Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Г.Ганзул нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2518002240410 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй боловч оршин суух тодорхой хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 сарын 09- ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын *******-ний өдрийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/462 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар тогтоосон,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 04 сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн лийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 4 сарын 11-ний 10:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар аагийн ******* дугаар брак байрны хашаанд байрлуулсан ******* *******-******* ******* улсын дугаартай Тоуtа согаllа Runx-Е120 маркийн тээврийн хэрэгсэлд хаалганы цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч дорцов, бензин насосны шланк зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 50,000 /тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д олгож,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа тул учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Сая хэргийн талаар танилцуулахдаа намайг мэргэжилгүй гэж бичсэн байна. Би уг нь уул уурхайн хүнд машин механизмын мэргэжилтэй, алтны уурхайд ажилладаг байсан. Цагдан хоригдож байх хугацаанд гэм буруугаа ухамсарласан. Миний буруу. Миний хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхээс ******* холбогдуулан гарсан Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн ******* дугаар брак байрны хашаанд байрлуулсан ******* ************** ******* улсын дугаартай Тоёота коралла Runh-E120 маркийн тээврийн хэрэгслийн хаалганы цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч дорцов, бензин насосны шланк зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 25000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд цуглуулж бэхжүүлсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл/5, 6-9/,

Хохирогч *******...”машины хаалганы хажуугийн жижиг шилийг үл таних хүн чулуугаар цохиж хагалаад багажийн хэсэгт байсан насосны шланк, дорцов зэргийг авч зугтаасан байсныг манай эхнэр болон хөрш гуай нар барьж суулгаж байсан.” гэх мэдүүлгээр /хх-10, 37/,

Гэрч -...”машинаа харахад арын хаалганы жижиг цонх нь хагарсан байсан” гэх мэдүүлгээр /хх-12-13/ болон “Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хуульзүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж “бусдын автомашиныг эзэмших эрхгүй этгээд халдаж, бүрэн бус байдлыг алдагдуулж дотор нь хадгалагдаж буй эд зүйлийг авч буй үйлдэл”-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэм хэргийн хүндрүүлэх шинж болохыг зөв тодорхойлж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо...”Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, учирсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн тул анхан шатны шүүхээс оногдуулсан хоёр жилийн хорих ялын хугацааг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болох ба шүүх дээрх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульзүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял ял оногдуулж шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн байх тул давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жил сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж,  шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/407 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:

-“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 01 /нэг/ жил, /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж гэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* 01 /нэг/ жил, /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч ******* нь хохиролд 50.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар

гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ