа дэлгүүр рүү дүүгээ дагуулаад орсон. Дэлгүүрт байсан эгчийг цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Тэр үед аав дүү бид хоёрын араас орж ирээд дүүгийн өмссөн хувцасны захнаас боогоод байсан. Ээж ааваас айгаад урагшаа гүйгээд явсан. Би айгаад ээжийн эгч Нандинцэцэг рүү утсаар залгаад эгээ, аав ээжийг зодоод байна гэж хэлсэн. Дүү бид 2 ээжийн араас явсан чинь ээж бид хоёрыг аваад нуугдсан. Аав дүү М-ын толгой руу өшиглөсөн. Дүүгийн шанаа шалбарсан байсан. Ээжийн гуч руу өшиглөсөн нь хөхөрсөн. Аав ээжийн нүүр ам руу цохиж, гуя руу нь өшиглөсөн нь хөхөрсөн. Ээжийг зодохоор дүү бид 2 айгаад байшингийн ард нуугддаг. Аав урд нь ээжийн нүүр рүү нь алгадаж, гуя руу нь цохиж, гараа атгаж байгаад нүүр ам руу нь цохиж зоддог байсан. Аав ээжийг олон удаа зодож байсан, би он сарыг нь санахгүй байна гэсэн мэдүүлэг /хх 23 ху/

 

-Гэрч Н.П-ийн: Б миний доод талын дүү маань байгаа юм. Энэ хүний холбогдоод байгаа хэргийн тухайд архинаас болж ийм байгаа байх. 2018 оны 02 сард байна уу, 03 сард байна уу Б.Нийн эгч над руу утсаар яриад Б гэртээ эхнэр хүүхэддээ агсам тавиад цохиж, зодсон байна. Өгдөг газар нь өглөө шүү гэхээр нь би тэг дээ л гэж хэлсэн. Н над руу өөрөө зодууллаа гэж ярьж байгаагүй, Б архи уугаад ирэхээрээ гэртээ бөөн хэрүүл болдог гэж  манай аав л ярьдаг юм. Бийг архи уучихаад гэрийнхээ эд зүйлийг зараад байна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 264 дугаартай шинжээчийн...Б.Нийн биед тархи доргилт, гуянд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 32 ху/,

 

-Н.Бийг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-41,42 ху/

 

- Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 50-54 ху/

 

-Аюулын зэргийн үнэлгээний баримт /хх55 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Н.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Нийг 2011 оноос 2018 оны 03 дугаар сараас 17-ны өдрийн хооронд байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин тосгоны 6-15 тоот гэртээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нийн Толгой руу 2 удаа цохиод чамайг ална, 2 хүүхдээ аваад яв гээд хүүхдүүдээ газар түлхээд чирээд байсан. Тэгж байгаад хүү М-ын толгой руу өшиглөсөн. Намайг зодож бэртэл гэмтэл учруулж байсан 4 тохиолдолыг нь санаж байна гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н-ийн: 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр миний дүү надад ярихдаа Б тостой тогоо над руу өшиглөөд намайг түлсэн гэж хэлсэн. Үүнээс гадна 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 25-ны өдөр мөн нөхөртөө зодуулсан гэж хэлсэн.  Урьд нь хүү М-ынхаа толгойг хагалж байсан гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Н-ийн...Миний дүү ээжийн урд зогсож байсан чинь аав, ээжийг цохих гэж байгаад дүүгийн толгой руу өшиглөсөн. Аав урд нь ээжийн нүүр рүү нь алгадаж, гуя руу нь цохиж, гараа атгаж байгаад нүүр ам руу нь цохиж зоддог байсан. Аав ээжийг олон удаа зодож байсан гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Нийн биед тархи доргилт, гуянд цус хуралт зэрэг гэмтэл үүсснийг тогтоосон 264 дугаартай шинжээчийн дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 50-54 ху/, Аюулын зэргийн үнэлгээний баримт /хх55 ху/ ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Н.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг  байнга зодож,  харгис хэрцгий харьцаж, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар Н.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг дээрх хугацаанд хохирогч Б.Нийг зодохгүй, зүй бусаар харьцахгүй байх, үүрэг хүлээлгэж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтанд хамруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалт зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.