Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 000248

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Ч.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 1825003790261 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Даваат баг, Зураагийн 13-03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Ч-ийн М.

 

Шүүгдэгч Ч.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн тоотод эхнэр Х.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдьсан зүйл бүгд үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Хохирогч Х.Ц-гийн...Би нөхөр болох М-тай 1998 оноос хойш гэр бүл болж амьдрах болсон. Бид дундаасаа 2 хүүхэдтэй. Манайх Орхон аймагт Баянхонгороос 2004 онд шилжин ирсэн юм. Манай нөхөр бид хоёр хааяа нэг гэр бүлийн асуудлаас болж маргадаг. 2018 оны 02 сард нөхөртэйгөө маргалдаад 4 сар орчим бид тусдаа байр хөлсөлж амьдарч байгаад 05 сарын 27-ны үед би гэртээ очсон. Ингээд 2018 оны 05 сарын 29-ний өдөр манай нөхөр М ажлаар Улаанбаатар хот яваад 05 сарын 30-ны 21 цагийн үед Эрдэнэтэд ирсэн. Би тухайн үед манай ажлын газрын эгч ээлжийн амралтаа аваад амралтыг нь тэмдэглээд манай ажлынхан тавуулаа 2 дугаар микрт байдаг пабд хоол идээд хүний 2 шил пиво уусан. Гэтэл манай нөхөр хотоос ирээд над руу залгасан байсан. Би утсаа сонсоогүй, сууж байгаад утсаа хартал нөхөр залгаж байхаар нь аваад байгаа газраа хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөхөр ирээд явъя гэхээр нь би цуг гараад түрүүлээд такси бариад гэртээ иртэл нөхөр гэртээ ирчихсэн байсан ба надтай хэрүүл хийж эхэлсэн. Ингээд нөхөр намайг яв гэхээр нь өмнөөс нь маргалдсан ба намайг яв зайл гэж хөөгөөд байхаар нь хашаанаас гараад явж байтал араас ирээд миний хөл рүү 2 удаа чулуу шидээд чулуунд нь би оногдсон. М эргээд гэр рүүгээ орохоор нь надад очих айл байхгүй тул гадаа байсан хөнжлөө олоод хашаан дотроо унтаад өгсөн. Нэг жилийн өмнө намайг манай нөхөр цохиж миний нүд хавдаж байсан. Гэхдээ манай нөхөр өмнө нь намайг бэртээж эмнэлгийн байгууллагад хандах хүртэл зодож байгаагүй. Ганц нэг алгаддаг байсан. Би өмнө нь гэр бүлийн маргааны асуудлаар цагдаад хандаж байгаагүй. Залуу байх үед нь ганц нэг эрүүлжүүлэхэд барьж өгч байсан. Харин 2018 оны 05 сарын 31-ний өдөр намайг хөөгөөд гаргасныг том хүү маань харчихаад багийн нийгмийн ажилтан руу ярьчихсан. Одоо миний хөлийн шилбэ хэсэгт бага зэрэг хөхөрсөн байгаа. Өөр ямар нэгэн бэртэл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 08-10 ху/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Т-ийн...Би 2018 оны 05 сарын 30-ны өдөр дүүтэйгээ хамт гэртээ байж байтал аав хот яваад ирлээ гээд гэртээ орж ирсэн. Гэтэл араас нь ээж орж ирсэн. Ингээд аав, ээжтэй гадуур тэнэлээ гээд маргалдсан. Аав ээжтэй маргалдаж байгаад яах гэж ирсэн юм тэр найзуутайгаа яв гээд гэрээс хөөгөөд гаргасан. Би зурагт үзээд сууж байсан, гадаа хүн орилох шиг болохоор нь гартал ээж цаашаа хашааны хаалгаар гүйгээд гарч байсан. Гэтэл аав араас нь хашааны гадаа гарчихаад тэр 2 хэрэлдэж байгаад аав чулуу авч шидээд ээжийн хөл рүү нь оносон. Ингээд ээж цаашаа явахаар нь би араас нь дагаж яваад аав гэр лүүгээ орсон. Ээж бид хоёр гудамжны хойно сууж байгаад би ээжийг тайвшируулсан. Ээж бид хоёр эргэж гэрт очоод цүнхийг нь авах гэтэл аав дахиж босч ирээд ээжийг гар гэж хөөгөөд намайг унт гээд би дүүгийнхээ хажуугаар орж унтсан. Энэ үед ээж гарч яваад гэртээ орж ирээгүй. Маргааш нь би хичээлээ тараад гэртээ иртэл ээж мөн ажлаа тараад ирсэн. Энэ үед аав гаднаас орж ирээд мөн л ээжтэй хэрүүл болсон ба ээжийг хөөгөөд гаргасан. Би аавыг та болилдоо гэтэл над руу уурлаад байсан ба би ээжийн араас гартал гадаа байхгүй утсаа авахгүй байхаар нь багийнхаа нийгмийн ажилтан руу ярьсан. Нийгмийн ажилтан цагдаа дуудаад ээж дүү бид гурвыг хамгаалах байранд хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 425 дугаартай шинжээчийн:...Х.Ц-гийн биед баруун, зүүн шилбэ, баруун шагай, тавхайны дотор хэсэгт цус хуралт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдах шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх-ийн 18 ху/,

 

- Ч.М-ыг  яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-26 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бөгөөд шүүгдэгч Ч.Мөнхтулгын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ч.М нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багийн Зургаагийн 13 дугаар гудамжинд эхнэр Х.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн... нөхөр намайг яв гэхээр нь өмнөөс нь маргалдсан ба намайг яв зайл гэж хөөгөөд байхаар нь хашаанаас гараад явж байтал араас ирээд миний хөл рүү 2 удаа чулуу шидээд чулуунд нь би оногдсон гэсэн мэдүүлэг,  насанд хүрээгүй гэрч М.Т-ийн аав ээжийн араас нь хашааны гадаа гарчихаад тэр 2 хэрэлдэж байгаад аав чулуу авч шидээд ээжийн хөл рүү нь оносон хохирогчийн биед баруун, зүүн шилбэ, баруун шагай, тавхайны дотор хэсэгт цус хуралт үүссэнийг тогтоосон 425 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Ч.Мөнхтулгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Х.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ