| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 307/2026/00333/И |
| Дугаар | 307/ШШ2026/00294 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 307/ШШ2026/00294
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 307/2026/00333/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овогт Г******* Ш******* (РД: *******, утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух Б******* овогт Д******* Д******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Ш******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Д.Д*******той 2008 онд танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. Бидний хамтын амьдралын хугацаанд Д.Н*******, Д.Н, Д.Э, Д.Э нар төрсөн. Д.Д******* нь их хартай. Ажилд орсон үеэс хардах нь улам ихсэж, хэл амаар доромжилж, утасны хуулга хүртэл авч шалгадаг. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж архи уухаараа агсан согтуу тавьж хүүхдүүдээ айлгаж, намайг шатааж ална гэж байнга сүрдүүлдэг. Иймд гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ш******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Миний бие Г.Ш******* нь Д.Д*******ид холбогдуулан гэр бүл цуцлах, хүүхдэд тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Д.Д*******той ойлголцож эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ш******* нь хариуцагч Д.Д*******ид холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Ш******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ш*******д буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Ш*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д*******ид холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Ш******* (РД: *******)-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН