Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 109

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Оюунтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Хохирогч: Д.Түвшинбаяр,

Шүүгдэгчийн: өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овгийн Бямбажаргалын Бд холбогдох 1829001540102 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт тээврийн хэрэгсэл дотор иргэн Д.Түвшинбаяртай маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-15-р хуудас/,

 Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38-р хуудас

 Хохирогч Д.Түвшинбаярын: “...би 2018 оны 06 дугаар сарын 15-ны орой Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт байрлах Алтанговь гэх нүүрс ачилт буулгалтын талбайн оочирт зогсож байх үедээ 40-29 УНЛ улсын дугаартай нүүрс тээврийн машин дотор өөрийн найз Алтанбаяр, Баярзул болон урьд нь танидаггүй байсан Б нартай 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи болон 2 литрийн савтай 3 ширхэг пивыг уусан. ...Баярзул согтоод 40-29 УНЛ улсын дугаартай машин дотор унтаад өгсөн. Тэгээд бид гурав Бгийн машин дотор орж архи уусан. ...бид гурав сүүлийн 1 шил архиа хувааж уугаад сууж байтал Алтанбаяр кабины арын орон дээр унтаад өгсөн. Түүний дараагаар Б бид хоёр хоорондоо юм ярьж архи ууж байгаад муудалцсан. Тэгтэл Б кабины жолооч талд буюу үрүүлийн арын суудал дээр сууж байхдаа миний зүүн талын нүд рүү баруун талын гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний нүд өвдөөд доошоо тонгойж сууж байгаад Б рүү дайрч бид хоёр хоорондоо хэсэг хугацаанд зууралдсан. Тэгсэн Баярзул Бгийн жолооч талын хаалгаар орж ирээд бид хоёрыг салгахад миний подволк цус болсон байсан. Тэгээд би подволкоо сөхөөд хартал миний зүүн талын хөхний доод хэсгийг хутгаар хөндлөн зүссэн байсан. Тэгээд Баярзул эмнэлэг, цагдаа дуудна гээд яваад өгсөн. Тэр хооронд Б утсаараа цагдаа дуудсан байсан. Би Бгээс эмчилгээний зардал болон ажилгүй байх үеийн цалин нийт 4,000,000 төгрөг нэхэмжилнэ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 23-р хуудас/,

Гэрч  Э.Баярзулын: “...бие засах гээд машинаас гартал Түвшинбаяр, Б нар Бгийн машины кабин дотор зодолдож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод тэр хоёрыг салгасан. Тухайн үед Алтанбаяр тухайн машины кабины арын орон дээр унтаж байсан. Тэгсэн Түвшинбаяр дахиад Б рүү дайрахаар нь би түүний цээжин дээр нь дараад түлхсэн чинь гар халуун оргиод цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Түвшинбаярын өмсөж явсан подволкийг дээш нь сөхсөн чинь түүний зүүн хөхний доод хэсэгт тууш зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгээд би Алтанбаярыг дуудаж сэрээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

Гэрч Э.Алтанбаярын: “...Баярзул миний мөрөн дээрээс татаж сэрээсэн. Би босоод хартал Б жолоочийн арын суудал дээр харин Түвшинбаяр эсрэг талын суудал дээр сууж байсан. Тэр үед Баярзул кабин дотор рүүлийн хажуу талд босоод зогсчихсон Бг татаад Түвшинбаяраас салгах гээд зогсож байсан. Тэгсэн Баярзул “чи хурдан бос Б Түвшинбаярын цээжийг хутгаар зүсчихлээ” гэж надад хэлсэн. Тэгээд би Баярзулын хамт Алтанговь кемп рүү цагдаа дуудах гээд очтол нэг эмэгтэй энд цагдаа байдаггүй гэж хэлсэн. Эргээд машин дээрээ иртэл Б өөрөө цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №107 дугаартай шинжээчийн

1. “Д.Түвшинбаярын биед цээжинд шарх, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна”Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад тогтонго нөлөөлөхгүй.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

Б.Бгийн гэрчээр өгсөн: “...би ямар ч байсан өөрийнхөө машин руу очоод машин дотор байсан цаасны хутга аваад өөрийнхөө машины хажуу талд Түвшинбаярын цээжийг нэг удаа хутгаар зүссэн. Тэр үед миний хажууд Алтанбаяр, Зука нар зогсож байсан. ...түхайн үед Түвшинбаярын эрх чөлөөнд надаас өөр хэн нэгэн халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Яллагдагчаар Б.Бгийн өгсөн: “...Түвшинбаяр ярианыхаа дундуур “гаднын пизда нар” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь намайг нэг нутаг усны хүн биш болохоор гаруурхаж байна гэж бодож байсан. ...тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан.... зарим зүйлийг сайн санахгүй байна Түвшинбаяр бид хоёрыг Баярзул салгах үед би цаасны хутгаар түүний цээжин тус газар нэг удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлын талаар: 

         Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт /хх-н 49-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/,

         Шүүгдэгч Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн арилжааны банкнуудад харилцах болон зээлийн данстай эсэх лавлагаа /хх-ийн 55-62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт буюу Цагаан хад гэх газарт тээврийн хэрэгсэл дотор иргэн Д.Түвшинбаяртай маргаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-15-р хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38-р хуудас, хохирогч Д.Түвшинбаярын: “...Б кабины жолооч талд буюу үрүүлийн арын суудал дээр сууж байхдаа миний зүүн талын нүд рүү баруун талын гараараа нэг удаа цохисон. Тэр үед миний нүд өвдөөд доошоо тонгойж сууж байгаад Б рүү дайрч бид хоёр хоорондоо хэсэг хугацаанд зууралдсан. Тэгсэн Баярзул Бгийн жолооч талын хаалгаар орж ирээд бид хоёрыг салгахад миний подволк цус болсон байсан. Тэгээд би подволкоо сөхөөд хартал миний зүүн талын хөхний доод хэсгийг хутгаар хөндлөн зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 23-р хуудас/, гэрч  Э.Баярзулын: “...Түвшинбаяр дахиад Б рүү дайрахаар нь би түүний цээжин дээр нь дараад түлхсэн чинь гар халуун оргиод цус болчихсон байсан. Тэгэхээр нь би Түвшинбаярын өмсөж явсан подволкийг дээш нь сөхсөн чинь түүний зүүн хөхний доод хэсэгт тууш зүсэгдсэн шарх үүссэн байсан. Тэгээд би Алтанбаярыг дуудаж сэрээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/, гэрч Э.Алтанбаярын: “...Баярзул “чи хурдан бос Б Түвшинбаярын цээжийг хутгаар зүсчихлээ” гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 30-31-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №107 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,  Б.Бгийн гэрчээр өгсөн: “...би ямар ч байсан өөрийнхөө машин руу очоод машин дотор байсан цаасны хутга аваад өөрийнхөө машины хажуу талд Түвшинбаярын цээжийг нэг удаа хутгаар зүссэн. Тэр үед миний хажууд Алтанбаяр, Зука нар зогсож байсан. ...түхайн үед Түвшинбаярын эрх чөлөөнд надаас өөр хэн нэгэн халдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

яллагдагчаар Б.Бгийн өгсөн: “...Түвшинбаяр ярианыхаа дундуур “гаднын пизда нар” гэж хэлж байсан. Би тэгэхээр нь намайг нэг нутаг усны хүн биш болохоор гаруурхаж байна гэж бодож байсан. ...тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан.... зарим зүйлийг сайн санахгүй байна Түвшинбаяр бид хоёрыг Баярзул салгах үед би цаасны хутгаар түүний цээжин тус газар нэг удаа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Түвшинбаяр нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, болон ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин 2,500,000 төгрөг нийт 4,000,000 төгрөг нэхэмжилсэн талаар илэрхийлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг бусдад төлсөн төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.Түвшинбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 15 см, ажлын хэсгийн урт 10.5 см SHENG FA /ШИН ФА/ гэсэн бичиг бүхий цаас хэрчих зориулалттай ш ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухай шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Онход овгийн Бямбажаргалын Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлсөн төлбөргүй, хохирогч Д.Түвшинбаярын нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирогч Д.Түвшинбаяр нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 15 см, ажлын хэсгийн урт 10.5 см SHENG FA /ШИН ФА/ гэсэн бичиг бүхий цаас хэрчих зориулалттай ш ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА